| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03742/И |
| Дугаар | 3168 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 3168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б-д холбогдох
1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Л.Б, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.М би Л.Бтай харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 11 сарын 27-ны өдөр 1,800,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай амаар тохиролцон дансанд шилжүүлсэн.
Хугацаа дуусахад Л.Б нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр болон хүүг надад өгөөгүй. Нэгэнт гэрээг бичгээр байгуулаагүй тул үндсэн зээл болох 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Л.Б надаас зээл авъя гэж утсаар холбогдсон учраас би 1,800,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, түүний өгсөн өөрийнх нь данс уруу бэлнээр шилжүүлсэн. Л.Б нь “О******* надаар зээлүүлсэн” гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О*******д би мөнгө зээлсэн байсан учраас хэрэв О******* зээлэх юм гэж надад хэлсэн бол би зээл өгөхгүй байсан. Мөн Л.Б өөрөө зээлье гэхээр нь би зөвшөөрсөн. О*******д өгсөн бол өөрөө учраа олох нь зүйтэй байх. Миний бие Л.Бд зээлээ бодитоор өгсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надтай хамт ажилладаг Г.О мөнгөний хэрэг болоод байна, манай найз 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг гэхээр нь би Ж.Мтэй яриад зээл авья гээд дансаа өгсөн. Миний данс уруу 1,800,000 төгрөг орж ирсэн нь үнэн, гэхдээ энэ мөнгийг Г.О зээлж авсан, уг мөнгө миний данс уруу 2017 оны 11 сарын 27-ны өдөр 15 цаг 18 минутад шилжиж орсон. Би буцаагаад тэр мөнгийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр 15 цаг 57 минутад Г.О-гийн 5631015549 тоот дансанд шилжүүлсэн. Би Ж.М гэдэг хүнийг танихгүй. Энэ хүнтэй тохиролцсон зүйл байхгүй. Г.О нь энэ мөнгийг эргүүлэн төлсөн гэж надад хэлсэн ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М хариуцагч Л.Бд холбогдуулан “зээл 1,800,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “хамт ажилладаг Г.О надаар зээл авахуулсан, уг мөнгийг Г.О төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.М 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Л.Бд 1,800,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банк дахь Ж.Мийн ******* тоот, Л.Бгийн ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зээлийн хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дуусахад үүрэг гүйцэтгэгч Л.Б зээлд 1,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.
Хариуцагч Л.Б зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... хамт ажилладаг Г.О******* надаар зээлүүлсэн ... гэх боловч зээлдэгч Л.Б зээл авах хүсэлтээ илэрхийлж, өөрийн Хаан банк дахь дансаа Ж.Мт өгснөөр зээлийн 1,800,000 төгрөгийг бодитоор Л.Бгийн ******* тоот дансанд шилжүүлсэн үйл баримтаар няцаагдаж байна.
Ж.М Г.О-д зээл олгох хүсэл сонирхолгүй, түүнтэй 1,800,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.О-гийн шүүх хуралдаанд гаргасан ... би Ж.Мээс зээл авсан байсан учир дахин надад зээл өгөхгүй байсан. Тэгээд би Л.Бд Ж.Мийн утсыг өгөөд зээл авахуулсан ба уг 1,800,000 төгрөгийг миний бие авсан нь үнэн ... гэх тайлбараар тогтоогдож байх тул Ж.М Г.О******* нарын хооронд 1,800,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн гэрч Г.О “Л.Б Ж.Мээс зээл хүссэний дагуу Л.Бгийн дансанд 1,800,000 төгрөг шилжсэн” талаарх үйл баримтыг давхар нотолж байна.
Зээлдэгч Л.Бг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байх ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Л.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мт олгох нь зүйтэй.
Л.Б Г.О-д шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бгаас 1,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ