Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
Хэргийн индекс | 101/2017/02286/И |
Дугаар | 3476 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 3476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК -д холбогдох,
53,838,317 төгрөг гаргуулах, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 м.кв-аар нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Б нь“С" ХХК-тай 2011 оны 10 сарын 06-ны өдөр 13/10/29 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Пийс Тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 3 дугаар давхрын №303 тоот нийт 42,032 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-ийг 3 000 ам.доллараар тооцон захиалсан. Намайг хөрөнгө оруулалтын захиалгын гэрээ байгуулах үед тухайн барилга нь зөвхөн караказ байдалтай байсан. Миний бие гэрээгээр тохирсон хөрөнгө оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээгээр тохирсон 42.032 м.кв талбайн үнэ болох нийт 126 096 ам.долларыг хугацаандаа бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэгч “С” ХХК нь 34,62 м.кв буюу 7,41 м.кв-аар дутуу талбайг хүлээлгэн өгснийг тусгай зөвшөөрөл бүхий “Инженер Геодези” ХХК-иар хэмжилт хийлгүүлснээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэж, улмаар хариуцагч компанид дутуу м.кв талбайн үнэ буюу илүү төлсөн мөнгөө удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөхгүй бүтэн 2 жилийн хугацаа өнгөрч, одоог хүртэл хохирлыг барагдуулахгүй байх тул эцэст нь шүүхэд хандаж байгаа болно. Талбайг хүлээн авах үед бодит хэмжээ зөрүүтэй байгааг орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд мэргэжлийн байгууллага, эрх бүхий байгууллагаас батлагдсан стандарт, зохих журмын дагуу хэмжиж тогтоосноор гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй доголдолтой байсныг мэдсэн болно. Миний хувьд тухайн үйлчилгээний талбайг худалдан авахдаа метр квадрат бүрийн төлбөрийг төлж авсан. Гэтэл гэрээгээр тохирсон талбайн хэмжээ буурсан нь хариуцагч компани надаас илүү мөнгө авч, надад хохирол учруулсан тул илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн “С” ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй чирэгдүүлж байгаагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа болно. Иймд 7,41 м.кв талбайн зөрүү үнэ 22.242 ам.доллар буюу 53,838,317 төгрөгийг хариуцагч “С" ХХК-иас гаргуулж, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 м.кв нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талуудын хооронд Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн үйлчилгээний талбай барихад шаардлагатай ажлын хөлсийг 1м.кв талбайгаар тооцон урьдчилан хариуцагчид зохих хуваарийн дагуу бүрэн төлсөн. Гэвч гүйцэтгэгч “С” ХХК нь талбайн хэмжээг 7,41м.кв-аар дутуу, доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч “Инженер геодези” ХХК-аар захиалан хийлгэсэн хэмжилтийн акт 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гарснаар мэдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс компанид холбогдуулан талбайн зөрүү мөнгийг буцаан олгуулах талаар удаа дараа шаардсан боловч олгоогүй учраас эцэст нь шүүхэд хандсан. 2013 оны 08 дугаар сард тухайн ажлыг хүлээж авсан талаар маргаан байхгүй. Иргэний хуулийн 349.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Гомдлын шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан. Тухайн барилгын талбайн хэмжээ дутууг хүлээн авахад мэдэх боломж байхгүй. Эрх бүхий байгууллагын хэмжилтээр илрүүлэх боломжтой байсан. Гүйцэтгэгчээс доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн учраас нэхэмжлэгчийн м.кв буурсан хэмжээ буюу зөрүү 53,838,317 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө учраас Иргэний хуулийн 110.1-д зааснаар улсын бүртгэл бүртгэгдсэнээр дээрх үүрэг биеллээ олох боломжтой. Хариуцагч өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлд бүртгэгдэх шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид олгоогүй байгаа. Бодитой байгаа талбай болох 34,62м2-аар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг хариуцагчаас гаргуулахаар даалгаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхний шаардлагын хувьд 2011 онд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Байгуулагдах үед барилгын явц карказ босголтын шатанд явж байсан тухай нэхэмжлэлд дурдагдсан байна. Талуудын хооронд тодорхой м.кв талбайн хэмжээг зааж ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан талаар маргадаггүй. Иргэний хуулийн 349.1-д ажлын үр дүнг хүлээж авахдаа мэдсэн байхыг шаарддаг. Барилга байгууламжийн мэдэх боломжгүй доголдол гэдэгт далд шугам хоолой буюу ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой дутагдал доголдлыг ойлгодог. Гэтэл захиалагч гэрээ байгуулах үедээ өөрийн хүсэж байгаа талбайн хэмжээг гэрээнд тодорхойлж өгсөн. 2011-2013 онд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх явцад захиалагч өөрийн ажлын үр дүнд хяналт тавиад явах бүрэн боломжтой. 2013 онд ажлын үр дүнг хүлээж авах үедээ талбайн хэмжээг бүрэн бүтэн хүлээж авах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тухайн үед талбайн хэмжээг дутсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж байна. Яагаад боломжгүй байсан гэж, талбайн хэмжээг мэдэх бүрэн боломжтой байсан. Талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд олон байгаа. Утастаад дуудахад хүрээд ирэхээр боломжтой. Нэхэмжлэгч өөрөө яагаад эрхээ хэрэгжүүлээгүй вэ? Эрхээ хэрэгжүүлээгүй тухай асуудлыг ярьсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Дутуу гэж сонсоод доголдлыг 2 жилийн дараа илрүүлсэн байна. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэмжилт хийлгэсэн байна. “Инженер геодези” ХХК нь хэмжилт хийхдээ талбайг орон сууцны талбайн хэмжээ тооцох аргачлал буюу MNS6051:2009 стандартаар хэмжилт хийсэн. Энэ хэмжилт хийхэд удирдлага болгож байгаа эрх зүйн акт нь орон сууцны доторх хэмжээг тооцох стандарт байгаа. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссаны дараа хэмжилт хийлгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Иргэний хуулийн 349.1-д зааснаар 6 сарын гомдлын шаардлага гаргах хугацаа тоолно. Ажлыг хүлээж авснаас хойш 6 сарын дотор доголдлоо илрүүлээд гэрээний нөгөө талдаа гомдлын шаардлага гаргаад хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Хоёр дахь шаардлагын тухайд “С” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө хүрч ирээд тооцоо дууссан, улсын бүртгэлд нэр шилжүүлэх тухай албан бичгийг аваагүй. Он сар нь тавигдаагүй, бичигдсэн албан бичиг байсан. Энэ асуудалдаа өөрөө хайхрамжгүй хандсан. Энэ шаардлага нь “С” ХХК-аас үл хамаарна. Өөрөө албан бичгээ авч очоод улсын бүртгүүлэх боломжтой. Харин 34,62м.кв талбайн хэмжээг тодорхойлж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “С” ХХК-д холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэснээс илүү төлсөн 22,242 ам.доллар буюу 53,838,317 төгрөг гаргуулах, үйлчилгээний талбайг 34,62 метр квадрат хэмжээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “үйлчилгээний талбайг 34,62 метр квадрат хэмжээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт болох улсын комиссын акт, төлбөр тооцоо дуусгасан тухай албан бичиг, уг талбайг Б.Бын нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг гаргуулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, орон сууцны талбай хэмжих аргачлалаар хэмжсэн нь буруу, өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг өгөх боломжтой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Б.Б болон “С” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 13/10/29 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, ажил гүйцэтгэгч тал болох “С” ХХК Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд баригдах “Пийс Тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 3 дугаар давхрын №303 тоот нийт 42,032 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч тал болох Б.Б 1 м.кв-ыг 3,000 ам.доллараар тооцон нийт 126,096 ам.долларыг төлөх үүрэг хүлээжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Б гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 87,300 ам.долларыг бэлнээр, 2011 оны 11 сарын 7-нд 5,618 ам.доллар, 2012 оны 1 сарын 5-нд 5,618 ам.доллар, 2012 оны 2 сарын 6-нд 5,618 ам.доллар, 2012 оны 4 сарын 6-нд 5,618 ам.доллар, 2012 оны 5 сарын 6-нд 5,618 ам.доллар, 2012 оны 6 сарын 6-нд 5,618 ам доллар, 2012 оны 7 сарын 6-нд 5,618 ам.долларыг тус тус дансаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх ба Б.Быг гэрээний үүрэгт 126,096 ам.доллар төлөөгүй талаар хариуцагч маргаагүй, Б.Б гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Гэрээнд 42,032 метр квадрат хэмжээтэй талбайг ажил гүйцэтгэгч тал болох “С” ХХК хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн боловч уг талбай 42,032 м.квадрат хэмжээнд хүрэхгүй 34,62 метр квадрат хэмжээтэй болох нь “Инженер геодези” ХХК-ийн барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон актаар тогтоогдож байна.
Талууд гэрээнд ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацааг баримтлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заажээ.
Б.Б 2013.07.24-ний өдөр захиалсан талбайгаа хүлээн авснаас хойш 2015.04.21-ний өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгүүлэн 34,62 м.кв болохыг мэдсэн, мэдсэнээс хойш 2017.05.03-нд шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч “амьдрах зориулалттай орон сууцны талбай хэмжих MNS:6058 стандартаар хэмжсэн нь буруу” гэх боловч ажил гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн талбайг 42,032 м.кв буюу гэрээнд заасан хэмжээндээ хүрч байгаа гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “Инженер геодези” ХХК-ийн барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон актыг няцаах баримтыг өгөөгүй.
Захиалсан талбайг 7,41 м.кв-аар дутуу гүйцэтгэснийг ажлыг бүхэлд нь доголдолтой гэж үзэхээргүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байна.
Захиалагч болох Б.Б Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасны дагуу төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй байна.
Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тул захиалсан 42,032 м.кв талбайгаас 34,62 м.кв талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж дүгнэн зөрүү 7,41 м.кв талбайг 1 м.кв талбайн үнэ 3,000 ам.доллараар үржүүлж 22,236 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн монгол төгрөгийн америк доллартай харьцах ханш 2,419 төгрөг 42 мөнгөөр үржүүлж 53,798,223 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулах үндэстэй.
Ажил гүйцэтгэгч тал болох “С” ХХК захиалагч Б.Бын захиалсан талбайг түүний эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна..
Ажил гүйцэтгэгч болох “С” ХХК 34,62 м.кв талбайг барьж гүйцэтгэн Б.Бын эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул “34,62 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайг Б.Бын нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлт” “барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”, “төлбөр тооцоо дуусгасан тухай албан бичиг” зэргийг нэхэмжлэгчид бүрдүүлж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгах нь зүйтэй.
Иймд хариуцагч “С” ХХК-иас 53,798,223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгох, “34,62 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайг Б.Бын нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлт” “барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”, “төлбөр тооцоо дуусгасан тухай албан бичиг” зэргийг нэхэмжлэгчид бүрдүүлж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгах, нэхэмжлэлээс 40,094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нар “нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээ нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343.1, 343.3, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 53,798,223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, 34,62 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай талбайг Б.Бын нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэгч Б.Бт өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 40,094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 497,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ