| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/04136/и |
| Дугаар | 3541 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 3541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Монгол овогт Х*******ын Б /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ... дугаар бүрэн дунд сургууль /РД:*******/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав /ШТ№1351/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигсүрэн, Х.Болортуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Даваажавын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2008 оны 08 дугаар сарын 25-нд анх багшаар ажилд орж, Эрүүл мэнд, Иргэний боловсролын багш, дотуур байрны багш зэрэг ажлыг хийж байгаад 2015 оноос эхлэн үндсэн мэргэжил болох Түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан.
2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр багшлах эрхийн үнэмлэх авах материалаа бүрдүүлэн БСШУС-ын яамны харъяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд өгсөн. Тэнцсэн багш нарын үнэмлэх 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гарна гэж байсан.
Сургуулиас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хичээлийн жил дуусах үед багшлах эрхийн үнэмлэхээ 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд авч ирэх шаардлагатай гэсэн мэдэгдэл өгсөн.
Би багшлах эрхийн үнэмлэх авах материалаа бүрдүүлж өгсөн, үнэмлэх 2017.08.20-ны өдөр хэвлэгдэж гарна гэдгийг сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж байсан. 2017.08.20-нд үнэмлэхээ авахаар багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр очсон боловч үнэмлэх хэвлэгдэх хугацаа хойшилж 2017 оны 09 дүгээр сарын эхээр тараагдах болсон гэдгийг надад мэдэгдсэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багш Х.Бд үнэмлэх гарах нь үнэн, мөн хэдийд үнэмлэх хэвлэгдэх талаарх мэдэгдлийг сургуулийн захиралд өгсөн боловч хүлээн аваагүй.
Гэтэл намайг 2017.08.25-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байснаа 2017.08.28-нд танилцуулсан.
Дээрх бүх асуудлыг захирал Н.Дулмаа сайн мэдэж байсан боловч үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа Х.Бг багшлах эрхийн үнэмлэхгүй байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлажээ. Гэтэл Х.Бгийн багшлах эрхийн үнэмлэх 2017.08.21-ний өдөр гарсаар байтал 2017.08.25-ны өдөр түүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй. Түүнчлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015.10.29-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээнд өөрчлөлт оруулах, сунгалт хийхээр аль нэг тал санаачлаагүй бол гэрээг тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцогдох ёстой. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан, мөн 2017.09.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн мөртлөө 2017.08.25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Сургуулийн дотоод журмын 7.1.1, 7.1.2-т ажилтныг ажилд авах асуудлыг зохицуулсан байтал ажлаас чөлөөлөхдөө энэ журмыг баримталсан нь үндэслэлгүй.
Иймд Баянзүрх дүүргийн ... дугаар сургуульд түүх нийгмийн ухааны багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017.08.28-ны өдрөөс 2017.11.07-ны өдөр хүртэлх хугацааны цалин 1.395.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн ... дугаар бүрэн дунд сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигсүрэн, Х.Болортуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Б нь Баянзүрх дүүргийн ... дугаар сургуульд 2008 оны 08 дугаар сарын 29-ний захирал /С.Э*******л/-ын 52 тоот тушаалаар Эрүүл мэнд, иргэний боловсролын багшаар анх ажилд орсон. Тэрээр селекц үрийн аж ахуйн агрономич мэргэжилтэй /багш биш/ ажилд орж 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн багшаар ажиллаж байгаад захирал Ж.Шараагийн В/28 тоот тушаалаар байрны багшаар томилогдсон байдаг.
2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 тоот тушаалаар Х.Бг байрны багшаас чөлөөлж нийгмийн ухааны багш Г.Гантуяагийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд ажиллуулж байгаад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдэх хуудас өгч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багшлах эрхгүй, хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Х.Б нь 2008 оноос эхлэн 9 жил багшлахдаа багшлах эрхгүй, багшийн наад захын мэдлэггүй, багшийн мэргэжил ур чадвар, ёс зүйгүй, өөрийгөө дайчлан сурч боловсрох эрмэлзэлгүй байгаагаас сурагчдын сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн. Энэ нь:
- Багшаар 9 жил ажиллахдаа багшлах эрх аваагүй, багшлах эрхийн шалгалт өгсөн ч тэнцээгүй,
- ХААИС-ийг селекц үрийн аж ахуйн агрономич мэргэжилтэй боловч багшаар ажиллаж байгаад 2013 онд “Гурван-Эрдэнэ” дээд сургуулийг түүх нийгмийн багш мэргэжлээр 1 жилээр сурч тухайн жилд бүтэн цалин авч ажиллан төгссөн ч өөр мэргэжлээс хэт олон цаг тооцон дүйцүүлсэн, дипломын судалсан багц цаг стандартаас олон, дипломын кредит, голч дүн зөрүүтэй, элссэн он cap тодорхойгүй, диплом дээрх захирлын гарын үсэг эргэлзээтэй /адил сургууль төгссөн багшийн дипломтой харьцуулав/,
- Нийслэлийн боловсролын газраас авсан мэргэжлийн шалгалтанд сургуулийнхаа мэргэжил нэгт 3 багшаас хамгийн сүүлийн байр эзлэн маш хангалтгүй дүн үзүүлсэн, дотоод хяналтын шалгалт, хөндлөнгийн үнэлгээгээр хичээл заасан ангийн сурагчид нь удаа дараалан хангалтгүй дүгнэгдэж байсан нь багшийн үндсэн ажил болох сургалтын стандарт хангаагүй,
- Бичиг баримтыг 44 багшаас шалгахад Х.Б сурагчдын дүнг буруу бичиж засварлан хохироосон нь БСШУЯ-ны сайдын 361 тоот тушаалыг зөрчсөн,
- Түүний зааж байсан нийгмийн ухааны хичээлийн стандарт унаж 2016 онд Элсэлтийн ерөнхий шалгалтаар дүүрэгтээ хамгийн доод оноог авч сүүлийн байранд жагсаж бусад багш нарын ажлыг доош татан сурагчдын сурч боловсрох ирээдүйн мэргэжлээ эзэмших эрхийг ноцтой зөрчсөн,
- Ажлын байран дээрээ багш ажилтантай зүй бус харилцсан талаар гомдол санал ирж байсан,
- Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөнөөс /гарын үсэг зурж хүлээн авсан /хойш 75 хоноход огт уулзаагүй асуудал тавиагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн,
- Хүний амьдрал учир ажилгүй болгохгүй хэмээн ойлгож сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, багшлах эрхийн шалгалтаа өгч багшлах эрх авах боломж олгон өөрийн нь хүсэлтээр нийгэм түүхийн багшаар 2 жил ажиллуулсан хэдий ч ямар ч ахиц өөрчлөлт гаргаагүй байдал зэрэг нь цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй үндэслэл болсон.
Тус сургуульд түр хугацаагаар ажиллаж байсан багш нарт мэдэгдэх хуудас өгдөг, Х.Бд 2017 оны 06 сард өгсөн.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т: “Багш нь багшлах эрхтэй байна”, 21.З-т: “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна” гэж заасан байдаг.
Гэтэл Х.Б нь багшлах эрхгүй байсан бөгөөд багшлах эрх авсан талаар бидэнд огт мэдэгдээгүй. Жирэмсний амралттай байсан Г.Гантуяа багш 2017.08.20-ны өдөр ажил олгогчтой уулзаад 2017.09.01-ний өдрөөс ажилдаа орно гэдгээ мэдэгдсэн, гэхдээ энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. ... дугаар сургуулийн захирал Н.Дулмаа 2014 оны 07 дугаар сард томилогдсон.
Иймд Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд холбогдуулан
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургууль нь Х.Бг ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт баримталсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Х.Б нь Баянзүрх дүүргийн ... дугаар сургуульд 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс Эрүүл мэндийн багшаар, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс байрны багшаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс түүх, нийгмийн ухааны багшаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, Х.Бгийн №0225001 тоот нийгмийн даатгалын дэвтэр, тус сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 тоот “Х.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийгмийн ухаан багшаар түр авч ажиллуулах тухай” тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 9-10, 21 дүгээр тал/
Ажил олгогч Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирал Н.Дулмаа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилтан Х.Бтай “Түүх, нийгмийн ухааны багш” ажлын байранд ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай, үндсэн цалинг 539.547 төгрөг, үр дүнгийн урамшуулал сард 10-15 хувиар тооцохоор тохиролцжээ.
/хх-ийн 22-23 дугаар тал/
Уг хөдөлмөрийн гэрээнд талууд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд Х.Бг Баянзүрх дүүргийн ... дугаар сургуульд түүх, нийгмийн ухааны багш ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд эрхэлж байсантай зохигч маргаагүй болно.
Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 тоот тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн дотоод журмын 7 дугаар хэсгийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн Х.Бг мөн өдрөөр тасалбар болгон багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
/хх-ийн 3 дугаар тал/
Ажил олгогч Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Х.Бг багшлах эрхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болж, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн, багшийн мэргэжил ур чадвар муу, ёс суртахууны доголдолтой, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
Х.Бтай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд тэрээр гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох хүртэлх хугацаанд дээрх гэрээнд талууд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд тэрээр гэрээгээр тохирсон ажлын байранд буюу түүх нийгмийн ухааны багш ажлыг эрхэлж байсантай зохигч маргасангүй.
Үүнээс үзэхэд гэрээний хугацаа дуусгавар болсон байхад Х.Б нь түүх, нийгмийн ухааны багш ажил үүргээ гүйцэтгэсээр байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох бөгөөд анх заасан хугацаагаар сунгагдсан гэрээг ажил олгогч нь гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Ажил олгогч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №102 тоот албан бичгээр: “Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1: “Багш нь багшлах эрхтэй байна гэж заасан. Та багшлах эрхгүй учир 2017 оны 09 дүгээр сарын 01-нйи өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах” мэдэгдлийг Х.Бд өгчээ.
/хх-ийн 4 дүгээр тал/
Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х.Бд багшлах эрхийн үнэмлэх олгосон, тус институтийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/238 тоот албан бичгээр багшлах эрх олгогдсон багш нарт эрхийн үнэмлэхийг хүргүүлэх талаар Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирал Н.Дулмаад мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 5, 11 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д: ”Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 37.1.3-т: ”хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, 38 дугаар зүйлийн 38.1-д: “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална”, 38.1.2-т: “ажил олгогч санаачилсан” гэж заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч, ажилтан нарын хооронд хугацаатай байгуулагдсан гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх ба гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн хугацаа болох 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “Багш нь багшлах эрхтэй байна” гэх шаардлага хангасан, тодруулбал Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон “Багшлах эрхийн үнэмлэх”-тэй ажилтан болох Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д: “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн ... дугаар сургууль нь ажилтан Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотолсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Х.Бг Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсний дагуу хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байна.
/хх-ийн 2 дугаар тал/
Нэхэмжлэгч Х.Бг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 1.395.000 төгрөг нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д: “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Бгийн нийгмийн даатгалын дэвтэр дэх 2017 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалинг тооцоход 749.563 төгрөгөөр тооцоход /749.563/ 22хоног=34.071 төгрөгх50хоног=1.703.550 төгрөг/ түүний нэхэмжлэлийн шаардлага 1.395.000 төгрөгөөс илүү гарахаар байх тул нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 1.395.000 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирал болон нягтлан бодогчид нэхэмжлэгч Х.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Бг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулиас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.395.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 37.270 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ