Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 3170

 

 

 

 

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/03170

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж-ийн гаргасан

 

Хариуцагч: “Г” ХХК-нд холбогдох,

 

9,712,728.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч “Г” ХХК-ийн хүсэлтээр 2000 оноос хойш хамтран ажилласан ба тус компанийн *******,*******,*******,******* тоот хаягт барилга барихаар ажил эхлүүлсэн. Ингэхдээ газрын болон барилгын зөвшөөрөл нь гараагүй байсан бөгөөд нэхэмжлэгч тал тухайн үед барих барилгын зураг төслийг боловсруулж өгдөг, барилга барихад хамтарч ажилладаг байсан.

 

Хариуцагч “Г” ХХК болон нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан “Тамирын шугуй” ХХК-ийн хооронд 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Барилга угсралт удирдлагын болон холбогдох ажлын гэрээ”-г байгуулсны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 2,000 ам.доллар өгнө гэж тохирсон боловч уг мөнгөө өгөөгүй. Хариуцагч компанийн удирдлагууд тухайн үед “гүйцэтгэгч компанид мөнгө өгөөд яах вэ, харин танд хувиар чинь мөнгө өгье” гэж амаар тохирч, өнгөрсөн хугацаанд бэлнээр өгч байсан боловч тэд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

 

Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нийт 33,883,160.00 төгрөгийг өгсөн боловч 2,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн амлалт буюу үүргээ үл биелүүлж, 3,200,000.00 - 4,000,000.00 төгрөгийн хөлс өгсөн, ингэхдээ 4,800,000.00 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан ба бидний тооцож байгаагаар 7,885,638.00 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон.

 

Энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэхэд нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг 2,000 ам.доллар гэж тохироогүй, харин 4,000,000.00 төгрөг гэж тохирсон, өнгөрсөн хугацаанд 33,883,160.00 төгрөгийг олгосон хэмээн хариу өгдөг ч үүнийгээ баримтаар нотолдоггүй. Нэхэмжлэгч О.Ж гуай 2016 он хүртэлх хугацаанд 2 томоохон барилга ашиглалтад оруулахад гар бие оролцсон байхад хариуцагчийн зүгээс түүний чадвар, ажил мэргэжлийг ашиглачихаад одоо болохоор бидэнд хэрэггүй хэмээн үл хүндэтгэж байгаад гомдолтой байна.

 

Өнгөрсөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “дутуу авсан цалин хөлсөнд 7,885,638.00 төгрөг гаргуулах, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4,158,520.00 төгрөгийг хасахгүй.

 

Хариуцагч тал 2016 онд нэхэмжлэгчид 2,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан Монгол банкны гадаад валютын ханшаар тооцоход дээрх хэмжээний цалин хөлс дутуу олгосон болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн цалингийн задаргааны хүснэгтийн хамгийн хойд хэсэгт ам.долларын ханшийг дурьдсан байгааг үзвэл талуудын хооронд 2,000 ам.доллартай тэнцэх төгрөг өгөх тухай тохиролцоо байсан гэдгийг илэрхийлдэг.

 

   Хэрэгт авагдсан хариуцагч “Г” ХХК болон “Элста” ХХК нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, мөн тус компанийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгч О.Ж гарын үсэг зурахдаа гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч түүнд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хувь хүнийхэн хувьд цалин хөлс олгосон атлаа Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй, мөн ажил олгогчоос төлөх үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

 

  Иймд, хариуцагчаас 2016 онд дутуу олгосон цалин хөлсөнд 7,885,638.00 төгрөг гаргуулж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч Т.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хувьд хариуцагч тал хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд зааснаар суутгасан 4,800,000.00 төгрөгийг хуульд заасан шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгаж, 4,158,520.00 төгрөгийг төлсөн байх тул зөрүү 3,727,118.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Хариуцагчийн зүгээс өнгөрсөн 2016 онд нэхэмжлэгчид нийт 33,883,160.00 төгрөгийг төлж, үүн дээр нэмж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,158,520.00 төгрөгийг нэмж төлсөн тул дутуу цалин хөлс олгосон асуудал байхгүй. Талуудын хооронд 2,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн тохиролцоо хийгдээгүй бөгөөд харин 4,000,000.00 төгрөгийн цалин хөлс олгохоор тохирч, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч тал энэхүү тохиролцоогоо биелүүлж, нийт 38,041,680.00 төгрөгийн цалин хөлс төлж, Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч тал өөрөө “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Г” ХХК-тай хамтарч ажиллаж байсан тул гэрээний дагуу компанид төлбөр төлж байсан болохоос бус хувь хүнд төлбөр төлж байгаагүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв хариуцагч тал тухайн үед сар бүр 2,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг өгөх болон 2015 оноос өмнө ийм хэмжээний цалин хөлсийг О.Жд олгож байсан юм бол тэрээр энэ талаарх баримтыг хадгалах, шүүхэд гаргаж өгөх ёстой, хариуцагчийн хувьд хувь хүнд бус компанид гэрээний дагуу төлбөрийг төлж байсан тул нягтлан бодох бүртгэлийн ийм баримтууд байхгүй талаар тодорхой дурьдсан.

 

            Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын цалинг авахад л өнөөдрийн яриад байгаа Монгол банкны ханшийн зөрүүний асуудал үүсэх байсан, ийм асуудал байсан бол анхны цалин хөлсийг авсан үеэс эхлэн уг асуудлаар маргаан үүсгэх боломжтой байхад ийм гомдол гаргаагүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.

 

            Иймд, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Жгээс хариуцагч “Г” ХХК-нд холбогдуулан дутуу авсан цалин хөлсөнд 9,712,728.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “дутуу авсан цалин хөлсөнд 7,885,638.00 төгрөг гаргуулах, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэж тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,827,090.00 төгрөгөөс татгалзсан.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасныг үндэслэн шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/12524 тоот захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2017/15986 тоот захирамжаар хариуцагч болон бусад этгээдээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтэд дурьдсан нотлох баримтууд хариуцагчид байхгүй гэсэн хариу тайлбарыг ирүүлжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын тухайд,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох “Г” ХХК болон Монгол Улсын зөвлөх инженер З.******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Барилгын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”, мөн тус компанийн “Элста” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” болон 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах тухай гэрээ”-г захиалагч буюу хариуцагчийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар нэхэмжлэгч О.Ж байгуулсан байна /х.х-ийн 13, 14, 15, 42, 43, 44, 45-р хуудас/.

 

            Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг үндэслэн дүгнэвэл нэхэмжлэгч нь дээр дурьдсан гэрээ, хэлэлцээрийг хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд байгуулсан байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирал байгаагүй хэмээн татгалзсан боловч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар тухайн үед өөр этгээд уг компанийн гүйцэтгэх удирдлага байсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй /х.х-ийн 75, 76-р хуудас/.

             

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-д зааснаар улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагын овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэрийг бүртгүүлж, өөрчлөлт орох бүрт энэ талаар бүртгүүлэх журамтай.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж зааснаас үзвэл гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдийг ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг үүснэ гэж үзэхгүй ба харин Компанийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу томилогдсноор энэхүү эрх, үүрэг үүсэх юм.

 

Иймд, дээр нэр дурьдсан гэрээ, хэлэлцээрийг нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч “Г” ХХК-нд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа бусад этгээдтэй байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн задаргаанд заасан нэхэмжлэгч тал уг хугацаанд нийт 33,883,160.00 төгрөгийн цалин хөлс авсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал гагцхүү 2,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг тухайн өдрийн ханшаар тооцож өгөөгүй хэмээн мэтгэлцэж байна /х.х-ийн 6-р хуудас/.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд 2,000 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөгөөр цалин хөлс олгохоор тохиролцоогүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг үндэслэн амаар сарын цалин хөлсийг 4,000,000.00 төгрөг гэж тохиролцсон тул нэхэмжлэгчид 33,883,160.00 төгрөгийн цалин хөлс олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,158,520.00 төгрөгийг төлсөн хэмээн маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж зааснаас гадна 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан “дутуу авсан цалин хөлсөнд 7,885,638.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэний улмаас ийнхүү нэхэмжилж байгаагаа тодорхой дурьдаагүй боловч нэхэмжлэгчийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх үйл баримтад үндэслэж байгаа ба хариуцагчийн өмгөөлөгчийн “тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан” гэх тайлбарыг үгүйсгээгүй болно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй бөгөөд хариуцагчийн барьж гүйцэтгэхээр төлөвлөсөн барилгын ажилд түүний ажил мэргэжил, дадлага туршлага хэрэгтэй байсан тул түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2016 онд 33,883,160.00 төгрөгийн цалин хөлс олгосон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсний дагуу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг 2016 онд 2,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн цалин хөлсийг тухайн өдрийн ханшаар тооцож өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргасан боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох “дутуу авсан цалин хөлсөнд 7,885,638.00 төгрөг гаргуулах тухай буюу 2,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний монгол төгрөгийн цалин хөлс олгохоор тохирсон” гэдгийг тодорхой баримтаар нотолсонгүй.

 

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн “талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, сарын цалин хөлсийг 4,000,000.00 төгрөгөөр тогтоосон” гэсэн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн 2016 онд авсан цалингийн задаргааг үзвэл зохигчид гэрээний хөлсийг сарын 4,000,000.00 төгрөгөөр тогтоосон байна. Учир нь, хариуцагчаас нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сард 4,009,760.00 төгрөгөөс, 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хөлсөнд 800,000.00 төгрөгийг хасч, 3,200,000.00 төгрөгөөс, 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хөлсөнд 4,000,000.00 төгрөгөөс Нийгмийн даатгалын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан холбогдох шимтгэл, татварыг тус тус суутган төлсөн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал тэтгэвэр тогтоолгосон даатгуулагч ажээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д “Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна” гэсний дагуу нэхэмжлэгч О.Ж тус хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасан “эрүүл мэндийн даатгал”, 5-д заасан “ажилгүйдлийн даатгал”-аас бусад төрлийн даатгалд заавал даатгуулах учиртай /х.х-ийн 73-р хуудас/.

 

Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.7-д зааснаар нэхэмжлэгч буюу даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 10 хувь бус, харин эрүүл мэндийн даатгал болон ажилгүйдлийн даатгалын хувь хэмжээг хасч, 7.8 хувиар тооцон шимтгэл төлөх бөгөөд Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох” тухай 92 тоот тогтоолын дагуу түүний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээ 149,760.00 төгрөг ажээ /192,000x10=1,920,000x7.8%=149,760/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд дурьдснаар хариуцагч тал 2016 оны 01 дүгээр сарын хөлс 4,009,760.00 төгрөгөөс, 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хөлс 3,200,000.00 төгрөгөөс, 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хөлс 4,000,000.00 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж, нийт 33,883,160.00 төгрөгийн хөлс олгосон байна.

 

Гэтэл хариуцагч нь 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хөлснөөс 6 удаагийн үйлдлээр 800,000.00 төгрөг, нийт 4,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байхаас гадна сарын хөлсийг 4,000,000.00 төгрөгөөр тохиролцож, нийт 41,666,592.00 төгрөгийн /гарт олгох/ хөлс төлөх ёстой атлаа 33,883,160.00 төгрөгийн хөлс төлж, 7,783,432.00 төгрөгийн хөлсийг дутуу олгожээ /нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутган гарт олгох сарын хөлс 4,000,000-149,760-378,024=3,472,216 төгрөг. 3,472,216x12=41,666,592/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл болон татвар суутгаагүй дутуу олгосон 4,800,000.00 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг суутгаж, 4,158,520.00 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал энэхүү төлбөрийг хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд, хариуцагч тал дутуу олгосон хөлс болох 7,783,332.00 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,158,520.00 төгрөгийг төлсөн байх тул түүнээс үлдэх 3,624,912.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,260,726.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч О.Жгээс хариуцагч “Г” ХХК-нд холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2562 тоот дугаартай тодорхойлолтоор нэхэмжлэгчийг 2013 оноос 2015 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэсэн байна /х.х.-ийн 74-р хуудас/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хэмээн маргаж буйгаа тус баримтаар нотолж байгаа ажээ.

 

Талууд нэхэмжлэгчийг “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “Г” ХХК-тай “Барилга угсралтын удирдлагын болон холбогдох ажлын гэрээ” байгуулж, хамтран ажиллаж байсан тухай маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Элста” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах тухай гэрээ”, түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер З.******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Барилгын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г байгуулсныг үгүйсгээгүй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан эдгээр гэрээнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна” гээд 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн заавал даатгуулна” гэж заасан ба тус хуулийн 21 дугаар зүйлийн 7 болон 15 дугаар зүйлийн 15.1, 17.1.1-д тус тус зааснаар шимтгэл төлөгч /ажил олгогч хуулийн этгээд/ нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

 

 Гэтэл нэхэмжлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого тодорхой бус байх тул хариуцагчийг ямар хэмжээний хөдөлмөрийн хөлснөөс ийнхүү ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй.

 

Хэдийгээр “Тамирын шугуй” ХХК болон хариуцагч “Г” ХХК нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын удирдлагын болон холбогдох ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлд 53,000.00 ам.долларыг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээг нэхэмжлэгч тал хувь хүнээр бус хуулийн этгээдийг төлөөлж байгуулсан, тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа байх тул Нийгмийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагч иргэн болон ажил олгогчийн шимтгэл төлөх эрх, үүрэг үүсэхгүй юм. Тодруулан хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 2.1.1-д заасан даатгуулагчид ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах тул хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид төлсөн төлбөрийг түүний гүйцэтгэх удирдлагын цалин хөлс гэж үзэхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс ийнхүү дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгасны дараах дүнгээр 3,624,912.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,260,726.00 төгрөгт холбогдох хэсэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “Г” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгасны дараах дүнгээр 3,624,912.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Жд олгож, нэхэмжлэлээс 4,260,726.00 төгрөгт холбогдох хэсэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,560.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,949.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР