Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 3281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ТЗ” ХЗХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Ц

Хариуцагч: Ц.Т нарт холбогдох,

“1,741,070 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ-ны захирал С.Х*******, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал С.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Цнь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлээс хэрэгжүүлж буй бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн зээлийг “ТЗ” ХЗХ-оор дамжуулан, Барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн 002 тоот гэрээгээр 2,500,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан. Талууд зээлийн болон ипотекийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн, барьцааны хөрөнгийг, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Зээлдэгч И.Цнь нь зээлийг гэрээнд хавсаргасан хуваариар cap бүр, зээлийн эргэн төлөлтийг хүүгийн хамт төлөхөөр үүрэг хүлээсэн боловч эхний саруудад төлж байснаа сүүлийн 8 cap гэрээнд заасан хэмжээгээр төлбөр хийгээгүйгээр зогсохгүй анх зээл авахдаа байсан гэрийн хаяг, ажлын байраа өөрчилж, харилцах утсаа таслах утсаа авахгүй байх, авсан ч нэрээ хэлэхгүй би энэ утсыг худалдан авсан гэж өөр хүнээр яриулах зэргээр зээл төлөхөөс илт зугтаж байгаа. И.Цнь зээлийн төлбөрөө байнга шаардсанаар хугацаа хэтрүүлэн төлж байсан боловч 2017 оны 04-р сараас хойш төлбөр хийхгүй байсан учир гэрийн хаягаар нь буюу өөрийг нь дуудан мэдэгдэл шаардлага өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг хийхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дуусгалаа. И.Ц-ын авсан зээл нь нийслэлээс хороодод хэрэгжүүлж байгаа бага хүүтэй урт хугацаатай зээл, зээлдэгч зээл авахдаа хувиараа жижиг худалдаа биеийн тамирын хувцас худалдаалдаг.Наран Туул зах дээр түрээсийн лангуутай гэдэг мэдээллийн дагуу шалгахад тухайн үед үйл ажиллагаа эрхлэж байсан боловч зээл төлөхгүй байсан учир үйл ажиллагааг нь дахин шалгахад байхгүй байсны дээр тухайн ажлын байрны ойр орчмын хүмүүс тийм хүн байгаагүй гэсэн нь зээлийн материалыг бүрдүүлэхдээ хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэстэй байгаа юм. И.Ц-тай байгуулсан зээлийн гэрээ 2017 оны 07-р сарын 04-ний өдрийг дууссан боловч бид хууль, гэрээнд заасан дараах үндэслэлээр зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээл 1,643,000 төгрөг, сүүлийн 5 сард төлбөл зохих хүү 81,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,345 төгрөг, нийт 1,741,070 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлээ төлөхгүй, эсвэл төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд итгэмжлэл гаргагч зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар баталгаа гаргасан тул Ц.Тийн өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Үндсэн зээл 1,643,000 төгрөгөөс 5 сарын хүү тооцож нэхэмжилсэн, хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Яаж тооцсоныг би тайлбарлаж чадахгүй байна. Хариуцагч төлье гэж зөвшөөрч байгаа учир 1,741,070 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хариуцагч И.Цшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ТЗ” ХЗХ-ны захирал С.Х*******тэй тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтөд тус хороонд  барьцаалсан газрын нэрийг шилжүүлж тухайн байгууллагын нэр дээр өгч өрийг тэглэхээр тохиролцсон. Уг газрыг нэр шилжиж хоршооны нэр дээр очтол нэхэмжлэлээ эргүүлэн авахгүй гэсэн тайлбар хэлж байсан.

Миний бие тус хоршооноос 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан, зээлээ бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн юм. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоотой би маргахгүй, уг дүнгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие зээлээ төлөх боломжгүй байгаа тул барьцаанд тавьсан газраар өр төлбөрөө дараад энэ асуудлаа дуусгах хүсэлтэй байна. Уг газар нь миний эгчийн төрсөн хүүхэд Тэрбишийн газар бөгөөд тэрээр газраар өр төлбөрөө дарахыг хүлээн зөвшөөрч надад итгэмжлэл өгсөн...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ хариуцагч И.Ц, Ц.Т нарт холбогдуулан үндсэн зээлд 1,643,000 төгрөг, хүүнд 81,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,345 төгрөг, нийт 1,741,070 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “зээл авсантай маргахгүй, 1,741,070 төгрөгийг төлнө, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээнд өмчлөгдсөн *******, ******* бүртгэгдсэн газраар өр төлбөрөө дуусгана” гэсэн тайлбар гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“ТЗ” ХЗХ И.Ц-тай 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр №002 тоот барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №002  тоот баталгаат ипотекийн гэрээгээр 2,500,000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай бичил бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Ц.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээнд өмчлөгдсөн ******* дугаарт бүртгэгдсэн газрыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байх ба үндсэн зээлд 857,000 төгрөгийг төлж 1,643,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх 5 сарын хүү нэхэмжилсэн гэх тайлбараар 1,643,000*1.2%*5сар=98,580 төгрөг болж байх боловч 81,725 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч И.Цхүүнд 81,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,345 төгрөг, үндсэн зээлд 1,643,000 төгрөг, нийт 1,741,070 төгрөгийг төлөхийг хариуцагч Ц.Тийн төлөөлөгч болон хариуцагч И.Цхүлээн зөвшөөрч байх тул энэ дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт нийцнэ, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ц.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээнд өмчлөгдсөн ******* дугаарт бүртгэгдсэн газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1,741,070 төгрөгийг гаргуулж, “ТЗ” ХЗХ-нд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Ц, Ц.Т нараас 1,741,070 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ц.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээнд өмчлөгдсөн ******* дугаарт бүртгэгдсэн газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1,741,070 төгрөгийг гаргуулж, “ТЗ” ХЗХ-нд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,007 төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ-нд олгож, үлдэх 42,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ц, Ц.Т нараас 42,807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТЗ” ХЗХ-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭЦЭГ