| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******ад холбогдох эрүүгийн 2132000000145 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт, *******,******* тоотод оршин суух, урьд өмнө нэг удаа ял шийтгүүлж байсан.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасамбуугийн Эрдэнэбат/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Орхироо гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн орчимд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4в, 3.5, 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж , зорчигч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Д******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Тиймээс дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2132000000145 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нөхөр Д*******ын хамт Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой хонинд явж байгаад онхолдсон. Түүнээс хойш ухаан алдаад Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаан орсон. ...Биеийн байдал гайгүй байгаа биед зовуурь гээд байх зүйл байхгүй байгаа. ...Д******* архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. ...Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Бүх зардлыг манай нөхрийн талаас гарч байгаа. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15-16 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 1 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 3-10 дугаар хуудас/
Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №001/36 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
3.1.Мустанг-5 маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Дураал овгийн Даваасамбуугийн Эрдэнэбат /Б391030719/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино". 3. Жолоочийн үүрэг. 3.4.в "мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ "Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэг тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх". 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно". 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1 "Жолооч тээврийн хэрэгсэл болон замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээрийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна". 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн.
2.2. Мустанг-5 маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Дураал овгийн Даваасамбуугийн Эрдэнэбат /Б391030719/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.в, 3.5, 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон.
2.4. Мустанг-5 маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Дураал овгийн Даваасамбуугийн Эрдэнэбат /Б391030719/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.в, 3.5, 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэж байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №242 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт: 1.*******ийн биед тархины эдийн няцрал хатуу хальсан дээрх цусан бүлэн, баруун хацар ясны цөмөрсөн, хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилт уналтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 46-47 дугаар хуудас/
Хохирогч *******ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 85 дугаар хуудас/
Шүүгдэгч Д*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/Хх-ийн 84 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/Хх-ийн 82 дугаар хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Д*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Охироо гэх газарт мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа онхолдож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4в, 3.5, 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******ийн өгсөн мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №242 дугаартай дүгнэлт/Хх-ийн 46-47 дугаар хуудас/, Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №001/36 дугаартай дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Д*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас иргэн *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байгаа нь шүүгдэгч өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, жолооч хүний самбаачлах ур чадвар, замын нөхцөл байдал, аюул саадтай байдал зэрэгт хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Г.Гантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Г.Гантуяагийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Д*******ын гэмт үйлдлийн улмаас үүссэн хор уршигт тооцох нь зүйтэй байна. Хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Гурав.Шүүгдэгч Д*******ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдэж, бусдын эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Д*******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Дураал овогт Даваасамбуугийн Эрдэнэбатыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06/зургаа/сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д*******ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Д*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг/жолоочийн эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй/баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ