| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/04160/И |
| Дугаар | 3515 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 3515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ...ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Т-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,616,299.33 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 22,616,299.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Р.Т нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ҮЗГ-1403-27 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 5а гудамж 277 тот 510,5 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар *******, ******* дугаар гэрчилгээтэй тус хаягт байрлах 50 м.кв амины орон сууц улсын бүртгэлийн *******, ******* дугаар гэрчилгээтэй тус тус барьцаалж УБГ-1403-27 тоот барьцааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлдэгч Р.Т нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ҮЗГ-1403-27/01 тоот зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй нэмж авсан. Нийт 17,500,000 төгрөг зээлснээс үндсэн зээлээсээ 8,613,700 төгрөг, хүүнд 3,909,810 төгрөг төлөөд үүнээс хойш төлөлт хийлгүй өдий хүрсэн байна. Ийнхүү зээлдэгч Р.Т нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр анх зээл авснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлээс 323,700 төгрөг, хүүнд 761,310 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш 2 жил 3 сар гаруй хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс манай байгууллага нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн учраас МХХ-ын гишүүн өмгөөлөгч Б.Цолмонтой 2015 оны 5 дугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн. Өмгөөлөгч Б.Цолмон нь өнөөг хүртэл 2 жил гаруй хугацаанд энэ асуудлаар тасралтгүй ажиллаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх болон бусад холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Иймд зээлдэгч Р.Таас үндсэн зээл 8,886,300 төгрөг, үндсэн хүү 9,834,255.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,895,744 төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлбөр 2,000,000 төгрөг нийт 22,616,299.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ М”-иас удаа дараа зээл авч харилцан итгэлцэж ажиллаж байсан зээл авсан талаар маргаан байхгүй зөвшөөрч байна. Нэхэмжилсэн үнийн дүн өндөр байгаа тул тодорхой үнийн дүнгээс хасуулаад төлөх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ...ХХК нь хариуцагч Р.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,886,3000 төгрөг, зээлийн хүү 9,834,255.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,895,744 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 22,616,29.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч үнийн дүнгээс тодорхой хэмжээгээр багасгах хүсэлтэй гэж тайлбарласан.
М ...ХХК нь Р.Ттай 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ҮЗГ-1403-27 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ҮЗГ-1403-27/01 тоот зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5-А гудамж 277 тоот 510.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байрлах 50 м.кв талбайтай амины орон сууцыг тус тус барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй. /х.х-ийн 5-7 дугаар тал/
Гэрээнд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь үндсэн зээлээс 8,613,700 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тооцооны хуудсаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй тул түүний гүйцэтгээгүй үүрэгт 8,886,300 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан ҮЗГ-1403-27, ҮЗГ-1403-27/01 тоот зээлийн гэрээний 1.3-т зээлийн хүү нэг сарын буюу 30 хоногийн 4 хувийн хүү тооцохоор талууд тохиролцсон байна. Гэрээний энэ үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тооцооллоор 9,834,255.33 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин нэмэгдүүлсэн хүүнд 1,895,744 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэг болон зээлийн гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар тооцоолоход 1,743,133 төгрөг гарч байх тул илүү нэхэмжилсэн 152,611 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал зайлшгүй гарсан зардал гэж үзэхээргүй байх тул өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Р.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 8,886,300 төгрөг, зээлийн хүүнд 9,834,255.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,743,133 төгрөг, нийт 20,463,688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,152,611 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсхүл мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн мөнгөн хэлбэрээр үүргийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Таас 20,463,688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,152,611 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч М ...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Таас 260,268 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ...ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ