| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/03180/И |
| Дугаар | 2907 |
| Огноо | 2017-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2907
| 2017 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/02907 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М групп” ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: “Г” ХХК-нд холбогдох,
13,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч С.М, гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М групп” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Х.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч “Г” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 36 ширхэг 12.00-12-той хүнд даацын автомашины дугуйг 1 бүрийн 550,000.00 төгрөгөөр худалдахаар тохирч, хүлээлгэн өгсөн ба урьдчилгаанд 6,000,000.00 төгрөгийг тус өдөр хүлээн авч, үлдэх 13,800,000.00 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авахаар тохиролцсон юм.
Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж 13,800,000.00 төгрөгийг төлөхгүй өдий хүрсэн ба энэ талаар тус компанид удаа дараа сануулж, шаардахад гэрч Д.Эыг авч ашигласан хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт дурьдсан шиг манай компанийн удирдлагууд гэрээний зүйл болсон дугуйг өөр хүн авч ашиглах талаар мэдээгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Э мэдүүлэхдээ хэдийгээр “М групп” ХХК-ийн ажилтан Ж.Одонбаатар гэгч хүн гэрчийг Б.Баярсайхан нарын хамт дугуйг авсан гэдгийг мэдэж байсан гэх боловч нэхэмжлэгч компанийн удирдлагууд энэ талаар мэдээгүй хэмээн мэдүүлж байна.
Бид, хэргийн материалтай танилцаад мөн гэрчийн мэдүүлгийг сонсоод 36 ширхэг дугуйнаас 12 ширхэгийг буцааж өгсөн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 6,600,000.00 төгрөгөөр багасгаж, 7,200,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд, хариуцагч “Г” ХХК-иас 7,200,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Г” ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон гүйцэтгэх захирал С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Юуны өмнө манай компани тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул том оврын автомашины дугуй авах шаардлагагүй, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний найз Д.Э нэгэн компаниас хүнд даацын автомашины дугуй авах гэсэн чинь хувь хүнд зээлээр худалдахгүй, заавал аж ахуйн нэгжид худалдан гэхэд миний бие компанийнхаа өмнөөс гэрээ байгуулж, тэмдэг дарсан юм.
Тухайн үед Б.Баярсайханд уг дугуйнууд хэрэг болсон байсныг гэрчээр оролцож байгаа Д.Эоос мэдсэн ба хожим 12 ширхэг дугуйг буцаан өгч, 7,200,000.00 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсныг тэд барагдуулна гэж тохиролцсон ба урьдчилгаа 6,000,000.00 төгрөгийг би төлөөгүй, гэрч этгээд төлсөн.
Би, үүнээс хойш нэхэмжлэгч “М” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Замбагаас уг үйл явдлын талаар тодруулахад тэрээр үлдэгдэл тооцоог манай компанийн нэрээс Б.Баярсайханд шилжүүлж, түүнийг төлөхөөр болсон гэсэн бөгөөд 7,200,000.00 төгрөгийг барагдуулах талаар Б.Баярсайхан бичиг хийж өгснийг нэхэмжлэгч тал устгасан байна.
Ингээд би тухайн асуудал шийдэгдсэн гэж ойлгоод явж байтал энэ онд буюу 3 сарын өмнөөс эхлэн нэхэмжлэгч тал над руу ярьж, төлбөр тооцооны асуудал үлдсэн гэж хэлэхэд миний бие өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явдлыг тайлбарласан боловч хүлээн авахгүйгээр шүүхэд нэхэмжлэл өгсөн.
Манай компанийн хувьд эдгээр дугуйг хүлээн аваагүй, ашиглаагүй тул төлбөрийг төлөх ямар ч үндэслэл байхгүй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М групп” ХХК-иас хариуцагч “Г” ХХК-нд холбогдуулан 13,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 6,600,000.00 төгрөгөөр багасгаж, 7,200,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүхээс хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “М групп” ХХК болон хариуцагч “Г” ХХК нар 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүнд даацын автомашины “12.00-20” гэсэн хэмжээтэй нийт 36 ширхэг дугуйг 1 бүрийн 550,000.00 төгрөг, нийт 19,800,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 6,000,000.00 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 13,800,000.00 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 4-р хуудас/.
Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр талууд 36 ширхэг дугуйг хүлээлгэн өгч, хүлээн авснаас 12 ширхэг дугуйг буцаан өгч, үлдэх 24 ширхэг дугуйны үнэ 13,200,000.00 төгрөгөөс 6,000,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч хариуцагчийн зүгээс гэрээний зүйлийг авч ашиглаагүй, гэрээг бусад этгээдэд туслах зорилгоор байгуулсан гэсэн үндэслэлээр 7,200,000.00 төгрөгийг төлөх ёсгүй хэмээн татгалзаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар гэрчээр Д.Эыг оролцуулж, түүнээс мэдүүлэг авахад тэрээр гэрээний зүйл болох 36 ширхэг дугуйг хариуцагч “Г” ХХК-иар дамжуулан авсан үйл баримтыг нэхэмжлэгч “М групп” ХХК-ийн удирдлагууд мэдээгүй гэж мэдүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Тодруулан хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэхүү гэрээ, хэлэлцээрийг өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулан байгуулаагүй гэдгээ нотлох ёстой боловч тэрээр 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг өөрийн хариу тайлбар, татгалзалд дурьдсан шиг нөхцөл байдал байсан гэдгээ нотлохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зүйл болох 36 ширхэг дугуйг өөр этгээд хүлээн авч, ашиглан гэдгийг мэдээгүй байсан ажээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд гэрээ, хэлцэл байгуулахад илэрхийлэх хүсэл зоригийн талаар зохицуулсан ба хуулийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэн тайлбарлавал тухайн үед нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг өөр этгээд авч ашиглахыг мэдэхгүй байснаараа хариуцагчийн гэрээ байгуулах санал, эрмэлзлэлийг хууль зүйн үр дагавар үүсгэх түүний өөрийн хүсэл зориг хэмээн ойлгож, хүлээж авсны үндсэн дээр талууд уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл байгуулсан байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулснаар тэдгээрийн хооронд тодорхой төрлийн үүрэг үүсэх ба ийнхүү талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүнд даацын автомашины 36 ширхэг дугуйг нийт 19,800,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоноор нэг талаас дугуйг хүлээлгэн өгөх, нөгөө талаас түүний үнийг төлөх үүрэг үүссэн байна.
Хэдийгээр зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч дээрх хэлцлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн тайлбарлаж буй боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Учир нь, талууд шилжүүлсэн дугуйны төлбөрийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон байх боловч зөвхөн гэрээний зүйлийн үнийг төлөх бөгөөд энэхүү хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй, дугуйны үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан ажээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол хариуцагч үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээх юм.
Хэрэгт авагдсан баримтаар бус харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 36 ширхэг дугуйны өмчлөх эрхийг шилжүүлсэн, үүнээс 12 ширхэг дугуйг буцаан өгч, үлдэх 24 ширхэг дугуйны үнэ 13,200,000.00 төгрөгөөс 6,000,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба дээр дурьдснаар үндэслэн дүгнэвэл зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал дугуйг гэрээнд заасан тоо хэмжээгээр хүлээлгэн өгч, үүргээ биелүүлсэн бол худалдан авагч тал 13 ширхэг дугуйны үнэ 7,200,000.00 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрчээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “Г” ХХК нь гэрээгээр тохирсон үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тус компани 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой 7,200,000.00 төгрөгийг төлөөгүй, үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч буюу худалдагч нь уг хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас худалдсан эд хөрөнгийн үнийг нэхэмжлэх эрхтэй юм.
Гэвч нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг буцаан шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх юм.
Гэтэл нэхэмжлэгч “М групп” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр 13,200,000.00 төгрөгийн үнэтэй дугуйг хариуцагч “Г” ХХК-нд хүлээлгэн өгч, үлдэх 7,200,000.00 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авах эрхтэй байсан атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурьдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид гэрээний зүйлийн үнийг түүнээс буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үлдэх төлбөрийг 2013 оны 10 дугаар 30-ны өдөр төлөх ёстой байсан өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан ба хуулийн 82.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг.
Шүүхээс энэхүү хэргийг хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгт авагдсан болоод хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын гаргасан тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 7,200,000.00 төгрөгийг шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР