Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0461

 

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/1461

Улаанбаатар хот

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э. Л.Ж, гуравдагч этгээд Ч.Орын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Амь, П.Алт нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгчС.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч. От холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 5-ны А/490 дүгээр захирамжийн дээрх газартБарилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн Засаг дарга энэхүү газрыг иргэн Ч.Орт эзэмшүүлэхээр олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж бидний эрх ашгийг хохироосон.

Учир нь манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох зочид буудлын үйлчилгээг эрхлэн явуулахад зайлшгүй дагаж мөрдөх үйлчилгээний холбогдох стандартыг мөрдөх үүднээс бид уг газрыг автомашины зогсоол хэлбэрээр ашиглах зөвшөөрөл хүсч 2008 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргад хүсэлт, санал гаргаж байсан атал 2011 оны 12 дугаар сард бидэнд болон 16 дугаар байрны оршин суугчдад огт мэдэгдэлгүй, дуудлага худалдаа зарлалгүйгээр Ч.От олгосон байгаа нь төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй болон Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тухай заалтыг зөрчсөн байна.

Бидний сонссоноор уг газар дээр 10 давхар барилга барих гэж байгаа бөгөөд уг барилгыг барих гол үндэслэл болох хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг хэлэлцэж батлахдаа уг барилгын зургийг үзүүлж, иргэдийн саналыг аваагүй буюу Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг зөрчсөн байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 115 тоот захирамжаар иргэн Ч.Пү нь уг газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авсан бөгөөд анхны газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 222 дугаар захирамжаар авсан байна. Газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн зургаас харахад Х ХХК-ийн эзэмшлийн Цэцэг зочид буудлын кадастрын зурагтай иргэн Ч.Оын кадастрын зураг давхцаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар 1000 м2 газар эзэмших эрхийг Ч.О нь иргэн Ч.Паас шилжүүлэн авахдаа 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгч, техникийн зөвлөлийн хурлаар орж шийдвэрлүүлсэн байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар иргэн Ч.О газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Гуравдагч этгээд Ч.О шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахын тулд 2010 оноос хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газрын Гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөрийн хүрээнд төвийн алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийг үндэслэн орон сууц барихаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд Ч.Пын худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Ч.Птай харилцан тохиролцож Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 тоот захирамжаар эзэмших ашиглах эрхийн нэрийг тус төвийн мэдээллийн инженер, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.О миний нэр дээр шилжүүлэн авсан. Одоо ажиллаж байгаа 161 албан хаагчдын 78 хувь нь өөрийн орон сууцгүй, гэр хороолол, эцэг, эхийн болон айлын хажуу өрөө, түрээсийн байранд амьдарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 13 дугаар зүйлийн 13.5, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952, 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн иргэн Ч.От холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.От 1000 мкв газар эзэмших зөвшөөрөл олгосон хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дээрх газар дээр Барилга барих зөвшөөрөл олгосон хэсэг"-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 06 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарсан 377 дугаар шийдвэрийг 2015 оны 08 сарын 17-ны өдөр гардан аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар иргэн Ч.От Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт "Цэцэг" зочид буудлын баруун талд орших 1000 мкв газрыг иргэн Ч.Паас шилжүүлэн эзэмшүүлж, улмаар 2012 оны 7 сарын 5-ны өдрийн А\490 захирамжаар уг газрын 600 мкв газарт Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон нь "Х" ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй" гэжээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтан баримтад тулгуурлан хуульд нийцүүлэн холбогдох хуулийг зөрчихгүйгээр захиргааны актыг гаргах ёстой. Гэтэл Нийслэлийн засаг дарга маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Барилгын стандартнорм дүрэм зэрэг хүчин төгөлдөр хуулийг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн байдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан эрхийнхээ дагуу 2008, 2009 онуудад гаргасан хүсэлтийг боломжгүй гэж хариу өгсөн атлаа мөн хуулийн 31.2-д заасан "...газрын байршил нь ...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэсэн хуулийн шаардлагыг зөрчин төлөвлөгөөгүй, барилга барихаар төлөвлөгдөөгүй, газрыг иргэдийн болон СӨХ-ны оролцоогүйгээр, дуудлага худалдаа зарлахгүйгээр олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д; Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газарэзэмшүүлэхийг хориглосон заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтуудыг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаар тухайн баригдах барилгын 2012 оны 7 сарын 17-ны өдөр батлагдсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-т барилга барих талбай 14,4x42,0=604.8 байхаар төлөвлөгдсөн ба жич анхааруулсан заалтын 1-д "газар олгоход болон АТД-т заасан ... байршлын схемд заасан газар олголтын хэмжээнээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасан мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн 2.2-д "Барилга барих эдэлбэр газар 9 ба түүнээс дээш давхар барилгад 7 га байна" гэх норм зөрчсөн.

Дээрх бичгийн баримт, стандарт нормыг зөрчиж Засаг дарга 2012 оны А\490 захирамжаар 10 давхар барилгын эдэлбэр газрын хэмжээг 600 м.кв-аар олгосон боловч барилгын эскиз зургаар уг барилга нь 2 дугаар давхраасаа эхлэн 4 зүг рүү хааш хаашаагаа 1,4 метрээр нэмэгдэж өргөн нь 17,8 м, урт нь 45,4 м болж, эдэлбэр газрын хэмжээ 808,12 мкв болж анх олгосон газрын хэмжээ нэмэгдсэн мөн Монгол Улсын барилгын норм ба дүрмийн "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт"-ийн норм ба дүрмийн 2.5-д заасан барилга хоорондын зайн хэмжээг зөрчсөн нь хэрэгт авагдсан барилгын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраар нотлогдож байдаг.

Дээрх норм ба дүрмийн 12 дугаар хүснэгтэд барих 9 давхар орон сууцны барилгын барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн нь "Барилга хөгжлийн төв"-ийн 2013 оны 10 сарын 10-ны өдөр "Цэцэг зочид буудлынбарилгаас баригдах 9 давхар барилгын хоорондын зай 9,9 м байна" гэж гаргасан дүгнэлт, норм ба дүрэмд заасан хөндлөн байрлалтай барилга хоорондох зай 18 метрээс шинжээчийн дүгнэлтээр гарсан 9,9 метрээс хасахад нормд заасан хэмжээнээс 4,5 метрээр дутуу байхад барилга хоорондын зай хангагдаж байна гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Иймээс нэхэмжлэгч талаас Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу "Шинжилгээг бүрэлдэхүүнтэйгээр дахин хийлгэх" хүсэлтийг 2013 оны 11 сарын 25-ны өдөр гаргасан боловч шүүх нэмэлт дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, өмнө дүгнэлт гаргасан шинжээч дээрх асуудлаар 2014 оны 05 сарын 15-ны өдөр гарсан нэмэлт дүгнэлтийн Хариулт 6 "Орон сууцны барилгаас Цэцэг зочид буудал хүртэлх барилга хоорондын зайг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулан 2013 оны 09 сарын 18-ны өдөр хэмжилт хийсэн" гэж дүгнэлтээ тодорхой бус байдлаар гаргасан байхад анхан шатны шүүх: "... шинжээчийн дүгнэлтээр дээрх нөхцөл байдлуудыг бататгаж гаргасан мэтээр дүгнээд, шинжээчийн дүгнэлтүүдийг шууд үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм" гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийг шууд үгүйсгэж хэрэгсэхгүй болгох үндэслэл болж чадаагүй гэж үзэж байна.

Мөн "... зочид буудлын барилгын нарны тусгалыг нормчлоогүй, нэхэмжлэлд дурьдсан стандартын шаардлага нь зочид буудлын барилгад хамаарахгүй, энэ талаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 сарын 28-ны 57 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн байдаг гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Цэцэг зочид буудлын барилга хувийн өмч, өдөр бүр үйл ажиллагаа явагдаж, байнга хүмүүс ажиллаж байгаа ажил үйлчилгээ нь тогтмолжсон аж ахуйн нэгж юм. Шүүх барилга хоорондын зай, барилга хоорондын нарны тусгал гэдэг үүднээс стандарт нормыг адилтган авч үзэхгүйгээр "... стандартын шаардлага нь зочидбуудлын барилгад хамаарагдахгүй" гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна.

Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар Ч.От олгосон 1000 мкв газарт 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар зориулалтыг нь өөрчилж, Барилга барих зөвшөөрөл олгохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээрзүйлийн 24.1.2-д "техникийн нөхцлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгохыг хориглоно" заалтыг зөрчиж, техникийн нөхцөлийн зөвшөөрөл бүрэн өгөгдөөгүй, тухайн үед Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийнзөвшөөрөл олгоогүй, "Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 263 дугаартогтоолоор баталсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 1.3-д зааснаар дулааны шугамаас 2 тийш 5-7 м хамгаалалтын зурвасын зай хангахыг зөрчиж байна" гэсэн хариуг Улаанбаатар дулааны сүлжээТӨХК-иас 2012 оны 07 сарын 24-ний 2/401 тоотоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүргүүлсэн, 2015 оны 06 сарын 24-ний 2\969 тоот шинжээчийн дүгнэлтээр мөн л дээрх хууль дүрмийн заалтыг баримталж шугамаас 5 метрээс доошгүй зайг баримталж аливаа төлөвлөлтийг хийх, хонгилын системийн болон түүн доторх дулааны шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар стандарт нормийн дагуу тооцож эрх бүхий холбогдох байгууллагатай зөвшөөрөлцсөн тохиолдолд хийх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 04 сарын 07-ны хуралдаанаар баталсан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч буюу иргэдээс санал авах зэрэг асуудлыг анхааруулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас "холбогдох зөвшөөрлийг хүсчээ" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-д зааснаар үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ дагуу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай төрийн захиргааны байгууллагаас баталсан журам болон хэрэгт авагдсан ач холбогдолтой бичгийн баримтуудад хууль зүйнүндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байнаИймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн70.3, 72 дугаар зүйлийн 72.4, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг үндэслэн иргэн Ч.Пын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг зочид буудлын баруун талд орших 1000 м.кв газрыг иргэн Ч.От шилжүүлэн эзэмшүүлж, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д заасныг үндэслэн уг газрын 600 м.кв хэсэг дээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны барилга барихыг зөвшөөрч шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Х ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй талаар анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ... 2008, 2009 онд бидний хүсэлтэд боломжгүй гэж хариу өгсөн атлаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зарлахгүйгээр Ч.От эзэмшүүлсэн нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан, Газрын тухай болон Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн гэжээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар иргэн Ч.Пын эзэмшиж байсан газар эзэмших эрхийг түүний хүсэлтээр Ч.От шилжүүлжээ. газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрх шилжүүлэхдээ дуудлага худалдаа явуулах, газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгах талаар заагаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газрыг анх бусдад эзэмшүүлсэн шийдвэрт маргаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий газар дээр барихаар төлөвлөж буй барилга нь 14,4*42,0 м буюу 604,8 м.кв ба 1000 м.кв талбайн 60,48 хувийг эзлэхээр байх тул Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д ... барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийн талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь 2008, 2009 онд маргаан бүхий газрыг зочид буудлаар үйлчлүүлэгчдийн авто зогсоолын зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргах үед уг газарт инженерийн шугам сүлжээ байсан бөгөөд энэ шалтгаанаар Нийслэлийн газрын албанаас 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/3024 дүгээр албан бичгээр ...газрын хэмжээг нэмэх боломжгүй гэсэн хариу өгч байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан албан бичгээр тогтоогдож байна.

Харин уг газрыг бусдаас шилжүүлэн авч албан хаагчдын орон сууцны барилга барих зөвшөөрөл авсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь тухайн газарт байрлах инженерийн шугам сүлжээ буюу ...12 дугаар хорооллыг дулаанаар хангадаг 6Е төв магистраль диаметр 300 мм голчтой шугам, орон сууцны барилгуудыг хангадаг 2 дугаар хэлхээний халаалт, хэрэглээний халуун усны салбар шугам-ыг хонгилын системд шилжүүлэх төсөл, төлөвлөгөөг хийлгэж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл авах ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2/1401 албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25/471 тоот албан бичиг, Бум Халаалт ХХК-ийн 81 айлын орон сууцны гадна дулааны шугамын зураг төсөл[1] хийсэн зураг төсөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэмэлт шинжээчээр томилогдсон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/969 дугаар албан тоотоор ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд ... хонгилын системд байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж эвдэхгүй байх, ... зэрэг давуу байдалтай байдаг. ...технологийн дагуу угсарч монтажлан хонгилын системд засвар үйлчилгээ хийх боломжтойгоор ашиглах нь зүйтэй... гэж, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2/1915 албан тоотоор ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн хариулт 8-д Одоо байгаа дулааны шугамыг зургийн дагуу шилжүүлэн байрлуулсан тохиолдолд ...БНбД 30-01-04-ийн ... зэрэг заалтууд хангагдана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь маргаж буй газрын зэргэлдээ 7371 м.кв газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг /зочид буудлын барилга 4646,4 м.кв эзэлдэг/, газрын хэмжээгээ нэмэгдүүлж маргаан бүхий газрыг авто зогсоолын зориулалтаар ашиглах сонирхолтой байх бөгөөд маргаан бүхий актаар төрийн албан хаагчдын орон сууцны барилга барих зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлж, зөвхөн 600 м.кв газарт нь барилга барихыг зөвшөөрсөн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Давж заалдах гомдолд ... Барилгын норм ба дүрмийн 30-01-04-ийн 2.2-д ...Суурьшлын бүсэд шаардагдах дэвсгэр газрын урьдчилсан хэрэгцээг 1000 хүнд ногдох талбайгаар тодорхойлох бөгөөд энэ нь ... 9 ба түүнээс дээш давхар барилгад 7 га байна... гэсэн нормыг зөрчсөн гэж дурджээ. Энэхүү заалт нь 9 давхар орон сууц тутамд 7 га газар олгох гэсэн зохицуулалт бус гагцхүү тухайн суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд хамааралтай ерөнхий зохицуулалт бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдээр одоо мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандартыг зөрчөөгүй талаар дүгнэжээ.

Мөн дээрх дүгнэлтээр Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-оор зочид буудлын барилгын нарны тусгалыг нормчлоогүй гэж заасан байх тул ... уг нормыг зочид буудлын барилгад адилтган хэрэглээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ