Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2810

 

 

 

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/02810

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э-ын гаргасан,

 

Хариуцагч: Ү-д холбогдох,

 

3,223,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Э-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Зохигчид 2007 оноос эхлэн гоо сайхны бараа зээлээр худалдах, худалдан авах байдлаар хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд БНСУ-аас гоо сайхны бараа авчирж, хариуцагчид өгч, хожим төлбөрийг авдаг байсан.

 

            Ингэж ажиллаж байгаад талууд 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өмнөх авлагуудын талаар харилцан тооцоо нийлж, нийт 3,223,100.00 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг харилцан баталгаажуулсан байдаг.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 300,000.00 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөхгүй удаасан тул түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээж аваагүй ба нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 4,811,000.00 төгрөг байснаас ийнхүү 3,223,100.00 төгрөг төлөгдөөгүй.

 

            Хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2,550,000.00 төгрөгийн барааг доголдолтой гэсэн үндэслэлээр буцаан өгсөн гэдэг боловч ийм хэмжээний барааг огт буцааж өгөөгүй, өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч тал энэ тухай хариуцагчид шаардлага тавьж, хэрэв зарагдахгүй байгаа бол буцаан авч, цагаан сарын бэлэг дурсгал болгох тухай хэлж байсан удаатай.

 

            Тухайн баримтад бичсэнээр талуудын хооронд өмнө нь өөр авлага байсан боловч яг хэзээ ямар хэмжээний авлага, өглөгтэй гэдгийг тодорхой бичээгүй, олон жил өнгөрсөн тул нэхэмжлэгч тал зарим зүйлээ санахгүй байгаа ч надад ийм хэмжээний авлага байгаа гэсэн.

 

            Иймд, хариуцагч П.Үаас худалдан авсан барааны дутуу төлбөр 3,223,100.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч П.Ү тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Талууд 2011 оны 08 дугаар сард гоо сайхны бараа худалдах, худалдан авах тухай хэлцлийг амаар хийж, нийт 4,811,000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг хожим төлөх нөхцлөөр хариуцагч тал авсан бөгөөд үүнээс 2,550,000.00 төгрөгийн барааг доголдолтой гэсэн үндэслэлээр буцаан өгсөн байдаг. Ер нь талууд 2008 оноос хойш ийм хэлбэрээр хамтран ажиллаж ирсэн ба хариуцагч тал төлбөрийг ойролцоогоор 1 сарын дотор төлдөг байсан.

 

Ингээд хариуцагч тал үлдэх 2,261,000.00 төгрөгөөс 700,000.00 төгрөг болон 300,000.00 төгрөгийг тус тус төлж, 1,261,000.00 төгрөг төлөх үүрэгтэй үлдсэн боловч 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул худалдааны төвд гал гарсны улмаас тухайн зээлээр авсан бараа бүтээгдэхүүнүүд бүгд шатсан.

 

Хэрэгт авагдсан зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангахгүй байгаагаас гадна талууд үүнийг хэзээ, хаана хэрхэн үйлдсэн эсэх нь тодорхойгүй, өнөөдрийн байдлаар хичнээн төгрөгийн өр, авлага байгааг шууд нотлохгүй байна.

 

Хариуцагчийн хувьд хэдийгээр 1,261,000.00 төгрөгийг төлөх үүрэг үлдсэн ч 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 6 жил өнгөрсөн байх тул Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзаж байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Эгаас хариуцагч П.Үад холбогдуулан 3,223,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 2011 оны 08 дугаар сард нийт 4,811,000.00 төгрөгийн үнэтэй гоо сайхны барааг хожим төлбөрийг төлөх нөхцлөөр худалдах, худалдан авахаар амаар тохирчээ. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Эаас хариуцагч П.Үад 4,811,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний үнийг шууд төлөх бус харин тодорхой хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Хэдийгээр талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэхүү хэлцлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн тайлбарлаж буй боловч тухайн тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Учир нь, зохигчид тухайн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон байх боловч зөвхөн гэрээний зүйл болсон гоо сайхны бүтээгдэхүүний худалдах шууд үнийг ийнхүү төлөх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй,  гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.

 

Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан ажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар бус харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид гэрээний зүйл болсон 4,811,000.00 төгрөгийн үнэтэй гоо сайхны барааг хүлээн авсан эсэх талаар маргаагүй ба гагцхүү 2,550,000.00 төгрөгийн барааг доголдолтой гэсэн үндэслэлээр буцаан өгсөн болон гэрээний үлдэх төлбөр 3,223,100.00 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж мөн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж түүнчлэн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулан хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болсон 3,223,100.00 төгрөгийг хүлээн аваагүй гэх, хариуцагчийн зүгээс 2,550,000.00 төгрөгийн барааг буцаасан болон 1,261,000.00 төгрөгийг л төлөх үүрэгтэй гэдгээ тус тус нотлох ёстой юм.

 

Гэвч нэхэмжлэгч тал хариуцагчид хүлээлгэн өгсөн барааны төлбөрт 3,223,100.00 төгрөгийг хүлээн аваагүй гэх үйл баримтыг нотлохгүй байгаагаас гадна хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гол баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна /х.х-ийн 3-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй................... судалж болно” гэж заасан ба талуудын хооронд өглөг, авлагатай гэх тухайн  баримтыг хэн хөтөлсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шаардах, хариуцагчийн төлөх дүн илэрхий бус байгаагаас гадна засварласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж мөн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заажээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар талууд 2011 оны 08 дугаар сард 4,811,000.00 төгрөгийн үнэтэй гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн талаар маргахгүй байгаа ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 1,261,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан. Тодруулбал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх юм.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Э нь 2011 оны 08 дугаар сард хариуцагч П.Үад 4,811,000.00 төгрөгийн үнэтэй гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд үнийг нэхэмжлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурьдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Эын хувьд хариуцагч П.Үад худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг түүнээс буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг талуудын шүүх хуралдаанд гаргасан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 300,000.00 төгрөг төлснөөс хойш төлөөгүй гэсэн тайлбарыг үндэслэвэл хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 08 дугаар сард дууссан ажээ.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан ба тус хуулийн 82.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах дээр дурьдсан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг.

 

Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгээгүй, хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байгааг тус тус үндэслэн шүүхээс энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эын гаргасан хариуцагч П.Үад холбогдох 3,223,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,600.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР