Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 3533

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******,  37а байрны 73 тоот хаягт оршин суух, Бадамын О/*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                     

Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******,  37а байр, 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө, супер засвар хийсэн  орон сууцыг доторх тавилгын хамт 120.000.000 төгрөгөөр худалдах зар тавьсан боловч хамт ажилладаг Б.О худалдан авахаар болж түүнд 115.000.000 төгрөгөөр худалдсан.

Б.О нь Төрийн банкны эдийн засагчийг танина, орон сууцыг 86.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд зээл олгогдох юм байна гэсэн.

Тэгээд бид Баянзүрх дүүргийн тойргийн наториатч дээр орон сууцыг 86.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу тухайн үед түүнд итгэсэн. 

Б.О нь ипотекийн зээл гарсан гээд 60.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл  55.000.000 төгрөгийг өгөхгүй их удсан, гэхдээ удахгүй өгнө гэдэг байсан.

Ингээд түүний хүсэлтийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  55.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээг Б.О өөрийнхөө гараар бичсэн.

Үүнээс хойш тэрээр нэхүүлж байж 2016 онд 25.000.000 төгрөгийг 4 хувааж өгсөн, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй болно.

Түүнд орон сууцыг 115.000.000 төгрөгөөр худалдсан болохоос нөхөр Д.Б*******гийн нэр дээрх эзэмших эрхтэй гражийг худалдаагүй.

Тэр гражийг худалдахаар зар тавьсан байсан бөгөөд Б.О түүнийг  зарагдтал ашиглаж байя гэхээр нь түүнд ашиглахыг зөвшөөрсөн.

Хэрэв тэр орон сууцны гражийнх нь хамт худалдаж авсан гэвэл энэ талаарх баримтаа өгөх ёстой байх гэж бодож байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр дээрх үүргийг зээлийн гэрээгээр солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний дагуу түүнд 55.000.000 төгрөг өгөөгүй нь үнэн боловч өмнөх үүргээ энэ гэрээгээр солихыг Б.О өөрөө хүсч, өөрөө бичсэн тул хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрөхгүй.

Иймд Б.Огаас үлдэгдэл 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч алдангиас 5.000.000 төгрөгийг хасч, үлдэх 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч М.Шинэбаярын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.О нь зээлийн үндсэн  төлбөр 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 40.000.000 төгрөг болгон бууруулж байгаа боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Р.Огийн өмчлөлд байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******,  37а байрны 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө орон сууцыг тус хороолол дахь 38/б байрны хойд талд ертөнцийн зүгээр урагшаа харсан гражнуудын зүүн талаас гурав дахь тоосгон гражийн хамт 115.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Уг орон сууц, гражийн хамт худалдан авах 115.000.000  төгрөгний 60.000.000 төгрөгийг Төрийн банкнаас ипотекийн  зээл авч төлөх, үлдэгдэл 55.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хувааж төлөхөөр тохиролцсон.

Төрийн банк орон сууцыг 86.000.000 төгрөгөөр үнэлж, тухайн үнийн дүнгийн 70 хувь буюу 60.000.000 төгрөгийн ипотекийн зээл гаргах боломжтой гэсэн шийдвэр гаргасан.

Р.Отай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Алтайгаар баталгаажуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж ипотекийн зээл авах материал бүрдүүлж Төрийн банкинд өгсөн.

Төрийн банк дээрх хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, тус банкаас  60.000.000 төгрөгийн ипотекийн зээл авч 60.000.000 төгрөгийг Р.Од төлсөн.

Үлдэгдэл 55.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хувааж төлөх тохиролцоог ямар нэг хэлбэрээр хэлбэржүүлэхийн тулд 2015  оны 01дүгээр сарын 28-ны өдөр 55.000.000  төгрөг зээлдүүлсэн, зээлэн авсан байдлаар дүр үзүүлсэн “Зээлийн гэрээ” байгуулсан.

Энэ зээлийн гэрээгээр Р.Огаас 55.000.000 төгрөгийг миний бие түүнээс хүлээж аваагүй. 55.000.000 төгрөг зээлдэн авах хүсэл сонирхолгүй байсан учир Иргэний хуулийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, мөн хэсгийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тус тус заасны дагуу тус “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Бидний байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 4-д: “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодиттойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн  шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, ... үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу 55.000.000 төгрөгийг Р.Огаас ямар нэг байдлаар аваагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэдгийг зөвшөөрөхгүй.

Р.О нь 2016 оны 08 сард над руу яриад гражийг өөр хүнд зарах гэсэн юм гээд надаас нотлох баримт өгөөч гэсэн, 2016 оны 09 сараас эхлэн уг гражийн төлбөр миний нэр дээр нэхэгдэхгүй болсон. Граж нь Р.Огийн нөхөр Д.Б*******гийн нэр дээр эзэмших эрхтэй байсан, уг гражийг 2 жил эзэмшиж, ашиглаж байгаад буцаагаад өгчихсөн болохоор энэ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж бодоогүй. Учир нь хэлбэр төдий гэрээ гэдгийг мэдэж байсан учраас ач холбогдол өгөөгүй юм.

Дээрх орон сууцыг 86.000.000 төгрөгөөр, гражийг 29.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 2016.08 сард гражийг надад худалдахаа больж буцаан авсан учир худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг баталгаажуулж гэрээ байгуулснаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа болчихно гэж үзэхгүй байна. Харин үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөхөөр байсан бол хүү тохиролцох байсан.

Гражийг худалдах, худалдан авах талаар гэрээнд тусгаагүй. Зээлийн гэрээ байгуулагдах үед орон сууцны үнэнд 86.000.000 төгрөг, гражны үнэнд 29.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөг төлөхөөс 60.000.000 төгрөгийг төлчихсөн, үлдэгдэл 55.000.000 төгрөг байсантай маргахгүй байсан. Граж халаалтгүй байсан бөгөөд түүний хэмжээ юугаар барьсныг мэдэхгүй, ямар ч байсан миний машин багтдаг байсан. 

Зээлийн гэрээ байгуулснаас хойш 55.000.000 төгрөгөөс цувуулаад 25.000.000 төгрөг төлсөн.

Иймд Р.О нь гражаа буцаагаад авчихсан тул түүний зээлийн үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад алдангийн 5.000.000  төгрөгөөс татгалзаж  40.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгч Р.О нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Б*******тай хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204006995 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******, 37 а байр 73 тоот хаягт байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 86.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч Б.О нь орон сууцыг худалдан авах, төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

/хх-ийн 14 дүгээр тал/

 

Б.О нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк ХХК-тай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 60.000.000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалттай ашиглах “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулсны үндсэн дээр олгосон 60.000.000 төгрөгийг  Р.Од хүлээлгэн өгсөнтэй талууд маргаагүй.

 

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Р.О нь 55.000.000 төгрөгийг,  2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүйгээр Б.Од зээлдүүлэх,  зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр   төлүүлэх зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний зээлдүүлэгч талд Р.О,  зээлдэгч талд Б.О гарын үсэг зурсан байна.

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч Б.О нь орон сууцыг 86.000.000 төгрөг, гражийг 29.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан, үүнээс 85.000.000 төгрөг төлсөн, гражаа Р.О нь буцааж авсан, 55.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч  Р.Огийн бусадтай буюу Д.Б*******тэй хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2204006995 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******, 37 а байр 73 тоот хаягт байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.О нь 115.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээг Төрийн банк ХХК-иас олгогдох орон сууц худалдан авах зориулалтаар олгох зээлийн хэмжээгээр, тодруулбал 86.000.000 төгрөгийн хэмжээнд байгуулж, үүнээс 60.000.000 төгрөгийг Р.Од хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 55.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, *******, 38/б байрны хойд талд байрлах автомашины граж Д.Б*******гийн нэр дээр эзэмших эрхтэй байсан гэдэгтэй маргаагүй боловч хариуцагч Б.О нь уг гражийг 29.000.000 төгрөгт тооцон, дээрх орон сууцны хамт худалдан авсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.О нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд үүргийг өөрчлөх талаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгон шинэ буюу зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэсэнтэй нийцсэн ба өмнөх үүргийг дуусгавар болгосон байна.

 

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өмнөх үүргийн хэмжээг зээлийн гэрээний зүйл болгож, үүрэг биелүүлэх хугацаа, үүрэг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тухайн гэрээнд тусгасан ба зохигчдын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” нь зохигчийн хооронд мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх хэлцлийн шинжийг агуулжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг болон гэрээний гол нөхцлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс дүгнэхэд зээлдэгч буюу хариуцагч Б.О нь гэрээний зүйл мөнгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.О нь өмнөх гэрээний үүргээ сольсон зээлийн гэрээ 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсанаас хойших хугацаанд уг гэрээний үүрэгт 2016 онд 25.000.000 төгрөгийг 4 хувааж нэхэмжлэгч Р.Од төлсөн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

Зохигч дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан: ”Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагч Б.Огаас үндсэн зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Од олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Огаас үндсэн зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ