Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1563

 

2018.11.19

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч С.Энх-эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ядамын Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0436 41213 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Ядамын Я.Б, 1964 оны 09 дүгээр сарын 02-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай,эмэгтэй,бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг 5-р баг *********** тоотод оршин суудаг, Дархан-Уул аймгийн, Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 –д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,/РД:***************/,

Шүүгдэгч Я.Б  нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 4-1645 тоот хашаанд орших иргэн Д.Амарзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйл хугайлан авч,  601.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-2018 оны  05 дугаар сарын 16 –ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худагийн задгайд орших П.Уламбаярын монгол гэрт хууль бусаар нэвтэрч,хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг,

-2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,Булгачины 18-318 тоотод оршин суух иргэн Г.Бэгэрмижидийн гэрээс манан хөөрөг, мөнгөн эмээлийн хэрэгсэл, эмчилгээний тос, эмэгтэй булган малгай, мөнгөн бүс хулгайд алдагдаж нийт 875.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг,

-2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1Б-2006  тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу иргэн Б.Нямаагийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч гуулин очир, гуулин хонх хулгайлан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Я.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өдий насны хүн ийм хэрэг үйлдээд шүүх дээр зогсож байгаадаа маш их харамсаж байна. Надад хүний нүүр харах ч хэцүү байна. Хуульд заасны дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...2018 оны 05-р сарын 16-ны өдөр би эхний байшинтай айлын цонхоор орж хөөрөг, даалин, цагаан зэс аяга авч торонд хийчихээд тэр хашаанаас гарч урд талын задгай хашаанд нь ортол гэрийн цоож нь зүгээр зүүлттэй монгол гэр байсан. Би цоожийг авч газар хаячихаад гэрт ороод ширээн дээр байсан эмэгтэй хүүхдийн бугуйн  цаг байхаар нь  авахгээд үзээд зогсож байтал гэрийн эзэн нь ороод ирсэн. Би цагийг нь өгөөд гарах гэтэл гэрийн эзэд нь цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлэг. /хх-12-13/,

Хохирогч, П.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09:20 минутын орчим гэрээсээ аав, ээж дүү нарын хамтаар гарсан... буцаж гэр лүү очсон чинь манай гэрт хулгайч орчихсон гэрээс гарч ирж байхаар нь манай дүү, ээж, аав нар тэр хүнийг барьж цагдаад дуудлага өгсөн юм...”гэх мэдүүлэг. /хх-8-9/,

Хохирогч Д.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө би хүүхдээ эмнэлэгт үзүүлэх санаатай 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тэгээд эмнэлэг орчихоод гэртээ 12 цаг өнгөрч байхад иртэл байшингийн цонхоор хулгай орчихсон байсан. ..алдагдсан эд зүйлсийг бүгдийг буцаан авсан...” гэх мэдүүлэг. /хх-33-34/   

Хохирогч Г.Бэгэрмижид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай  гэрээс манай гэрээс  миний эхнэрийн болон эд зүйлсүүд хулгайд алдагдсан... Хулгайч тэр даруйдаа манай хүргэн Мэндээд баригдаад хулгай хийсэн эд зүйлээ авч гарах гэж байхад нь бариад цагдаад хүлээлгэн өгсөн байсан...” гэх мэдүүлэг. /хх-130-132/ 

Гэрч Н.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны  05 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим  өөрийн хадамын хашааны хажуугаар гэртээ очихоор явж байхад хашааны завсраар гэр нь цоожгүй онгорхой харагдахаар нь очоод шалгасан чинь гэр нь онгорхой, 2 авдар дотор байсан юмнуудыг  нь  гаргаад тавьсан байсан. Би гэрээс гартал хар өнгийн торон цамцтай,саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар нүдний шил зүүсэн 55-60 насны эмэгтэй хүн хар өнгийн үүргэвч бариад явж байсан,тэгэхээр нь араас нь очсон чинь хашааны буланд суугаад цүнхтэй эд зүйлээ үзээд сууж байсан.Би очоод асуусан чинь сандраад худлаа яриад байсан. Би тэр хүнийг хадамын гэрт дагуулаад очсон чинь “битгий цагдаад хэлээрэй, эгч нь чамд мөнгө өгнө” гээд байсан. Би шууд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-135/

Хохирогч Б.Нямаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018  оны 06 дугаар сарын 04-ний өдөр...манай гэрийн цоожийг эвдэж гэрийн хойд талд байсан бурхан тахилын хэсгээс дээр үеийн гуулин очир 50.000 төгрөг,мөн гуулин хонх 1 ширхэг 50.000 төгрөг .Би энэ хоёрыг хамтад нь аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-166/   тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Прокуророос Я.Бг 2018 оны  05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худагийн задгайд орших П.Уламбаярын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь хүн байнга амьдрах байранд хууль бусаар нэвтэрснээр уг үйлдэл төгссөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

Мөн прокуророос шүүгдэгч Я.Бгийн үйлдсэн 4 удаагийн үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 4-1645 тоот хашаанд орших иргэн Д.Амарзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйл хугайлан авч,  601.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2018 оны  05 дугаар сарын 16 –ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худагийн задгайд орших П.Уламбаярын монгол гэрт хууль бусаар нэвтэрч,хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд хууль бусаар нэвтэрсэн болох нь,

-2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,Булгачины 18-318 тоотод оршин суух иргэн Г.Бэгэрмижидийн гэрээс манан хөөрөг, мөнгөн эмээлийн хэрэгсэл, эмчилгээний тос, эмэгтэй булган малгай, мөнгөн бүс хулгайд алдагдаж нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1Б-2006  тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу иргэн Б.Нямаагийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч гуулин очир, гуулин хонх хулгайлан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан   болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 3 ба түүнээс дээш удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон боловч дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого нь амьдралын эх үүсвэр болсон гэж шүүх үзээгүй болно.

Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Я.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Я.Бгийн 4-н удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Я.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Я.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Я.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР