Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2012 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2013/0011

 

2012 оны 12 сарын 26 өдөр                    Дугаар 11                        Улаанбаатар хот

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, Н.М, С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Д.А, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 135 тоот удирдамжаар "М" ХХК-ийн 2011-2012 оны эхний 9 сард гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нар бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.

Дээрх онуудад өөрийн хөрөнгө оруулагч компани болох БНХАУ-ын "Ц" компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 3 391 422 928,84 /гурван тэрбум гурван зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан байна. Дээрх сэлбэг, угсрах, засварлахтай холбогдон гарсан зардлыг гадаад харилцагчтай байгуулсан нүүрс тээвэрлэлтийн тээврийн гэрээний хөлснөөс хасалт хийн, тооцоо нийлсэн акт үйлддэг байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг нягтлан бодогч Н.М танилцуулахад "Хятад улсад сар шинийн баяр тохиосонтой холбоотойгоор удирдах ажилтнууд нэлээдгүй хугацаагаар амрахаар явсан тул шалгалтыг хойшлуулах хүсэлтээ манай газарт 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/7 тоот албан бичгээр хүргүүлснийг хүлээн авсан. 2013 оны 3 дугаар сараас эхлэн утсаар холбогдоход ирээгүй, ирсэн боловч хөдөө ажлаар явсан гэх мэтчилэнгээр аргацаасаар шалгалтын үр дүнтэй танилцахгүй, шалгалтын явцыг удаашруулж байсан тул 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06/840 тоот албан шаардлага, мөн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтыг үндэслэн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот гаалийн улсын байцаагчийн актаар ногдуулсан 683371 719,35 /зургаан зуун наян гурван сая гурван зуун далан нэгэн мянга долоон зуун арван ес,35/ төгрөгийн нөхөн төлбөр, торгуулийг тус компанийн эрх бүхий ажилтнууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга даран баталгаажуулсан боловч улсын төсөвт төвлөрүүлэх ёстой төлбөрийг хугацаанд нь барагдуулахгүй байсанд Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалтын дагуу актын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулан алданги тооцож байгаа болохыг анхааруулсан 06/1773 тоот албан бичгийг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Илэрсэн зөрчилд нөхөн төлбөр, торгууль ногдуулах үндэслэл:

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ" гэж заасныг зөрчин, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй тул мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн "зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх" атал дээрх зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр ногдуулсан.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт "гаалийн хилээр

нэвтрүүлэх барааг бичгээр, мэдээллийн сүлжээгээр, зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар мэдүүлж болно" гэж зааснаар "М" ХХК нь хилийн чанадаас худалдан авсан автомашины эд анги, түүнтэй холбогдон гарсан засвар, үйлчилгээний зардлыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой байсан боловч мэдүүлээгүй.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10.3-т "гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно" гэснийг зөрчин гаалийн байгууллагад мэдүүлэн гаалийн татвар төлж "Монголын бараа" болгоогүй хэр нь Монгол улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэн олсон татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан.

Тариф, худалдааны тухай 1994 оны Ерөнхий хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн "ерөнхий тайлбар"-т "энэ хэлэлцээрийн 8 дугаар зүйлд гаалийн зорилгоор ашиглах үнийн бүрдэл хэсэг болох тодорхой зарим элементийг худалдан авагч хариуцан гүйцэтгэсэн боловч тухайн импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд ороогүй тохиолдолд уг төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд зардлын тодотгол хийх тухай заасан. Түүнчлэн мөнгөн хэлбэрээр бус, тодорхой бараа, үйлчилгээний хэлбэрээр тухайн худалдан авагчаас худалдагчид шилжүүлж болох зарим болзлын зардлыг тухайн хэлцлийн үнэд оруулах талаар 8 дугаар зүйлд зааснаар хилийн чанадад гарсан тээврийн үйлчилгээний зардал, сэлбэгийн үнийг байгууллагын нягтлан бодох бүртгэлд тусгасан нь санхүүгийн баримтаар нотлогдож байна. Энэ нь Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн импортын бараа мөн тул гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх үндэслэл биш юм. Иймд манай актыг хүчинтэйд тооцон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5, 3.1.9, 3.1.12, 55 дугаар зүйлийн 55.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 249.2.1, 249.3, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот актыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ”... Харин дээрх үйл баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь гадаад улсаас худалдан авсан тухайн машины дугуйнууд болон сэлбэг хэрэгсэл нь Монгол улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн баримтад бүртгэгдэж, элэгдэл тооцож, татвар ногдох орлогоос хасч тайлагнаж байсан нь ... тогтоогдож байх тул уг сэлбэг хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ... ойлгохоор хуульчилснаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын бараа гэж үзэхээр бус Монгол улсын аж ахуйн нэгжийн хөрөнгө болсноор Монголын бараа болох үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэсэн атлаа маргааны үйл баримтад холбогдох дээрх дүгнэлтийн үндэслэлд холбогдуулан дүгнэвэл тээврийн хэрэгсэл гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтэрч, уг нэвтэрсэн гаалийн нутаг дэвсгэрт буюу Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэг нь автомашины бүрдэл хэсэг болох тул дахин гадаад улсаас авч тавьсан сэлбэг хэрэгсэл нь Монгол улсын бараа бус гадаад улсын бараа болж Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлтээр оруулж ирэх бараа гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнийг гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” гэж зааснаар маргаан бүхий актаар “гаалийн татвар” ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна ...” гэж илт зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар гаалийн татварыг бараанд ногдуулах үндэслэлтэй байх бөгөөд манай “М” ХХК-ийн авсан сэлбэг, засвар үйлчилгээ нь Гаалийн тухай хуулийн 3.1.1-д заасан бараа бус Гаалийн тухай хуулийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгслийн бүрдэл гэж үзэх үндэслэлтэй. “М” ХХК-ийн БНХАУ-д засварласан сэлбэг нь тухайн автомашины хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зассан тээврийн хэрэгслийн эд анги бөгөөд тухайн тээврийн хэрэгслээс тусад нь Монгол улсад импортолсон асуудал биш юм. Тиймээс Гаалийн тухай хуульд заасан бараа гэсэн ангилалд оруулах үндэсгүй. Манай “М” ХХК нь улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд мөн.

Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд дараах барааг байршуулна”, 216.1.1-д “улс хооронд аяллын хугацаанд тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техник үйлчилгээг хангах бараа”, 217 дугаар зүйлийн 217.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна” гэснийг зөрчиж гаалийн улсын байцаагч акт тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тэгээд ч үндэслэлгүй ямар ч нотлох баримт /автомашины дугуй болон сэлбэгийг “М” ХХК худалдан авсан санхүүгийн баримт байхгүй байхад/-аар нотлогдоогүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбараар хуулийг өөрөөр ойлгож хэрэгжүүлсэн, хариуцагч нь уг үйлдлийг хууль бус гэж дүгнэн хариуцлага ногдуулж байгаа зэргээр гаальд мэдүүлж, гаалийн татвар ногдуулах барааг гаальд мэдүүлэлгүй, тээврийн хэрэгслийн бүрдэл хэсэг буюу тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун тосолгооны материал, сэлбэг гэж маргаж байгаагаар хуулийг буруу ойлгож буюу болгоомжгүйгээр зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргагчийн болгоомжгүй үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагч маргаан бүхий акт гаргахдаа Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75-р зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 293 дугаар зүйлийн 293.2-т “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75-р зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгч болох манай “М” ХХК нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлд зааснаар гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг болгоомжгүйгээр үйлдээгүй бөгөөд хариуцагч 24/13 тоот акт гаргахдаа барааг гаальд дутуу мэдүүлсэн гэх ба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа барааг гаальд огт мэдүүлээгүй гэж өөр өөрөөр тайлбарладаг хэдий ч Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлд зааснаар “М” ХХК-ийг барааг худал мэдүүлсэн, гаалийн бичиг баримтыг солих, засварлах аргаар татвар төлөхөөс зайлсхийсэн ямар үйлдэл хийсэн талаар дурдаагүй бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ ажлыг гаалийн байгууллага тухай бүрд нь шалгаж тогтоох боломж байсан. Түүнийгээ хийгээгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд нотлох баримтаар /акт үйлдэхдээ хавсралт байхгүй байсан, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сар шахам хугацааны дараа актын хавсралт гэсэн баримт гаргасан байдаг/ нотлогдоогүй акт гаргасан эрх зүйн үндэслэл тодорхой биш, уг актыг хүчингүй болгож шинээр актыг гаргах арга хэмжээг авч хуульд заасан журмаар шийдвэрлэх байтал муйхраар зүтгэж нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг хэлнэ” гэсний дагуу зөвхөн бараанд гаалийн татвар ногдуулах ёстой байтал Гаалийн тухай хуулийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгсэлд татвар ногдуулсан төдийгүй уг сэлбэгийг засварласан засвар үйлчилгээнд гаалийн татвар ногдуулсан нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар зөвхөн бараанаас татвар тооцдог болохоос засвар үйлчилгээнээс татвар тооцох үндэслэл байхгүй.

Ер нь БНХАУ-н “Б” компани болон Монгол улсын “М” ХХК-ны хооронд ачаа тээврийн тооцоо нийлсэн актын үндсэн дээр БНХАУ-ын “Б” компани нь автомашин засвар үйлчилгээний мөнгийг Монголын талаас суутгасныг Монголын талын зардал гэж үзээд гаалийн татвар ногдуулсан нь гаалийн улсын байцаагчийн эрхийн хүрээний асуудал биш юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Гадаад улсаас худалдаж авсан сэлбэг хэрэгсэл гэх барааг Монгол улсын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдээс төлбөрийг хийж” гэсэн байгаа бөгөөд манай “М” ХХК нь БНХАУ-аас сэлбэг худалдаж аваагүй ба БНХАУ-ын “Б” компанитай байгуулсан нүүрсний тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр “Тээвэрлүүлэгч тал” нь тухай тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ бүрэн бүтэн байдлыг хангана гэж тохиролцсоны үндсэн дээр тээврийн хөлснөөс засвар үйлчилгээний болон бусад төлбөрийн тооцоо нийлж хассан байдаг /хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актуудаар тогтоогдоно/.

Акт тогтоохдоо чухам хэдий хэмжээний ямар зөрчилд татвар болон торгууль ногдуулсан нь тодорхойгүй, мөн 24/13 тоот актын шүүхэд гаргасан хавсралт хэсэгт гаалийн улсын байцаагч Э.Н нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. Маргаж буй 24/13 тоот актыг гаргахдаа “М” ХХК-д уг актын хавсралтыг танилцуулаагүй бөгөөд актад хавсралт хэсгийн тухай дурдаагүй байгаа зэрэг нь уг актын хавсралт гэсэн хэсгийг сүүлд нөхөж гаргасан байх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бүхэн нь улсын байцаагчийн үйлдэл эс үйлдлийг нотолж байгаа гэж бид ойлгож байна. Өөрөөр хэлбэл, гаалийн улсын байцаагчийн акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, тухайн байгууллагын санхүүгийн тайланд тулгуурлаж шалгаж акт тавьсан нь татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл бөгөөд Татварын ерөнхий газраар уг асуудлыг шалгуулах боломж байсаар байтал татварын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хууль бус үйлдэл байхад шүүгчээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-т “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсний дагуу шийдвэрлэлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар санхүүгийн тайлан гаргахаас өмнө гаалийн байгууллага авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийж гаалийн бүрдүүлэлтийг хийж татвар авах бүрэн эрхтэй байтал одоо уг ажлыг хийж байгаа нь гаалийн байгууллага өөрөө буруутай байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дүгнэх үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал,

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 дугаар актаар Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д заасныг үндэслэн, “зарим барааг импортлохдоо гаалийн үнийг дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр дутуу мэдүүлсэн 3.391.422.924,84 төгрөгийн зөрчилд ногдох гаалийн албан татвар 169.571.146,24 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 365.099.407,10 төгрөг, торгууль 157.701.166 төгрөг, нийт 683.371.719,35 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.

Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Гаалийн улсын байцаагч нар “М” ХХК-ийг 2011, 2012 оны эхний 9 сард гаалийн байгууллагад бараа /сэлбэг, засвар, үйл ажиллагаа/-ны үнийг дутуу мэдүүлсэн, энэ зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж буруутгажээ.

Харин, хариуцагч шүүхэд ““М” ХХК нь БНХАУ-ын "Ц" компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 3.391.422.928 төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй” гэсэн тайлбар гарган маргасан байна.

Шүүх тус компани мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д заасан ямар зөрчлийг гаргасан, ямар аргаар гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн, энэ нь ямар нотлох баримтыг үндэслэснийг шалгаж тодруулан дүгнэлт өгөөгүйн гадна, хэрэгт “Ц" компани, "М” ХХК-ийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011/06 тоот нүүрс тээвэрлэх гэрээ, уг гэрээний дагуу тус компанийн худалдан авсан 146 хүнд даацын автомашин, тэдгээрт авч тавьсан дугуй, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой баримтууд бүрэн авагдаагүй байна.

Хариуцагч Гаалийн ерөнхий газар нь дээрх, 2011/06 тоот гэрээ болон Авто тээврийн газар болон “М” ХХК-ийн хооронд хийгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг эрхлэх 159 тоот гэрээ” зэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг гаргасан байхад шүүх хүсэлтийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчжээ.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх тээврийн хэрэгсэл”-д хамрагдах тус компанийн автомашинуудыг тодорхойлж, “тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэг” буюу “М” ХХК-ийн хилийн чанадад худалдан авсан автомашины сэлбэг, материал, дугуй, засвар үйлчилгээний зардлыг санхүүгийн баримтыг үндэслэн шалгаж, тус компанийн гаалийн байгууллагад мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн бараа, түүний үнийг тодорхойлж, ямар зөрчил гаргасныг тогтоож, зөрчил бодитой эсэх, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.