Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1619

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

“Хас” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53 514 604 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр нар нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Хас” банктай 1330035697 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 31,2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлиийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах эд хөрөнгийг барьцаалуулсан.

Үүнд: 1.Баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000317604, Ү-2204031965 улсын бүртгэлийн дугаартай 66 м.кв талбайтай хувийн сууц, 2. Баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000322155, Ү-2204060268 улсын бүртгэлийн дугаартай 141 м.кв талбайтай хувийн сууц, 3. Баталгаат ипотекийн 1330035697-01 дугаар гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000267670, Г-2204013548 улсын бүртгэлийн дугаартай 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар.

Зээлдэгч М.Одгэрэл, хамтран зээлдэгч Г.Батбаяр нар нь 1330035697 дугаар гэрээний 3.2.1 дэх заалтын дагуу зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч биелүүлээгүй. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 134 хоногоор хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ нь 1330035697 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасан “зээлдэгч гэрээ болон баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн нөхцлийг хангаж байх тул тус гэрээний 5.1-д заасны дагуу зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр нарт зээлийн төлбөрөө төлөхийг сануулан шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1 дэх заалтын дагуу №1330035697 дугаар зээлийн гэрээг тус гэрээний 5.1, 5.1.1 дэх заалтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөр 47 830 753.42 төгрөг, хүү 5 541 168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 183 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 53 514 604.42 төгрөгийг зээлдэгч М.Одгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр нараас гаргуулж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг №1330035697 дугаар зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Одгэрэл шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 05 дугаар сард ОХУ-ын Тува улсын иргэнтэй хамтран бизнес хийх болсон тул яаралтай мөнгө шаардлагатай болж “Хас” банкнаас зээл авах хүсэлт гаргасан. “Хас” банк бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 31.2 хувийн хүүтэй олгох боломжтой гэсэн. Тухайн үед миний бие яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул банкны нийтэд зарласан хүүг судлалгүй зээлийн гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэлээ гардан авсны дараа судлан үзэхэд “Хас” банкны нийтэд мэдээллэсэн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү сарын 1,8-2,1 хувь байх ба бусад арилжааны банкны энэ төрлийн зээлийн хамгийн өндөр нь 27,6 хувь байсан. Иймд зээлийн хүүг жилийн 31.2 хувиар тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1330035697 дугаартай Зээлийн гэрээг 24 сарын хугацаагаар байгуулсан. Миний бие 2016 оны 6, 7 дугаар саруудын үндсэн төлбөр болон зээлийн хүүг гэрээнд заасны дагуу төлсөн ба хамтран ажиллахаар болсон Тува улсын иргэн миний 50 000 000 төгрөгийг арьс шир авч ирж өгнө гэж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй, нийлүүлэх ёстой бүтээгдэхүүнээ нийлүүлээгүйгээс 8, 9 сарын зээлийн үндсэн төлбөр, хүүгээ төлж чадаагүй. Мөн банкны зүгээс зээлээ төлөөгүй учраас гэрээг цуцалсан гэсэн тул 2016 оны 10, 11 дүгээр сарын төлбөрөө төлөөгүй. Гэвч миний бие зээлийн харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байсан ба гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг гаргаж байсан. Миний бие тус банкны нийтэд зарласан хүүгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчилэн байгуулж зээлийн үндсэн төлбөр, хүүг үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй байх ба өмнөх гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд хандсан тул шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийх болно. Хэрэв гэрээ цуцлагдсан тохиолдолд зах зээл дэх эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн хувь хэмжээг /жилийн 27.6/ хүртэл зээлийн хүүг буулгаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Г.Батбаяр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Миний бие зээлдэгч М.Одгэрэлийн авсан зээлд хамтран зээлдэгчээр орж 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1330035697 дугаартай Зээлийн гэрээг 24 сарын хугацаагаар байгуулсан. М.Одгэрэл нь хамтран ажиллагч Тува улсын иргэнээс мөнгөө авч чадаагүй учраас бизнес нь түр саатаж зээлээ 2 сараар хоцроосон гэж байсан. Харин банкны зүгээс зээлийн гэрээний эргэн төлөлт зохих ёсоор хийгдээгүй талаар надад хэлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсанд гайхаж байна. Мөн миний бие хариуцагч М.Одгэрэлийн тайлбарыг дэмжиж байна...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нараас 53 514 604 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас” банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000317604, Ү-2204031965 улсын бүртгэлийн дугаартай 66 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000322155, Ү-2204060268 улсын бүртгэлийн дугаартай 141 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, сургуулийн гудамж, 1503 тоот хаягт байршилтай ГД-000267670, Г-2204013548 улсын бүртгэлийн дугаартай 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нараас 425 523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас” банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх зээлийн гэрээний үүрэгт 53 949 104 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 20 500 төгрөг, нийт 53 514 604 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний зүгээс нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор холбогдох баримтыг цуглуулах, хуулийн шаардлага хангуулан гаргаж өгөхтэй холбоотой зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан нэг тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоо гарсан зардал буюу хохирол биш, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлж буй явдал гэж үзэж байх тул нотариатын үйлчилгээний хөлс 20 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч М.Одгэрэл, Г.Батбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 53 514 604 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

М.Одгэрэл, Г.Батбаяр нар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хас банктай 1330035697 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 365 хоногт 31.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1330035697 -01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талууд гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон, энэ нь зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэлд хамаарах талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох юм.

Түүнчлэн зээлдэгч тал зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэмэлт зардалд тодорхойлсон нотариатын хөлс 20 500 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд уг зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН