Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Ганхөлөг

 Шүүгдэгч Б.Ш******** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********н Ш********т холбогдох эрүүгийн 201622000561 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Шүүгдэгч: Б.Ш******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны гадаа үл ялих зүйлээр шалтаглан иргэн Э.В********ийн нүүр рүү нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч: Б.Ш******** нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны гадаа иргэн Э.В********ийн нүүр рүү нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд Хохирогч Э.В********ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед би өөрийнхөө 8487 ХӨВ улсын дугаартай "королла" маркийн автомашинтайгаа хөдөөнөөс ирээд орцныхоо үүдэнд зогсоод гэртээ орсон. Гэртээ ороод хэсэг байж байгаад гэрээсээ хамаатны дүү Мөнхдоржийн хамт гарч ирээд орцны үүдэнд байсан машинаасаа цүнхтэй хувцасаа оруулах гээд багажаа онгойлгоод байж байтал байрны урд талын саадан дотроос нэг эрэгтэй хүн: Хөөе машиныг чинь 200 саяар билүү, 200-р авъя гэлүү нэг эвгүй юм хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь: Чи дуугүй зайл гээд хэлчихсэн чинь нөгөө эрэгтэй хүн намайг баяны дэвсгэр, чадахгүй банди гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би: Чи дуугай зайлаач дээ гэсэн чинь тэр эрэгтэй хүн за за уучлаарай гэж өөдөөс алхаж ирснээ намайг цохих гэхээр нь би цээж рүү нь түлхээд цааш нь болгосон чинь тэр эрэгтэй хүн баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохичихсон. Тухайн үед би харааныхаа нүдний шилтэй байсан болохоор шил нь хагараад нүдний зовхи руу ороод хамраас цус гарахаар нь би доошоо тонгойгоод зогссон чинь тэр эрэгтэй хүн миний хажууд юм дуугарахгүй зогсоод байсан. ...хамранд хийгдсэн эмчилгээний мөнгө, эмчилгээний нүдний шилийг засуулахад гарсан зардал, Улаанбаатар хот руу явж ирсэн зардал зэргийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдоржийн мөрдөн байцаалтад өгсөн... Ах бид хоёр гарч ирээд машинаас юмнуудаа аваад яг орцруу орох гэж байтал байрны урд талын саравчин дотроос нэг ах: Хөөе наад машинаа хөгшиндөө зарчих, наадахыг чинь хоёр нугалаад 20 сая төгрөгөөр авья гэсэн тэгсэн чинь В******** ах өөдөөс нь: Би машинаа зарахгүй чамд ч тэгээд мөнгө байхгүй байлгүй гэсэн. Тэгсэн чинь нөгөө саравчин дотор байсан ах: Баяны дэвсгэр болсон хөрөнгөтөнгүүд энэ тэр гээд томрох маягтай /чанга дугарах маягтай/ хэлсэн. Тэгсэн чинь В******** ах: Чи согтуу байгаа юмуу би согтуу хүнтэй харьцдаггүй гэсэн чинь саадан дотроос нөгөө ах юу гэнээ босоод бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь В******** ах: Чи зүгээр цаашаа яв гээд цээжрүү нь хоёр гараараа түлхсэн чинь нөгөө согтуу эрэгтэй хүн баруун гараараа В******** ахын нүүрлүү нь түлхсэн чинь оноогүй тэгснээ дахиад цохисон чинь яг нүүрлүү нь нүдний шилрүү нь цохисон. Энэ үед В******** ахын хамраас нь цус гараад эхэлсэн чинь ах доошоо тонгойгоод зогссон, зүүж байсан харааны нүдний шил нь хагараад доошоо газар унасан. Нөгөө согтуу эрэгтэй хүн болохоор юм ярихгүй хажууд нь зогсоод байсан. Тэгэхээр нь би гэрлүү орж Баяр эгчид хэлээд нусны алчуур гаргаж ирээд В******** ахын хамрынх нь цусыг тогтоолгохоор өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 Гэрч Э.Баярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Гэрт ороод удаагүй байтал хүү В******** үеэл дүүгийнхээ хамт машинаас цүнхтэй хувцаснуудаа оруулж ирэхээр гарсан.Тэр хоёр гараад барагцаагаар 5 орчим минутын дараа Мөнхдорж гэрт орж ирээд: Ахыг гадаа нүдрүү нь хүн цохьчихлоо алчуур байна уу зөндөө их цус гарсан том алчуур хэрэгтэй байна гэхээр нь би Мөнхдоржийн хамт алчуур аваад гарсан. Тэгтэл орцны үүдэн дээр В******** цусаа гоожуулсан зогсож байсан. Хажууд нь цохисон хүн нь гээд нэг согтуу залуу зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд нөгөө цохисон хүнийг нь өгөөд явуулсан. В********ийг болохоор аваад эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч З.Нансалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ш********ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-38-40, 42-43 дугаар хуудас/,

Эд зүйлд үнэлгээ хийх шинжээч томилох тогтоол гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 491 дугаартай Э.В********ийн биед гэмтэл тогтоогдлоо, Э.В********ийн биед зүүн дээд зовхинд шарх, хамар ясны хугарал, бүхий гэмтэл учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/, Шинжээчийг байцаасан "нүдний алиманд ямар ч гэмтэл байгаагүй, хуучин торлогын ховрол оноштой хагалгаа хийлгэсэн байсан. Тэрнээс биш шилний хагархай орсон гэмтэл байгаагүй, харин зовхинд тойрсон зах ирмэг шартай байсан. Хохирогч үүнийгээ нүд рүү шил орсон гэж тайлбарласан байж магадгүй юм. Хамар ясны хугарал, зүүн зовхины шарх нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтад авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 Шүүгдэгч Б.Ш********ыг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ш********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч Б.Ш******** нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан байх бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзлээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ш******** нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө дээрх гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялыг багтааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ш********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар хорих ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000561 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эмний тооцооны хуудсаар 53.000, төгрөг, В********, Баяраа нарын хот хооронд зорчсон 65.200 төгрөг, эмчилгээний нүдний шилний үнэ 100.000 төгрөг, толгойн КТГ шинжилгээний төлбөрийн 56.000 төгрөг, бүгд 274.200 төгрөгийн баримтыг үнэлэн шүүгдэгч Б.Ш********аас гаргуулж хохирогч Э.В********ид олгож шийдвэрлэв./хх-ийн 33, 67,68, 77,78,79/

Мөн хэрэгт авагдсан хохирлын баримтаас 4.842.600 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: 32.600 төгрөгийн зорчих тасалбар нь Даваачулуун гэх хүний нэрээр зорчсон баримт, нүдний мэс заслын 800.000, 3.500.000 төгрөгийн, лазер эмчилгээний 200.0000 төгрөгийн баримт нь 2016.02.04-03-30-ны өдрийн буюу гэмт хэрэг гарахаас өмнөх баримт, Оchir optical захиалгын хуудсын155.000 төгрөгийн баримт, Номин худалдаа үйлчилгээний төвийн 155.000 төгрөгийн баримт зэрэг нь эмчилгээний зардалд хамаарахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно./хх-ийн 66,69,70,71,72,73,74,75,76/ Шүүгдэгч Б.Ш********ын өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олонгууд овогт Б********н Ш********ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ш********ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ш********т 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялд нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Ш********т оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ш********ын шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар 274.200 /хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Ш********аас гаргуулж хохирогч Э.В********ид олгож, хохирлын баримтаас 4.842.600 /дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн 201622000561 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР