Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Г.Амаржаргалан, З.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух Энхжа овогт Х*******ийн М*******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, саруул хотхон ******* тоотод оршин суух Боржигон овогт Г*******ын Б*******д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эдийн бус гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М*******, хариуцагч Г.Б*******, иргэдийн төлөөлөгч А.Саранзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ :

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.М******* миний бие Г.Б*******тэй 2011 оноос хойш 6 жил хамтран амьдарч 2015 оны 12 сард А гэх охинтой болсон. Энэ хугацаанд тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Х.М******* миний бие жирэмсний амралттай ажилгүй охиноо харж, гэртээ байдаг байсан бөгөөд Г.Б******* нь удаа дараа гадуур харилцаатай болж хамтран амьдрахад зөрчилдөөнтэй болсон 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ор сураггүй холбоогоо таслаж ажиллаж байсан ажилаасаа гарч хаана ажиллаж, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй эрэн сурвалжлуулж хаягийг олсон. Одоогоор миний бие охиноо өсгөж байгаа бөгөөд харж хандах хүнгүй ганцаараа ажиллаж охиноо цэцэрлэгт ч өгөх боломжгүй ажилдаа дагуулж явдаг иргэн Г.Б******* нь 4 сарын хугацаанд нэг удаа холбоо бариж хүүхдээ авч явсан боловч дэлгүүрт хаяад явсан. 4 сарын хугацаанд нэг ч удаа хэрэглээний тэтгэмж өгөөгүй хүүхэдтэйгээ уулзах хүсэлт тавьж байгаагүй санаатай хариуцлагаас зугтаж байна. Иймд иргэн Г.Б*******ээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид хоёр Энэрэл асрамжийн төвд 10 гаран жил багаасаа хамт өсөж 2011 оноос хойш 6 жил хамт амьдарсан. Г.Б******* нь надтай 6 жил хамт амьдрахдаа хайртайдаа биш зөвхөн орох оронгүйдээ хамт амьдарч байсан гэдгээ мессэжээр хэлсэн. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд оюутан байхаас нь эхлээд миний бие түрээс, хоол, унд, хувцас хунар, хэрэглээ, Хятад улс руу удаа дараа явсан бүх зүйлийг нь болгож явж ирсэн. Мөн 2015 онд хүүхдээ төрөхөөс өмнө орон гэртэй болохын тулд цуглуулсан мөнгө, хүнээс 10 сая төгрөг зээлж банкны 8 хувийн зээлд хамрагдаж амьдралаа босгохын төлөө зүтгэж явсан. Г.Б******* нь өнгөрсөн жил гарны хугацаанд тэжээлгэж байрны мөнгөө хийлгэсийн гэж дарамталсан үнэндээ 450,000 төгрөгийн цалин нь хаанаа ч хүрдэггүй, фитнессийн хэрэглээ өндөр шоу цэнгээ их, байрны зээл 340,000 хэрэглээ 90,000 идэж уух, хүүхэд өвдөх эм тариа гээд хаана ч хүрдэггүй байсан. Миний бие боломжтой ажил хийдэг байсан жирэмсэний амралтын мөнгө 4 сая хүнээс авлага 3 саяыг авч амьдралдаа жил гарангийн хугацаанд нэмэрлэж байсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд намайг ашиглаж амьдарч амьдралаар тоглож, өр ширтэй өнчин хүүхэдтэй үлдээж байгаад үнэхээр гомдолтой байна. 2 удаа хүүхэдтэй болох байсан гаргаж чадаагүй нэгийгээ 6 сартай тархиний усжилт гээд эмчийн заавраар таслуулж байсан тухайн үед Б******* бүтэн жилийн турш давхар хүнтэй явж сэтгэл зүйн гүн дарамтанд орсон байсан. Одоо би охиноо өсгөж байгаа бөгөөд харж хандах хүнгүй хааяа ажилдаа авч явж хааяа өдөр өнжүүлэхэд өгдөг. Иймд Б*******ээс 6 жилийн хугацаанд ашиглуулж амьдарсан 6 жил миний амьдралаар тоглож, өр ширтэй өнчин хүүхэдтэй үлдээсэн сэтгэл санааны нөхөн төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Сүүлийн 2 жил, ажил хийж байсан үеийг хасаж 8 сая төгрөгийг нэхэмжилж байна. Шаардлагатай гэж үзвэл хамт өсөж байр хөлсөлж амьдарч байсан хүүхдүүд мөн өгсөж хүмүүжүүлсэн багш нараас мэдүүлэг авч болно. Иймд иргэн Г.Б*******ээс 6 жилийн хугацаанд намайг ашиглаж амьдарч 6 жил миний амьдралаар тоглож, өр ширтэй өнчин хүүхэдтэй үлдээсэн, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хүүхэддээ хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн эцгийн талаар мөн биш гэх маргаан байхгүй, миний төрсөн охин болно. Харин Х.М*******гийн өмнө хариуцлага хүлээж чадахгүй. Учир нь би түүнд ажил дээрээ зодуулаад цаашид тэвчиж чадахгүй бүх зүйл дууссан гэдгээ хэлээд салсан. Би хүүхдээ авахуул гэж авахуулаагүй аливаа зүйлд хамт байх хугацаанд бүх асуудлыг өөрөө шийддэг байсан. Асрамжид байхаас эхлээд намайг баздаг байсан. Намайг тэжээ тэтгэ гэж би гуйгаагүй, хамт байгаач гэж гуйчихаад тэжээсэн гэж мөнгө нэхэх юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.М******* хариуцагч Г.Б*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эдийн бус гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай , хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, эдийн бус гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Х.М******* хариуцагч Г.Б******* нар 2011 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Б.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний ******* дугаартэй гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 5 дугаар тал/

Охин Б.А одоо нэг настай, эх Х.М*******гийн асрамжид эрүүл өсөж бойжиж байна. /х.х-ийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгч охин Б.Анударийг өөрийн асрамжинд хэвээр үлдээх хүсэлтэй байх бөгөөд энэ талаарх шаардлагыг тусгайлан гаргаагүй, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Г.Б*******ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол лсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 26 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж тус тус зохицуулсан тул хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

Охин Б.А байгаа нь Г.Б*******ий 㺺 эдтэйгээ уулзах, 쿿濿, , Х.М******* нь , уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын хохирол 8,000,000 төгрөгийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зургаан жилийн хугацаанд хамт амьдарна гэж хүүхэд төрүүлж, хүүхдээ ганцаараа өсгөж бусдаас зээл авах зэргээр өнчин хүүхэдтэй, өр зээлтэй үлдээж сэтгэл санаагаар хохироосон гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хуулийн уг зохицуулалтаар гэм хорыг учруулсан гэм буруутай этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг арилгуулах гэж тодорхойлсон байна.

Тодруулбал, хэргийн тухайд хариуцагч Г.Б******* нь хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Анударийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Г.Б*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Г.Б*******ээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. 7 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 56 56.1, 58 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт тус тус зааснаар Х.М*******гийн хураамжид урьдчилан төлсөн 174,183 төгрөгийн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 31,233 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.М*******д олгож, хариуцагч Г.Б*******ээс 101,448 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.АМАРЖАРГАЛАН

 

З.БАЯРМАА