| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03704/И |
| Дугаар | 3666 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 3666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т.И” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.М-д холбогдох,
“Автомашин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрал, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн И.М нь тус компанитай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, 2,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тэрээр зээл авснаас хойш зээлийн хугацааг сунгаж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны 5 сарын хүү 875,000 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлийн болон фидуцийн гэрээнд заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, зээлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөх байсан 1 сарын хүү 175,000 төгрөг, зээлийн график зөрчсөний алданги буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх зээлийн хүүгийн алданги 4,725 төгрөг, гэрээнд заасан 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 237 хоногийн алданги 3,169,875 төгрөг, нийт алданги 3,174,600 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 1,337,500 төгрөгийн алданги тооцон нийт зээлийн гэрээний төлбөрт 4,012,500 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр байна. Зээлдэгч И.М зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 78-90 УНҮ улсын дугаартай, Тоёота Королла Аксио маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэвч 78-90 УНҮ улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн автомашины нь өнөөдрийн байдлаар И.Мын эзэмшилд байгаа. Талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээний 4.7-д түргэн борлогдох үнэ буюу 2,500,000 төгрөгөөр бусдад зарж үндсэн зээл, хүүгийн төлбөр болон бусад зардлыг гарган авахаар хоорондоо тохиролцон тодорхойлсон. Иймд хариуцагч И.Мын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нийт 4,012,500 төгрөгийн төлөх үүрэгт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Фидуцийн гэрээний зүйл болох 78-90 УНҮ улсын дугаартай, Тоёота Королла Аксио маркийн автомашиныг тооцож, зээлийн гэрээг дуусгавар болсныг тогтоон, хариуцагчаас 78-90 УНҮ улсын дугаартай, Тоёота Королла Аксио маркийн автомашиныг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч И.М, түүний төлөөлөгч Ч.Гантулга нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний төлбөрөө хууль ёсны дагуу шаардлагагүйгээр шууд автомашиныг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь автомашины хувьд зах зээлийн үнэлгээ нь зээлийн төлбөрөөс хэд дахин өндөр бөгөөд автомашиныг “Т.И” ХХК-д шилжүүлснээр зээлийн төлбөрөөс давсан үнээр би хохирох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 4,012,500 төгрөгт тооцож королла аксио маркийн авто машиныг бодитоор гаргаж өгөх нь хариуцагчид хохиролтой байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т.И” ХХК хариуцагч И.Мд холбогдуулан “2,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 78-90 УНҮ улсын дугаартай тоёота королла аксио маркийн автомашин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ “зээлд 2,500,000 төгрөг, хүүнд 175,000 төгрөг, алдангид 1,337,500 төгрөг, нийт 4,012,500 төгрөг” гэж тодруулсан байна.
Хариуцагч тал “4,012,500 төгрөгийн зээлд автомашиныг өгөх нь хохиролтой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Т.И” ХХК болон иргэн И.М нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулагдаж, 2,500,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай зээлж, И.Мын өмчлөлийн 78-90 УНҮ улсын дугаартай, Тоёота Королла Аксио маркийн, NZE1416101684 арлын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр “Т.И” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
“Т.И” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарна.
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байхаар хуульчилжээ.
Зээлдүүлэгч “Т.И” ХХК зээлдэгч И.Мтай байгуулсан зээлийн гэрээнд барьцааны аргыг буюу 78-90 УНҮ улсын дугаартай королла аксио маркийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ байгуулахаар байхад фидуцийн гэрээ байгуулж, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасан “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.” гэснийг зөрчсөн байна.
Дээр дурдсанаас дүгнэвэл зээлдүүлэгч Фидуцийн гэрээг үндэслэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу авто машиныг шаардах эрхгүй байна.
Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Т.И” ХХК хуулийн эдгээр заалтуудын дагуу шаардах эрхтэй байна.
Зээлдэгч И.М нийт 875,000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Гэрээний хугацаа 2016 оны 9 сарын 23-ны өдөр дуусахад талууд гэрээг бичгээр сунгаагүй байх тул зээлдүүлэгч тал 2016.09.23-ны өдрөөс хойш хүү авах эрхгүй байна.
Зээлдэгч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 2,500,000 төгрөг, 3 сарын хүүд 525,000 төгрөг, нийт 3,025,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас зээлдэгчийн төлсөн 875,000 төгрөгийг хасахад 2,150,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.
Уг үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Алдангийг гэрээний хугацаа дууссан 2016 оны 9 дүгээр сарын 23-наас нэхэмжлэл гаргасан 2017 оны 8 дугаар сарын 17-ныг хүртэл бодоход 3,526,000 төгрөг /10,750х328 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч И.Маас үндсэн зээл 2,150,000 төгрөг, алданги 1,075,000 төгрөг, нийт 3,225,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т.И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 787,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгч Ч.Гантулгад 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 сарын 16-ны өдөр түүнд мэдэгдсэн боловч тэдгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, урьд хариуцагч талыг оролцуулахаар шүүх хуралдааныг хангалттай хойшлуулсан зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Маас 3,225,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т.И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 787,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 79,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Маас 66,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т.И” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ