Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.А********,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д********гийн А********д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Д.А******** нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25А-06 тоотод хамтран амьдрагч Ц.Б********тай маргалдаж түүний бие махбодид зүүн шуу ясны далд хугарал, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А******** нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25А-06 тоотод хамтран амьдрагч Ц.Б********ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 шүүгдэгч Д.А********ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Б******** намайг хөдөө явах гэж байхад дөрвөн дугуй чинь дээшээ хараг гэж хараасан би үүнд маш их эмзэглээд уурандаа хөлөөрөө хавсараад газарт унагаасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Б********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…А******** гараараа миний нүүр рүү нэг удаа мангасдсан. Би хашааны хаалгаар А********ийг түлхээд гартал А******** намайг барьж аваад газарт хоёр удаа унагаасан. Газарт унахад зүүн гар маань их өвдсөн. Тэгээд маргааш нь эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна гэсэн... Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ[1]ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Б******** гэдэг хүний гар нь зүүн шуу яс хугарамтгай хэсгээр хөндлөн хугарсан, зөрөөгүй үе хоорондын зай бага зэрэг нарийссан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Гэрт хоорондоо хэрэлдээд байгаа бололтой дуу гараад байсан. Тэгж байтал А******** гэрээсээ гараад ирсэн. Араас нь эхнэр нь гарч ирээд дөрвөн дугуй чинь дээшээ хар гэх мэтээр харааж байснаа гартаа том чулуу барьж аваад машины урд зогсоод байсан. Тэгтэл А******** машинаасаа буугаад эхнэрээ хавсараад газарт унагаасан. Тэгэхэд эхнэр нь миний гар болохоо байчлаа гээд байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Ч.Б********ын биед үзлэг хийхэд зүүн гарын бугалганы дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлөгнөн боолттой байсан. Үзлэг оншилгоо болон рентген зургийг үндэслэж зүүн шуу ясны далд хугарал гэж дүгнэлтийг гаргасан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 624 дугаартай дүгнэлтэд: 1. Ч.Б********ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.Б********ын биед зүүн шуу ясны далд хугарал, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Б******** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Хохирогч Ч.Б******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шошилог Д********гийн А********ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д********гийн А********ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.А********д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.А********д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Д.А********ийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А********д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР