| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03651/И |
| Дугаар | 3203 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 3203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х.Ц” УТҮГ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.М” ХХК -д холбогдох,
4,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Ц“ УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “В.М” ХХК нь 2014 онд 198 м3 блокийг 1 м3-ийг 135000 төгрөгөөр нийт үнийн дүн 26,730,000 төгрөгөөр худалдан авч, үнийн дүн болох 26,730,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2015 оны 09 дүгээр сард “В.М“ ХХК-ийн захирал Т.Энхбат нь “Х.Ц“ УТҮГ дээр ирж тус үйлдвэрийн үйлдвэрлэгдэж гарсан хөнгөн блокийг үзэж, сонирхон “Х.Ц” УТҮГ-ын удирдлагад зээлээр хөнгөн блок худалдан авах хүсэлт тавьсан. Ийнхүү 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Х.Ц” УТҮГ, “В.М” ХХК нь харилцан тохиролцож, 1м3 хөнгөн блокийг 125,000 төгрөгөөр тооцож, 300 м3 хөнгөн блокийг худалдан авах, нийт үнийн дүн 37,500,000 төгрөгийн гэрээг байгуулсан. “Х.Ц” УТҮГ, “В.М” ХХК-ны харилцан тохиролцсон гэрээний гүйцэтгэлээр 18 м3 хөнгөн блокийг 1 м3-ийг 135000 төгрөг, 119 м3-ийг 125000 төгрөгөөр худалдан авч, нийт худалдан авалтын үнийн дүн 17,305,000 төгрөг болсон. Мөн гэрээнд заасан нийлүүлэлт хийгдээгүй болно. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд иргэн “В.М” ХХК нь зээл хөөцөлдөж байгаа, санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаанаар одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд “В.М” ХХК-аас үлдэгдэл 3,250,000 төгрөг, алданги 1,625,000 төгрөг /Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй/-ийн хамт нийт 4,875,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд хандсанаас хойш “В.М” ХХК нь манай байгууллагад 1,000,000 төгрөг төлсөн тул үндсэн төлбөрөөс хасаж 2,250,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө захирал Энхбаттай утсаар ярихад үндсэн төлбөрийг удахгүй төлье гэж байгаа учир нэхэмжлэгч талаас алдангиасаа татгалзаад, хариуцагч компаниас нийт 2,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.Ц“ УТҮГ хариуцагч “В.М” ХХК-д холбогдуулан “худалдсан блокийн үнэд 3,250,000 төгрөг, алдангид 1,625,000 төгрөг, нийт 4,875,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч талаас төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж худалдсан блокийн үнийн үлдэгдэл 2,250,000 төгрөг нэхэмжилж, алданги 1,625,000 төгрөгөөс татгалзаж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Т.Энхбатад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Х.Ц“ УТҮГ болон “В.М” ХХК-ийн хооронд хөнгөн блок худалдах, худалдан авах тухай 2015/34 дугаартай гэрээ 2015 оны 9 сарын 14-ний өдөр байгуулагдаж, худалдагч тал болох “Х.Ц“ УТҮГ 300м3 блокийг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч тал болох “В.М” ХХК үнийг төлөх үүрэг хүлээжээ.
Дээрх гэрээний дагуу худалдагч “Х.Ц“ УТҮГ 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 18м3 блокийг 135,000 төгрөгөөр, 119м3 блокийг 125,000 төгрөгөөр нийт 17,305,000 төгрөгийн үнэтэй блокийг “В.М” ХХК-д хүлээлгэн өгсөн, “В.М” ХХК нийт 15,055,000 төгрөгийг төлж, үлдэх 2,250,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, бараа материалын борлуулалтын баримт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч “В.М” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Иймд хариуцагч “В.М” ХХК-иас 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х.Ц“ УТҮГ-т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В.М” ХХК-иас 2,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.Ц“ УТҮГ-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “В.М” ХХК-иас 50,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ