Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         04                                    2022/ШЦТ/357

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Б.Чинзориг /Тээврийн прокурорын газраас/,

Шүүгдэгч О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

         Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

         Шүүгдэгч О.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварын зүүн урд талын замын явган хүний гарцан дээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 43 минутын орчимд “Автотерминал трейд” ХХК-ийн өмчлөлийн 2 улсын дугаартай “Хьюндай Херо сити” маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Гийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3, 5-6, 9-13 дугаар хуудас/,

 

ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай “..осол хэрэг болох үеийн дүрс бичлэг бичигдсэн цагаан өнгийн CD-г эд мөрийн баримтаар тооцсугай..” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үзэхэд уг камер нь Төв номын сангаас ирэх уулзварыг харуулах ба уг уулзварын 1 дүгээр эгнээнд бор шаргал өнгийн суудлын автомашин, түүний араас цэнхэр өнгийн автобус зогссон...Бичлэгийн 09:48:58 секундэд нэгдүгээр эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгслүүд баруун гар тийш эргэн уулзвар нэвтрэхэд бор шаргал өнгийн суудлын автомашины араас явж байсан цэнхэр өнгийн автобус 09:49:10 секундэд баруунаас зүүн тийш чиглэх урсгалын явган хүний гарцан дээр зогсож байгаа нь бичигдсэн байв....09:51:30 секундэд жолооч автобусандаа сууж ухрах үйлдэл хийхэд автобусны урд доод хэсгээс хар өнгийн куртиктэй хүний цээжин хэсэг ил гарч ирж байх ба 09:54:11 секундэд цагдаагийн албан хаагч тухайн хүнтэй харилцаж гарнаас нь татаж автобусны доод талаас татаж гаргахад тухайн хүн өөрөө босож зогсоод байж байхад 09:55:01  минутад түргэн тусламжийн машин ирж тухайн хүнийг машиндаа оруулж байгаа нь бичигдсэн байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч Гийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 09 цаг өнгөрч байхад ажил руугаа алхаад явсан юм. Ингээд би төв шуудангийн уулзвар дээрх явган хүний гарцан дээр очоод зам хөндлөн гарахаар явган хүний гэрэл хүлээгээд зогсож байхад гэрэл асахаар нь зам хөндлөн гарахаар явган хүний гарц руу ороод алхтал хажуунаас автобус ирээд мөргөсөн. Намайг тэр автобус мөргөнгүүт би газарт унасан бөгөөд доогуур нь ороод чирэгдээд гулсаад явж байхад автобус зогсож, жолооч нь бууж ирээд мөн тэнд байсан цагдаа ирээд намайг автобусны доод талаас гаргасан...Мөргүүлж унаад автобусны доогуур ороход автобус гулсаж байх шиг харагдсан. Тэгээд гулсаж байгаад автобус зогссон...Тухайн ослын улмаас далны ясны бяцрал, мөрний шөрмөснүүд гэмтсэн, нурууны хэсэгт өвчтэй, тархины хэсэгт хавдартай байгаа. Мөн зүүн талын хавирга хэсэг одоо хүртэл өвчтэй байгаа..Т-н  зүгээс миний эмчилгээний зардал болон эхнэр бид хоёрын ажилгүй байсан үеийн цалин болох нийт 2.950.000 төгрөгийг нөхөн төлсөн. 1 сарын дараа имрайн зураг авахуулах зааллтай бөгөөд имрайн төлбөр болох 310.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 22 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч М “....Миний хувьд ..... ХХК-нд дотоод хяналтын ажилтнаар ажилладаг бөгөөд компаниас энэ осолтой холбоотой эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон тул би энэ хэрэгт оролцож байна. Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед Төв шуудангийн урд талд 2 улсын дугаартай автобусны жолооч Т осол гаргалаа гэсэн дуудлага мэдээлэл манай байгууллагад ирсэн. Үүний дагуу гэмтлийн эмнэлэг дээр очиж, мөргүүлсэн гэх хүнийг сураглаж эмчтэй нь уулзсан чинь хохирогчийг одоогоор хүнд гэмтсэн зүйлгүй байгаа, зураг авахуулсан байгаа, зургаа хүлээгээд байж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй ..... эмнэлэгийн компьютер томографикийн хариу гарч ирэхэд эмч нь одоогоор хугарал мэдэгдэхгүй байна, хавдраа буулгаж байж 2 хоногийн дараа MRI-д харуулж болно гэсэн. Тухайн өдөр ослын шалтгааны талаар жолооч Т-с асуухад баруун гар тийш эргэх ногоон гэрлээр гарахад явган хүн гарцан дээр чигээрээ яваад урдуур ороод ирсэн, би тэрийг харангуутаа тоормоз гишгэсэн боловч гулгаад машинаа зогсоож амжилгүй мөргөчихсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч М “....Манай компанийн зүгээс хохиролд гарсан төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.. Жолоочтойгоо харилцан тохиролцож ярилцаж байгаад бүх гарсан зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Тийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн болгоомжгүй байдлаасаа болж гарцаар гарч байсан хүнийг мөргөж биед нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна..Би хохирогчид нийт 2.950.000 төгрөг нөхөн төлсөн байгаа. Хохирогчийн хувьд одоо дахин нэхэмжилсэн зүйлгүй байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №3072 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Гийн биед баруун дал ясны хугарал, баруун мөр, тохой, шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дух нуруунд зулгаралт, баруун тал зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэлэнд хазагдсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №99926 дугаартай шинжээчийн:

           1. ...... маркийн 2 улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоормосны баруун зүүн талуудын гэрэл, зүүн гар талын хойд оврын гэрэл, улсын дугаарын гэрлүүд асахгүй байна.

3. Тоормосны баруун зүүн талуудын гэрэл, зүүн гар талын хойд оврын гэрэл, улсын дугааруудын гэрлүүд асахгүй байгаа нь ашиглалтын үеийн эвдрэл гэмтэл байна.

4. Уг автотээврийн хэрэгслийн тоормосны систем нь хийн, хий шингэн дамжуулгатай, ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмжийн хэмжилтээс үзэхэд 1 ба 2-р тэнхлэгийн ажлын тоормос хэвийн ажиллагаатай. Зогсоолын тоормос буюу гар кардан нь ажиллагаатай байна.

5. Хийн, хий шингэн дамжуулгатай,  ABS бүхий тоормосны системтэй  тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ....” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-54 дүгээр хуудас/,

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №247 дугаартай мөрдөгчийн магадалгаа:

  1. ...... ХХК-ны эзэмшлийн 2 улсын дугаартай автобусны жолооч О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэж заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Г нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
  3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
  4. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов....” гэжээ /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,  эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, гэрч Р.Н-н ийн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч А.М-н мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 89-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварын зүүн урд талын замын явган хүний гарцан дээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 43 минутын орчимд “..........” ХХК-ийн өмчлөлийн 2 улсын дугаартай “.........” маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Гийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Тийн мэдүүлэг, хохирогч Гийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3072 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №99926 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №247 дугаартай мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт тусгагдаж, шүүгдэгч О.Т нь “..........” ХХК-ийн өмчлөлийн 2 улсын дугаартай “...............” маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Гийг мөргөсөн болохыг хохирогч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч О.Т-ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Шүүгдэгч О.Т нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэм хорын хохирлыг төлсөн /цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч О.Тийг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Хохирогч Гээс “...О.Т нь 2.950.000 төгрөгийг нөхөн төлсөн..” /хх-ийн 22/ гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч нь “..имрайн төлбөр болох 310.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн цаашид гарч болзошгүй зардлыг шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй байлгаж өгөхийг хүсэж байна..” /хх-ийн 22/ гэсэн байх  тул  түүний биед учирсан гэмтлийн шинжийг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.М-с “................” ХХК-аас “...нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 27/ гэсэн тул шүүгдэгчийг тухайн компанид төлөх төлбөргүйг дурдлаа.

 

        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч О.Тид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч О.Тоос замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Т-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тид оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Гээс шүүгдэгч О.Тид холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДУЛАМСҮРЭН