Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0547/З |
Дугаар | 620 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 620
2019 оны 09 сарын 26 өдөр 128/ШШ2019/0620 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: АМГТГКХД
Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-01299- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХДад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гарсан. Уг маргаан бүхий актаар Т ХХК-ийн 10 жил ашигласан хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзсан байдаг. Энэ шийдвэрийг гаргахасаа өмнө болон дараа нь энэт тухайгаа манай байгууллагад мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс шийдвэр гарсаны дараа мэдэгдсэн гэж байгаа боловч 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд шуудангийн буцаалт гэсэн нотлох баримт байна. Энэ нотлох баримтаар уг шийдвэрийг гарсан гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй байна гэдэг нь харагдаж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд Т ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдэд буюу итгэмжлэлийн хугацаа дууссан байсан хүнд тухайн шийдвэрийг гарахаас өмнө гар утсаар утасдаж мэдэгдсэн гэдгийг нотолсон баримт байгаа юм. Манай байгууллага нь тухайн зөвшөөрлийг авснаас өөрийн хөрөнгө нөөцөөрөө хайгуулын ажлыг тогтмол хийж, төлбөрийг тогтмол төлж байсан бөгөөд энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт тайлан гаргаж явдаг байсан. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-01299- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХДад даалгаж өгнө үү.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: С- аймгийн Т сумын нутагт орших Б нэртэй газар 2743 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01299- дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн төвийн даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр Т ХХК-д олгосон байна. 2014 оны Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 9 жилийн хугацаагаар олгогддог байсан. Энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний нэмэлт өөрчлөлтөөр нийт 12 жилийн хугацаагаар олгогддог болсон. 2016 оны сүүлээр Т ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах тухай хүсэлтээ, мөн зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан баримтуудыг тус тус бүрдүүлэн тусгай маягтын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын кдастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд гарган өгөх ёстой байсан. Тухайн гаргасан хүсэлтийг хүлээн авч дотоод хяналтын хуудас нээж, шаардлагатай зүйлсийг шалгаж үзээд шаардлага хангасан гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаг. Харин шаардлага ханагахгүй байна гэж үзэх юм бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан татгалздаг. Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх мэт үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасныг үндэслэн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-01299- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХДад даалгуулах гэж тодорхойлжээ
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Т ХХК-ийн 2007 оноос үйл ажиллагаа явуулж байсан XV-01299- тоот дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2017 онд сунгахаас татгалзсан үйл баримт болжээ.
Нэхэмжлэгчээс ...манай компаний тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэрээ албан ёсоор мэдэгдээгүй, хүргүүлээгүй... гэж хариуцагчаас ...тухайн аж ахуйн нэгж хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ шаардлага хангасан материалыг хамт ирүүлээгүй мөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч компани 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс С- аймгийн Т сумын нутагт орших Б нэртэй газар 2743 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулах XV-01299-тоот тусгай зөвшөөрлийг 2017 он хүртэл ашиглах эрхтэй байсан байна.
Гэтэл АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр XV-01299- тоот тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Дээрх маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг XV-01299- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хамт ирүүлэх материалыг бүрэн ирүүлээгүй, ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т ...тусгай зөвшөөрлийн төлбөрийг... жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-д ... дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.4-д ...төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох..., 34.6-д ...34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол ... алданги ногдуулна, 34.7-д ...хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх-аар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх харилцааг зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаандаа төлөөгүй бол 30 хүртэл хоногоор хэтрүүлэн төлөх боломжийг олгож ингэхдээ алданги төлөхөөр зохицуулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох гүйлгээ хийгдсэн журналаас үзвэл нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаний 2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө хууль заасан хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлөх байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн Ашигт малтмалын тухай хуульд заасан 30 хүртэл хоногийн хугацаанд алдангийн хамт тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Т ХХК-ийн XV-01299- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаандаа гаргаагүй гэсэн 2 дахь үндэслэлийг заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт-оор Т ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэн үйлчилгээний хөлсөнд нэг сая төгрөг төлсөн баримтыг хүлээн авчээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд ....Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг ...хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, ...үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн ...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай, ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, ...хайгуулын ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтууд-ыг хавсаргаж төрийн захиргааны байгууллагад гаргахаар заажээ.
Дээрхи хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн өргөдлөө холбогдох материалын хамт гаргаж өгөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө гаргахдаа шаардлагатай баримт дутуу гаргаж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн журнал, С- аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/101 дугаартай албан бичиг, Байгаль орчны улсын байцаагчийн албан бичиг зэргээр нотлогдож байх ба
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгавар болохоор мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэхээр заажээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй, хэтрүүлж төлсөн, мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаа хэтрүүлэн холбогдох баримтыг дутуу гаргаж өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг ... тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, албан ёсоор гардуулаагүй...гэж маргаж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг-ийг анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөхөөр тус тус заажээ.
Тэгвэл захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй болох нь хавтаст хэрэг авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 7/5417 дугаартай албан бичигт Т ХХК-ийн бүртгэлтэй хаягийг ... Б дүүрэг 12 дугаар хороо Ж гудамж 24 байр *******- тоот гэж тэмдэглэсэн байх ба харин Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч компанид шуудангааар хүргүүлж буцсан хаягийг .. Б дүүрэг 12 дугаар хороо 24 дүгээр байр *******- гэж бүртгэлтэй хаягнаас өөр хаяг буюу 24-*******- гэхийг 24-*******- гэж илгээсэн болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй, маргаан бүхий актыг хүргүүлэхдээ буруу хаягт илгээсэн буруутай нь тогтоогдож байгаа боловч энэ нь АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн XV-01299- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр XV-01299- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч тал гардан аваагүй нь захиргааны байгууллагад болон шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болохоос биш маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байн гэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4. 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигтмалтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлээр АМГТГКХДад холбогдуулан гаргаснаар АМГТГКХДын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-01299- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА