Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 465

 

2019 он 07 сарын 31 өдөр        Дугаар 128/ШШ2019/0465     Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: НПГХП Б.Ч.

Хариуцагч: ГУУХУБ Д.Б.

Прокурорын дүгнэлт: ГУУХУБ Д.Бын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар 28.000.000 /хорин найман сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор Б.Ч, хариуцагч улсын байцаагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр прокурорын дүгнэлтэдээ: ГУУХУБ Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр П ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэг, 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.3 дахь хэсэг, 7.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 28.000.000 /хорин найман сая/ төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтуудаас үзэхэд П ХХК нь MV-01903- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр С******* аймгийн Б******* сумын нутагт үйл ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан газрын хэвлийг ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй; 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, 7.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан усан сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх, гэж заасныг зөрчсөн үйлдэлд П ХХК-нийг 28.000.000 /хорин найман сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлддэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан.

Гэтэл П ХХК-ийн нэг үйлдлээр үйлдсэн 4 төрлийн зөрчилд улсын байцаагч Д.Б нь зөрчил тус бүрт нь шийтгэл оногдуулан торгуулийн үнийн дүнг нэмж, нэгтгэн 28.000.000 /Хорин найман сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удидлага болгон ГУУХУБ Д.Бын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар 28.000.000 /хорин найман сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

Хоёр. ГУУХУБ Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 1.3 зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуульд заасан зөрчил тус бүрт шийтгэл оногдуулна, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шийтгэлийн зорилго нь хүн. хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх. зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх. шударга ёсыг тогтооход оршино, 3 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна  гэсэн байдаг.

П ХХК нь 2016 оноос эхлэн С******* аймгийн Б******* сумын нутагт орших Наран гол нэртэй алтны шороон ордод үйл ажиллагаа явуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Уурхайн олборлолт явуулж буй талбай дээр rap GPS -ээр хэмжилт хийсэн ба нисдэг төхөөрөмж болох дроноор зураг авалт, бичлэг хийж үзэхэд тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна овоолго болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Google map дээр 2018 оны 6 дугаар сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийг буулгаж үзэхэд тус тус нотлогдсон. Энэхүү овоолгыг уурхайг ашиглаж эхэлсэн үеэс бий болгосон байсан нь тухайн хяналт шалгалтаар тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчих 2.1 дэх хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй.

Шалгалтын явцад уурхай дээр бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн байсан.

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 5 дахь заалтын 5.1 дэх хэсэг усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх; ... зөрчсөн бол хүнийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дээрх нөхцөл байдал, нотлох баримтаар энэхүү зөрчлүүддийн үүссэн хоорондын орон зай, цаг хугацаа, зөрчлийн үр дагавар, зөрчил дууссан цаг хугацааны хувьд ялгамжтай, тусдаа бие даасан үйлдлүүд байна.

Мөн "П ХХК нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, торгууль төлбөрөө барагдуулсан нь хавтас хэрэгт нотлох баримт, мэдүүлгээр авагдсан.

Эдгээр зөрчлүүдийг ганц үйлдэл гэж авч үзэх тохиолдолд 10000 нэгжээр торгуулиад ямар ч үйл ажиллагаа хууль бусаар явуулж болох юм байна гэсэн ойлголт бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд ойлголт төрүүлэх, Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил тус бүрээр хариуцлага ногдуулна гэсэн үндсэн зарчим зөрчигдөх зэрэг сөрөг үр дагавар гарч болохоор байна.

Дээрх нөхцөл, үйл баримтыг үзэхэд энэхүү П ХХК-ийн 2016, 2017, 2018 онуудад гаргасан зөрчлүүдийг 1 үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ч*******оос гаргасан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. улсын байцаагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хяналтын улсын байцаагч 4 төрлийн зөрчил илрүүлж шийтгэлийн арга хэмжээ авсан. Хяналт шалгалтын удирдамжийн дагуу П ХХК-ийн үйл ажиллагаа, олборлолт явуулж буй уурхайд газар дээр нь очиж шалгалт хийхэд тусгай зөвшөөрлийн хуулбараас өөр бичиг баримт байгаагүй. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрч, Зөрчлийн тухай хуулиар нотлогдсон. Тус компани нь гаргасан зөрчил, торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч холбогдох баримтуудад гарын үсгээ зурж, торгуулийг барагдуулсан. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэсэн зарчмын хүрээнд илэрсэн зөрчлүүдийг тогтоож, шийтгэл оногдуулсан. Эдгээр зөрчлийг нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэж нотлох боломжгүй байгаа. Тус тусдаа 4 төрлийн зөрчил илэрсэн. Дээрх зөрчлүүд нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд заасан зөрчлүүдийн шинжийг агуулсан байсан учраас зөрчил хянан шалгах ажиллагааг явуулж торгуулийн арга хэмжээг авсан.

Прокурорын дүгнэлтэд нэг үйлдэл, эс үйлдэхүй гэж үзээд байгаа нь тодорхой бус байдаг. Гарсан зөрчлүүд нь 3 хуулийн хүрээнд тус тусдаа процесс үйлдлүүд үйлдэгдсэн нь нотлогдсон байгаа. Зөрчлүүд нэг цаг хугацаанд биш он дараалан үйлдэгдсэн, үүнийг нэг үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ГУУХУБ Д.Б П ХХК нь MV-01903- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр С******* аймгийн Б******* сумын нутагт үйл ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан газрын хэвлийг ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй; 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, 7.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан усан сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх, гэж заасныг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэг, 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.3 дахь хэсэг, 7.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 28.000.000 /хорин найман сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч******* 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлддэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан атал П ХХК-ийн нэг үйлдлээр үйлдсэн 4 төрлийн зөрчилд улсын байцаагч Д.Б нь зөрчил тус бүрт нь шийтгэл оногдуулан торгуулийн үнийн дүнг нэмж, нэгтгэн 28.000.000 /Хорин найман сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд П ХХК-д холбогдох 0******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий материалыг хянаад улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасныг баримтлах ёстой гэж үзжээ.

Хэргийн оролцогчид зөрчил үйлдэгчийн гаргасан зөрчлийн талаар маргадаггүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... нэг үйлдэл, эс үйлдэхүй... гэдгийг юу гэж үзэх,...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол..., мөн ... аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулах гэдэг хуулийн заалтуудыг зөв, буруу хэрэглэсэн эсэх дээр маргаж байгаа болно.

Улсын байцаагч П ХХК-ийг MV01903- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр С аймгийн Б сумын нутагт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулахдаа газрын хэвлийг ашиглахдаа түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явууулсан, усан сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага хангаагүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4.4, 7.11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 7.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулжээ.

Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн энэ хуульд заасан зөрчил тус бүрт шийтгэл оногдуулна гэж заасныг баримтлан зөрчил гаргагчийг гаргасан зөрчил тус бүрт оногдуулах торгуулийн хэмжээг нэмж нэгтгэн шийтгэл оногдуулжээ.

Хэдийгээр хариуцагч ... П ХХК-ийн 2016, 2017, 2018 онуудад гаргасан зөрчлүүдийг нэг үйлдэл, эс үйлдэхүй... гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү зөрчлүдийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр улсын ахлах байцаагчийн 01/61-02 актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл зогсоох шалгалтын явцад тогтоож, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шалгаж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан болох нь хавтаст хэрэгт авгдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч дээрхи зөрчлүүдийг П ХХК-ийг 2016-2018 онуудад гаргасан гэж байгаа боловч зөрчлийг 2018 онд шалган тогтоож, нэг шийтгэлийн хуудсаар шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн ... нэг үйлдэл, эс үйлдэхүй... гэж үзэхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд ГУУХУБ Д.Бын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудасыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ГУУХУБ Д.Бын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаартай шийтгэлийн хуудасыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Шүүхээс заасан хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ