Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2016/00740/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч:.................................................. тоотод оршин суух, С.Т холбогдох, (РД:..............),

Нэхэмжлэгч: .................................. тоотод оршин суух Б.Ш (РД:) нэхэмжлэлтэй,          

"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ш нь шүүхэд болон шууд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Т 2012 онд танилцан үерхэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж айл гэр болсон. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Болор-Уянга төрсөн юм. Гэвч С.Т нь ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх тал дээр хойрго, гэр бүлдээ анхаарал халамжгүй байх болсон. Улмаар гурав дөрвөн сараар гэр бүл, эхнэр хүүхдээ орхиод хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Энэ хооронд би эх хүний хувьд өөрийн хүүхдээ ганцаар өсгөж, С.Т тусламж дэмжлэггүйгээр амьдрах болсон. С.Т нь хүүхдийн эцэг байх чадваргүй, одоо болтол эцэг эхийнхээ халамжид амьдардаг нэгэн.... хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулна, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б-ыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал),

С.Т бид хоёрын хооронд ямар нэг хайр сэтгэлийн холбоо байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. С.Т хүүхдээ өөр дээрээ авлаа гэж бодоход аав, ээж дээрээ орихоод алга болно. Ээжээсээ  өөр хүн хайрлаж чадахгүй гэв.

 

 Хариуцагч С.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Б.Ш-тэй танилцсан. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Ш нь аймгийн төвд байрлах гэрээс өөрийн болон охины бүх зүйлийг авч орон гэрээ орхин явж утсаа унтрааж, фэйсбүүк хаягаа блоклоод ор сураггүй алга болсон юм. Би 2016 оны хавар өөрийн гэр бүлийн хүрээнд байдаг 100 гаруй тооны адуу болон бусад малаа маллаж эхэлсэн. Эхнэр Б.Ш нь хөдөө амьдрах сонирхолгүй тул уг шийдвэрийг эсэргүүцсэн. Б.Ш нь аймгийн төвийн гэрт тогтохгүй Төв аймгийн Угтаал сум руу хөдөө ээж дээрээ очих нэрийдлээр байн байн хот руу хүүхэд аваад алга болчихдог байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охиноо эргэхээр төрсөн өдрийг нь тохиолдуулан Төв аймгийн Угтаалцайдам суманд хөдөө гэрт нь очсон. Охин Б намайг маш их санасан, “миний аав” гээд гүйж ирээд хүзүүгээр тэврээд тавихгүй байсан. Охиноо гэртээ авч ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өглөө 11 цаг орчмын үед Б.Ш, ах Б.Д, дүү Л.Бм нарыг дагуулан гэрт ирж ах, дүү нь намайг зодож охиныг минь авч явсан. Эхнэр Б.Ш нь охин Б-г асрамжилж халамжлах чин сэтгэлгүй, эцгээс нь холдуулаад айлд хаяад орхичихдог. Иймд миний бие өөрийн охин Б-ыг өөрийн гэр орондоо тав тухтай эрүүл орчинд амар тайван эрх чөлөөтэй өсгөх юмсан гэсэн чин хүсэлтэй тул охин Т.Б-ыг өөрийнхөө асрамжинд авна гэжээ. (хх-ийн 11-13 тал)

Б.Ш нь өөрийн хүсэл зорилгоор надтай хамт амьдрахгүй гэснийг би хүлээн зөвшөөрнө. Харин хүүхдэд тэтгэлэг тогтоолгож өөр дээрээ авна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хүүхдийн эрхэнд зөрчил үүсч байна. Би 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар орж охинтойгоо уулзсан. Өмнө охинтойгоо уулзахад үүдэн 3 шүд нь хорхой идсэн байсан. Сая уулзаад харахад 7 шүд нь хорхой идсэн байсан гэв.  

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч С.Т-ээс гэрлэлтээ цуцлуулж, охин Т.Б-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Т.Б-ыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №1125004367 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 6 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч С.Т нь Т.Б охиныг өөрийн асрамжинд авахаар маргажээ.

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед охиноо хэнийхээ амрамжинд үлдээх талаар харилцан тохиролцоогүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.

Бага насны охин Т.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 3 нас, 3 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 5 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Улаанбаатар хотын..............засаг дарга Х.Ж тодорхойлолтоор, (хх-ийн  79 тал) нэхэмжлэгч нь Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборт номын санчаар ажилладаг нь гүйцэтгэх захирал Э.Золбоогийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. (хх-ийн 78 тал)

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин Т.Б-г эх Б.Ш-ийн асрамжинд үлдээхээр тогтов.

 Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хөхбүрд овогт Б.Ш, хариуцагч Х овогт С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Т.Б-ыг эх Б.Ш-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Т.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг С.Т сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Т.Болор-Уянгад олгосугай.

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ш-т даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин Т.Болор-Уянга охиныг эцэг  С.Т-тэй уулзуулж байхыг эх Б.Ш-т даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Төрийнбилэгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.М даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ