Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1617

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бадамхандын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01199 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Бадамхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдох

Хохирол 23 997 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Д.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2003 онд Өлзийт хороололд 2 айлын газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн Газрын албанд гаргаснаар Газрын алба 2004 онд Нийслэлийн засаг дарга М.Энхболдын 570 дугаар захирамжаар 2 айлын газар олгохоор болсон юм. 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өлзийт хороололд очиж газраа аваарай гэж тухайн үеийн бичиг хэрэг байсан Болорцэцэг надад утсаар мэдэгдэж, 2004 оны 06 сарын 11-нд очиход надад 312, 313 гэсэн дугаартай газрыг Өлзийт хороололд Бурхантын гүвээн дээр 2 айлын газар олгосон батламж гэх бичиг өгсөн. Ингэхдээ хашаагаа түргэн бариарай. Үүний дараа өмчлөлийн гэрчилгээ өгнө гэсэн. Би энэ батламж гэх бичгээр хашаагаа барьчихдаг дараа нь хөөж туухгүй биз дээ гэж асуухад асуудалгүй гэсэн. Ингээд би 7 хоногийн дотор хашаа бариад Балдорж байцаагчид хэлэхэд таныг хашаагаа барьсанд тооцлоо. Таны бичиг баримтыг олгоно гэсэн. Тухайн үед Бурхантын гүвээн дээр нэг ч айл хашаа бариагүй байхад би ганцаараа хашаагаа барьчихаад бичиг баримтаа авахаар очиход бусад айлууд хашаагаа бариагүй байгаа учир одоо бичиг баримт өгөх боломжгүй, нэгдсэн журмаар бичиг баримт өгнө. Газрын дугаар хашааны чинь дугаар болно. Жаахан хүлээ гэсэн. Ингээд хүлээсээр 2008 он гараад иртэл Балдорж байцаагчийн оронд Нэргүй байцаагч ирсэн. Хашаалсан банз модон хашаа алга болсон байсан. Уг газар нь худаг ус, нийтийн тээвэр, цахилгаан байхгүй, суурьших нөхцөл бүрдээгүй газар байсан. Шинэ ирсэн Нэргүй байцаагчид газраа үзүүлэх гэтэл та хашаагаа барьж бай гэсэн боловч мөн л хашааг үзээгүй. Үүний дараа Ч.Мөнхбаатар байцаагч хариуцдаг болсон. Газрын албаны байцаагч нарыг газар дээр нь очиж үз гэхэд огт үзээгүй. Тухайн үед Газрын албаны дарга байсан Отгонбаатартай уулзахад “би амралтаа авах гэж байгаа, намайг ирэхэд хашаагаа барьсан бай, ирээд асуудлыг чинь шийдэж” өгье гэх хариуг өгсөн. Үүний дагуу би хашаагаа барихаар 08 сарын 16-нд Нэргүй байцаагчтай уулзаж  “манай газрыг үзээд өгөөч, огт айл байхгүй байхад анх хашаа барьсан, гэтэл одоо зөндөө айлтай, зураглал яг хаагуур явж байгааг мэдэхгүй учир хашаагаа барьж чадахгүй” байна гэхэд “дарга хашаагаа барь гэсэн бол барьж бай, барьсаных нь дараа би очиж үзье” гэсэн. Ингээд урт 75 м, өргөн 25 м хашаа барьсан. Хашаагаа барьчихаад ирж мэдэгдээрэй гэсний дагуу мэдэгдэхэд  Ч.Мөнхбаатар байцаагч очиж үзээд “та айлын газар дээр яагаад ийм том хашаа барьчихсан юм бэ, энэ газрыг чөлөөл” гээд энэ газрын маргаан үүссэн. Отгонбаатар дарга ирснээс хойш анхны төлөвлөлтийг өөрчлөөд 4 айл байсныг 10 айл болгоод иргэн Г нь 10 айлын газар авахдаа миний 2 айлын газрыг олгосон байсан. Өмнөх банз модон хашаа энд байсан гэхэд тэрийг бид мэдэхгүй, үзээгүй, хараагүй гэдэг. 570 дугаартай захирамжийн хавсралтад манай хүүгийн нэр байсан боловч миний нэрийг орхигдуулсан. Яг үүнийг л Газрын алба далимдуулан Д.Бадамханд гуай хууль бусаар газар эзэмшсэн гэж тайлбарладаг. Уг нь надад батламж бичгийг өгөөд хүсэлт бүртгэх дэвтэр гээд ягаан дэвтэрт гарын үсэг зуруулж байсан бөгөөд би хүүгийнх дээрээ, өөрийнх дээрээ гарын үсэг зурж байсан. Тэр хүсэлт бичих дэвтрийг архиваас шүүлгэхэд байхгүй гээд өгдөггүй. Өмнөх хэрэг дээр Нэргүй байцаагч шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо 800 гаруй айлын нэр бичээд гарын үсэг зуруулсан материал газрын албаны архивт байгаа гэсэн боловч надад өгөөгүй. Ингээд Нямдаваа байцаагч газар дээр нь очин шугам татаж зааж өгөөд 50 метр хашаа бариад илүүг нь буулгаж хог дээр хаях үүргийг би хүлээсэн. Тэр дагуу хашаагаа барьж тооцоогоо гаргасан. Нийт 3 хашаа барьсан. Би 60 насны тэтгэвэрт гарахдаа 2 айлын банзаар модон хашаа барьсан. 70 хүрэх гэж байхдаа энэ газраа суурьшаагүй л байсан. Хашаагаа барьчихаад тэнд суурьших гэхэд тог байхгүй байсан. Ч.Мөнхбаатар байцаагчид тог тавьж өгөөч гэхэд станцын хүчин чадал хүрэхгүй гэсэн. Хан-Уул дүүргийн Газрын алба яах аргагүй хуулиа зөрчиж надад хохирол учруулсан. Надад 90 хоногийн дотор гэрчилгээ олгох байсан ч 9-10 жилийн дараа батлагдсан кадастрын дагуу гэрчилгээ олгосон. Би Газрын албаны байцаагч Ч.Мөнхбаатар, Нэргүй нартай уулзахаар 7 хоногт 2 удаа очдог байсан ч бүтэн жил болоход нэг ч хариу өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн Газрын албанаас 1-рт 2004 оны 06 дугаар сарын 11-с хойш 10 хоногийн хугацаанд нийт 1400 м2 талбайг тойруулж барьсан 2 айлын банз модон хашааны өртөг 3 064 400 төгрөг, 2-рт 2012 оны 09 дүгээр сард 843 м2 талбайн хашааг бетон суурь тавьж тоосгоор хаяалж барьсан, буулгасан материалын үнэ, хаягдлыг зөөж хаясан зардалд 17 763 250 төгрөг, 3-рт 2014 оны 08 дугаар сарын 23-нд батлагдсан кадастрын дагуу 2016 оны 04 дүгээр сард байршил өөрчилж бетонон суурь тавьж дан блокон өрлөгтэй 50 м хашаа барьж хаалга бэхэлсэн 3 170 000 төгрөгийн бодит зардал, нийт бүх бодит хохирол 23 997 650 төгрөгийг гаргуулж өгнө үү. Надаар нийт 3 удаа хашаа бариулсан буруутай этгээд нь Хан-Уул дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Балдорж, Ч.Мөнхбаатар, М.Нэргүй нар юм. Мөн батламж бичсэн архитектор Мэндсайхан, бичиг хэрэг Болорцэцэг нар байгаа. Энэ хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч ирж чадахгүй байгаа учраас гэрчээс татгалзсан...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Бадамханд 2013 оны 12 дугаар сарын 13-нд Засаг даргын 387 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 700 м.кв газар эзэмших эрх олгосон. Энэ хүртэл Д.Бадамханд гуай өөрөө дураараа, ямар ч зураг төсөл, кадастр хийлгэхгүйгээр эдгээр хашааг барьсан. Энэ хашааг Газрын алба буулгаагүй. Өөрөө дураараа хашааг томруулж бариад үүнээс гарсан зардлаа Газрын албанаас гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар журамд Дүүргийн Засаг даргын захирамж гармагц тухайн хороо хариуцсан байцаагчаас кадастрын зураг хийх эрх бүхий байгууллагад хандан уг байгууллага газар дээр нь очин цэг тэмдэглэгээг зааж өгөн кадастрын зураг үйлдэх ёстой. Д.Бадамханд тэрийг хийгээгүй. Анхнаасаа 1400м.кв газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан. Үүнийхээ дараа 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 387  тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байна. Энэ зөрчлийг тухайн үеийн газар зохион байгуулагч Нямдаваа байцаагч арилгуулсан. 2012 оны захирамжаар Гантөмөр, Эрдэнэцэцэг нарт олгосон газар дээр Д.Бадамханд хашаа барьсан байхад Д.Бадамхандтай тохиролцон байршлыг шилжүүлээд илүү гарсан хашааг өөрөө буулгаарай. Цэг тэмдэгтийн дагуу хашаагаа барина шүү гэж зөвлөгөөг Нямдаваа байцаагч өгсөн байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ хэргийг өмнө шүүх шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас гэм хорын хохирол 23 997 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бадамхандын нэхэмжлэлийн 5 270 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 727 450 төгрөг гаргуулах хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бадамхандын улсын тэмдэгтийн хураамжид 278 000 улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Бадамханд давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ч.Цэнд шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдааны шийдвэр буруу, зөрүү алдаатай бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 493 тоот магадлалд дурдсан шаардлагыг тусгаж тодруулаагүй нэхэмжлэгчийг өмчлөх эрхгүй, газрын зөвшөөрөлгүй гэсэн шийдвэр гаргаж хохирлын нөхөн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хариуцлагагүй буруу шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирол барагдуулах нэхэмжлэл өгөөд хагас жилийн дараа анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны шийдвэрт нэхэмжлэгч Д.Бадамханд 10 удаа, М.Бадамханд 7 удаа тус бүр бичигдсэнээс үзвэл хоёр нэхэмжлэгчтэй иргэний хэргийг шүүн хэлэлцэж Хан-Уул дүүргийн Засаг даргын А/386 тоот захирамжийг 387 тоот, 2014 оны 08 дугаар сарын 29-ний гэхийг 2014 оны 08 дугаар сарын 23 болгон шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны 493 тоот магадлалын шаардлага тодорхой бус хэвээрээ, иргэн Бадамхандын газар өмчлөх эрхийг цуцалж 312, 313 дугаартай газрыг эгүүлэн хурааж авах шийдвэр гараагүй байхад хэзээ хойно 9-10 жилийн дараа 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/386 тоот захирамж гарсныг нотлох баримт болгон анх банзан хашаа барихаасаа эхлээд газрын зөвшөөрөлгүй байсан байна гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Хан-Уул дүүргийн газрын албаны итгэмжлэл бичиг байхад Үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын гэрчилгээгүй гэсэн нотлох баримт гаргасан нь дутагдалтай өрөөсгөл болжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарсүрэнгийн мэдүүлгийг нотлох баримт болгож хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Газрын алба хуулийн дагуу ажлаа хийсэн бол надаас зардал мөнгө гарахгүй амьдарч байх байсан. Гэтэл газрын албаны хууль бус ажиллагаанаас болж гарах ёсгүй зардал гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож өгнө үү.

Хан-Уул дүүргийн Газрын алба гарцаагүй хууль зөрчиж надад бодит хохирол учруулсан болохоор хууль бус ажиллагааны улмаас үүссэн бодит хохирлын нөхөн төлбөрөөс бултаж зайлахын тулд эрх мэдэлтэй байгууллага болохоороо газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж дараа нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог журмыг ашиглаж 9 жилийн дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн захирамжийн хавсралтад 276 дугаарт Д.Бадамханд нэрийг оруулж А/386 тоот газар эзэмших эрхийг олгож, нэг жилийн дараа миний гомдлыг шийдвэрлэснээр 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/730 тоот захирамж гарч өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөж олгосон. Эзэмших эрхийн гэрчилгээний үнэд 20 000 төгрөг төлж авсан. Уг нь би шууд өмчлөх эрхийг гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 570 тоот захирамжаар 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр нөхөж олгох байсан.

Хан-Уул дүүргийн Засаг даргын А/386 тоот захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 570 тоот захирамжийн дагуу олгосон газар өмчлөх эрхийг сэргээж хэвээр нь үлдээж, хохирлын нөхөн төлбөрийг газрын албаар төлүүлж гомдлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.Бадамханд нь хариуцагч Нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтны буруугаас учирсан гэм хорын хохиролд 23 997 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Газрын албанд холбогдох шаардлагаасаа татгалзсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь дураараа, ямар ч зураг төсөл, кадастр хийлгэхгүйгээр хашааг барьсан” гэж маргажээ.

            Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/04148 дугаартай шийдвэр авагдсан байна. /хх 148-151/

Уг шийдвэрээр Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан нэхэмжлэгч Д.Бадамхандын гаргасан Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын Бурхантын гүвээний шинэ суурьшлийн бүсэд буруу баригдсан блокон хашааны 4 талыг буулгуулж хогийг хаяулах, мөн газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30 980 473,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дотор 2004 онд барьсан банзан хашаа, 2012 онд барьсан блокон хашааны зардалд 24 494 396 төгрөг гаргуулахаар шаардаж, энэ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2004 онд үрэгдсэн 2 айлын банзан хашааны үнэ 3 064 400 төгрөг, 2012 оны 09 дүгээр сард барьсан блокон хашааны зардал 15 663 250 төгрөг гаргуулах хэсэг тус тус багтсан байх бөгөөд нийт 18 727 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Хан-Уул дүүргийн Газрын албаны ажилтан О.Болорцэцэг 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Бадамханд, Б.Баярсайхан нарын газар эзэмших, өмчлөх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэлийн 360, 361 дүгээрт бүртгэсэн тодорхойлолт хэрэгт авагджээ. /хх 74, 75/

            Гэтэл хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын алба нь дээрх 2 иргэний гаргасан хүсэлт /өргөдөл/-ийг хүлээн авсан атлаа Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр төлөвлөгдсөн суурьшлийн бүсэд газар өмчлүүлэх тухай” 570 дугаартай захирамжаар зөвхөн Б.Баярсайханы нэр дээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж иргэн Дамба овогтой Бадамхандын нэр, газрын байршил, хэмжээг заагаагүй орхигдуулжээ./хх 90-120/

            Д.Бадамхандад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/386 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Бурхантын 3-4-318б тоотод 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/730 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /хх 122/ бөгөөд нэхэмжлэгч нь өргөдөл гаргасан үеэсээ эхлэн Хан-Уул дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнуудтай хашаа барих, газрын тойм зургийг хийх асуудлаар удаа дараа хандаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

            Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар заажээ.

            Иймд иргэн Д.Бадамхандын газар эзэмших, өмчлөх талаар гаргасан хүсэлт/өргөдөл/-ийг хүлээн авсан Хан-Уул дүүргийн Газрын албаны холбогдох ажилтныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан албан үүргээ зөрчсөн гэм буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2012 онд барьсан блокон хашааг нурааж, хог хаягдлыг зөөвөрлөсөн зардал 2 100 000 төгрөгт холбогдох хэсэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

            Харин хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сард дахин 50 метр газрыг хашаалсан зардалд 3 170 000 төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх 11-23/

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01199 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас гэм хорын хохиролд 3 170 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 100 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 727 450 төгрөг гаргуулах хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас 65 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамхандад олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бадамханд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН