| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/02277/И |
| Дугаар | 2895 |
| Огноо | 2017-09-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Х-д холбогдох
11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2015 оны 04 дүгээр сард тариа, ногоо тарих газар хайх явцдаа иргэн П.Хтой таарч, тэр тухайгаа хэлсэн. Тэрээр “Э*******” ХХК-ийн нэр дээр улаан буудай тарих зориулалтаар авсан газар Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт байгаа гэсэн. Ингээд уг 1000 га газрыг 55,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, урьдчилгаа болох 20 хувь буюу 11,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн. Талуудын хооронд гэрээ байгуулах шаардлагатай хэмээн үзсэн тул Газар түрээслэх гэрээг иргэн П.Хтой 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Ингээд газар дээрээ очиж үзэхэд тариа тарих боломжгүй байсан тул уг газарт тариа тариалаагүй ба урьд өгсөн мөнгөө эгүүлэн авая гэхэд хойтон өөр аятайхан газар олж өгье гэхээр нь тухайн асуудлыг орхисон. Гэвч газар олж өгөөгүй ба мөнгийг эгүүлэн өгөөгүй тул түүнд өгсөн мөнгөө эгүүлэн авахаар хүсэлттэй байгаа тул хариуцагчаас 11,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. 11,000,000 төгрөг өгсөн талаарх баримт байхгүй, гэхдээ хариуцагч тал ямар ч байсан мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Э*******” ХХК-ийн нэр дээр улаан буудай тарих зориулалтаар авсан газар Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт байгаа 1000 га газрыг Д.Гд түрээслэхээр тохиролцсон боловч урьдчилгаа 20 хувь буюу 11,000,000 төгрөгийг аваагүй. Хэрвээ 11,000,000 төгрөг өгсөн бол хэзээ ямар нэртэй дансаар шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч Д.Г нь түрээсийн гэрээг байгуулахдаа үнийг 55,000,000 төгрөгөөр хийе, би Хятадуутай хамтрах гэж байгаа гэж хэлж тус гэрээг хийсэн. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг хийж урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Г нь гэрээ хийгээд ор сураггүй алга болон тариа ногоогоо ч тариагүй. Д.Г нь гэрээнийхээ үүргийг өөрөө биелүүлээгүй. ”Э*******” ХХК уг газрыг эзэмшдэг, гэрээг компанийг төлөөлж П.Х хийсэн тул иргэн П.Х хариуцах хууль зүйн үндэслэлгүй, тодорхой баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г хариуцагч П.Ход холбогдуулан “11,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “Э*******” ХХК-тай гэрээ байгуулсан, мөнгө аваагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
“Э*******” ХХК Төв аймгийн Угтаалцайдам сумын Өргөн намгаас Урд ятуут гэх газрын хооронд 378 м.кв, 398 м.кв, 397 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай улаан буудай тарих зориулалтаар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан “Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хуулбаруудаар тогтоогдож байна.
2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Э*******” ХХК-ийг төлөөлж П.Х, иргэн Д.Гтай газар түрээслэх гэрээ байгуулж түрээслүүлэгч тал болох “Э*******” ХХК Төв аймгийн Угтаалцайдам сумын Өргөн намагт байрлах өөрийн эзэмшлийн улаан буудай тарих зориулалттай газрыг Д.Гд тариалангийн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч тал болох Д.Г 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 га газрыг 55,000 төгрөг, нийт 1000 га газрыг 55,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талын ХААН банкны ******* тоот дансанд хийхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан газар түрээслүүлэх гэрээ, “Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хуулбаруудаар тогтоогдож байна.
“Э*******” ХХК-ийг төлөөлж П.Х гэрээг байгуулсан хэдий ч “Эргэл хатан хайрхан” ХХК иргэн Д.Г нарын хооронд байгуулагдсан газар түрээслэх гэрээний нэг талыг иргэн П.Х гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл иргэн П.Х, Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Эргэл хатан хайрхан” ХХК иргэн Д.Г нарын хооронд байгуулагдсан газар түрээслэх гэрээний үүргийг иргэн П.Х хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд газар түрээслэх гэрээний урьдчилгаанд төлсөн 11,000,000 төгрөг гаргуулах тухай П.Ход холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэн Д.Г “Э*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ход холбогдуулан гаргасан 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ