Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1641

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Н.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Баяраагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Батболдод холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 709 549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эгиймаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Нямжав

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Батболд нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөгийг Н.Баяраагаас зээлэхээр тохиролцон түүний эзэмшлийн Мобикомын 99114901 дугаарыг “Есөн шижир” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан үндсэн мөнгө, зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсоны дагуу Н.Баяраа утасны дугаараа барьцаалан “Есөн Шижир” ХХК-иас зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 8 000 000 төгрөгөө Б.Батболдод хүлээлгэн өгсөн. Б.Батболд нь 8 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд талууд дээрх тохиролцоог бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч 7 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд бичгээр хийсэн зээлийн гэрээгээр түүний 8 000 000 төгрөг авсан нь тогтоогдоно. Б.Батболд зээлээс тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан боловч зээл, түүний хүүг төлөхгүй байснаас Н.Баяраа үндсэн зээл, хүү, алдангийн хамт 10 709 549 төгрөгийг “Есөн Шижир” ХХК-д төлсний эцэст утасныхаа дугаарыг буцаан авсан. Талууд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж, Б.Батболд нь 10 709 549 төгрөгийг Н.Баяраад буцаан өгөх талаар баримт үйлдсэн. Шүүхэд Б.Батболдоос үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү, алданги 2 709 549 төгрөг, нийт 10 709 549 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсныг үндсэн зээл 4 370 747 төгрөг, хүү 3 830 668 төгрөг, алданги төлсөн хохиролд 2 508 134 төгрөг, нийт 10 709 549 төгрөг гаргуулах болгон тодруулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.Баяраа нь өөрт учирсан хохирлоо Б.Батболдоос шаардах эрхтэй. Хүү төлж хохирсон хохирол нь 2 759 489 төгрөг, алдангид төлсөн хохирол нь 3 129 027 төгрөг, бусад зардалд төлсөн хохирол нь 295 428 төгрөг, нийт 6 183 944 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Н.Баяраа нь “Есөн Шижир” ХХК-д хүү, алданги төлснийг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4, 232 дугаар зүйлийн 232.7, 222 дугаар зүйлийн 222.7-д заасны дагуу хохирол гэж үзэж байгаа учир хариуцагч Б.Батболдоос үндсэн зээл, хүү, хохирол нэхэмжлэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Батболдоос үндсэн зээл 2 249 000 төгрөг, зээлийн хүү 2 276 605 төгрөг, хохирол 6 183 944 төгрөг, нийт 10 709 549 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баяраад гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Б.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Л.Азжаргалын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Баяраагийн 10 709 549 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз нөхдийн хувиар 8 000 000 төгрөг зээлж авсан. Н.Баяраатай 8 000 000 төгрөгийг, хүүг сар бүр төлж, авсан зээлээ бүрэн төлж барагдуулахаар 6 сарын хугацаатай тохиролцсон. Ингэхдээ хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд алданги төлөхөөр бичгээр хийсэн хэлцэл байхгүй. Уг мөнгөнөөс өөрийн “Хаан” банкны дансаар 4 000 000 төгрөг 1 удаа, 851 000 төгрөг 1 удаа, 500 000 төгрөг 1 удаа, 400 000 төгрөг 1 удаа, нийт 5 751 000 төгрөг шилжүүлсэн. Н.Баяраад мөнгийг чинь өгье гэж хэлэхэд энэ данс руу хий гээд дансны дугаар өгсний дагуу дээрх мөнгийг хийсэн, түүнээс биш бидний хооронд “Есөн Шижир” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг бүрэн хариуцаж төлнө гэдэг тохиролцоо хийгдээгүй. Н.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх нэхэмжлэл гаргахдаа зээлж авсан 8 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангид 2 709 549 төгрөг, нийт 10 709 549 төгрөг нэхэмжлээд байсан. Гэтэл одоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрчлөгдөж орж ирэхээрээ үндсэн зээл 2 249 000 төгрөг, зээлийн хүү 2 276 605 төгрөг, хохирол 6 183 944 төгрөг, нийт 10 709 549 төгрөг гэж нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Н.Баяраа, “Есөн Шижир” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бол тэдний хооронд хийгдсэн бие даасан хэлцэл бөгөөд тэрхүү гэрээгээр Н.Баяраагийн хүлээсэн үүргийг миний бие хариуцах ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хохирол, алданги, хүү тооцохоор шаардаж байгаа юм бол зээлийг ашигласан хугацаа болон төлбөл зохих төлбөрийг нарийвчлан гаргаж нотлох ёстой. Хэрэгт авагдсан эдгээр баримтаар хэн нь хэзээ хэдэн төгрөг хэрхэн шилжүүлсэн болох, шилжүүлсэн мөнгөнөөс хэдэн төгрөгийг үндсэн зээл, хүү, алдангид суутгаж тооцсон нь тодорхойгүйгээс гадна эргэн төлөлтийн баримтад 2 өөр үнийн дүн бичигдсэн, алданги, хүү гэж 2 өөрөөр тодорхойлсон байна. Тийм учраас талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Н.Баяраагийн үндсэн зээл 2 249 000 төгрөг, зээлийн хүү 2 276 605 төгрөг, хохирол 6 183 944 төгрөг, нийт 10 709 549 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 649 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Б.Батболдоос 4 649 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баяраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 060 549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 89334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баяраад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн зөв тодорхойлоогүйгээс хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, нөхцөл байдлыг зөрүүтэйгээр дүгнэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна.

...Шүүх гэрээний хугацааны талаар зөрүүтэй дүгнэлтийг хийсэн ба зээлийн гэрээ ёсоор Б.Батболд нь 2015 оны 03 дугаар сарын 24-нд зээлийн хүүг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл 2 cap гаруй хугацааны дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 851 000 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг хүүнд, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөгийг хүүнд, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөгийг 99114901 дугаарын зээлийн төлбөрт хэмээн шилжүүлж нийт 5 751 000 төгрөгийг “Есөн шижир” ХХК-ийн “Хаан” банкны 5007882444 тоот дансанд шилжүүлсэн нь Б.Батболдын “Хаан” банкны дансны хуулгаар нотлогдсон. Үүнээс харахад Б.Батболд нь Н.Баяраатай байгуулсан зээлийн гэрээнийхээ үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар болон анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон билээ.

...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал,-ыг хохиролд тооцно” гэж заасны дагуу Б.Батболд нь Н.Баяраатай байгуулсан зээлийн гэрээнийхээ үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс Н.Баяраа нь “Есөн шижир” ХХК-д илүү төлсөн хүү, алданги нь хохиролд тооцогдох юм. “Есөн шижир” ХХК-ийн орлогын ордер болон зээл эргэн төлөлтийн хүснэгтээр хохироп нь бодитой учирсан гэдэг нь нотлогдож байгаа билээ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.”, 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна. Шүүх хохирлын талаар хэрхэн үнэлж, дүгнэсэн талаараа огт тусгаагүй атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг барьж нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Иймд Н.Баяраа нь “Есөн шижир” ХХК-иас 8 000 000 төгрөгийг авч Б.Батболдод дамжуулан зээлдүүлсний улмаас өөрт учирсан хохирол болох 5 765 121 төгрөг хариуцагчаас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч Н.Баяраа нь хариуцагч Б.Батболдод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 709 549 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжилж, хариуцагч Б.Батболд нэхэмжлэлийн шаардлагаас 4 649 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ0400150026 дугартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Н.Баяраа нь хариуцагч Б.Батболдод 8 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгсөн, авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

            Хариуцагч Б.Батболд нь дээрх гэрээний үүргийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 851 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н.Баяраагийн даалгасны дагуу “Есөн шижир” ХХК-ийн 500 788 2444 тоот дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баритуудаар тогтоогдсон байна.

            Дээрх байдлуудаас дүгнэж үзвэл хариуцагч Б.Батболд нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлсэн 8 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд 10 400 000 төгрөгийг Н.Баяраад төлөх үүргээс 5 751 000 төгрөгийг биелүүлсэн бөгөөд үлдэх 4 649 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч хохиролд 6 183 944 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “Есөн шижир” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги төлж хохирсон гэх тайлбар нь үндэслэл муутай байна.

            Нэхэмжлэгч Н.Баяраа нь “Есөн шижир” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус компанид өөрийн эзэмшлийн 99114901 дугаарыг барьцаалан 8 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаагаар зээлж, гэрээний нөхцөлд сарын эцэст зээлийн хугацааг сунгах тохиолдолд зээлийн хүүг, ярианы төлбөр төлсөн баримтын хамт авч ирсэн тохиолдолд сунгагдсанд тооцох, тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан байх ба энэ харилцаа нь зохигчдын хоорондын байгуулсан гэрээний үүрэгтэй хамаарахгүй.

Хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгч Н.Баяраа болон “Есөн шижир” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнөөс гүйцэтгэхээр тохиролцсон тохиролцоо хэрэгт баримтаар авагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч тал “Есөн шижир” ХХК-д зээлийн хүү, алданги төлж хохирсон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж зээл, зээлийн хүүд хариуцагчаас 4 649 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн тооцоолол зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 192 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

Д.ЦОГТСАЙХАН