Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1618

 

 

 

 

 

 

 

                                                                                               

 

“Сансоресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цагийн аяс” ХХК-д холбогдох

Нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд нийт 8 119 758 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Алтангадас

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Цагийн Аяс” ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Цэнгэлтэй 7850 тонн нүүрс нийлүүлэх гэрээг Шивээ овоо боомтод хүлээлгэн өгөх нөхцлөөр байгуулсан. Уг гэрээгээр 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21 853 төгрөгөөр тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179 738 468.50 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хуваарийн дагуу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас “Сансоресурс” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны 33/179 тоот албан бичиг болон Шивээ овоо ХК-ийн санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна. Нийт 179 738 468.5 төгрөгийг шилжүүлэх байснаас “Цагийн аяс” ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба тус алдангийн дүн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байна. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д гэрээ нь хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Худалдан авагч тал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сүүлийн удаа 10 000 000 төгрөг төлсөнөөс хойш ямарч төлбөр төлөөгүй одоог хүртэл төлбөр хойшилсон байна. Худалдан авагч тал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэнээс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт  205 хоног өнгөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 6 738 468 төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцвол 1 381 290 төгрөгийн алданги болж байна...” гэжээ.

           

Хариуцагч “Цагийн аяс” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус “Цагийн аяс” ХХК нь “Сутай эрчим” ХХК-тай нүүрс борлуулсаны дараа мөнгийг нь өгөх гэрээ хийсэн. Энэ нүүрсний борлуулалтаас 182 700 000 төгрөг Батлан хамгаалах яамны ЗХЖШтабаас одоог хүртэл авч амжаагүй. Гэвч 173 000 000 төгрөгийг төлсөн байгаа болно. Нийт 179 738 498.5 төгрөгийн борлуулалт хийсэн боловч нийт НӨАТ-ийн 17 973 849.5 төгрөгийг манай компанид төлөх ёстойгоос 14 017 604.7 төгрөгийн НӨАТ өгсөн, 3 956 244.8 төгрөгийн НӨАТ-ийг дутуу төлсөн учир нэхэмжилсэн 6 738 468 төгрөгийн үлдэгдлээс хасаад 2 782 223.2 сая төгрөгийг тодорхой хугацаанд төлөх болно. Уг компани нь Шивээ Овоо уурхайд сэлбэг нийлүүлсэн үнэ болох 179 738 468 төгрөгийг уурхайгаас авч чадахгүй байсан учир танил хүнээрээ дамжуулан манай компанийн уурхайд өгөх ёстой мөнгө болох 173 000 000 төгрөгийг уурхай өмнөөс энэ компанид өгсөн юм. Хэрэв би энэ мөнгийг энэ компанид өгөөгүй бол өнөөдрийг хүртэл “Сутай эрчим” ХХК нь уурхайгаас мөнгөө авч чадахгүй байх байсан. Алдангийг би хүлээн зөвшөөрөхгүй улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед манай компани нь 182 700 000 төгрөгийг тэр нүүрсний борлуулалтаас одоог хүртэл авч чадаагүй байгаа ч “Сутай эрчим” ХХК-ийн 173 000 000 төгрөгийг төлсөн байгаа...” гэжээ.

Хариуцагч “Цагийн аяс” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Манай компани нь “Сансоресурс” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 85 вагон 6240 тонн нүүрс худалдан авч, нүүрсний үнэ болон төмөр замын тээврийн зардалд 173 000 000 төгрөгийг “Сансоресурс” ХХК-д шилжүүлсэн. Манай компани нүүрсний үнэд 136 362 720 төгрөг, төмөр замын зардалд 39 562 400 төгрөг, нийт 175 925 120 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс 173 000 000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь “Сансоресурс” ХХК манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын 12 743 164 төгрөгийн баримт олгоод, дахин баримт өгөөгүй буюу 17 592 512-12 743 164=4 849 348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, энэ хэмжээгээр улсад татвар төлсөн. Иймд “Сансоресурс” ХХК-иас “Цагийн аяс” ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4 849 348 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд “Цагийн аяс” ХХК-д холбогдуулан 8 119 758 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Хариуцагчийн зүгээс манай компанид холбогдуулан 4 849 348 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гаргаж байна.

Үүнд: Хариуцагч нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4 849 348 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сансоресурс” ХХК манай компанид НӨАТ-ын 12 743 164 төгрөгийн баримт олгоод дахин баримт өгөөгүй буюу 17 592 512-12 743 164 = 4 849 348 төгрөгийн татварын өртэй болж улсад төлсөн учир нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа гэрээний нийт үнийн дүн 179 738 468.50 төгрөг бөгөөд хариуцагч үүнээс 173 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 6 738 468 төгрөг, үүнд гэрээний алданги тооцож 1 381 290 нийт 8 119 758 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн НӨАТ-ын баримтын дүнг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүснэгтээр үзүүлбэл: Олгосон НӨАТ-ын баримтаар манай компани нийт 140 176 048 төгрөгийн баримт олгосон бөгөөд гэрээний нийт үнийн дүнгээс 179 738 468.50 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 39 562 420 төгрөг буюу тээврийн зардлын төлбөр үлдэж байна. Талууд гэрээ байгуулан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад тараасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-д Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу төмөр замын тээврийг Монгол улс нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлдөг болно. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 3 дугаар зүйлийн 3.1-д энэхүү гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн үүргийг худалдан авагч буюу хариуцагч “Цагийн аяс” ХХК хариуцах үүргийг хүлээсэн байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал /гэрээний 3.1/, татварын асуудлыг худалдан авагч буюу “Цагийн Аяс” ХХК хариуцахаар /гэрээний 1.2/ тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Цагийн аяс ХХК-иас нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд нийт 8 119 758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК-д олгож, “Цагийн аяс” ХХК-ийн 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 890 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Цагийн аяс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 144 890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдолдоо: “...гэрээний дагуу нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК хариуцагчид 95 вагон буюу 6414.5 тонн нүүрсийг нийлүүлсэн, хариуцагч энэ нүүрсийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд нүүрсний үнэ 6414.5*21853=140 176 068.5 төгрөг, тээвэрлэлтийн зардал 39 562 400 төгрөг нийт 179 738 468.5 төгрөг болох нь 2015 оны 01 дүгээр сарын сарын 22-ны өдөр Шивээ овоо ХК болон “Сансоресурс” ХХК-ийн тооцоо нийлсэн актаар нотлогдох ба уг мөнгөнөөс хариуцагч “Цагийн аяс” ХХК 173 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 6 738 468.5 төгрөгийг төлж барагдуулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчаар “Цагийн аяс” ХХК-ийн захирал Ж.Цэнгэлийг татсан буюу хуулийн этгээдийг хариуцагчаар татаад байгаа юмуу захирал Ж.Цэнгэл гэж иргэнийг хариуцагчаар татсан уу гэдэг нь ойлгомжгүй байсан.

Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагч “Цагийн аяс” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан боловч нэхэмжлэлийг гардуулахдаа “Цагийн аяс” ХХК-ийн захирлыг Ж.Цэнгэл мөн эсэхийг тогтоогоогүй байж, түүнд нэхэмжлэлийг гардуулан, хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан, хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэсний дагуу зохих бичиг баримтыг шалгаагүй.

Ж.Цэнгэл бол “Цагийн аяс” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх бүхий захирал биш, түүнийг захирлаар томилсон тушаал байхгүй бөгөөд бүрэн эрх бүхий захирал нь түүний нөхөр Д.Алтандөш юм.

Ийм учраас “Цагийн аяс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Алтандөш нь тус компанииг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мягмархүүг томилсон. Мөн урьд гаргасан хариуцагчийн гэх тайлбар буюу Ж.Цэнгэлийн тайлбарыг хүчингүй болохыг дурдаж, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлах болно гэдгийг “Цагийн аяс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Алтандөш бичгээр мэдэгдсэн. Гэтэл шүүх хариуцагч Ж.Цэнгэлийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь хэт нэг талд үйлчилсэн, хууль зөрчсөн дүгнэлт болжээ.

...“Цагийн аяс” ХХК нь “Сансоресурс” ХХК-иас гэрээний дагуу 95 вагон 6414.5 тонн *21853=140 176 068.5 төгрөгний нүүрс худалдан аваагүй. Харин Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-нд 10 вагон 680 тонн, 09 дүгээр сарын 08-нд 10 вагон-659 тонн, 09 дүгээр сарын 10-нд 10 вагон 686 тонн, 09 дүгээр сарын 11-нд 10 вагон 659 тонн, 09 дүгээр сарын 14-нд 10 вагон 690.5 тонн, 09 дүгээр сарын 25-нд 5 вагон 347.5 тонн, 09 дүгээр сарын 28-нд 10 вагон 668.0 тонн буюу нийт 6-5 вагон, Төмөр замын ачилт буулгалтын талбайд байсан 520 тонн нийт 4 910 тонн нүүрс ч хүлээн авсан. Харин төмөр замын Зүүн баян 336-р ангиас 2014 оны 10 дугаар сарын 09-нд 10 вагон 665 тонн, 10 дугаар сарын 14-нд 10 вагон 665 тонн нийт 1330 тонн нүүрс хүлээн авсан.

Бүгд дүнгээр 6240 тонн нүүрс хүлээн авсан. Гэтэл нэхэмжлэгч тал “Шивээ овоо” ХК-наас өөртөө хүлээн авсан 95 вагон 6414.5 тонн нүүрсийг “Цагийн аяс” ХХК-д хүлээлгэж өгсөн гэж “Шивээ овоо” ХК-ийн нягтлан Н.Соёлмаа, “Сансоресурс” ХХК-ийн захирал Д.Баярсайхан нарын тооцоо нийлсэн акт гэсэн баримтаар нотлогдож байна гэж тулгасан. Шүүх ИХ-ийн 243, 246, 248-р зүйлийн дагуу хэргийг шийдвэрлээгүй.

“Шивээ овоо” ХК-наас “Сансоресурс” ХХК-д нүүрс нийлүүлж байгаа бөгөөд “Цагийн аяс” ХХК нь “Шивээ овоо” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учраас “Сансоресурс” ХХК нь манай компанид нүүрс хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ нь тэдний хооронд хийсэн дээр дурдсан тооцооны актаар нотлогдож байгаа. “Шивээ овоо” ХК-иас “Сансоресурс” ХХК-д хаяглан төмөр замын тээврээр нүүрс нийлүүлдэг. “Сансоресурс” ХХК-иас төмөр замын байгууллагад “Цагийн аяс” ХХК-д өгч болно гэсэн тохиолдолд “Цагийн аяс” ХХК нүүрсийг хүлээн авдаг.

Ийм учраас “Цагийн аяс” ХХК-д хүлээлгэн өгсөн нүүрсний тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 тоот албан бичгээр “Сансоресурс” ХХК-ийн захирал Д.Баярсайханд гаргаж өгсөн бөгөөд үүнийг “Сансоресурс” ХХК шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Энэ албан бичигт дурдсанаар “Цагийн аяс” ХХК-д 4910 тонн нүүрс хүлээлгэн өгсөн нь үнэн бөгөөд Зүүн баян 336-р ангиас 1330 тонн нүүрс, бүгд 6 240 тонн нүүрс хүлээн авсан. Гэтэл “Сансоресурс” ХХК нь манайд өгөөгүй 174.5 тонн 3 813 348.5 төгрөгийн нүүрс нэхэмжилсэн нь зүй бус шаардлага юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр “Цагийн аяс” ХХК-иас нүүрсний төлбөрт үлдэх 6 738 468.5 төгрөгийг алдангитай төлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3. “Сансоресурс” ХХК нь нүүрсийг 21853/ НӨАТ-тай төгрөгөөр худалдсан бөгөөд нүүрсний тээврийн хөлсний төлбөрийг оролцуулан 173 000 000 төгрөг “Цагийн аяс” ХХК-аас хүлээн авсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.4-д “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 11-р зүйлийн 11.1 “энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна”, 14-р зүйлийн 1.3 “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11-р зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан буюу бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэсэн заалтуудын дагуу “Сансоресурс” ХХК-д шилжүүлсэн 173 000 000 төгрөгнөөс тооцогдох 17 300 000-12 743 164=4 849 348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг сөрөг нэхэмжилсэн.

Гэвч шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн, 13.6.12-т зааснаар төмөр замын тээврийн үйлчилгээ нь төрийн байгууллагын үйлчилгээнд хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 3.1-д “худалдан авагч нь энэ гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч, тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэж зааснаар 39 562 400 төгрөгний тээврийн зардал, үүнд оногдох НӨАТ-ын баримт шаардах эрхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин магадлан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

       Нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК нь хариуцагч “Цагийн аяс” ХХК-д холбогдуулан нүүр нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 8 119 758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

      

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК хариуцагч “Цагийн аяс” ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээгээр 7 850 тонн нүүрсийг 1 тонн тутмыг нь 21 853 төгрөгөөр худалдах, нүүрсийг хугацаанд нь нийлүүлэх, хариуцагч нь худалдан авч буй нүүрсний үнийг урьдчилан төлөх, худалдан авсан нүүрсний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК нь хариуцагч “Цагийн аяс” ХХК-д 95 вагон буюу 6 4414.5 тонн нүүрсийг нийлүүлсэн, хариуцагч нь 85 вагон буюу 6 240 тонн нүүрсийг хүлээж авсан гэж маргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх 99/ байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн нүүрсний хэмжээг үгүйсгэсэн, татгалзсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн зэрэгцээ шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй бичигдсэн, энэ талаар өөрчлөлт оруулах тухай хүсэлт хэрэгт авагдаагүй байна.  

Хариуцагч “Цагийн аяс” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хүлээн авсан нүүрсний нийт төлбөр 179 738 468.5 төгрөг болох нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Шивээ-Овоо” ХК болон “Сансоресурс” ХХК нарын тооцоо нийлсэн актаар тогтоогдсон, хариуцагч нь уг төлбөрөөс 173 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр болох 6 738 468.5 төгрөгийг төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Худалдах, худалдан авах гэрээний 2.4, 3.5-д тус тус зааснаар хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлаж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэгдсэн, энэ талаар хийсэн шүүхийн тооцоолол зөв болжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч “Цагийн аяс” ХХК нь нэхэмжлэгч “Сансоресурс” ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4 849 348 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.1-д “худалдан авагч нь энэ гэрээгээр тохиролцсон 7 850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нийт үнийн 179 738 468.5 төгрөг, үүнээс хариуцагчийн хүлээн авсан буюу 95 вагон нүүрсний үнэ 140 176 068.5 төгрөгийг хасахад 39 562 400 төгрөг болж байх ба энэ нь тээвэрлэлтийн зардал тул үүнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шаардах эрхгүй, нэхэмжлэгч нь нийлүүлсэн нүүрсний үнэ 140 176 068.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хариуцагч компанид хүлээлгэн өгсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батзаяа “...Ж.Цэнгэл нь хариуцагч “Цагийн аяс” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд уг хэлцлийг хийсэн, үүнийг шүүх тодруулах ёстой байсан...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул давж заалдах гомдолд дурдсан дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цагийн аяс” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН