Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/332

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

                        улсын яллагч Н.Анхбаяр,

                        шинжээч Б.Гомбосүрэн

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэн

            шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч О.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт У.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000154 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:      

...........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч У.Г  нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэр урлалын коллежийн баруун талын замд Тоуота Succeed маркийн 78-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бурмааг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч талтай хохирол төлөх талаар гэрээ хийсэн, үлдсэн төлбөр болох 2.700.000 төгрөг дутуу байгаа энэ төлбөрийг төлж барагдуулна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад би И.Оюунгэрэлийн эзэмшилд байдаг шаргал өнгийн Тоуоtа Suссееd маркийн 78-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Шар хадны эцсээс гэрлүүгээ харих зорилгоор явж байтал замын хажууд нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсож машиныхаа арын суудалд суулгатал Дэнжийн мянга явна гэж хэлэхээр нь тухайн хүнийг хүргэж өгөх гээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг Үйлдвэрлэл урлалын коллежийн уулзвараар хойшоогоо эргэж ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 орчим км/ц-ийн хурдтай явж байсан чинь миний баруун гар талаас буюу зүүнээсээ баруун чиглэлтэй гэнэт нэг хүн тулж гарч ирэхэд нь зайлуулж гаргах зорилгоор зүүн гар тал руугаа дараад тоормосоо гишгэсэн боловч амжилгүй машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд би машинаас буугаад өөрийнхөө 99290318 гэсэн дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Улмаар эхэлж түргэн тусламжийн машин ирж машинаас эмч нь бууж ирээд тэр хүнийг үзээд өөд болсон байна гэж хэлээд байж байтал цагдаа нар ирж ослын газарт хэмжилт хэргийн газрын үзлэг хийсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-141-142/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн хэрэг гардаг өдөр миний хөгшин ажилтай байсан. “Тоёото авто сервис” засварын газарт харуул хийдэг байсан. Энэ байгууллагад ороод 3 жил 6 сар ажиллаж байсан. Орой намайг талийгаач руу утсаар залгахад цоо эрүүл байсан. Захирлын яриагаар талийгаачаас та архи уусан уу гэж асуухад инээгээд байсан талаар хэлсэн. Бид нар маргааш өдөр 12 цагт болсон асуудлын талаар мэдсэн. Талийгаач 21 метр газарт шидэгдсэн, 2 дахь удаагаа шинжээч газар дээр шинжилгээ хийлгэхэд би хамт очсон. Шүүгдэгчийн машины шил хагарч копут нь хонхойсон байсан. Яахаараа 50.3 км/ц хурдтай явсан машин тийм хол газарт шидсэнийг гайхаж байна.  Талийгаачийг архи уусан байсан гэж захирал хэлсэн. Талийгаачийг өөрийгөө авч явах чадваргүй гэж дүгнэлт гарсан байсан. Миний нөхөр батлан хамгаалах яаманд тусгай албан тушаал хашдаг байсан. Өөрийгөө хаана яаж зөв авч явахаа мэддэг чадвартай бэлтгэл хурандаа хүн байсан. Би гомдолтой, шүүгдэгч санаатай дайрч алаагүй, анхаарал болгоомжгүй ийм хэрэг үйлдсэн байх, талийгаачийн мөргөсөн газар хурдаа хас гэсэн шон байсан. Дээрх шонгоос 2 метрийн зайд мөргөж унагаасан байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй хохирлыг баримт бичгийн хүрээнд хэрэгт өгсөн. Даатгалаас 2.500.000 төгрөг авсан шүүгдэгч 500.000 төгрөг өгсөн. 3.500.000 төгрөгөөр хашаагаа өгсөн өөрийн нэр дээр болгож аваагүй. Би одоо хашаагаа авсан гэж тооцоод 2.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хашаагаа авах талаар газрын албанд баримт бичгээ өгсөн байгаа…”,

түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Би Ш.Бурмаатай 1978 онд гэр бүл болж Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдарч байгаад 2001 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирсэн юм. Талийгаач маань өнгөрсөн цагаан сарын шинийн дөрөвний өглөө ажилдаа явсан, тэрнээс хойш уулзаагүй ба хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сарын 03-ны 22:00 цагийн үед утсаар ярьсан. Тэгэхэд надад ажил дээрээ байна., нөгөө харуул маань өндөр настай ээж дээрээ очиж золгоно гээд явсан, би оронд нь гарч байна гэж ярьсан. Би тэгэхэд нь “чи чинь яах гэж хүний оронд гардаг юм, ядарчихлаа” гэж хэлж байсан. Талийгаач маань тэр өдөр “захирал надад мах авчирч өгсөн, орой манай дүү Алтанцэцэг ирээд хоол цай авчирч өгөөд явлаа” гэж гэж ярьсан.Тэрнээс хойш дахиж яриагүй ээ. Миний хөгшин их төлөв төвшин, дуутай цөөтэй, маш их соёлтой, хүнээс юм асуух бол заавал зөвшөөрөл авдаг, хүнийг их хүндэлдэг, хүнд муу санадаггүй хүн байсан юм даа. Хэрвээ амьд гарсан бол энэ жолоочийг уучлаад л өнгөрөх байсан байх даа.Талийгаач маань архи дарс хэрэглэдэггүй, харин тамхи бол татдаг байсан. Ар гэрийнхний зүгээс бол гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Иргэний хариуцагч И.Оюунгэрэлийн “...78-04 УНЭ улсын дугаартай Тоуоtа Succeed маркийн автомашин нь миний эзэмшилд байдаг юм. Гэхдээ Ганбат бид хоёр талаасаа тэнцүү мөнгө гаргаад уг автомашиныг 2016 оны 6 дугаар сард Да хүрээ захаас худалдан авсан юм. Би тухайн автомашиныг худалдан авахад оруулсан 2000000 төгрөгөө Ганбатад алдчих болов уу гэж бодсондоо уг автомашиныг нэр дээрээ бүртгүүлчихсэн юм. Би өөрөө бол жолооч биш, Ганбат л машинаа жолоодож явдаг..., “...Ганбат бид хоёр хоёулаа л энэ автомашиныг авахад мөнгө оруулсан болохоор хоёулаа л нийлээд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах байх. Миний зүгээс татгалзах зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-75/,

Гэрч Ж.Уранбайгалын “…Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу шинийн 5-ны өдөр гэж санаж байна. Би шар хадны эцэст байх найз хүүхнийхээ гэрт нь оччихоод шөнө 22:00 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад Шар хадны эцсийн буудлаас нэг автомашинд гар өргөж суусан. Одоо ямар машинд сууж явснаа санахгүй байна. Охинтойгоо утсаар яриад явж байхад таксины жолооч 100-н айлын уулзварыг зүүнээс баруун тийш чиглэлтэй өнгөрчхөөр нь би жолоочийг 100-н айлаар явчихгүй яасан юм бэ гэсэн чинь тэр жолооч Монгол 3 дугаар сургуулийн баруун талаар дээшээ өгсөж болно, ялгаа байхгүй гэсэн. Ингээд явсаар Монгол 3 дугаар сургуулийн баруун талын замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт түс хийх чимээ гараад машины цонхны цаана хүний гутал үсрээд явчих шиг л болсон. Тэгээд автомашин зогсохоор нь буугаад хартал машины урд талд нилээн зайтай эрэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан. Би тэр үедээ цочролд ороод айж балмагдаад орилж хашгирсан. Би цагдаад дуудлага өгөх гэсэн боловч ярьж чадаагүй. Харин уг автомашины жолооч нь цагдаа, түргэн тусламжид дуудлага мэдээлэл өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-83/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №537 тоот актын “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын орой ясны зүүн чамархай яснаас зулайн орой хэсгээр хагас ташуу явж баруун чамархай хүрсэн шугаман хугарал, тархины баруун чамархай, баруун зүү дагзны дэлбэн, бага тархины зөөлөн бүрхүүлэн доорх цус харвалт, өвчүү яс, баруун 1 дүгээр хавирганы далд хугарал, орчны эдийн цус харвалт, дух, зүүн хөмсөгний зулгарсан шарх, хамрын нуруу, духны баруун хажуу болон чамархайн хуйх, баруун чихний урд гадаргуу, баруун тохой, шилбэний зулгаралт, дух хамрын нуруу баруун, зүүн, хацар, баруун шанааны тархмал зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас мөргөгдөх, савагдах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-95/,

Техникийн шинжээчийн 206 тоот актын “1.Техникийн шинжээчийн 207 дугаартай “...Тоуоtа Succseed маркийн 78-04 УНЭ улсын дугаартай автомашины жолооч У.Ганбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Ш.Бурмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. З.9.Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

3.Тоуоtа Succseed маркийн 78-04 УНЭ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол:

Тоормосны мөр St=21.1 метр

Тоормосны идэвхжлийн коэффицент: Кэ=1.1,

Зам дугуйн барьцалдалтын коэффицент /тухайн нөхцөлд гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй гэсэн байх тул/:φ=0,7 оор авч болно.

Иймд V=(254*St*φ)/Кэ=254*21.1*0.7/1.1≈58.3 км/цагийн хурдтай явсан байна.

4.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна....” гэсэн дүгнэлт /хх-122-123/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-3/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5, 16, 21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11, 17-18, 22-23, 25-27/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-12/, Ослын газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14, 19/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-37/, Хохирол барагдуулах тухай эвлэрлийн гэрээ /хх-38/, хохирлын баримтууд /хх-44-71/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-144/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-111- 113/, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-122, 123/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-153/, шүүгдэгч У.Гын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-151/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-159/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-162-165/,  мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /201-202/  зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч У.Ганбат нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэр урлалын коллежийн баруун талын замд Тоуота Succeed маркийн 78-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бурмааг мөргөж амь насыг нь хохироосон болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэн, иргэний  нэхэмжлэгч И.Оюунгэрэл, гэрч Ж.Уранбайгаль нарын мэдүүлгүүд, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №537 тоот актын дүгнэлт, Техникийн шинжээчийн 206 тоот дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч У.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч У.Г нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Ш.Бурмааг мөргөж амь насыг нь хохироосон нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд энэ зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэнгээс 11.700.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч У.Г нь уг хохирлоос 9.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 2.700.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэнд олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч У.Гын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлын дийлэн хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.   

Шүүх шүүгдэгч У.Гад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн толгойны 1 ширхэг үсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн шүүгдэгч У.Гын 310279 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч У.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Улаанхүүгийн У.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Гад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ялтан У.Гад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан  үүргийг хүлээлгэсүгэй.

6.Шүүгдэгч У.Гад авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг харьяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7.Шүүгдэгч У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид оршуулгын зардалд 9.000.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гаас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хандсүрэнд олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Гын 310276 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаачийн толгойны үс 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устагсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР