Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ог суулган улсын яллагч Б.Догмиддорж, хохирогч О, шүүгдэгч М, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-д холбогдох эрүүгийн 1821000000234 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн ялыг өршөөн хасч суллагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр суллагдсан, 69 хувийн группэд байдаг, ... регистрийн дугаартай, ... овогт М.

 

Шүүгдэгч М нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хүлэмжийн 1-23 тоотод хамтран амьдрагч Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ ÿëëàõ áîëîí õºíãºð¿¿ëýõ òàëûí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Хохирогч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажлаасаа чөлөө аваад угаалгын машин авах гээд явж байгаад таньдаг хүнтэйгээ таараад тэр хүнээр гэр рүүгээ хүргүүлэх гээд гуйсан болохоос хамт буудалд ороогүй. Хэрэг болдог өдөр хүүхэдтэйгээ газар унтаж байхад орж ирээд “чи муу хүн амьтантай явсан” гэж хүнийг хилсээр худлаа хардаж зодсон. Шөнө орж ирээд намайг хардаж зоддог. Намайг зодсноос болоод би ажилдаа явж чадаагүй юм. Тэгээд манай ажлын хүмүүс цагдаа мэдэгд гэж хэлсэн. Тэрнээс өмнө нь би зодуулахдаа цагдаад хэлж байгаагүй. Намайг элдвээр хэлж, хүнтэй явсан, унтаж хэвтсэн гээд байгаа нь худал, намайг зоддог байсан нь үнэн. Надад Мөөс нэхэмжлээд байх зүйл байхгүй, түүнийг надаас хол байлгаж өгөхийг л хүсч байна” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд би Хэрлэн сумын 1-р баг Хүлэмжийн 1-23 тоотод өөрийн гэртээ /монгол гэр/ охин А-ний /4 настай/ хамтаар орон дээрээ унтаж байтал хаалгаа гэж манай нөхрийн согтуу орилох чимээ гарсан. Тэгээд би хаалгаа тайлаад өгтөл Мөнхтөр архи уучихсан согтуу байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд би унтах гээд орон дээрээ хэвтэж байтал Мөнхтөр “Чи газар унтдаг байж орон дээр гарч унтсан байна, өнөөдөр хүнтэй явалдсан юм уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Үгүй ээ  чамайг ирэхгүй болохоор чинь орон дээр унтсан юм” гээд газар гудас дэвсээд хэвтэх гэж байхад нөхөр маань үгийн зөрөөгүй миний үснээс зулгааж духаар маань шавар пийшин мөргүүлсэн. Мөн ...намайг шалан дээр хэвтүүлж байгаад толгой руу маань алгадаж, гар цээжин тус газарт зангидсан гараараа цохисон. Дараа нь хайруулын тавгаар зүүн гарын бугалга  хэсэг рүү маань 1 удаа цохисон. Тэгээд дараа нь миний хөл рүү гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн ...тухайн үед миний үс сэгсийсэн байсан ба нөхөр намайг үсээ самна гээд надад сам өгсөн. Би үсээ самнахад үс маань туг тугаараа унаж байсан ба тэр үед нөхөр маань би чиний үсийг шингэлэх гэж албаар зулгаасан юм гэж хэлсэн. Тухайн үед нүүр маань хавдаж улайсан ба нөхөр маань хавдсан нүүрийг маань хараад хүйтэн жин тавь гээд надад жин тавьж өгсөн ...би хатавчаараа гараа гаргаж цоожоо нээгээд эмнэлэгт үзүүлж цагдаад өргөдөл өгсөн юм ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...би М-ийг өөрийнхөө эхнэрийг зодсон талаар ээжийнхээ дүү болох М эгчээс мэдсэн. ...тухайн үед би дүү М-өөс юу болсон талаар асуухад манай авгай буудалд хоёр хүнтэй орсон байхаар нь би авгайгаа хэд цохисон юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

             Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...манай эхнэр...надад манай дүү М авгайтайгаа маргалдаад эхнэр О-г зодсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 478 тоот дүгнэлтэд: “О-ийн биед хуйханд дух хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салтын цус хуралт, баруун хацрын цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн эрүүний булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, язрал, цээжний урд баруун талын цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салтын цус хуралт, баруун хацрын цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн эрүүний булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний урд баруун талын цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, духны зулгаралт, хуйханд дух хэсэг, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, мөн дотор салстын цус хуралт, язрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 29/ гэжээ.

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/

- Шүүгдэгч Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч М нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хүлэмжийн 1-23 тоотод хамтран амьдрагч О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О-гийн нүүрэн тус газарт 3-4 удаа алгадсан. Дараа нь нүүр рүү нь нэг удаа цохисон. Надад хэнтэй явалдснаа хэлэхгүй байсан болохоор би үснээс нь зулгаагаад доош нь дараад ингээд янхандаад явж бай гэж хэлсэн явдал нь үнэн. Харин хайруулын тавгаар бол цохиогүй, зүгээр хайруулын таваг чулуудсан. Тэр хайруулын тавга авдарт ойгоод гарынх нь бугалга дээр оносон юм. ...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч О /хх-ийн 13-14/, гэрч Б /хх-ийн 21/, Э /хх-ийн 23/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27ы өдрийн 478 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч О-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М-ийн санаатайгаар хохирогч О-г шавар пийшин мөргүүлэх, улмаар газарт унагааж үснээс нь зулгаах, нүүрэн тус хэсэгт гараараа болон хайруулын тавгаар тус тус цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч О нь шүүгдэгч М-тэй гэр бүлийн баталгаагүй боловч хамтран амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч М нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хайруулын тавгыг хохирогч Од тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч ... овогт М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М-д анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хайруулын тавгыг хохирогчид,  бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР