| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 165/2019/0006/Э |
| Дугаар | 2019/ДШМ/02 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2019/ДШМ/02
Т.С, Б.З нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Прокурор Э.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Гг нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/06 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.С, Б.З нарт холбогдох 1817000500028 дугаартай 3 хавтас 564 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Н гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.С нь “Төрийн банк ХХК”-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын Баянтал сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хадгаламж эзэмшигч Д.Б, Б.Д, Б.М нарын хадгаламжийн дансыг барьцаалан интернет банк /цахим хэрэгсэл/ ашиглан бусдын итгэлийг урвуулан ашиглан хувьдаа 115 062 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.З нь Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус тооцооны төвийн ахлах теллер Т.С бүлэглэн тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжнаас интернет банкны нууц үг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг завшиж үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Т.С, Б.З нарт холбогдох 1817000500028 дугаартай хэргийг прокурорт буцааж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.С, Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Э.Н шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүх өөрийн санаачлагаар хэргийг прокурорт буцаасан нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Яллагдагч Т.С, Б.З нарын гэмт санаа зорилго, сэдэлт нь хохирогч Д.Б, Л.Б, Б.М нарын банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн нэр дээр байх интернет банкны нууц үгийг солих, нэр дээр нь шинээр интернет банк нээх, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурах, нөхөж зуруулах зэрэг аргаар эзэмшигч, өмгөөлөгчид нь мэдэгдэлгүйгээр хувьдаа завшиж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинж гэж үзэх үндэслэлтэй юм.
Учир нь Төрийн банкны эд хөрөнгийг бус иргэдийн өмчид халдсанаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзэх бөгөөд учирсан хохирлыг Төрийн банк төлж барагдуулснаар хохирогч болох хууль зүйн үндэслэлгүй.
Харин Төрийн банк нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар үүрэг хүлээх хуулийн этгээд болох бөгөөд өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхтэй байхаар заажээ.
Мөн шүүхээс Төрийн банкыг хохирогч гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч хохирогчоор тогтоох, иргэний нэхэмжлэлийг хангуулах бүрэн боломжтой юм.
2. Шүүгдэгч Б.З нь тухайн төвийн захирлаар ажиллахдаа албан тушаалын хувьд тухайн тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, өндөр хэмжээний зээлийн материалтай танилцах, нягтлах, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, уг үйлдэлд хамтран оролцсон болох нь түүнийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, иргэний нэхэмжлэгч А.Т, гэрч Л, яллагдагч Т.С нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэргийн хэмжээ хязгаарын дотор цугларсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх зэрэг боломжтой юм.
Иймд шүүгчийн захирамжинд заасан хохирогчийг тогтоох зэрэг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд өөрөөр цаашид ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Т.С, Б.З нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр оролцогч нарын гомдлоор урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүгчийн захирамж нь “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр” гэж бичсэн, мөн баримталсан зүйл хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн үед баримтлах заалтыг баримталж хэргийг прокурорт буцаасан нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Иймд Т.С, Б.З нарт холбогдох Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокуорын эсэргүүцэл бичлээ гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав
Яллагдагч Т.С нь Говьсүмбэр аймгийн Баянтал суман дахь Төрийн банкны тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд эрхэлж буй ажил, албан тушаалаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг их хэмжээгээр завшсан, мөн Б.З бүлэглэн үйлдсэн.
Яллагдагч Б.З нь Говьсүмбэр аймгийн Баянтал суман дахь Төрийн банкны тооцооны төвийн захиралаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.С бүлэглэн албан тушаалаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үлэмж хэмжээгээр завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хууль ёсны болж чадаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс Төрийн банкыг хохирогчоор тогтоогоогүй байна гэсэн нь үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоож болохоор байх тул шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй өөрөөр хэлбэл зайлшгүй буцаах үндэслэл болж чадахгүй байна.
Яллагдагч Б.З нь албан тушаалын байдлаа ашигласан гэсэн нь бүрэн тогтоодоогүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь мөн үндэслэлтэй болоогүй байна. Учир нь Б.З нь тухайн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа энэхүү гэмт хэрэгт холбогдсон, ажил албан тушаалд томилсон тушаал шийдвэрийг хэрэгт хавсаргасан, албан тушаалын байдлаа ашиглан ахлах теллертэйгээ бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь яллагдагч Т.С, гэрч Л, иргэний нэхэмжлэгч А.Т нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүгчийн захирамжинд “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг“ гэж бичсэн, урьдчилсан хэлэлцүүлгийн үед баримталвал зохих зүйл заалтыг баримталж шийдвэрлэсэн нь текникийн хэлбэртэй хэдий ч хэт хайхрамжгүй алдаа болсон байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урдьчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлээхээр мөн шүүхэд буцаасугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Х.БАЙГАЛМАА