Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
Хэргийн индекс | 105/2016/0131/Э |
Дугаар | 133 |
Огноо | 2016-09-12 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | П.Нархажид |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
улсын яллагч П.Нархажид,
хохирогч Л.Мөнхсүлд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа,
шүүгдэгч М.Жамсрандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Мөнхбатын Жамсрандоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1095 дугаар хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Төв аймгийн Баянжаргалан сум, 2 дугаар баг, Улаан ухаа нүдэн гудамж 3 дугаар байрны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт Баянзүрх дүүргийн 26 хороо, Дүнжингарав хороолол 102 дугаар байр 28 тоотод түр оршин суух, регистрийн НЕ98030532 дугаартай, Боржигон овогт Мөнхбатын Жамсрандорж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Жамсрандорж нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кино үйлдвэрийн хойд талын гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Л.Мөнхсүлдийг үл ялих зүйлээр шалтгалан зодож, бие махбодид нь дээд эрүүний үүдэн хоёр шүдний ёзоорын хугарал, уруулын салстын шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Жамсрандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Кино үйлдвэрийн буудлын тэнд явж байхад өөдөөс 7-8 залуу, 2-3 эмэгтэй ирж яваа таарсан. Явж байсан зам нарийн зам байсан болохоор би Түвшинбаяртай цуг тэдний дундуур нь гарахад нэг залуу Түвшинбаяртай шүргэлцээд муудалцахаар нь би нэгийг нь цохьсон. Надтай цуг явж байсан хэд маань зугтаагаад би ганцаараа үлдэж 7-8 залууст зодуулсан. Сүүлд манай найз ирээд биднийг салгаад цагдаа дуудсан. Тэр үед Мөнхсүлд “зохицъё гэвэл одоо надад 5 сая төгрөг өг” гэхээр нь би “тийм мөнгө байхгүй” гээд цагдаа дуудуулсан юм. Манай найз нарын нүүр ам бас хавдсан байсан. Би ч бас зодуулаад ахар сүүл, хавирга маань эвгүй болсон байсан. Маргааш нь цагдаа дээр очоод шүүх эмнэлгийн шинжилгээнд ороход ахар сүүлний доод эд хугарсан, хавирганы зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Мөнхсүлдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 18-нд манай сургуулийн тэмцээн болсон. 22 цагийн үед тараад бид нар цэргийн баяр тэмдэглэхээр болж би найз Одхүүгийн хамт хажуу дэлгүүрээс нэгж аваад түрүүлж явсан найз нарынхаа араас явсан. Урд түрүүлж дөрвөн багш явж байсан бөгөөд тэднийг түрүүлээд гүйцэх үед зөрсөн залуус шүргээд явсан. Мандал багш тэдэнд замаа хараач гэсэн. Би эргээд харахад тэд ард ирчихсэн явж байхаар нь “адилхан эр улсууд баяр тэмдэглэх гээд явж байна шүү дээ” гэхэд үгийн зөрүүгүй шууд миний шүд рүү цохиж хугалсан. Би түүнийг барьж аваад “шүд хугалчихлаа” гэхэд тэр залуу миний гарыг халж тавиулаад зугтаагаад явахаар нь би араас нь “бариад аваарай” гэсэн. Би тэднийг хөөгөөд харанхуй руу дагаж ороод Жамсрандоржийг барьж авахад намайг халж зугтаасан. Тэгээд би дахин хойноос нь хөөж татаж унагаагаад дээрээс нь дарж унагаасан. Манайхан ирэхэд нь “би чамаар заавал шүдээ төлүүлнэ” гэхэд Жамсрандорж “төлнө, би iphone-5 утас өгье” гэж байсан. Мөн түүнтэй цуг явж байсан нэг ах ирэх үед Жамсрандорж утсаар олон хүнтэй ярьж байсан. Би Жамсрандоржийг зодож дарахаар чадалтай хүн биш. Зөвхөн саадыг тойрч гүйхэд нь татаж унагаасан юм. Тэр үед эргүүлийн цагдаа явж байхад нь дуудаж ирүүлээд болсон зүйлийн талаар хэлэхэд бид хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Маргааш нь цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиход Жамсрандорж өөрийн нэрээ худлаа хэлсэн байсан учир би өөрөө түүнийг таньж хэлсэн юм. Цагдаагийн хэлтэс дээр түүнтэй хамт явсан нэг хүн нь “Манай хүн одоо тэмцээнд явах учир чи ээжтэй нь яриад тохирчихооч” гэж байсан. Миний дээд үүдэн 2 шүд хугарсан. Мөн доод уруул нилээд том хэгзэрсэн байсан. Би одоо түр авагддаг хиймэл шүд хийлгэсэн байгаа. Имплант шүд суулгах талаар судалж байгаа.” гэх мэдүүлэг,
М.Жамсрандоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны орой найз Тамир, Мөнхдорж, Түвшинбаяр нарын хамт Кино үйлдвэрийн автобусны буудал дээр автобуснаас буугаад дээшээ Амазон палас өнгөрөөд алхаад явж байтал 6-7 залуучууд өөдөөс явж байсан. Би зөрөхдөө нэг залуутай нь шүргэлцээд тэнд муудалцаад салаад явж байтал араас дахиж ирээд муудалцаад би нэг залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа зөөлхөн цохьсон. Тэгээд зодоон болоод намайг тэр залуучууд бөөнөөрөө зодсон. Манай найзууд зугтаасан байсан. Дараа нь сонсоход намайг зодсоноос бусад залуучууд нь манай найз Тамирааг зодоод явуулсан байсан. Тэгээд би зодуулж байгаад зугтаагаад дахиж баригдаад зодуулаад больчихоод байж байтал Мөнхдорж ирээд дараа нь цагдаа ирсэн. Цагдаатай хамт надад цохиулсан залуу, бид хоёр энд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Муудалцаад өөрсдөө хэл амаар дайраад байхаар нь нэг цохьсон юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Л.Мөнхсүлдийн биед дээд эрүүний үүдэн 2 шүдний ёзоорын хугарал, уруулын салстын шарх гэмтлийг би гараараа нэг удаа цохиод учруулсан. Бэлтгэлээ тараад Мөнхдоржтой хамт ганц пиво уусан байсан. Бид нар тэдгээр залуучуудыг өдөж маргаан эхлүүлээгүй, санаандгүй шүргэлцээд маргаан болсон. …Намайг Мөнхбатын Жамсрандорж гэдэг, багадаа би Жавхлантөгс гэдэг нэртэй байж байгаад Жамсрандорж гэдэг нэрээр сольсон. Би 1998 онд Дархан-Уул аймагт төрсөн, эхээс дөрвүүлээ. Бага насаа Төв аймгийн Баянжаргалан суманд өнгөрөөж, Төв аймгийн Баянжаргалан сумын 9 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид ороод 9 дүгээр анги төгссөн. 2014 онд Шонхор олимп дээд сургуулийн Лицей сургуульд орсон. Одоо 12 дугаар ангид сурдаг. Би чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэдэг. Гаргасан амжилт гэвэл 2015 оны Өсвөрийн улсын аваргад -100 кг жинд чөлөөт бөхөөр барилдаж, улсын аварга болсон. “Асашеро Кап" чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээнд -100 кг-ын жинд орж түрүүлсэн. 2015 оны хүүхдийн өсвөрийн 5 дугаар их наадамд чөлөөт бөхийн -100 кг жинд орж түрүүлсэн. 2015 оны Сумо бөхийн залуучуудын улсын аваргад -100 кг жинд орж түрүүлсэн. Мөн 2015 онд Жон Петерсоны нэрэмжит олон хотын тэмцээнд чөлөөт бөхийн -100 кг жинд орж түрүүлсэн. 2016 оны 02 сард Залуучуудын улсын аваргад чөлөөт бөхийн -120 кг жинд орж түрүүлсэн. Би бага байхдаа Мөнхбат гэдэг айлд өргүүлсэн юм. Төрсөн ээжийг Энхжаргал гэдэг. Барилгын хувийн компанид менежер хийдэг, өргөж авсан ээжийг Даваасүрэн гэдэг. Төв аймгийн Баянжаргалан суманд бага ангийн багш хийдэг. Утас нь: 99144920. Төрсөн аав Жаргалсайхан, ээж Энхжаргалын компанид ажилладаг, утасны дугаар нь 99152686, өргөж авсан аав Мөнхбат одоогоос 8 жилийн өмнө нас барсан. Би хоёр аав, ээжийнхээрээ ирж очин байдаг, хотод байгаа үедээ төрсөн ээжийндээ байдаг.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 69-70 дугаар тал/
Хохирогч Л.Мөнхсүлдийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай Шавь цогцолбор сургуулийн багш нарын дунд тэмцээн болоод тарсан. Орой 22 цаг 20 минут байна уу, 30 минутын үед сургуулиас манай багш нар цувраад гарцгаасан. Би физикийн багш найз Одхүүтэй дэлгүүрээс нэгж аваад гараад багш нарын араас нь явсан. Уг нь сургуулиас гарахдаа эрэгтэй багш нараараа нэг газар орж суухаар ярьсан байсан юм. Тэгээд Одхүү бид хоёр дэлгүүрээс гараад багш Дархан, Манал, Батбаатар, Оюундалай нар дээр гүйцэж очих агшинд 4-5 залуутай зөрсөн. Урд явж байсан Дархан, Манал, Батбаатар, Оюундалай нар дээр ирэх үед зөрсөн залуучууд хойно “юу ч чадахгүй шалдан банди нар” гэх мэтээр янз бүрийн юм ярихад Батбаатар, Манал хоёр эргэж хэрэлдээд очих гэхээр нь би хориглоод эргэж хараад нөгөө залуучуудад хандаж “...ахын дүү нар адилхан эрчүүд баяр тэмдэглэх гээд явж байгаа юм чинь зүгээр ингээд явцгаачихъя” гэж хэлтэл сүүлд нэрийг нь мэдсэнээр Жамсрандорж гэдэг залуу үгийн зөрөөгүй миний ам руу цохихоор нь “ёооё яаж байгаа юм бэ” гэж хэлэх гэтэл хэл дальтраад хэлж болохгүй байсан. Гайхаад шүдээ барьж үзэхэд дээд үүдэн шүднүүд дотогшоо цөмрөөд орчихсон байсан. Тэгээд цохьсон залуу дээр очоод гараас нь бариад шүдээ үзүүлээд “чи миний шүдийг хугалчихлаа, чи одоо миний шүдийг төлж өг” гэж хэлэнгүүт барьсан гарыг халж тавиулаад эргээд зугтаасан. Хамт байсан залуучууд нь бас зугтаасан. Би цохьсон хүний хойноос нь хөөсөн чинь цуг байсан найз нар маань хойноос цуг хөөлцөөд байшингийн булан тойроод цохьсон залууг би бариад авахад найз нар маань бусад залуучуудыг нь барихаар гүйгээд явсан. Нөгөө залуу миний гарыг дахиж тавиулаад зугтаасан. Би хойноос нь гүйгээд захнаас нь татаж унагаад доороо хийгээд дарсан. Нэг гараараа савхин куртикных нь захнаас нөгөө гараараа өмднийх нь тэлээнээс бариад тонгойлгож дарсан. Босгохгүй дараад байсан. Дарж байхдаа тэр залууд “яагаа ч үгүй байхад чи яагаад ингэж байгаа юм бэ, чи хүн цохьчихоод хариуцлага хүлээхгүй зугтаадаг эр хүн мөн үү” гэж хэлэхэд ”дүү нь эр хүн, тамирчин хүн Гүүгэл дээр нэр бичиж хайхад хэн гэдгийг нь мэдэж болно” гэхээр нь “..чи миний шүдийг төлж өгнө за юу, чамаар би заавал шүдээ төлүүлнэ” гэхэд “...төлж өгнө” гэж хэлсэн. Тэгтэл манай найз нар “нөгөө хэд нь зугтаачихлаа” гээд ирсэн. Мөн бид нараас урд явж байсан 3-4 багш нар хүрч ирсэн. Би цагдаа дуудаа, миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн. Нэг нь цагдаа утсаар дуудсан. Цагдаа ирэхээс 2-3 минутын өмнө нөгөө залууг босгоод цемэнтэн хашааны хажууд нэг найзынхаа хамт зогсож байтал намайг цохьсон залуутай хамт байж байгаад зугтаасан залуу нь нөгөө залуутай утсаар яриад хүрээд ирсэн. Удалгүй цагдаа ирсэн. Намайг цохьсон залуу бид хоёр цагдаагийн машинтай энд ирсэн. Жамсрандорж гэдэг залуу гараараа нэг удаа цохиод надад гэмтэл учруулсан. Миний хувьд тэр залууг араас нь татаж унагаагаад газар хажуугаар нь хэвтүүлж гараараа нударч дарсан. Түүнээс цохиогүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Энэ үйл явдлаас хойш шүдний зургаа авахуулаад эмчид үзүүлэхэд үүдний 2 шүд ёзоороороо хугаралтай, авахуулаад ясанд нь металл суулгаж шүд хийхээс өөр эмчилгээгүй гэсэн. Шүд суулгаж хийхэд 1 шүдийг гайгүй сайн эмнэлэг нь 2.500.000 төгрөгөөр хийнэ гэж байсан. Хүндрэлтэй бол нэмэлт зардал гарна гэж байсан. Намайг цохьсон Жамсрандорж гэдэг залуугаас шүд унаснаас хойш холбогдож гарсан бүх зардлуудыг нөхөн төлүүлэх, цаашид гарах шүдний эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8-9 дүгээр тал/
Гэрч Д.Мөнхдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад хамт бэлтгэл хийдэг Жамсрандорж болон түүний 2 найзын хамт 4-үүлээ kино үйлдвэрийн автобусны буудлаас хойшоо Амазон палас өнгөрөөд явж байтал Жамсрандоржтой зөрж өнгөрсөн хүмүүсийн нэг нь шүргэлцээд муудалцаад тэр хүмүүсийн нэг нь “намайг цохьчихлоо, нэгийг нь бариад ав” гэж хэлэхээр бид нар зугтаасан. Би ганцаараа өөр тийшээ зугтаасан. Тэгээд би Цайз руу эгчийнх рүүгээ явж байтал Жамсрандорж над руу залгаад “нөгөө газраа хүрээд ир” гэхээр нь очсон чинь нөгөө хүмүүс Жамсрандоржийг барьчихсан байж байсан. Тэгээд цагдаа ирээд Жамсрандорж, хохирогч гээд байгаа хүнийг аваад явсан. Ийм л юм болсон. Жамсрандорж цохьсон. Яг цохихыг нь бол хараагүй, цохьчихлоо бариад аваарай гэхээр нь зугтаасан. Жамсрандорж бид 2 хоёр пиво уусан байсан. Эрүүл байсан. Жамсрандоржийн биед ил харагдах гэмтэл шарх учирсан талаар мэдэхгүй байна. Одооноос 1 сарын өмнөөс хамт бэлтгэл хийж байгаа, өмнө нь мэнд устай явдаг байсан. Жамсрандорж ааш зангийн хувьд гайгүй, муу ааш зан гэхээр юм байхгүй хүүхэд. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр барилддаг, спортлог хүүхэд.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар тал/,
Гэрч А.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай Шавь цогцолбор сургууль дээр тэмцээн болоод ойролцоогоор 20 цагийн үед манай багш нар тараад зарим нь цувж гараад урагшаа kино үйлдвэрийн автобусны буудал чиглээд алхсан. Мөнхсүлд бид хоёр дэлгүүрээс нэгж авчихаад цуг алхаад урд явж байгаа багш нарын араас явж байтал хэдэн залуучууд зөрөхдөө манай багш нарыг татаж чангаагаад маргаан үүсгэх гээд байсан. Мөнхсүлд бид хоёр очоод тэр залуучуудыг боль ингээд явцгаа, адилхан баярлах гэж байж гэсэн утгатай юм хэлэхэд нэг залуу нь бид нар руу дайраад байсан. Харин нэг нь хориглоод явья гээд байсан. Би хориглоод байсан залууг нь аваад явчих байлгүй гэж бодоод урагшаа түрүүлээд хоёр алхах үед ард Мөнхсүлд нөгөө залуучуудыг “та нар яваа" гэж хэлэхэд нь цохьчихсон. Тэгээд юу болов гээд эргээд хартал Мөнхсүлд шүдээ дараад миний шүд хугарчихлаа, бариад ав гээд нэгнээс нь барихад зугтаасан. Би нэгийг нь барьж авах гээд оролдлого хийж хөөгөөд гүйцээгүй. Би зугтаасан хүний араас нь хойшоо гүйгээд буцаад ирэхэд Мөнхсүлд байрны хажууд нэгийг нь бариад энэ зугтаах гээд байна, цагдаа дууд гээд дээр нь дараад суучихсан байсан. Тэгээд би утсаараа цагдаа дуудаад машинтай цагдаа нар өөдөөс тосоод авчирхад баригдсан залуугийн ах нь гээд нэг залуу ирчихсэн байсан. Цагдаа нар Мөнхсүлдийг нөгөө залуутай нь хамт аваад явсан. Бид нараас “архи уусан уу” гэж асуухаар нь уугаагүй гэдгээ хэлсэн. Би бодохдоо тэр ах нь гээд байсан залуу хамт явж байсан залуу байж магадгүй гэж бодсон. Мөнхсүлдэд баригдсан залуу нь цохьсон. Гэхдээ би яг цохихыг нь хараагүй, тэр үед би хажууд нь байсан. Тэгэхэд Мөнхсүлдэд баригдсан залуу “би цохьсон, та нар яадаг юм, би төлбөр мөнгийг нь төлне” гэж хэлсэн. Мөнхсүлд даруухан, зарчимч, илүү дутуу зангүй, хүнтэй муудалцана гэсэн асуудал байхгүй хүн. Мөнхсүлд хааяа нэг уух шаардлага гарсан баяр ёслолын үеэр уудаг. Ааш зан нь хэвээрээ байдаг, эрүүл согтуудаа яг адилхан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-30 дугаар тал/
Гэрч Л.Өнөрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шавь цогцолбор сургууль дээр тэмцээн болоод тэндээс тараад Кино үйлдвэрийн буудал руу алхаад явж байсан. Манай ажлын олон багш нар явж байсан. Би нилээн урдуур Пагмацэрэн гэдэг багштай хамт явж байсан. Бид хоёртой зөрсөн банди нар хойно явж байсан манай ажлын эрэгтэй багш нартай юм яриад байсан уу, эсвэл маргалдсан уу сайн мэдэхгүй байна. Хамт зогсож байсан. Удалгүй Мөнхсүлдийн шүдийг цохьчихлоо гэхээр нь хойшоо эргээд хартал нөгөө банди нар пир хийгээд зугтаасан. Мөнхсүлд доошоо суучихсан байсан. Манай ажлын эрчүүд нөгөө залуучуудыг барих гээд хойноос нь тал тал тийшээ гүйсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй гайхаж зогсож байгаад гэрлүүгээ явсан. Намайг явахаас өмнө Пагмацэрэн явчихсан байсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. 1 дэх өдөр ажил цуглахад Мөнхсүлд ажилдаа ирээгүй. Мөнхсүлдийг цохьчихлоо гэхээр нь хойшоо эргээд харахад Мөнхсүлд доошоо суучихсан байсан. Нөгөө хүүхдүүд зугтаагаад алга болцгоосон. Манайхан ч гэсэн араас нь гүйгээд алга болсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21-22 дугаар тал/
Гэрч Ш.Пагамцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр тэмцээн болоод ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад тарсан. Ажлаас гараад Кино үйлдвэр рүү урагшаа уруудаад алхсан. Манайхан цувралдаад алхсан. Зарим хүмүүс нь өөр тийшээ харьцгаасан. Би Өнөрзаяатай хамт алхаад явж байсан. Өнөрзаяа бид хоёрын урд болон ард хүмүүс явж байсан. Тэр орой нэлээн хөл хөдөлгөөн ихтэй байсан. Тэгээд явж байтал ард хүмүүс маргалдах юм уу хэлэлцэж байгаа юм шиг дуу гарсан. Сүлдээгийн шүдийг цохьчихлоо шүү дээ гээд нэг нь орилохоор нь Өнөрзаяа бид хоёр эргээд очих үөд бүгд зугтаагаад гүйчихсэн. Сүлдээ миний шүдийг цохьчихлоо шүү дээ гээд нөгөө хэд нь зугтаахаар нь араас нь гүйсэн. Өнөрзаяа бид хоёр үлдсэн. Би гэрлүүгээ яаралтай явах байсан учраас тэндээс яваад намайг ирж авах ёстой байсан хүн арай ирэх болоогүй байна гэхээр нь нөгөө хэддээ санаа зовоод буцаад очиход Сүлдээ цохьсон хүнээ барьчихсан байсан. Цагдаагийн хүн ирлээ гэсэн. Би ч явах ёстой болоод явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25-26 дугаар тал/
Гэрч Х.Маналын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай Шавь цогцолбор сургууль дээр багш нарын дунд хөнген атлетикийн буухиа тэмцээн болсон. Энэ тэмцээнд оролцож орой тараад Цэргийн баярыг эрэгтэй багш нараараа нэг газар сууж тэмдэглэх санаатай сургуулиас гараад урагшаа цувраад явцгааж байтал Монгол кино үйлдвэрийн хойд талын шар байрны орчим хэдэн залуучууд урд талаас ирж яваад зөрөхдөө Оюундалай, Дархан багш нарыг шүргээд хажуугаар гарсан. Тэгээд тэр залуучууд ард явж байсан Батбаатар бид хоёртой зөрөхдөө нэг залуу нь гараараа шүргээд гарахаар нь Батбаатар бид хоёр тэдгээр залуучуудад хандаж ‘хөөе яаж явцгаагаад байгаа юм бэ, замаа хараач” гэж хэлсэн чинь чигээрээ хойшоо өнгөрч яваад ард явж байсан багш Одхүү, Мөнхсүлд хоёртой муудалцахаар нь Батбаатар бид хоёр эргэж хараад очихын завдалгүй богино савхитай махлаг, шар царайтай залуу нь Мөнхсүлдийн нүүр рүү гараараа цохьсон. Бид хоёр яваад очиход Мөнхсүлд “шүд уначихлаа, наад залуучуудаа бариад аваачээ” гэж орилсон. Бид нар барих гэтэл тэр залуучууд зугтаагаад байрны ар талын харанхуй хэсэг рүү ороод гүйгээд алга болсон, араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргээд буцаад шар байрны хойд талд хүрч ирэхэд байрны хажуу талын тоглоомын талбайн орчимд 2 хүн нэг нь доор нь орсон, нэг нь дээрээс нь бариад хэвтүүлчихсэн байж байсан. Дөхөөд очиход Мөнхсүлд савхитай залууг доороо дараад байж байсан. “Наадах чинь чамайг цохьсон залуу мөн үү” гэж асуухад “мөн” гэж хэлсэн. Мөнхсүлдийн шүд нь цаашаа цөмөрөөд амнаас нил цус гарсан байсан. Мөнхсүлд цагдаа дууд гэхээр нь манай багш нарын нэг нь утсаар цагдаа дуудсан. Мөнхсүлдэд “наад залуугаа босгочих" гэхэд “зугтаах гээд байгаа юм, цагдаа иртэл тавихгүй” гэж хэлсэн. Цагдаа ирэхээс 5 орчим минутын өмнө тэр залууг газраас босгоод байж байхад цагдаа ирээд Мөнхсүлд, нөгөө залуу хоёрыг аваад явсан. Хэн нь ч зодож цохиогүй. Мөнхсүлд өөрөө тэр залууг барьж аваад дараад байж байсан. Мөнхсүлдийн биед савхитай махлаг шар залуу нүүр рүү нь гараараа цохиод гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч Л.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн Спорт зааланд хөгжөөнт буухиа тэмцээн болсон. Тэмцээн тараад эрчүүдээрээ нэг газар орж сууя гээд урагшаагаа Кино үйлдвэр чиглээд алхаж байсан. Хамгийн урд талд Оюундалай, Дархан багш хоёр алхаж явсан. Араас нь Манал багш бид хоёр алхаж байсан. Бид хоёрын ард талд Одхүү, Мөнхсүлд багш хоёр алхаж явсан. Урд талаас хэдэн залуу ирж явсан ба зөрөхдөө урд явж байсан Оюундалайг шүргээд зөрсөн. Тэгээд Манал багш бид хоёртой их ойрхон зөрж өнгөрсөн. Бид хоёроос зөрөөд хойно явсан Мөнхсүлд, Одхүү хоёртой шүргэлцээд маргалдаж харагдсан. Хойшоо хартал Менхсүлд, Одхүү хоёр тэр залучуудыг “ахын дүү нар зүгээр яваа” гэсэн юм яриад байсан. Нөгөө хэд нь чанга дуугаар янз бүрийн юм яриад маргаан үүсгээд байсан. Том биетэй залуу нь Мөнхсүлдийн нүүр рүү нь гараараа цохьсон. Мөнхсүлд цохиулаад доошоо тонгойгоод “миний шүд уначихлаа, наадуулаа бариад ав” гээд хашгирсан. Тэгэж хэлэхэд нөгөө залуучууд зугтаасан. Бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргээд ирсэн чинь Мөнхсүлд нэг залууг дараад авсан байсан. “Наадах чинь чамайг цохьсон залуу мөн юм уу” гзж асуухад “мөн” гэж хэлсэн. Мөнхсүлдийн барьсан байсан залуугийн ах нь гээд нэг залуу ирсэн. Удалгүй цагдаа ирээд Мөнхсүлдийг цохьсон залуутай нь хамт аваад явсан. Мөнхсүлдийн биед том биетэй залуу нүүр лүү нь гараараа цохиод шүдийг нь гэмтээсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Б.Дарханы мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай сургууль дээр багш нарын дунд тэмцээн болсон. Тэмцээн дуусаад ойролцоогоор 21 цаг 30 минутын үед тараад пабад жоохон сууя гээд Кино үйлдвэрийн чигтээ алхаад явсан. Оюундалай багш бид хоёр бусдаасаа түрүүлээд явж байсан. Нөгөө хэд араас нилээн зайтай явж байсан. Тэгээд араас ирэхгүй болохоор нь нөгөө хэд яачихваа гээд эргээд харсан чинь хэсэг хүмүүстэй маргалдаад байгаа бололтой зогсож байсан. Оюундалай багш бид хоёр алхаад очих үед Мөнхсүлд багш нүүрээ дараад доошоо тонгойсон харагдаж байсан. Нөгөө хүмүүс нь хойшоо зугтаагаад тал тал тийшээ гүйчихсэн, араас нь Мөнхсүлд багш “наадуулаа бариад ав” гэж бахирч байсан. Оюундалай багш бид хоёр араас нь гүйж очоод тэд нарыг хайгаад олоогүй, хайж явж байгаад байшингийн мухарт 2 хүн нэгийгээ дарсан байдалтай байхаар нь очиход Мөнхсүлд багш нэг бүдүүн залууг дарчихсан байж байсан. Тэр хүнийг дараад 15 орчим минут болсон. Тэгээд цагдаа ирээд юу болсон гэж асуухад Мөнхсүлд багш “энэ залуу миний шүдийг цохьсон, шүдээ төлүүлмээр байна” гэж хэлсэн. Цагдаа тэр залууг машиндаа суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 80 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3969 дүгээр:
1. Л.Мөнхсүлдийн биед дээд эрүүний үүдэн 2 шүдний ёзоорын хугарал, уруулын салстын шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 33 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 98 дугаар тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Жамсрандорж нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кино үйлдвэрийн хойд талын гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Л.Мөнхсүлдийг үл ялих зүйлээр шалтгалан зодож, бие махбодид нь дээд эрүүний үүдэн хоёр шүдний ёзоорын хугарал, уруулын салстын шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жамсрандоржийн өгсөн “...Явж байсан зам нарийн зам байсан болохоор би Түвшинбаяртай цуг тэдний дундуур нь гарахад нэг залуу Түвшинбаяртай шүргэлцээд муудалцахаар нь би нэгийг нь цохьсон. Надтай цуг явж байсан хэд маань зугтаагаад би ганцаараа үлдэж 7-8 залууст зодуулсан. Сүүлд манай найз ирээд биднийг салгаад цагдаа дуудсан. Тэр үед Мөнхсүлд “зохицъё гэвэл одоо надад 5 сая төгрөг өг” гэхээр нь би “тийм мөнгө байхгүй” гээд цагдаа дуудуулсан юм. Манай найз нарын нүүр ам бас хавдсан байсан. Би ч бас зодуулаад ахар сүүл, хавирга маань эвгүй болсон байсан. Маргааш нь цагдаа дээр очоод шүүх эмнэлгийн шинжилгээнд ороход ахар сүүлний доод эд хугарсан, хавирганы зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан.” гэх,
мөн хохирогч Л.Мөнхсүлдийн өгсөн “…Мандал багш тэдэнд замаа хараач гэсэн. Би эргээд харахад тэд ард ирчихсэн явж байхаар нь “адилхан эр улсууд баяр тэмдэглэх гээд явж байна шүү дээ” гэхэд үгийн зөрүүгүй шууд миний шүд рүү цохиж хугалсан. Би түүнийг барьж аваад “шүд хугалчихлаа” гэхэд тэр залуу миний гарыг халж тавиулаад зугтаагаад явахаар нь би араас нь “бариад аваарай” гэсэн. Би тэднийг хөөгөөд харанхуй руу дагаж ороод Жамсрандоржийг барьж авахад намайг халж зугтаасан. Тэгээд би дахин хойноос нь хөөж татаж унагаагаад дээрээс нь дарж унагаасан. ...Миний дээд үүдэн 2 шүд хугарсан. Мөн доод уруул нилээд том хэгзэрсэн байсан. Би одоо түр авагддаг хиймэл шүд хийлгэсэн байгаа. Имплант шүд суулгах талаар судалж байгаа.” гэх,
М.Жамсрандоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...Би зөрөхдөө нэг залуутай нь шүргэлцээд тэнд муудалцаад салаад явж байтал араас дахиж ирээд муудалцаад би нэг залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа зөөлхөн цохьсон. ...Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Л.Мөнхсүлдийн биед дээд эрүүний үүдэн 2 шүдний ёзоорын хугарал, уруулын салстын шарх гэмтлийг би гараараа нэг удаа цохиод учруулсан. Бэлтгэлээ тараад Мөнхдоржтой хамт ганц пиво уусан байсан. Бид нар тэдгээр залуучуудыг өдөж маргаан эхлүүлээгүй, санаандгүй шүргэлцээд маргаан болсон.” гэх /хх-69-70/,
гэрч Д.Мөнхдоржийн мөрдөн байцаалтад өгсөн 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад хамт бэлтгэл хийдэг Жамсрандорж болон түүний 2 найзын хамт 4-үүлээ kино үйлдвэрийн автобусны буудлаас хойшоо Амазон палас өнгөрөөд явж байтал Жамсрандоржтой зөрж өнгөрсөн хүмүүсийн нэг нь шүргэлцээд муудалцаад тэр хүмүүсийн нэг нь “намайг цохьчихлоо, нэгийг нь бариад ав” гэж хэлэхээр бид нар зугтаасан. Би ганцаараа өөр тийшээ зугтаасан. ...Яг цохихыг нь бол хараагүй, цохьчихлоо бариад аваарай гэхээр нь зугтаасан. Жамсрандорж бид 2 хоёр пиво уусан байсан. Эрүүл байсан. Жамсрандоржийн биед ил харагдах гэмтэл шарх учирсан талаар мэдэхгүй байна.” гэх /хх-12/,
гэрч А.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Мөнхсүлд бид хоёр дэлгүүрээс нэгж авчихаад цуг алхаад урд явж байгаа багш нарын араас явж байтал хэдэн залуучууд зөрөхдөө манай багш нарыг татаж чангаагаад маргаан үүсгэх гээд байсан. Мөнхсүлд бид хоёр очоод тэр залуучуудыг боль ингээд явцгаа, адилхан баярлах гэж байж гэсэн утгатай юм хэлэхэд нэг залуу нь бид нар руу дайраад байсан. Харин нэг нь хориглоод явья гээд байсан. Би хориглоод байсан залууг нь аваад явчих байлгүй гэж бодоод урагшаа түрүүлээд хоёр алхах үед ард Мөнхсүлд нөгөө залуучуудыг “та нар яваа" гэж хэлэхэд нь цохьчихсон. Тэгээд юу болов гээд эргээд хартал Мөнхсүлд шүдээ дараад миний шүд хугарчихлаа, бариад ав гээд нэгнээс нь барихад зугтаасан. ...Цагдаа нар Мөнхсүлдийг нөгөө залуутай нь хамт аваад явсан. Бид нараас “архи уусан уу” гэж асуухаар нь уугаагүй гэдгээ хэлсэн. ...Мөнхсүлд даруухан, зарчимч, илүү дутуу зангүй, хүнтэй муудалцана гэсэн асуудал байхгүй хүн. Мөнхсүлд хааяа нэг уух шаардлага гарсан баяр ёслолын үеэр уудаг. Ааш зан нь хэвээрээ байдаг, эрүүл согтуудаа яг адилхан.” гэх /хх-19-30/,
гэрч Л.Өнөрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Удалгүй Мөнхсүлдийн шүдийг цохьчихлоо гэхээр нь хойшоо эргээд хартал нөгөө банди нар пир хийгээд зугтаасан. Мөнхсүлд доошоо суучихсан байсан. Манай ажлын эрчүүд нөгөө залуучуудыг барих гээд хойноос нь тал тал тийшээ гүйсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй гайхаж зогсож байгаад гэрлүүгээ явсан.” гэх /хх-21-22/,
гэрч Ш.Пагамцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Сүлдээгийн шүдийг цохьчихлоо шүү дээ гээд нэг нь орилохоор нь Өнөрзаяа бид хоёр эргээд очих үөд бүгд зугтаагаад гүйчихсэн. Сүлдээ миний шүдийг цохьчихлоо шүү дээ гээд нөгөө хэд нь зугтаахаар нь араас нь гүйсэн.” гэх /хх-25-26/,
гэрч Х.Маналын мөрдөн байцаалтад өгсөн “...Монгол кино үйлдвэрийн хойд талын шар байрны орчим хэдэн залуучууд урд талаас ирж яваад зөрөхдөө Оюундалай, Дархан багш нарыг шүргээд хажуугаар гарсан. Тэгээд тэр залуучууд ард явж байсан Батбаатар бид хоёртой зөрөхдөө нэг залуу нь гараараа шүргээд гарахаар нь Батбаатар бид хоёр тэдгээр залуучуудад хандаж ‘хөөе яаж явцгаагаад байгаа юм бэ, замаа хараач” гэж хэлсэн чинь чигээрээ хойшоо өнгөрч яваад ард явж байсан багш Одхүү, Мөнхсүлд хоёртой муудалцахаар нь Батбаатар бид хоёр эргэж хараад очихын завдалгүй богино савхитай махлаг, шар царайтай залуу нь Мөнхсүлдийн нүүр рүү гараараа цохьсон. Бид хоёр яваад очиход Мөнхсүлд “шүд уначихлаа, наад залуучуудаа бариад аваачээ” гэж орилсон. Бид нар барих гэтэл тэр залуучууд зугтаагаад байрны ар талын харанхуй хэсэг рүү ороод гүйгээд алга болсон, араас нь хөөгөөд гүйцээгүй. ...Мөнхсүлдийн биед савхитай махлаг шар залуу нүүр рүү нь гараараа цохиод гэмтэл учруулсан.” гэх /хх-29-30/,
гэрч Л.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Урд талаас хэдэн залуу ирж явсан ба зөрөхдөө урд явж байсан Оюундалайг шүргээд зөрсөн. Тэгээд Манал багш бид хоёртой их ойрхон зөрж өнгөрсөн. Бид хоёроос зөрөөд хойно явсан Мөнхсүлд, Одхүү хоёртой шүргэлцээд маргалдаж харагдсан. Хойшоо хартал Менхсүлд, Одхүү хоёр тэр залучуудыг “ахын дүү нар зүгээр яваа” гэсэн юм яриад байсан. Нөгөө хэд нь чанга дуугаар янз бүрийн юм яриад маргаан үүсгээд байсан. Том биетэй залуу нь Мөнхсүлдийн нүүр рүү нь гараараа цохьсон. Мөнхсүлд цохиулаад доошоо тонгойгоод “миний шүд уначихлаа, наадуулаа бариад ав” гээд хашгирсан. Тэгэж хэлэхэд нөгөө залуучууд зугтаасан. Бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй.” гэх /хх-31/ мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3969 дүгээр дүгнэлт /хх-33/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь М.Жамсрандоржийг яллах үндэслэл болж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Жамсрандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Жамсрандоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Жамсрандоржид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч Л.Мөнхсүлд нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогч Л.Мөнхсүлд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Жамсрандоржоос 8.968.300 төгрөг нэхэмжилсэн /хх-135/ бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Л.Мөнхсүлдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой 774.800 төгрөгийн зардал /25.000 төгрөг хх136, 45500 төгрөг хх137, 55500 төгрөг хх138, 40000 төгрөг хх139, 15000 хх140, 48000 төгрөг хх141, 30500 төгрөг хх142, 10000 төгрөг хх143, 72300 төгрөг хх144, 52500 төгрөг хх145, 18000 төгрөг хх146, 300.000 төгрөг хх149, 27500 төгрөг хх150 дугаар тал/ гарсан болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Жамсрандорж нь хохирогч Л.Мөнхсүлдэд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хохирогч Л.Мөнхсүлд нь “Имплант шүд суулгах талаар судалж байна. Цалингийн зээлтэй учир яг хэзээ эмчлүүлэх нь тодорхойгүй байна. Эдгээр хүмүүсээс хохирлоо авч байж эмчлүүлэх хүсэлтэй, шүдний эмчилгээ хийлгэхдээ 1 сарын хугацаанд ажил хийх боломжгүй учир цалингүй чөлөө авах юм. Тэр хугацааны цалинг нэмж нэхэмжилнэ” гэж тайлбар гарган иплант шүд хийлгэх зардал, мөн тэр хугацааны цалинг гэм хорын хохиролд нэхэмжилж байх боловч шүүх ирээдүйд гарах эмчилгээний болон бусад зардлыг урьдчилан гаргах боломжгүй тул хохирогч Л.Мөнхсүлд нь цаашид гарсан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч Л.Мөнхсүлд нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар 300.000 төгрөг төлсөн нь /хх-149/ тогтоогдсон тул үлдэх хэсгийг шүүгдэгчээр төлүүлэх боломжгүй байна.
Шүүх шүүгдэгч М.Жамсрандоржийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Жамсрандорж нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Мөнхбатын Жамсрандоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Жамсрандоржид 3 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Жамсрандоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Жамсрандорж цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Л.Мөнхсүлд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан М.Жамсрандоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жамсрандоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ