Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:156/2017/00621/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.

Хэнтий аймгийн….....................нутагладаг, Д.Ц “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйд мод үржүүлгийн газарт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ойжуулагчаар ажилласан юм. 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мод боловсруулах цехэд мужаанаар ажилласан. Мөн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Биндэр сумын гэр ахуйн модны цехэд мужаанаар ажилласан юм. Миний албаны нэрийг Д.Ц гэдэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Ц гэж буруу бичсэн байдаг. Энэ хөдөлмөрийн дэвтрийн хууль ёсны эзэмшигч нь Д.Ц би мөн болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1, 26 тал)      

Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан: Би Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйд мод үржүүлгийн газар ойжуулагчаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Биндэр суманд цас зуд ихтэй хөдөө ганц гэрээрээ байдаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Надад нэмж гаргах нотлох баримт байхгүй гэсэн хүсэлт. (хх-ийн 35 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Ц нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мод боловсруулах цехэд мужаанаар, 1988 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын модны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Хүсэлт гаргагч Д.Ц хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Д.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Ц нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

            Хүсэлт гаргагч СЖ-0000000 регистрийн дугаартай, Боржигон овогт  Д.Ц нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мод боловсруулах цехэд мужаанаар, 1988 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын модны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Г.Э: ... Би 1981 онд Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйд инженер, механик, даргаар ажиллаж байсан.... Д.Ц нь 1981 оноос Биндэр сумын ойн ангид ойжуулагчаар ажиллаж байгаад 1988 оноос ойн аж ахуйн харъяа гэр ахуйн модон эдлэлийн цехэд мужаанаар, 1993 оныг дуустал ажилласан юм... гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 тал)

2. Гэрч С.Э:...Би 1988 оноос Хэнтий аймгийн Биндэр сумын ойн ангийн харъяа модны үйлдвэрт мужаанаар хамт ажиллаж байсан юм.... Д.Ц нь 1981 оноос Хэнтий аймгийн Биндэр сумын ойн ангид ойжуулагчаар ажиллаж байгаад 1988 оноос ойн аж ахуйн харъяа гэр ахуйн модон эдлэлийн цехэд мужаанаар 1993 он дуустал ажилласан юм...гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 тал)

3. Хэнтий аймгийн Биндэр сумын “Ой агнуурын аж ахуйн даргын 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбарт: ... Д.Ц ойн аж ахуйд ойжуулагч, мужаанаар томилсугай гэжээ.  (хх-ийн 17-19 тал)

4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Д.Ц, 000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, СЖ-0000000 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

5. Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйд мод үржүүлгийн газарт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ойжуулагчаар ажилласан юм. 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мод боловсруулах цехэд мужаанаар ажилласан. Мөн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Биндэр сумын гэр ахуйн модны цехэд мужаанаар ажилласан юм. Миний албаны нэрийг Д.Ц гэдэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Д.Ц гэж буруу бичсэн байдаг. Энэ хөдөлмөрийн дэвтрийн хууль ёсны эзэмшигч нь Д.Ц би мөн болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэсэн тайлбар. (хх-ийн 1, 26 тал)

7. Хүсэлт гаргагч Д.Ц Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх үнэмлэхийн хуулбар....(хх-ийн 6-7 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Д.Ц нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

 

Хүсэлт гаргагч Д.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн  35 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЖ-000000 регистрийн дугаартай, Д.Ц 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуйн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мод боловсруулах цехэд мужаанаар, 1988 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын модны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсныг сэргээн  тогтоож,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ