Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                  Д.Шинэбал

                        Шүүгдэгч                               Д.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Хосбаярт холбогдох 213200000094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ............... тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Дамдинжамцын Хосбаяр /РД:МР75122719/

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Хосбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагаас 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Т.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан жолоодож явсан машинаараа шүргэн хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хосбаяр мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  2132000000094 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Т.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын орчим Түнхэл тосгоны хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганбаатар миний гар утас руу залгаад "та манай хэсгийн байрны үүдэнд яваад очоодхооч, нэг согтуу хүн машины цонх хагалсан юм шиг байна. Би хэсгийн төлөөлөгчийн хамт Мандал суманд ажлаар ирсэн байна" гэж хэлэхээр нь би цагдаагийн хэсгийн байрны урд талын засмал зам дээр яваад очиход цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь шалгах гэтэл тухайн тээврийн хэрэгсэл гэнэт хөдлөөд намайг толь хэсгээрээ шүргээд хаазаа нэмээд давхиад явчихсан. Тухайн машин намайг шүргэх үед миний гар утас уг тээврийн хэрэгслийн дотор талд нь уначихсан юм. Тэгээд би ажлынхаа байран дээр буцаж очоод өөрийнхөө гар утас руу залгахад миний утсыг Д.Хосбаяр гэх хүн аваад намайг хэл үгээр доромжилсон. Тэгээд "би хоёр голын уулзвар дээр байна, ирээд гар утсаа ав" гэхээр нь өөрийнхөө машинтай явж очоод "амрыг эрье, та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ? би төмөр зам хариуцсан хэсгийн байцаагч байна" гэж өөрийгөө танилцуултал үгийн зөрүүгүй намайг тэвэрч аваад газар унагаагаад цамцнаас зуураад байхаар нь би гарыг нь тавиулах гэж нэлээн удаан зууралдсан. Тэгээд ноцолдож байх хоорондоо тухайн хүн миний зүүн талын шанаа хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Тэгж цохиж байхдаа "чиний цагдаа надад хамаагүй, чамайг зодсоор байгаад ална" гээд дайраад байсан. Тэгээд би тэр хүнээс арай гэж салаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Би ганцаараа түүнийг үнэхээр дийлэхгүй байсан болохоор аюулгүй байдлаа хангаад явсан. ...Мухар гудамжинд болсон болохоор ойр хавьд ямар нэг хүн байгаагүй. ...Би тэр Д.Хосбаяр гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Өөрийгөө хамгаалж нэлээн ноцолдсон. Би цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу хуулиар хүүлээсэн үүргээ биелүүлж тухайн иргэнд хууль ёсны шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан. Намайг эмнэлэгт үзүүлээд байж байхад хэсгийн төлөөлөгч, цагдаа нар Мандал сумаас ирээд тухайн иргэнийг хайж олоод Мандал сум руу хүргэж эрүүлжүүлсэн байсан. ...Гомдолтой байгаа" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч Б.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2021 оны 08 дугаар сарын 24-ний 18 цагийн орчимд Янжмаа гэх эмэгтэй дуудлага өгсөн, "миний машиныг Д.Хосбаяр аваад өгөхгүй байна, би танай цагдаагийн байрны гадаа байна" гэж хэлсэн. Би тухайн үед Мандал суманд ажилтай байсан тул Тээврийн цагдаагийн албаны Түнхэл өртөө хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Батхүү рүү утсаар яриад "та уг дуудлага мэдээллийг очоод шалгаад өгөөч" гэж хэлээд явуулсан. Удалгүй дэслэгч Т.Батхүү залгаад "намайг машинаар мөргөөд зугтчихлаа, мөргөх үед нь гар утас машин дотор нь уначихлаа" гэж хэлсэн. "Би одоо очиж байна" гэж хэлээд Түнхэл тосгон руу орж явтал Түнхэл тосгоны эмнэлгээс сувилагч Урнаа 96687579 дугаарын утаснаас залгаад "эмнэлэг дээр зодуулсан хүн ирлээ" гэж дэслэгч Б.Баясгалангийн 95331636 дугаарын утас руу залгаж мэдээлсэн. Тэгээд дэслэгч Б.Баясгалангийн хамт эмнэлэг дээр очиж Т.Батхүүгээс юу болсон талаар тодруулж асуухад "өөрийн утас руугаа залгаж үзэхэд Д.Хосбаяр гэх хүн аваад гол дээр ирээд утсаа ав" гэж хэлсэн, би яваад очтол миний гар утсыг надад өгөөд намайг боож ухаан алдуулж унагаагаад толгой дээрээс хэд хэдэн удаа дэвсэж өшиглөсөн, "чиний цагдаа байх чинь надад хамаагүй гэж хэлээд зодсон" гэж ярьсан. Тэгээд дэслэгч Б.Баясгалангын хамт дуудлагын дагуу очиж Д.Хосбаярыг олж аваад 21 цаг орчимд Мандал дахь сум дундын Цагдаагийн хэлтэс рүү хүргэж эрүүлжүүлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Б.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 08 дугаар сарын 24-ний 19 цагийн орчимд Түнхэл тосгоны эмнэлгээс 96687579 дугаарын утсаар жижүүр эмч нь залгаж "эмнэлэг дээр зодуулсан хүн ирлээ" гэж мэдээлсэн. Тухайн үед цагдаа Б.Ганбаатар бид хоёр Зүүнхараад ажлаар яваад буцаж Түнхэлд ирж байсан болохоор 20 минут орчмын дараа эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлэг дээр очоод цагдаагийн дэслэгч Т.Батхүүгээс юу болсон талаар тодруулж асуухад "Д.Хосбаяр гэх хүн намайг боож ухаан алдуулж унагаагаад толгой дээрээс хэд хэдэн удаа дэвсэж өшиглөсөн, чиний цагдаа байх чинь надад хамаагүй гэж хэлээд зодсон" гэж хэлж байсан. Тэгээд би дэд ахлагч Б.Ганбаатарын хамт дуудлагын дагуу очиж Д.Хосбаярыг олж аваад 21 цагийн орчимд Мандал дахь сум дундын цагдаагийн хэлтэс рүү хүргэж эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

          Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаартай дүгнэлтэд "1. Т.Батхүүгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн нүдний доод зовхины дотор хэсэг, зүүн хацар, уруулын зүүн доод хэсэг, хүзүүний ар хэсэг, хуруу, баруун зүүн гарын тохойн зулгаралт, 37, 46-р шүд хөдөлгөөнд орсон, баруун шанаа, эрүү, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмт нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал  сумын 5 дугаар багийн Түнхэл замчид 03 тоотод оршин суудаг тодорхойлолт /ХХ-ийн 40 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Хосбаярын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Д.Хосбаярыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Д.Хосбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагаас 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Т.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан жолоодож явсан машинаараа шүргэн хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Т.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчийн №187 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.Хосбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Т.Батхүү хохирол төлбөрт 460000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Хосбаяр нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

         Гурав.Шүүгдэгч Д.Хосбаярт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Хосбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагаас 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Т.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан жолоодож явсан машинаараа шүргэн хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Хосбаярын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Хосбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Хосбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаад.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Дамдинжамцын Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хосбаярыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хосбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Хосбаяр нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Д.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хосбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ