Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3297

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар    

Нэхэмжлэгч: П.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М. Б-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би М.Бтэй 2011 онд танилцаж улмаар гэр бүл болохоор тохиролцож 2016 оны  05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Энэ амьдралын хугацаанд 2012 онд хүү Б.Г, 2016 онд хүү С.Э нар төрсөн. Харин М.Б бид 2 хамт амьдрах хугацаандаа хоорондоо хэл амаа ойлголцож амьдарсаар ирсэн боловч М.Бд 2 дахь хүүхэдтэй болсон тухайгаа хэлснээс хойш дургүйцэж хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, эд хөрөнгө эвдэж танхайрах зэрэг ааш араншин гаргадаг болсноос цаашид хамтран амьдрах бололцоогүй болсон. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч байна.

Иймээс хүү Б.Гэрэлтөр, С.Энхтөр нарын эцгээр М.Бг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.С хариуцагч М.Бд холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Бд 2017 оны 6  дугаар сарын 16-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч М.Б, нэхэмжлэгч П.С нарын дундаас 2012 оны 06 дугаар сарын 22-нд хүү Б.Г, 2016 оны 8 дугаар сарын 5-нд хүү С.Э нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

2012 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн хүү Б.Г, 2016 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн хүү С.Э нар М.Бгийн хүүхдүүд мөн болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8652 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Б.Г, С.Э нарын эцэг М.Б болохыг тогтоох нь зүйтэй.     

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд 2012 оны 6 дугаар сарын 22-нд төрсөн хүү Б.Г, 2016 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн хүү С.Э нарыг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу М.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 50,528 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 сарын 6-ны өдрийн А/13 тоот тушаалаар 2017 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185,300 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч М.Бд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түүний оршин суух Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Цагаан хуаран хотхон 86б-136 тоот хаягаар хүргүүлэхэд “заасан хаяг дээр ийм хүн бахгүй” гэх хариу ирсэн учраас түүний 88751282 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 22-нд төрсөн хүү Б.Г /РД:УО12262293/, 2016 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн хүү С.Э /РД:УО16280551/-ийн эцгээр М.Б /РД:ЧГ71081374/-г тогтоосугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү Б.Г, С.Э нарыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Бгээр тэжээн тэтгүүлсүгэй.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 120,728 төгрөгийг гаргуулан, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч П.Сд олгож, үлдэх 50,528 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭЦЭГ