Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0667

 

 

 

 

 

 

 

 

 

Я.У, Э.Н нарын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

   Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

   Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

   Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал

   Хэргийн оролцогчид:

   Нэхэмжлэгч Я.У, Э.Н

   Хариуцагч  Баянзүрх дүүргийн Засаг дарга

    Гуравдагч этгээд Ж.Д

   Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Д-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 дугаар, газар эзэмших эрх сунгасан 2021 оны А/368 дугаар захирамж, 2022 оны А/263 дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-эх 20-1417 тоот хаягт байрлах газрыг Я.У, Э.Н нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь-эх 20-1417 тоот хаягт байрлалтай одоо эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээгээр Я.У, Э.Н нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах

   Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0624 дүгээр шийдвэр

  Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

  Нэхэмжлэгч Э.Н

   Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т

  Гуравдагч этгээд Ж.Д

  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Т

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

  Хэргийн индекс: 128/2022/0551/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Я.У, Э.Н нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж “Ж.Д-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны а/178 дугаар, газар эзэмших эрх сунгасан 2021 оны А/368 дугаар захирамж, 2022 оны А/263 дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-эх 20-1417 тоот хаягт байрлах газрыг Я.У, Э.Н нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь-эх 20-1417 тоот хаягт байрлалтай одоо эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээгээр Я.У, Э.Н нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0624 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.У, Э.Н нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

 3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал: “Шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ж.Д-ийн газар эзэмших эрх 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн гэж, маргаан бүхий газарт нэхэмжлэгч нар нь 2013 оны 11 дүгээр сараа амьдарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Ж.Д нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж өөрийн эзэмшлийн газраа амьдрах боломжгүй болж нүүсэн гээд үндэслэх хэсгийн 12 дахь заалтаар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу түүний газар эзэмших хүсэлтийн дагуу 2014 онд газар эзэмших эрхээ авсан байна гэж дүгнэжээ. Гэтэл маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Ж.Д нь 2013 онд нэг л удаа гаргасан байдаг бөгөөд тухайн үед өргөдлийг газар олгох боломжгүй гэж хаасан талаар өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэж хаасан байдаг. Дахин хуульд заасан шаардлага хангаж өргөдөл гаргаагүй байхад 2014 онд нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж ашиглаж байгаа газарт газар эзэмших захирамжийг давхардуулан гаргасан байдаг.

3.1 Газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “... 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”. 37.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заасан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээг 2018 онд байгуулсан байх бөгөөд гэрээний 6.2-т “Энэхүү гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсан өдрөөс буюу 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай байгуулав” гэжээ. Үүнээс харвал гуравдагч этгээдийн газар эзэмших эрх 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болжээ. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд нь газар эзэмших эрх сунгуулах  хүсэлтээ 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгч дүүргийн Засаг даргын захирамж 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар 15 жилийн хугацаатай гарсан байдаг. Мөн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ сунгуулахдаа газрын төлбөр төлсөн баримтыг хавсарган өгөх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 13 дугаар зүйлд дүгнэхдээ 2022 оны тооцоо нийлсэн актаар газрын төлбөр төлсөн нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Хуулиараа гуравдагч этгээд нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө газрын төлбөрийг төлж холбогдох баримтын хамт өргөдлөө өгөх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2 ... Бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ газрын хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн олгосон гэж маргаагүй. Гэтэл маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж хууль зөрчөөгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нараас газрын хэмжээг нэмэгдүүлж гуравдагч этгээдэд олгохдоо нэхэмжлэгч нарын газартай давхардуулан бусдын бодитоор эзэмшиж байгаа газарт газар олгосон ингэхдээ холбогдох дүрэм журамд заасан ажиллагааг явуулаагүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас дараах байдлаар хууль зөрчсөн гэж тодорхойлсон. Үүнд: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.1-т “Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна ....тус ажиллагааг хийлгүй газрын хэмжээ байршлыг өөрчилж газар олгосон захирамж гаргасан.

3.3 Гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, газрыг өмнө нь эзэмшиж байсан баримтгүй байхад хариуцагчаас “..хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар 2013 оноос эхлэн бодитоор эзэмшиж, ашиглан амьдарч байгаа хашаалсан газарт давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасантай нийцэхгүй байна. Гэтэл энэ талаар дүгнэлт өгөөгүй. Зөвхөн гуравдагч этгээд нарын ирүүлсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн маргаан бүхий газарт гуравдагч этгээд нь 2005 оноос хойш амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалгүй байна, гэрээ гэрчилгээгүй газар эзэмшихийг хориглоно гэж заасан тул хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий газрын сансрын зураг болон цахилгааны төлбөр төлсөн баримт өрхийн бүртгэл зэргээр нэхэмжлэгч нар 2013 оны 11 сараас хойш амьдарч байсан нь тогтоогдож байгаа бөгөөд гуравдагч этгээдийн 2013 онд гаргасан өргөдлийг хаасан, гуравдагч этгээд маргаан бүхий газраас нүүж явсан үүнээс хойш 2014 онд нэхэмжлэгч Я.У өргөдөл гаргасан түүнийг хуульд зааснаар шийдвэрлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл газрын зөвхөн гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэж үзэж удаа дараа газар эзэмших эрхийг хууль журам зөрчиж, сунгасан, газрын хэмжээг нэмэгдүүлсэн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Я.У, Э.Н нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Гуравдагч этгээд Ж.Д-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар “Газар эзэмших эрх, олгох, баталгаажуулах тухай” захирамжаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь эх 20 дугаар гудамж, 1417 тоот хаягт байрлах 1332606203 нэгж талбарын дугаартай 640 м.кв газар эзэмших эрхийг олгож, мөн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, 2022 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн А/263 дугаар захирамжаар 640 м.кв газрын хэмжээг 700 м.кв болгож нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч Я.У, Э.Н нар нь 2012 оноос гуравдагч этгээд Ж.Д-ийн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газарт хашаа барин амьдарч, оршин сууж байсан тул дүүргийн Засаг даргын холбогдох захирамж хууль бус хэмээн маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.        

5. Нэхэмжлэгч Э.Н-ийн тухайд газар эзэмших өргөдөл гаргаж байгаагүй, холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Гуравдагч этгээд Ж.Д-ийн нэрээр ирсэн Цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийн  дагуу Я.У 2013 оны 11 дүгээр сараас хойш мөнгө тушаасан баримтууд, Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны хэлтэст “0,7 га газрыг эзэмших, өмчлөх хүсэлттэй байгаа” тухай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн огноотой, “Хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү, Засаг дарга Л.Батдэлгэр  5 сарын 7” гэх тэмдэглэгээтэй Я.У-ийн өргөдөл зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч Я.У нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар зохих зөвшөөрөлгүй, эрхийн гэрчилгээгүй маргаан бүхий газарт амьдарч байсан нь тогтоогдсон байна.

6. Гуравдагч этгээд Ж.Д-ийн хувьд Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн огноотой акт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Ж.Д нь Дунд дарь эхийн 20-1417 тоотод оршин суудаг тухай тодорхойлолт, Ж.Д-ийн газар эзэмших өргөдөл, Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт бүртгэсэн огноо 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, “...нийслэлийн хэмжээнд газар олголтыг түр хугацаагаар зогсоосон” албан бичгийн төсөл, гэрч нарын мэдүүлэг зэргээр тухайн газрыг эзэмших ашиг сонирхол цаг хугацааны хувьд Ж.Д-д түрүүлж үүссэн байна.   

7. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ Ж.Д гаргасан, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан газар эзэмших хүсэлтийг буцаах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч  Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь хууль тогтоомжид нийцжээ.

8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар “газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй харин хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох” бөгөөд тухайн газар нэхэмжлэгч нар эрхийн гэрчилгээгүй, амьдарч байснаараа гуравдагч этгээд Ж.Д-д газар давхцуулан эзэмшүүлсэн шийдвэр гарсан гэж үзэхгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.

9. Мөн гуравдагч этгээд Ж.Д нь уг газартаа түрүүлж амьдарч байсан болох нь газар эзэмших хүсэлтэд хавсаргаж өгсөн фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг   зэргээр нотлогдсон, тухайн хаягт өнөөдрийг хүртэл бүртгэлтэй болох нь төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн хаягаар тогтоогдох бөгөөд гэр бүлийн таагүй харилцааны улмаас өөрийн эзэмшлийн газартаа амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж, энэ тухай гэрчүүд мэдүүлэг өгсөн байх тул эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газартаа хувийн шалтгааны улмаас оршин сууж, амьдраагүйг буруутгах боломжгүй байна.

10. Түүнчлэн нэхэмжлэгч Я.У нь нэхэмжлэлдээ “...тус газрыг анх Б.О, Л.Л нараас худалдан авахаар тохирсон, тухайн үед хэн нэгний эзэмшилд олгосон шийдвэр гараагүй байсан” гэх бөгөөд маргаан бүхий газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байдаг, цахилгааны төлбөрийн нэхэмжлэх зэргээр өөр этгээд тухайн газарт амьдарч байсныг мэдэх боломжтой тухайн газар түрүүлж амьдарсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.   

11. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд Ж.Д-д газар эзэмшүүлэн, эрхийн гэрчилгээний хугацаа сунган, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 37 дугаар зүйлийн 37.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

12. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т-ын “нэхэмжлэгч нарын түрүүлж эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцуулж газар эзэмшүүлсэн, хариуцагч газар эзэмшүүлэхдээ газар дээр нь очиж суурин судалгаа хийгээгүй, маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Харин шүүх шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжийг орхигдуулсныг зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус бүр төлсөн байх тул илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нэхэмжлэгч Я.У, Э.Н нарын нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Я.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Э.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.У-ийн илүү төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                           ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ

                           ШҮҮГЧ                                          Ц.САЙХАНТУЯА