Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттөмөр,

Улсын яллагч Ж.Энхжарал,

Шүүгдэгч Э.Хэрлэн түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД-0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанууд овогт Энхбатын Хэрлэнд холбогдох эрүүгийн 201624000486 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Иточу төлөөлөгчийн газар ажилладаг, ам бүл , ээж, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 104-70 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:УХ89040934 регистрийн дугаартай, Цагаанууд овогт Энхбатын Хэрлэн

Яллагдагч Э.Хэрлэн нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Барс захын хойд замд Тоёота мотор корпорацийн төлөөлөгчийн газрын эзэмшлийн Тоёота приус маркийн 19-08 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ариунцэцэгийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хэрлэн мэдүүлэхдээ:

  2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Нарны замаар гэр рүүгээ явж байсан. Тухайн үед замын гэрэлтүүлэг муу байсан учраас авто машины гэрлээ хол ойр дээр шилжүүлж явж байсан. Тэгэхдээ Барс захын хажуу замаар зорчиж явахад баруун гар талаас нэг авто машин шахахаар нь хажуу тийш нь жолооны хүрдээ дартал хойд талын нэг дугуйгаар бараан өнгийн зүйл дайрагдсан. Тухайн үед авто машинаа зогсоох боломж муу байсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цаашаа явахдаа юу дайрсан юм бол гэж бодоод Нарны гүүрэн дээр гараад хартал авто машинууд гэрлээ асаагаад зогсчихсон нэг хүн дайруулсан байдалтай харагдаж байсан. Би тухайн үед хүн дайрсан гэдгээ мэдээгүй. Тэгэхээр нь 102 дугаарт дуудлага өгсөн. Би тэр үед гүн шокын байдалтай болчихсон байсан. Тэгээд гэртээ хариад эхнэртэй би сая хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн чинь манай эхнэр хамт цагдаагийн газар очихгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар руу явах гээд байж байтал гар утсанд дуудлага ирсэн. Авсан чинь цагдаагийн газраас ярьж байсан. Тэгээд манай гэрт ирж намайг авч явсан. Энэ зам тээврийн осол миний өөрийн буруутай үйлдлийн улмаас гарсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид нийт 24,000,000 төгрөг төлсөн. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 18.500.000 төгрөг төлсөн байгаа гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Үнэнбатын өгсөн:

            “... Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Бид эхээс зургуулаа. Манай талийгаач дээрээсээ 3 дахь хүүхэд байсан. Энэ хэрэгт манай талаас аав, дүү нар маань намайг хохирогчоор оролцуулахаар болсон учраас хохирогчоор оролцож байна. Осол хэрэг гарсан талаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө эмнэлгээс нэг хүн яриад мэдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очих гэж байхад нас барчихлаа. Та нар цагдаа дээр очоод уулз гэсэн. Талийгаач 1985 онд Төв аймагт төрсөн. Бага насаа Улаанбаатар хотод өнгөрөөгөөд 46 дугаар сургуулд 1993-2001 онд 8 дугаар ангиа төгссөн. Манай талийгаач хувиараа наймаа арилжаа хийгээд явдаг хүн байсан. Талийгаач гэр бүлтэй байгаагүй. Ер нь бол өөрөө хүүхэд гаргах боломжгүй гээд төрсөн дүү Дэлгэрмаагаас одоо 01 нас 6 сартай охин Саруулыг өргөж аваад нэр дээрээ болгох гээд явж байгаад осолд орчихсон. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярцогтын өгсөн:

            “... 2016 оны 5 дугаар сарын 31-ний 15 цаг өнгөрч байхад надтай танил байсан Ариунцэцэг утсаар залгаад “та хаана байгаа юм бэ, надад хэдэн төгрөгийн хэрэг байна, маргааш хүүхдийн баяр учраас хүүхдээ баярлуулмаар байна” гэсэн. Тэгэхээр нь “би одоохондоо надад мөнгө төгрөгийн боломж алга байна” гэсэн чинь орой 21 цаг өнгөрч байхад Барс зах дээр над руу залгаад хүрээд ирсэн. Тэр үед би нэлээд архи уусан байдалтай согтуу байсан ба би таксиных нь мөнгийг өгөөд мөнгө төгрөг байхгүй тухайгаа болон амьдрал ахуй болон элдэв зүйлийн тухай Барс захын хойд сааданд сууж байгаад нэлээд ярьсан. Ингээд би Ариунцэцэгийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод явах гэтэл “тамхи хэрэгтэй байна” гэхээр нь замын хойд талд байдаг дэлгүүр лүү гүйгээд, эргээд хүрээд иртэл сууж байсан газраа байхгүй байсан ба зам руу хартал машинууд зогсчихсон байхаар нь хартал талийгаач замын гол хэсэгт дээшээ харсан байдалтай ёолоод хэвтэж байсан. Би очоод толгойг нь өргөөд байж байтал түргэний тэрэг ирээд аваад явсан. Бид 2 хамт уугаагүй, талийгаач над дээр ирэхдээ пиво барьчихсан нилээн согтуу байдалтай ирсэн. Ямар ч байсан салах үед замын хажуу талд саадны гадна хэсэгт явган хүний гарцны хажуу хэсэгт суугаад үлдсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 58-59-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Гончигсүрэнгийн өгсөн:

            “... 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад би Т.Харрер маркийн 08-01 УНР улсын дугаартай автомашиныг жолоодон явж байгаад манай ажлын нэг хүн уулзъя гэхээр нь Барс захын хойд зам дээр нэгдүгээр эгнээд ойролцоогоор 10-15 минут орчим зогсоод нөгөө хүнтэйгээ 5 минут орчим юм ярьж байгаад хөдөлсөн. Тэгээд Барс захын контейнерууд тавьсан хэсгийн явган хүний гарц руу дөхөөд ирэх үед явган хүний гарцан дээр нэг бараан өнгийн зүйл хэвтэж байсан. Би машинтайгаа 1 дүгээр эгнээгээр хажуугаар нь гарах гээд дөхөх үед бараан өнгийн Т.Приус маркийн автомашин нөгөө зүйлийн дээгүүр нь дайраад гарсан ба хүний гутал сугараад үсэрч байгаа харагдсан. Тэгэхээр нь би дотроо “ямар анзаарагагүй яасан хурдтай явдаг жолооч вэ” гээд нөгөө машины араас хартал нөгөө машин эрчээрээ явсаар байгаад гэрэл дохионы наад талд очоод зогсож байснаа тэр чигээрээ зүүн эргээд яваад өгсөн. Энэ үед би замын хажуу тал руу машинаа шахаж зогсоогоод өөрийн дугаараас /88066299/102-рт дуудлага өгсөн. Би машиндаа эхнэр ажлынхаа газрын хоёр хүнтэй хамт явсан ...” гэх мэдүүлэг /хх-н 60-61-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ихжаргалангийн өгсөн:

“... Осол хэрэг гарсан өдөр аавындаа очсон байсан. 23 цаг өнгөрч байхад Хэрлэн гаднаас орж ирээд, гар нүүрээ угаачихаад, унтаж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд байж байгаад нэлээд сандарсан байдалтай би осол гаргачих шиг боллоо зам дээр нэг хар өнгийн зүйл байсан ба би түүний дээгүүр гарсныхаа дараа холоос харсан чинь хүн байсан байх шиг байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдэсэн үү гээд асуухад би 102 дугаар руу залгаад осол хэрэг гарсан тухай хэлсэн. Хоёулаа замын цагдаа дээр очъё гээд байсан. Би Хэрлэнг нэлээд сандарсан байдалтай, тэгээд ч хүүхэд нялх учраас хэсэг тайвширсаны дараа хамт явья гэж бодоод байж байтал цагдаагаас залгаад гэрийн гадаа ирсэн. Тэгээд цагдаа нар Хэрлэнг аваад явсан ..” гэх мэдүүлэг /хх-н 75-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Г.Хулангийн өгсөн:

“... Хэрлэн судалгааны ажил хариуцаж байсан, зөвшөөрөлтэй жолоодож явсан. Машинаа харсан. Үнэлгээ хийлгээгүй байгаа. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 79-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1042 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн:

            1. Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Авто осол: Цээжний зүүн нурууны шугамаархи 2,3,4-р хавирганы шууд хугарал, баруун эгэм яс, эгэмний шугамаарх 1,2,3,4-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн уушигны няцрал, цус хуралт, шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /700гр/, сээрний 1,2-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, нугас няцрал, уушигны авчийлт, гэмтлийн шок, тархи уушигны хаван, цус эргэлтийн хямрал, хуйхны шарх, зүүн бугалга яс далд хугарал, аарцагийн булчин зөөлөн эд дэх цус хуралт, умдаг ясны хугарал, бие, мөчдийн шарх, зулгаралт, хүчтэй зэргийн согтолт гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо.

            2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд авто ослын улмаас мөргөгдөх, дайрагдах үеийн аль алинд үүсгэгдэх боломжтой ба гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй.

            4. Талийгаач нь дээрх цээж, нурууны гэмтлийн улмаас гэмтлийн шок амьсгал, зүрх хурц дутагдалд орж нас баржээ.

            5. Талийгаач нь цусны АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

 

6. Талийгаачийн цусанд шүүх химийн шинжилгээгээр 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх акт  /хавтаст хэргийн 86-р хуудас/,

 

            Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Тоёота приус маркийн 19-08 УБЧ дугаартай автомашины жолооч Энхбатын Хэрлэн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, мөн дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Найдангийн Ариунцэцэг нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.9 дэхь заалт б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-р хуудас/

           

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 174-р хуудас/

            - Хохирогчийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 27-57-р хуудас/

           - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-6-р хуудас/

            - Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/

            - Хувцас болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-р хуудас/

            - Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа  /хавтаст хэргийн 15-р хуудас/

            - Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 82-р хуудас/

            - Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 121-р хуудас/

            -Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 142-143-р хуудас/

            - Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 76, 83, 118-120, 122-123,  -р хуудас/

              - Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 148-149, 156-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Э.Хэрлэн нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Барс захын хойд замд Тоёота мотор корпорацийн төлөөлөгчийн газрын эзэмшлийн Тоёота приус маркийн 19-08 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ариунцэцэгийг дайрч амь насыг хохироосон болох нь:     

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Хэрлэнгийн ... 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Нарны замаар гэр рүүгээ явж байсан. Тухайн үед замын гэрэлтүүлэг муу байсан учраас авто машины гэрлээ хол ойр дээр шилжүүлж явж байсан. Тэгэхдээ Барс захын хажуу замаар зорчиж явахад баруун гар талаас нэг авто машин шахахаар нь хажуу тийш нь жолооны хүрдээ дартал хойд талын нэг дугуйгаар бараан өнгийн зүйл дайрагдсан. Тухайн үед авто машинаа зогсоох боломж муу байсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цаашаа явахдаа юу дайрсан юм бол гэж бодоод Нарны гүүрэн дээр гараад хартал авто машинууд гэрлээ асаагаад зогсчихсон нэг хүн дайруулсан байдалтай харагдаж байсан. ... Энэ зам тээврийн осол миний өөрийн буруутай үйлдлийн улмаас гарсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна.... гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Баярцогтын ... 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... 21 цаг өнгөрч байхад Барс зах дээр над руу залгаад хүрээд ирсэн. Тэр үед би нэлээд архи уусан байдалтай согтуу байсан ба би таксиных нь мөнгийг өгөөд мөнгө төгрөг байхгүй тухайгаа болон амьдрал ахуй болон элдэв зүйлийн тухай Барс захын хойд сааданд сууж байгаад нэлээд ярьсан. Ингээд би Ариунцэцэгийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод явах гэтэл “тамхи хэрэгтэй байна” гэхээр нь замын хойд талд байдаг дэлгүүр лүү гүйгээд, эргээд хүрээд иртэл сууж байсан газраа байхгүй байсан ба зам руу хартал машинууд зогсчихсон байхаар нь хартал талийгаач замын гол хэсэгт дээшээ харсан байдалтай ёолоод хэвтэж байса ...” гэх,

гэрч  Б.Гончигсүрэнгийн ... 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч ... Барс захын контейнерууд тавьсан хэсгийн явган хүний гарц руу дөхөөд ирэх үед явган хүний гарцан дээр нэг бараан өнгийн зүйл хэвтэж байсан. Би машинтайгаа 1 дүгээр эгнээгээр хажуугаар нь гарах гээд дөхөх үед бараан өнгийн Т.Приус маркийн автомашин нөгөө зүйлийн дээгүүр нь дайраад гарсан ба хүний гутал сугараад үсэрч байгаа харагдсан. Тэгэхээр нь би дотроо “ямар анзаарагагүй яасан хурдтай явдаг жолооч вэ” гээд нөгөө машины араас хартал нөгөө машин эрчээрээ явсаар байгаад гэрэл дохионы наад талд очоод зогсож байснаа тэр чигээрээ зүүн эргээд яваад өгсөн. Энэ үед би замын хажуу тал руу машинаа шахаж зогсоогоод өөрийн дугаараас /88066299/102-рт дуудлага өгсөн... гэх,

гэрч Б.Ихжаргалангийн ... Осол хэрэг гарсан өдөр аавындаа очсон байсан. 23 цаг өнгөрч байхад Хэрлэн гаднаас орж ирээд, гар нүүрээ угаачихаад, унтаж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд байж байгаад нэлээд сандарсан байдалтай “би осол гаргачих шиг боллоо, зам дээр нэг хар өнгийн зүйл байсан ба би түүний дээгүүр гарсныхаа дараа холоос харсан чинь хүн байсан байх шиг байсан” гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдэсэн үү гээд асуухад “би 102 дугаар руу залгаад осол хэрэг гарсан тухай хэлсэн” гэсэн ... гэх  мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1042 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Э.Хэрлэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүх хуралд шүүгдэгч Э.Хэрлэн болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Үнэнбат нь хохирлын мөнгөө бүрэн хүлээн авсан, цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Хэрлэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Цагаанууд овогт Энхбатын Хэрлэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хэрлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн  хугацаагаар хасч, 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Хэрлэнд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Хэрлэн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Хэрлэнд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Э.Хэрлэнгийн 1011441 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Аззаяад даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Хэрлэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Хэрлэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ