Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 427/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Дондовням

-улсын яллагчаар Э.Билгүүн

-шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, О.Сайнгэрэл

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Очирпүрэв

-шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сшид холбогдох эрүүгийн 2034002450472 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.С нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цавхангай” гэх газар Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлтэй авто зам дээр 59-00 УБВ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 3.1, 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Өлзий-Утасын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Очирпүрэв мэдүүлэхдээ: “Осол болсон өдөр нь мэдсэн. Гомдол санал байхгүй...Манай аав одоо 51 настай ...одоо нэг хэсэг зүрх нь өвдөөд байдаг байсан. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон...Хоёр дүү маань 10 болон 20 настай...шүүгдэгч Баянзүрх дүүрэг 27-р хороо дунд Дарь-Эхэд хашаа байшин авч өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг /хх-ийн 3-7 тал/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Очирпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 тал/, хохирогч Д.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-ийн 20 тал/, хохирогч Т.Цэрэндолгорын бичиг үсгийн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, гэрч Б.Алтансүхийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч Д.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Нарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-43 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 тал/, Хас үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 тал/, Төв аймаг дах цагдаагийн газрын 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 тал/, Хохирогч Т.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/ зэрэг болон шүүгдэгч Ц.Сумьяадашын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цавхангай” гэх газар Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлтэй авто зам дээр “59-00 УБВ” улсын дугаартай “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 3.1, 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Өлзий-Утасын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн: "...Хэрэг учрал болсон гэх газар нь Тев аймгийн Аргалант сум, Хөшөөт 2-р баг “Цав хангай” гэх газарт Улаанбаатар Лүн чиглэлийн асфальтан зам дээр “59-00 УБВ” улсын дугаартай хар өнгийн “Ланд-200” маркийн тээврийн сэрэгсэл онхолдсон 1 хүн нас барсан хэргийн газарт хийв. Уг газарт асфальтан замын урд төлд “59-00 УБВ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар чиглэл буюу баруунаас зүүн тийш явах чиглэлийн эгнээнээс асфальтан замаас гарсан мөртлөө афалтан замын урд талын ус зайлуулах шороон дээр цохигдон хөрвөөсөн мэ т мөр үлдээн хамар хэсэг нь урд талруу харж, дөрвөн дугай  нь дээш харсан байдалтай тээврийн хэрэгслийн урд талын хамарны баруун талд нь толгой хэсэг нь урд зүг рүү дээш харуулж, дээгүүр нь цагаан өнгийн даавуугаар хучсан эмэгтэй хүний цогцос байв. Асфальтан замаас гарсан мөрний эхлэл 1, 2 гэсэн тоо тавьж, төгсгөлд 3, 4 гэсэн тоо тавьж хэмжихэд 41.0 метр 30.70 метр байв. “А” цэгээр замын урд талын цасан дунд ухагдсан тээврийн хэрэгслийн эвдэрхий хэгийг үндэслэн асфальтан замаас 4.80 метр газар байх хэсгийг авч “А1” цэгээр дахин тээврийн хэрэгсэл газартай үйлчилсэн хэсгийг авч “А” цэг хүртэл хэмжихэд 27.62 метр асфальт хүртэл 11.20 метр байв. “А” цэгээс зүүн урд дахин тээврийн хэрэгсэл газартай шүргэлцсэн хэсгүүдийг “А2”, “А3”, “А4”, “А5” гэсэн цэг тавин хэмжилт хийхэд “А2”- “А1” цэг хүртэл 8.85 метр “А2” асфальт хүртэл 14.43 метр “А2”- “А1” хүртэл 7.63 метр “А3” афальт хүртэл 14 метр “А3”- “А4” хүртэл 7.30 метр, “А4” асфальт хүртэл 13.90 метр “А4”- “А5” хүртэл 7.42 метр, “А5”-аас асфальт хүртэл 13.75 метр, “А5” цэгээс тээврийн хэрэгслийн урд хэсэг хүртэл 4.30 метр 4.30 метр, хойд хэсэг хүртэл 2.10 метр байв. Тээврийн хэрэгслээс асфальт хүртэл 13.40 метр, машины баруун урд талд 5.20 метр зайд цогцо байх бөгөөд хойд дугай хүртэл 3.05 метр байлаа. Асфалтан замын өргөн нь 7.10 метр үл хөрвөх “В” цэгээр 337/94 дахь километрийн шонг авч “А” цэг хүртэл тэгш өнцгөөр хэмжихэд 13.30х357.10 метр байсан “ гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 3 тал/
  • Зам тээврийн осол дээр тогтоосон хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/,
  • 59-00 УБВ Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Үзлэгийг Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар баг “Цав хангай” гэх газар Улаанбаатар Лүн чиглэлийн асфальтан зам дээр “59-00 УБВ” улсын дугаартай “тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож 1 хүн нас барсан хэргийн газарт байх тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийв. Уг тээврийн хэрэгсэл нь асфальтан замын урд талд ертөнцийн зүгээр хамар хэсэг нь урд зүг рүү харж, дөрвөн дугай нь дээш харсан байдалтай, хар өнгийн “Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй хийтэй бусад дугуй хийгүй, хойд талын хийнээс бусад хий хагарсан, урд гупер салж унасан, зүүн урд талын их гэрэлтэй баруун урд тал үгүй болсон байв. Тээврийн хэрэгслийн дээвр хонхойж, дотогш орсон байдалтай байв. Дотор талд байсан эд зүйл салж тарсан байдалтай байснаар үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 73 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №34 дугаартай: "...1.Талийгаач Ц.Өлзий-Утасын биед гавал ясны хугарал, тархины аалзан хальс доорх цус харвалт, бүсэлхий нурууны их биеийн хугарал, хоёр талын олон хавирганы хугуарал, нүүр биед язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 5. Ц.Өлзий-Утасын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Ц.Өлзий-Утас нь гавал яс, бүсэлхий нурууны хугарал, хоёр талын олон хавирганы хугаралын хавсарсан гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 7. Ц.Өлзий-Утасны цуснаас этилийн спирт илрээгүй. 8. Ц.Өлзий-Утас нь 1 дүгээр бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаартай: “Д.Цэрэннадмидын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай: “...1.2 Т.Цэрэндолгор-н биед бүсэлхийн L1-р нугаламын их бие бяцарч шахагдсан, хоёр талын хөндлөн сэртэн, баруун үений сэртэнгийн хугарал, хүзүүний C4/C5-р нугаламын жийргэвч мөгөөрсний урагдал, хүзүүний C4-р нугалмын гулсалт, хүзүүний C4, C5  цээжний Тh11, Тh12, бүсэлхийн L2, L3, L4-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 тал/
  • Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 187 дугаартай: “...1.Ц.Сын биед баруун гуянд шарх, зүүн бугалга, шуу, тохой, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хуагцаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/
  • Ханс үнэлгээ ХХК-ийн автомашины үнэгээний тайлан /хх-ийн 65-66 тал/
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №52 дугаартай “...1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Т.Ланд-200 маркийн 59-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 2. Т.Ланд-200 маркийн 59-00 УБВ улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодож явсан Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг гаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч: /12 нас хүртэлх хүүхэд гэсэн тайлбар хасагдсан/, 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоо зөөврыг баримтална. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээн б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3. Зам тээврийн осол замын нөхцөл байдал нь: Асфальт, Шулуун тэгш, Халтиргаатай, Зохицуулагддаггүй, Суурингийн гаднах, Үзэгдэх орчин чөлөөтэй, Гэрэлтүүлэггүй, Цастай, Сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй. 4. Хэрэгт ач холбогол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Очирпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймгийн Аргалант сумын нутагт манай ээж Өлзий-Утас маань зам тээврийн ослын улмаас нас барж, уг хэрэг маань Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа уг хэрэгт манай гэр бүлийн зүгээс намайг оролцоорой гэж явуулсан юм. Учир нь эгч маань саяхан төрсөн, 2 дүү маань жаахан, бас аав н.Батмөнх маань биеийн байдал өвдөж тийшээ явах боломжгүй. Тийм учраас би уг хэрэгт хууль төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Архайнгай аймагт ээжийн маань хүргэн ахын бие нь муу байсан учир эргэж очоод буцаж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед Ц.С гэх хүнтэй явж байсан. Өөр ямар хүн явж байсныг мэдэхгүй. Би нарын зүгээс гомдолтой байгаа. Бид нар ажил явдалд 8.000.000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг Ц.С ах гаргаж өгсөн. Одоо ээжийн маань цалингийн зээл 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээ нь гэрт байгаа, энэ мөнгийг бид нар төлж байгаа. Эдгээр зардлыг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 тал/
  • Хохирогч Д.Цэрэннадмидийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн үед тээврийн хэрэгслийг Ц.С гэх хүн жолоодож явсан. Би арын суудлын голд явсан. Урд талын суудал дээр сууж явсан хүмүүс суудлын бүс хэрэглэсэн байсан. Арын суудал дээр сууж явсан хүмүүс  хэрэглээгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй. Том хүн 6, хүүхэд 1, нийт 7 хүн сууж явсан. Тухайн өдөр халтиргаа, гулгаатай, салхитай цас шуурч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Н.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цав хангай” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “59-00 УБВ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож М.Өлзий-Утас нас барсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр өөрийнхөө компанийг төлөөлж оролцож байгаа. Уг машин бол миний өөрийн эзэмшлийн машин бөгөөд 2018 оны 07 дугаар сард хүнээс худалдаж авч байсан машин байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 01-ний орой манай хүргэн ах Ц.С Архангай аймаг орж ирэх рэгтэй байна гээд миний машиныг аваад явсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр осол болсон байсан. Миний машинд өмнө нь ямар нэгэн эвдрэл, гэмтэл бол байгаагүй зүгээр машин байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
  • Хохирогч Т.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би урьд өмнө нь мэдүүлэг өгсөн. Түүнд хэлсэн зүйл бүгд үнэн нэмж ярих зүйл байхгүй. Миний хүзүү болон нурууны яс хугарсан. Мөн зүүн талын шуу, зүүн талын эгэм зэрэг хугарсан байсан одоо эдгэрч байгаа. Ямар нэгэн хүндээр авдаж байгаа зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/
  • Гэрч П.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Аргалант сумаас Ц.Сийн тээврийн хэрэгсэлд хамаатны ах П.Алтанхуяг мөн замын 3 хүний хамт Улаанбаатар хот орохоор гарсан юм. Тэгээд өглөө 9 цагийн үед гараад Төв аймгийн Атарын тэнд 17 цагийн үед явж байсан ба би жолоочийн эсрэг талын хойд суудал дээр сууж явсан бөгөөд би утсаа бариад сууж байгаад нэг хартал машин би машинаас нилээн хол гадаа замын хажууд газар хэвтэж байсан яг яаж онхолдсон талаар сайн санахгүй байна. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан урд сууж байсан жолооч Ц.С ах зүүсэн байсан. Хажуу талын хүн зүүсэн үгүйг мэдэхгүй, хойно нь сууж явсан 3 хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан. Миний тархи хөдөлсөн, нуруу бага зэрэг өвчтэй байгаа. Бусдаар бол гайгүй байна. Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
  • Гэрч Л.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Архангай аймаг Жаргалант сумаас өглөө 9 цагийн орчим манай нутгийн залуу Ц.Сийн машинд ээж Т.Цэрэндолгор, охин Б.Санчирмаа нартай хамт Улаанбаатар орохоор суусан бөгөөд уг машинд манай хүргэн ах н.Алтанхуяг, н.Цэрэннадмид, н.Өлзий-Утас нарын хамтаар гарсан юм. Тэгээд замдаа Өлзийт суманд зогсож хоол идчихээд явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цав хангай” гэх газар зогсож бие засчихаад хөдлөх гээд нэг их удалгүй зүүрмэглэсэн байхад П.Алтанхуяг ах хоол гэсэн. Тэгэхэд машин замын гулгаанд хөндлөссөн байсан. Тэгээд ухаан алдчихсан байсан. Осол болох үед Ц.С жолоодож байсан. Тухайн ослоос болж зүүн гарны мах тасарсан, зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирга хугарсан, уушиг нэвтэшсэн байгаа. Осол замаа сайн цээжлээгүй, замын нөхцөл байдлаа тохируулаагүйгээс болсон гэж бодож байна. Би ард сууж явсан болохоор хэр хурдан явж байсныг анзаараагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлээ одоогоор сайн мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
  • Шүүгдэгч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг Жаргалант сумаас Энхбатын ланд-200 маркийн 59-00УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй авга ах Алтанхуяг, Цэрэннадмид, Нарангэрэл, Цэрэндолгор, Өлзий-Утас нарын хамт Улаанбаатар хот руу явж байсан юм би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тэгээд Төв аймаг Аргалант суманд явж байтал хамт явж байгаа хүмүүс бие засах гээд машинаас бууцгаагаад бие засчхаад бүгд машиндаа суугаад 500 гаран метр явж байтал замын зүүн гар тал руу шарваж машин онхолдсон юм. Алтанхуяг нь манай авга ах байгаа юм. Цэрэннадмид нь манай төрсөн эгч Пүрэвжавын төрсөн хүүхэд байгаа юм. Нарангэрэл нь манай авга ах Алтанхуягийн садан байгаа юм. Харин Цэрэндолгор нь мөн Алтанхуяг ахын садан төрлийн хүн, Харин талийгаач Өлзий-Утас нь манай худ байгаа юм. Архангай аймагт манай төрсөн ах Дамбижанцангийн бие муу байсан юм тэгээд буцаж явах замдаа зам тээврийн осолд орсон юм. Талийгаач Өлзий-Утас нь банкны зээлтэй байсан бөгөөд тус банкны зээлийг 2020 оны 04 дүгээр сараас хойш төлж байгаа одоо 1.300.000 орчим төгрөг төлсөн байгаа. Цаашид зээлийн төлөлтийг нь хийгээд явна. Талийгаач Өлзий-Утасын ар гэрт хашаа байсан авч өгнө гэж ярилцсан байна мөн талийгаачийн охинд хичээлийн бэлтгэлд зориулж 250.000 төгрөг өгсөн байгаа. Харин Цэрэндолгор эгчид эмчилгээний зардал гээд 6.600.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Ц.Сийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

          Шүүгдэгч Ц.С нь “59-00 УБВ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг гаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч: /12 нас хүртэлх хүүхэд гэсэн тайлбар хасагдсан/, 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоо зөөврыг баримтална. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээн б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

           

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Ц.Өлзий-Утасын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

            Шүүгдэгч Ц.Сын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.Сийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Очирпүрэв “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, хохирогч Т.Цэрэндолгор “...хохиролд 5.600.000 төгрөгийг авсан тул гомдол саналгүй..” гэх хүсэлтийг, хохирогч Д.Цэрэннадмид “...хохирол 120.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг, иргэний нэхэмжлэгч Н.Энхбат “...Ц.С нь миний хохирлын бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтүүдийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтүүдээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Саас гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл: “Прокурорын саналыг сонслоо. Хэдийгээр зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний хувийн байдал хуульд заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгч нь гарч буй хор уршиг, хохирлыг санаатайгаар үйлдээгүй. Энэ бол болгоомжгүй хэрэг юм. Иймд түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хохирол төлбөрийн хувьд сайн дураараа бусдын дарамт шахалтгүй төлсөн нь мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Шүүгдэгч Ц.Сумьяадаш хоригдсоноороо амь хохирогчийн ар гэр болон зээлийн төлбөрийг төлөх хүндрэлтэй асуудал үүсэж байгаа юм. Талийгаач маань цалингийн зээл авсан байсан. Тэрийг сар болгон Ц.Сумьяадаш төлж байгаа. Мөн 10 настай охиныг насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүргийг амь хохирогчийн гэр бүлтэй тохиролцон гэрээ байгуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг, 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа: “Осол хэрэг гарахад бол тухайн өдрийн цаг агаар болон замын нөхцөл байдал болон асфальтан замын урд талын ус зайлуулах шороон дээр цохигдон, хөрвөөсөн. Энэ байдал нөлөөлснийг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Мөн хохирогч нарын мэдүүлгээр зам халтиргаа гулгаатай, цас шуурч байсан нь нотлогдон тогтоогдож байгаа. Шүүгдэгч Ц.Сумьяадаш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан. Цаашдаа тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх ялын саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ц.Сийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ц.Сийг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарын гомдол саналгүй гэх хүсэлтүүд, шүүгдэгч Ц.С нь амь хохирогчийн цалингийн зээл болон амь хохирогчийн 10 настай охиныг насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүргийг амь хохирогчийн гэр бүлтэй тохиролцон гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол барагдуулсан тухай гэрээгээр нотлогддог бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Ц.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ц.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

           

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 2034002450472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримт /жолоочийн үнэмлэх/ хураагдан ирээгүй, шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Сшийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сшийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ц.Сид үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ц.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2034002450472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримт /жолоочийн үнэмлэх/ хураагдан ирээгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА