Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2858

 

 

 

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/02858

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: М гаргасан,

 

            Хариуцагч: Г холбогдох,

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч К.Г болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:

 

“Миний бие хариуцагч К.Гтэй 2004 онд танилцаж, улмаар 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэсэн ба  хамт амьдрах хугацаанд 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин М.*******, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү М.*******, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү М.******* нар төрсөн.

 

Гэвч бид тодорхой шалтгааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаад хариуцагчийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04929 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

 

Тухайн үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, хэн аль маань шүүхийн шийдвэрт давж заалдаагүй ба хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоосон. Биднийг гэр бүл болоход миний ээж маргааны зүйл болсон *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 443 м.кв талбайтай газрыг бэлэглэхэд хожим 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан юм.

 

Би, энэхүү газар дээр 2008 онд мансардтай 2 давхар 100 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 2 автогаражийн хамт барьж, гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан ба одоогийн зах зээлийн ханшаар 50,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэх юм. Тухайн хашаа, байшин төв замаасаа холгүй, сургууль, цэцэрлэгтээ ойрхон болон цахилгаанаар халаалтын асуудлыг шийдвэрлэж, автогаражийн урд хэсгийг бетондсон бөгөөд барьсан цагаасаа хойш ямар нэгэн нэмэлт засвар хийгээгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 3 удаа шинжээч томилж, үнэлүүлснээс “Баян модот” ХХК-ийн үнэлсэн 32,374,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох газар, байшин, автогаражаас өөрт ногдох хэсэгт 6,460,000.00 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргааны зүйл болсон газар, байшин, автогаражийг 50,000,000.00 төгрөгөөр үнэлсэн бол одоо 32,374,000.00 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 3,540,000.00 төгрөгөөр багасгаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар 443 м.кв талбайтай газар дээр баригдсан хувийн орон сууц болон автогаражийг өмчлөх эрхийн гэрчилгээг талууд гаргуулаагүй боловч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг үл хөдлөх хөрөнгө тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд энэ талаар маргахгүй байна. Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахдаа гэрлэгчдийн аль нэгд үлдээх талаар шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч тал хашаа, байшин болон газрыг бус харин 6,460,000.00 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байгаа юм.

 

Шүүхээс томилогдсон шинжээчийн 1, 3 дахь дүгнэлтийн зардалд 420,000.00 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн бол хариуцагч 2 дахь шинжээчийн зардалд 80,000.00 төгрөгийг төлсөн.

 

Иймд, дээр дурьдсаныг үндэслэн хариуцагчаас 6,460,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

 Хариуцагч К.Г тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Намайг нэхэмжлэгчтэй 2005 онд гэр бүл болоход бидэнд хашаа, байшин байгаагүй, түүний ээж биднийг гэр бүл болоход тус газрыг бэлэглэсэн бөгөөд нэхэмжлэгч тал эх, эцэгтээ анхаарал, халамж тавьдаггүй тул надад үнэ төлбөргүй өгснийг миний бие 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан тул дундын өмчийн зүйл огт биш юм.

 

Хувийн сууц болон автогаражийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, бид энэхүү хашаа байшинд 2008 оноос хойш ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд анх барихад газрын төрөөс тогтоосон үнэтэйгээ нийлээд ойролцоогоор 19,000,000.00 төгрөгийн зардал гарсан тул уг үнэлгээгээр тооцуулах хүсэлттэй байна.

 

Хувийн сууцны хувьд дээрээ мансардтай нийт 100 м.кв талбайтай боловч өвөлдөө дээд давхрыг ашигладаггүй, гэрээс хүүхдүүдийн сургууль хүртэл 2 автобусны буудал явж хүрдэг бөгөөд манай газрын баруун тал цэвдэгтэй тул 32,374,000.00 төгрөгөөр үнэлэгдэхгүй.

 

Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ жил ирэх тусам тодорхой хэмжээнд өсдөг боловч хэрэв би тухайн газар, хашаа, байшинг бусдад худалдах тохиолдолд 26,000,000.00 – 27,000,000.00 төгрөгөөр үнэлэх байсан. Яагаад гэвэл байшингийн дотор тулгуур хана цуурсан, мансардын хана хагарсан, дотор талд байрлуулахаар шийдсэн 00 шүршүүргүй тул гадаа зүүн урд байрладаг гэх зэргээр их хэмжээний эвдрэлтэй тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Моос хариуцагч К.Гт холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөрөөс өөрт ногдох хэсэгт 10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 3,540,000.00 төгрөгөөр багасгаж, 6,460,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараас үзвэл тэрээр маргааны зүйл болох *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 443 м.кв талбайтай  газар, түүн дээр баригдсан 100 м.кв талбайтай хувийн орон сууц, автогаражийг 32,374,000.00 төгрөгөөр үнэлэгдснийг хүлээн зөвшөөрч, өөрт ногдох хэсэгт 6,460,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа ажээ.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар зохигчид 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдгээрийн гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон 13 дугаар зүйлд тус тус зааснаар зохих ёсоор бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин М.*******, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү М.*******, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү М.******* нар төрж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэсний дагуу тэдгээрийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсч, өнөөдрийн байдлаар талуудын хувьд эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй, хасагдаагүй, эцэг, эх, хүүхдийн харилцаа үргэлжилж байгаа ажээ.

 

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04929 тоот шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцлаж, гэрлэлт буюу эхнэр, нөхрийн эрх, үүргийг дуусгавар болгосон байна. Тус шүүхийн 101/ШШ2016/04929 тоот шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан буюу “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэсний дагуу зохигчдын хүүхдүүдийг эх К.Гийн асрамжид үлдээж, эцэг Д.Моос тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар шүүх гэрлэлтийг цуцлахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар зохигчид маргаж буй тохиолдолд шийдвэрлэдэг журамтай. Тодруулбал, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж заасан. 

 

Энэ нь, хэдийгээр талууд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар маргаагүй боловч гэрлэлтийг цуцалсны дараа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн ойлголт юм. Иймд, дээрх шүүхийн шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй маргааныг шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан гэрлэгчид, гэр бүлийн гишүүн гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” гэж, 3.1.3-т ”гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж зааснаас гадна 3.1.4-т ”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар зохигчид 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээр тэдгээрийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсч, хожим буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч тал нөхөр болоод гэр бүлийн гишүүний байсны хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ” гэж заасны дагуу талуудын гэр бүлийн хөрөнгө нь тэдгээрийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.

 

Нэхэмжлэгч тал *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 443 м.кв талбайтай  газар, түүн дээр баригдсан 100 м.кв талбайтай хувийн орон сууц, автогаражийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн маргаж байгаа бол хариуцагчийн хувьд уг газрыг хуваарьт хөрөнгө гэж маргаж, бусад хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгтэй маргаагүй.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 болон 59 дүгээр зүйлд тус тус зааснаар гэрлэгчдийн хооронд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг үүссэн цагаас хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм.

 

Хэдийгээр хариуцагч тал маргааны зүйл болсон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргуулах авсан боловч тухайн хөрөнгийг нэхэмжлэгчийн ээжээс тэдгээрт гэр бүл болоход зориулж өгсөн гэх үйл баримтыг үгүйсгэхгүй байгаагаас гадна энэхүү хөрөнгө нь зохигчдыг гэр бүл болсноос хойш бий болсон байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна” гэсний дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас гадна 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж заасан боловч гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн зүгээс тус хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болон өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагад хамааралгүй.

 

Иймд, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 443 м.кв талбайтай  газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2008 онд барьсан мансардтай 100 м.кв талбайтай хувийн орон сууцыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй ч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаас үзвэл талуудыг гэрлэснээс хойш бий болсон дундын өмчлөлийн газар дээр тухайн хувийн орон сууц шинээр баригдаж, газрын бүрдэл хэсэг болсон байх тул энэ нь гэрлэгчид болоод гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.

 

  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн хүүхдүүд маргааны зүйл болсон дээрх үл хөдлөх хөрөнгийг тэнцүү хэмжээгээр хамтран өмчилж, түүнээс өөрт ногдох хэсгээ гаргуулахад тэгш эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид газар, хувийн орон сууц болон автогаражийн үнэлгээний талаар маргаж, шинжээч томилуулахад шүүхээс томилогдсон шинжээч “” ХХК-иас зардлын хандлагын аргаар 53,430,800.00 төгрөгөөр, орлогын хандлагын аргаар 24,000,000.00 төгрөгөөр, зах зээлийн жишиг аргаар 40,626,000.00 төгрөгөөр үнэлсэн бол “Дамно” ХХК-ийн хувьд хувийн сууцыг зардлын аргаар 14,958,290.00 төгрөг, автогаражийг 7,038,360.00 төгрөг, нийт 21,996,650.00 төгрөгөөр үнэлсэн атлаа үүнийг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 22,000,000.00 төгрөг гэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

 

Шүүх, ийнхүү томилсон шинжээчдийн гаргасан дүгнэлтэд маргааны зүйлийн үнэлгээ хэт зөрүүтэй байгааг үндэслэн дахин шинжээч томилоход “Баян модот” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр зах зээлийн үнэлгээг 32,374,000.00 төгрөг гэж тогтоожээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсний дагуу шүүхээс томилогдсон шинжээчид захирамжид заасан эд хөрөнгийг үнэлсэн байх бөгөөд газар, түүн дээрх хувийн орон сууц болон автогаражийн үнэлгээ нь чанар, байршил, талбайн хэмжээнээс гадна эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ийнхүү өсч, буурдаг байх тул тухайн үед гарсан шинжээчийн үнэлгээг дараагийн шинжээчийн үнэлгээтэй харьцуулахад өөр байдаг байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар эдгээр шинжээч нарын дүгнэлтийг үзвэл “Дамно” ХХК-ийн хувьд зардлын аргаар тогтоосон үнэлгээгээ зах зээлийн жишиг үнэ хэмээн ойлгомжгүй дүгнэсэн бол “” ХХК-ийн дүгнэлт нь бусад шинжээчийн дүгнэлтээс маргааны зүйлийг хэт өндрөөр үнэлсэн байна.

 

Харин шүүхээс “Баян модот” ХХК-ийн дүгнэлтийг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, тус үнэлгээгээр гэрлэгчид, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж шийдвэрлэв. Учир нь, нэхэмжлэгчийн хувьд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч тал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад худалдах тохиолдолд зах зээлийн үнийг 26,000,000.00-27,000,000.00 төгрөгөөр тогтоон гэсэн ба шинжээч “Баян модот” ХХК-ийн дүгнэлтэд дурьдснаар талууд 443 м.кв талбайтай  газрын 155 м.кв талбайг бетондсон, одоо ийм хэмжээний талбайг бетондоход 5,270,000.00 төгрөгийн зардал гарна гэсэн ба дээр дурьдсан болон маргааны зүйлийн ирээдүйн үнэ цэнийг тус тус үндэслэвэл 32,374,000.00 төгрөг гэж тогтоосныг баримтлах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 6,460,000.00 төгрөгийг мөнгөөр гаргуулж, өмчлөх эрхийг хариуцагчид үлдээх тухай шаардлагыг хариуцагч үгүйсгэж, энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” заасан.

 

Иймд, шүүхээс 32,374,000.00 төгрөгийн үнэлгээтэй газар, хувийн орон сууц болон автогаражийг гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хувааж /32,374,000:5=6,474,800/, нэг гишүүнд ногдох хувийг 6,474,000 төгрөг гэж тодорхойлж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд үлдээж, түүнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 6,460,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шинжээчийн зардлын хувьд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,540,000.00 төгрөг буюу 35.4 хувиар бууруулсан, мөн шүүхээс 6,460,000.00 төгрөгийн шаардлагыг хангаж байгаатай холбогдуулан шинжээчид төлсөн нийт 500,000.00 төгрөгийн зардлаас нэхэмжлэгчийн хариуцах хэмжээг 35.4 хувь буюу 177,000.00 төгрөг гэж тодорхойлж, үлдэх 323,000.00 төгрөгийг хариуцагчид хуваарилж, түүний төлсөн 80,000.00 төгрөгийг хасч, хариуцагчаас 243,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч К.Гээс 6,460,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мод олгож,  *******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 443 м.кв талбайтай газар болон хувийн орон сууц, автогаражийг хариуцагч К.Гийн өмчлөлд үлдээсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,310.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 243,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНДАЛБАЯР