| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0081/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч Д.Д-,
Шүүгдэгч О.Б-, А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн О.Б, А.Т- нарт холбогдох эрүүгийн 1918008890027 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, О.Б суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
2.Монгол Улсын иргэн, А.Т- суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “Дн” ХХК-нд дизайнер ажилтай, ам бүл 4, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б-, А.Т- нар нь бүлэглэн, 2019 оны оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ди ди” шөнийн цэнгээний газрын гадна талбайд Д.Д-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, баруун нүдний доод зовхины шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч О.О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргалдаж байхад А.Т- ирсэн. А.Т- салгах гээд “боль” гэхэд Д.Д- нь А.Т-ыг заамдаж авсан. Тэгээд А.Т- нь Д.Д-ыг “боль” гээд цохисон. Би Д.Д-ыг нэг өшиглөж, хоёроос гурван удаа цохисон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Д-, О.Б- хоёр маргалдаж байхаар нь “одоо боль” гэсэн чинь “чи юу вэ?” гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад Д.Д- над руу ойртоод байхаар нь баруун талын мөр лүү нь түлхсэн. Тэгтэл Д.Д- намайг заамдахаар нь би түлхэж нэг удаа дух руу нь цохисон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цаг 30 минутын орчим найз Ж, Б хоёртой “Ди Ди” бааранд орж, хүний хоёр шил пиво ууцгаасан. 23 цаг 40 минут болж байхад баарнаас гарцгаасан бөгөөд Ж, Б хоёр 00 өрөө рүү ороод, би ганцаараа түрүүлээд баарны гадаа гарч ирээд тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу /О.Б-/ ирээд “галаа өгөөч” гээд намайг нэг л дээрэлхээд байгаа юм шиг өнгө аясаар хэлэхээр нь би “айн” гэж асуусан. Тэгсэн тэр залуу /О.Б-/ “галаа өгчих өө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүнээс гал авах гэж байгаа юм бол эвтэйхэн хэлчих” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу /О.Б-/ “би чамд галаа өгчих гэж хэлэхээс өөр яаж хэлэх юм бэ?, сүртэй шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд шатны доод талаас хоёр залуу ирсэн бөгөөд О.Б- надад хандаж “чи арыг нь дааж чадах юм бол намайг цохичих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм юм байхгүй ээ, эвтэйхэн байя” гэж хэлсэн. Тэгэхэд О.Б-ийн хоёр найзынх нь нэг нь /А.Т-/ намайг заамдаж аваад түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад түлхсэн. Тэгэхэд А.Т- гэх залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохисон, О.Б- гэх залуу нь миний араас үсдэж татаад миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд, гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд баарны хамгаалагч нар салгасан бөгөөд тэнд явж байсан эргүүлийн цагдаа нар ирээд О.Б- гэх залууг эрүүлжүүлсэн.
...миний биед учирсан тархи доргилтын гэмтлийг бол А.Т-, О.Б- хоёр хоёулаа л учруулсан. Учир нь гэвэл О.Б-, А.Т- хоёр хоёулаа л миний толгой руу цохисон. Эмчилгээний зардал, цалинд нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна. 300000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,
-Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед А.Т- нь Д.Д- гэх залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Дараа нь манай найз О.Б- Д.Д- гэх залуугийн нүүр рүү нь нэг удаа өшиглөөд дараа нь гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд баарны хамгаалагч гарч ирээд О.Б-ийг салгаад авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
-Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 50 минутын орчим баарны үүдэнд хүмүүс маргалдах чимээ гарч байхаар нь би гараад харсан чинь нэг залууг гурван залуу дундаа оруулчихсан шаргал богино куртиктэй /О.Б-/ залуу нь дунд нь байсан залуугийн нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг араас нь татаж салгасан. Намайг салгаж байхад дахиад нэг удаа нүүр рүү нь цохисон. Би тэр залууг татаж холдуулаад зодуулсан залууг харахад баруун нүдний орчмоос цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
-Гэрч С.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд баар руу орж бие засаад буцаад гараад ирсэн. Д.Д- зодуулсан байдалтай, баруун нүднийх нь доод хэсгээс цус гарсан байдалтай, баруун нүднийх нь цагаан нь улаан болсон байдалтай зогсож байсан. Тэгээд шууд эмнэлэг явсан бөгөөд Д.Д-аас юу болсон талаар асуухад гурван залуу руу зааж “тэр гурав намайг зодсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17/,
“...Д.Д-ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, баруун нүдний доод зовхины шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 19-20/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22/
-Хохирогч Д.Д-аас ирүүлсэн хохирлын талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн 70-73/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хавтаст хэргийн 74-75/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудыг судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас эрүүгийн 1918008890027 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч О.Б-, А.Т-т нарыг үйлдсэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчигт учруулах гэсний өмнө “санаатай” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон боловч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцоогүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг заагласан шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, уг зүйл хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.Б-, А.Т- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Д- нь шүүгдэгч нараас хохирол төлбөрт 2 сая төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
Хохирлын талаар ирүүлсэн бичгийн баримтуудыг судалж үзэхэд 295595 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд шүүгдэгч О.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 300000 төгрөг хохирогчид төлсөн байна.
Хохирогч Д.Д- нь “2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэмтэл авч, 12 сарын цалинд 100000 төгрөг авч, бусад цалингаа авч чадаагүй учир 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард аваагүй цалин болох 1600000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг өгч байгаа бөгөөд тэрээр сард 800000 төгрөгийн цалинтай болох нь нотлогдож байна./хавтаст хэргийн 70/,
Гэвч хохирогч Д.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэмтэл авч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх тул түүний 2019 оны 12 дугаар сард аваагүй цалинг шүүгдэгч нар хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/, 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15 хувь/ тогтонги байдлаар алдагдсан” бол “гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тус тус заасан тул хохирогч Д.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин болох 800000 төгрөгийг шүүгдэгч нар хариуцан төлөх үүрэгтэй.
Иймд нийт 1095595 төгрөгийг шүүгдэгч нар хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч О.Б- нь хохирогчид 300000 төгрөг төлсөн учир шүүгдэгч О.Б-эс 247798 төгрөг, шүүгдэгч А.Т-аас 547798 төгрөг гаргуулж хохирогчид олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Б-, А.Т- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч О.Б-, А.Т- нарын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тэдний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б-, А.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-, А.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Б, А.Т нарт тус бүр 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч О.Б-, А.Т- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Б-эс 247798 /хоёр зуун дөчин долоон мянга долоон зуун ерэн найм/ төгрөг, шүүгдэгч А.Т-аас 547798 /таван зуун дөчин долоон мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.Д-д олгож, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-, А.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ