| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0306/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/208 |
| Огноо | 2017-06-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/208
С
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч Б.Мөнх-Од,
шүүгдэгч Б.А,
шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Баярзаяагийн А, ..... жамбал овогт Ренчингийн С нарт холбогдох эрүүгийн 201725020457 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: ............ А,
2. Шүүгдэгч: ........... С нар нь:
- Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Царам" төвийн үүдэнд хохирогч Р.Сын найз охин Б.Мөнхцэцэгийг мөрөлсөний улмаас хохирогч Б.Стай маргалдаж, улмаар тодорхой сэдэлттэйгээр, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
- Р.С нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Царам" төвийн үүдэнд найз охин Б.Мөнхцэцэгийг нь хохирогч Б.А мөрөлсний улмаас найз охиноо өмөөрч, хохирогч Б. Атай маргалдаж, улмаар хохирогч Б.Аг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.С мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …"Царам” дэлгүүрээс гарч байхад манай найз охин Б.Мөнхцэцэгийг үл таних нэг залуу зөрөхдөө мөрөлсөн. Тэгэхээр нь би “Яагаад манай найз охиныг мөрөлж байгаа юм бэ” гэж асуусан юм. Тэгэхэд тэр ах бидний зүг алхсан, тэгэхээр нь би уучлалт гуйх гэж байгаа юм болов уу гэж бодоод найз охиндоо цүнхээ өгчихөөд урдаас нь алхсан. Тэгтэл тэр ах шууд миний тэлээнээс барьж аваад хавирч унагаагаад миний дээр гарсан. Тэгэхээр нь би “ За. Ахаа больё. Одоо салъя “гэж хэлээд бид хоёр түр салсан. Би биеэ хамгаалах зорилгоор тэр ахыг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн. Тэр ах надад "Чамайг зүгээр өнгөрөөхгүй" гэх мэтээр айлгасан. Тэгэхээр нь би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Б.А намайг хавирч унагаад үсдэн миний дагз руу тохойлдсон. Б.А надад тархи доргилт гэмтлийг учруулсан гэжээ. / хх 19-21 /
Хохирогч Б.А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:…“Царам” дэлгүүр рүү орохдоо өөдөөс ирж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эмэгтэйг нь зөрөхдөө шүргэсэн. Би эргэж хараад уучлалт гуйсан. Тэгэхэд цуг явж байсан залуу нь " Яаж уучлалт гуйгаад байгаа пизда вэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би " Чамаас яг яаж уучлалт гуйх ёстой юм бэ" гэж хэлсэн. Тэгэхэд " Чи юу гээд байгаа пизда вэ" гэж хэлээд найз охиндоо цүнхээ бариулчихаад бариад авсан. Тэгэхээр нь би ч гэсэн адилхан өөдөөс нь бариад авсан. Тэгээд би аюулгүй байдлын үүднээс хавирах мэх хийж унагаасан. Тэгээд хоёр гарыг нь дараад үснээс нь зуурч дээрээс нь дарсан байдалтай байсан. Тэгтэл залуу " Уучлаарай ахаа. Больё" гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгойноос нь зуурчихсан байсан гараа тавиад босох гэж өндийтөл тэр залуу хамар руу толгойгоороо мөргөсөн. Тэгээд миний хамарнаас цус гоожоод би тэр залуутай дахиж ноцолдоод дахиад эхнийх шигээ байрлалаар доороо дарсан. Тэгсэн чинь "Ахаа. Одоо ёстой уучлаарай. Одоо намайг тавьчих л даа. Би дахиж тэгэхгүй. Одоо намайг босгочих. Тэгэх үү" гэсэн. Тэгээд би тэр залууг тавиад хамарнаас цус гарч байсан болохоор цусаа газар гоожуулах гээд явган сууж байтал залуу босч ирээд миний толгойн тус газар дахиж өшиглөсөн. Тэгэхээр нь би толгойгоо хамгаалаад доошоо хэвтчихсэн. Тэр дээрээс хоёр удаа өшиглөсөн. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл томографикт 85000 төгрөгөөр харуулсан. Нүдний шил хагарсан учир 120.000 төгрөгөөр шинээр нүдний шил хийлгэсэн гэжээ. / хх 24-25 /
Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Анх намайг мөрөлсөн залуу Р.Сыг хавсарч унагаад үснээс нь зулгаагаад доороо оруулаад хөдөлгөөнгүй дарсан. Тэгээд Р.С уучлалт гуйгаад “ Больё. Ахаа салъя” гээд босох гэж байгаад түүний нүүрэнд нь мөргөсөн. Гэтэл тэр ах дахин үсдээд доош нь дарсан. Р.С дахин уучлалт гуйгаад салсан. Р.С түүнээс салаад зайтай болоод нүүрэнд нь хөлөөрөө өшиглөсөн гэжээ. / хх 30-31 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2602 тоот дүгнэлтэнд:
1. Б.Агийн биед тархи доргилт, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 34 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2546 тоот дүгнэлтэнд:
1. Р.Сын биед тархи доргилт, шанааны цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 37 /
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 73, 77 /
Шүүгдэгч Б.Аг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр / хх 53-56 /, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 68-71 /
Шүүгдэгч Р.Сыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр / хх 49-52 /, 2017 оны 04 дугаар сарын 02-ны өдөр өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64-67 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.А мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тэр хоёртой зөрөхдөө санамсаргүй охиныг мөрлөсөн. Тэгээд уйчлалт гуйсан. Гэтэл эрэгтэй нь цүнхээ эмэгтэйдээ өгөөд ирж хэрүүл маргаан үүсгээд бид хоёр зодолдсон. Бид хоёр харилцан уучлалт гуйж, хоорондоо сайн дураараа эвлэрсэн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Р.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай найз охиныг мөрлөчихөөр нь би өмөөрч түүнтэй маргалдсан. Тэгээд харилцан зодолдсон. Өөрийн буруугаа гэмшиж байна. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Уучлалт гуйсан. Хохирол төлбөрийг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Царам" төвийн үүдэнд хохирогч Р.Сын найз охин Б.Мөнхцэцэгийг мөрөлсний улмаас Б.С нь найз охиноо өмөөрөн маргаан үүсгэж, түүний нүүр рүү мөргөж, толгой руу нь өшиглөснөөс болж, хохирогч Б.Сыг үсдэн газар мөргүүлэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Р.С нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны оройны 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Царам" төвийн үүдэнд найз охин Б.Мөнхцэцэгийг мөрөллөө гэсэн шалтгаанаар хохирогч Б.Атай маргалдан түүний нүүр рүү мөргөж, толгой руу нь өшиглөн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Найз охин Б.Мөнхцэцэгийг үл таних нэг залуу зөрөхдөө мөрөлсөн. Тэгэхээр нь би “Яагаад манай найз охиныг мөрөлж байгаа юм бэ” гээд найз охиндоо цүнхээ өгчихөөд урдаас нь алхтал миний тэлээнээс барьж аваад хавирч унагаагаад миний дээр гарсан. Тэр ахыг тавьчихаар нь нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн. Намайг хавирч унагаад үстэж газар мөргүүлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Сын мэдүүлэг / хх 19-21 /, …Зөрөхдөө эмэгтэйг шүргэсэн. Би эргэж хараад уучлалт гуйтал " Чи юу гээд байгаа пизда вэ" гэж хэлээд найз охиндоо цүнхээ бариулчихаад хүрч ирээд бариад авахаар нь би хавирч унагаад хоёр гарыг нь дараад үснээс нь зуурч дарсан. Тэгтэл залуу " Уучлаарай ахаа болъё" гэхээр нь гараа тавиад босох гэж өндийтөл тэр залуу хамар руу толгойгоороо мөргөсөн цусаа гоожуулаад суутал толгой руу өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Агийн мэдүүлэг / хх 24-25 /, …Анх намайг мөрөлсөн залуу Р.Сыг хавсарч унагаад үснээс нь зулгаагаад доороо оруулаад хөдөлгөөнгүй дарсан. Тэгээд Р.С уучлалт гуйгаад “Болъё ахаа, салъя” гээд босох гэж байгаад түүний нүүр рүү мөргөөд дараа нь өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг / хх 30-31 /, ... хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2602, 2546 тоот дүгнэлтүүд / хх 37 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.А, Р.С нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Гэвч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тэдгээрийн шүүхэд өгсөн бичгийн баримтуудаар нотлогдож байх тул Б.А, Р.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .......... овогт Баярзаяагийн А, ............ овогт Ренчингийн С нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.А, Р.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Р.С нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, Б.А, Р.С нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Б.А, Р.С нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг оролцогчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ