Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                О.Нандинцэцэг

              Хохирогч                                             Б.Галбадрах

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа                                    

  Шүүгдэгч                                         Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Мөнхбатад холбогдох эрүүгийн 2132000000001 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1996 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын шар байрны 35-01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РЭ:11/ Тогоруутан овогт Гантөмөрийн Мөнхбат.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

            Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 3 дугаар байрны гадаа иргэн Б.Галбадрахын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхбат мэдүүлэхдээ: ... 2020 оны 12 сарын 09-ны орой гэртээ харих замд манай хөрш ах зогсож байсан. Тэгээд би юу байна ахаа гэхэд юу байдаг юм бэ гээд жаахан хар яр гээд байсан. Тэгээд би за за гээд цонхны цаана очиход тамхилаад байж байтал хоорондоо ам мурийгаад тэгээд намайг нэг удаа цохисон л доо. Тэр үед манай аав цонх онгойлгоод яаж байгаа юм бэ чи гэхээр нь аав зүгээр зүгээр ор ор гэж хэлчихээд бид хоёр салаад, тамхилаад зогсож байтал дахиад нэг мууталцсан. Намайг чам шиг, охин шиг банди нар надад зөндөө байгаа гээд утсаа гаргаж ирээд хүмүүс рүү залгаж байсан. Тэгэхээр нь за ахаа тэгвэл тэр охин шиг банди нараа дуудаа гээд хэлээд зогсож байсан чинь бид хоёр дахиж муудалцаж маргаад зодолдсон. Би ахтай цуг байж байхад манай аав гарч ирж салгаад тэгээд буцаж орохдоо яг орцоор орж байхад ахын бас шар нь хөдөлсөн юм уу яасан юм миний цамцнаас татаад хойшоо гаргаад би чамтай зодолдоно гэхээр нь би нэг л удаа сандлаар цохисон. Тэгээд төд удалгүй цагдаа ирсэн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Галбадрах мэдүүлэхдээ: ... Хөл хорионы үед би хөдөө ажлаар яваад ирсэн байсан. Бид нар нэг байранд өрөө түрээсэлдэг юм. Тэгээд ариутгалынхан ирээд бодис цацчихаад явсан. Манай эхнэр цуг байдаг хүмүүсийг бөөнөөрөө гарч цэвэрлэгээ хийе гэхэд энэ ганцаараа гараагүй. Би чадахгүй гээд хаалгаа хаачихаад цоожилчихсон гэсэн. Эхнэр хаалгыг нь нүдэхэд чи ямар ядаргаатай авгай вэ гээд гар хөлийг нь мушгисан юм байна лээ. Би тэр хавийнхаа хүмүүсээс асуухад нэг ах боль гэхэд тавьчихаад гүйгээд орсон юм байна лээ. Тэрнээс болоод маргалдсан. Урьд нь бас хоол хүнсэнд явсан хойгуур хүүхэд хаалганы цаанаас загнаад орилоод байсан гэсэн. Тэр зүйлүүдээс л болсон гэв.

            Хохирогч Б.Галбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 12 дугаар сарын 09-ны орой 00 цаг болж байхад эхнэр Гантуяагийн хамт найз Энхжаргалын гэрээс гараад гэрийнхээ гадаа ирэхэд орцны гадаа манай хөрш залуу /нэрийг нь мэдэхгүй/ нэг хүнтэй хамт байсан. Тэгэхээр нь би очоод чи яахаараа манай эхнэрийг нөхөртөө зодуулж байхдаа таарсан гэж хэлдэг юм бэ, хүүхэн шиг битгий ийм ярьж бай гэхэд намайг заамдаад муудалцаад байж байхад манай хөрштэй цуг байсан залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл манай хөрш гүйж ороод сандал авч гарч ирээд намайг орцоор ороход толгойн урд хэсэгт сандлаар 2 удаа цохисон. Тэгээд миний ухаан балартаад нэг харахад газар унасан нил цус болчихсон миний цээж рүү хүн өшиглөөд байхад манай эхнэр ирж салгасан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирж авч явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/

            Гэрч А.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 12 дугаар сарын 09-ны орой 00 цагийн үед  нөхөр Галбадрахын хамт найз Энхжаргалын гэрээс гараад гэр лүүгээ орох гэж байхад манай хөрш айлын залуу тааралдаад манай нөхөртэй юм ярьж байснаа гэнэт хоорондоо  барилцаж аваад муудалцсан. Би салгах гээд барахгүй байхаар нь ойр хавиас нь хүн хайгаад нэг цонх тогштол манай хөрш залуугийн аав нь гарч ирээд салгачихаад буцаад гэр лүүгээ ороход нь манай хөрш залуу хойно нь байсан модон амбаараас модон сандал барьж ирээд манай нөхөр Галбадрахыг хойш нь татаж унагаагаад толгойн хэсэгт нь 5-6 удаа цохиж харагдсан. Тэгэхээр нь би цагдаа дуудчихлаа болиоч ээ гэхэд зодолдохоо болиод салцгаасан. ... Толгойн тус газар нь модон сандлаар 5-6 удаа цохиж, уначихсан байхад нь хөлөөрөө өшиглөж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

            Гэрч Г.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 12 дугаар сарын 09-ны орой 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа хүмүүс орилолдоод унахаар нь гайхаад цонхоороо хартал нэг танихгүй залуу манай хүү Мөнхбатын толгой хэсэг рүү цохиж харагдсан. Тэгэхээр нь би хөөе болиоч гэхэд чимээгүй болоод муудалцахаа болиод салахаар нь би буцаж орж цонхоо хаасан. Тэгээд удалгүй дахиад орилолдоод байхаар нь би хувцасаа өмсөөд гараад очиход манай хүүтэй манай хөрш залуу /нэрийг нь мэдэхгүй/ барьцалдаад байж байхаар нь салгаад хүүгээ аваад гэр лүүгээ орох гэтэл нэг хүүхэн орцны хаалга хааж зогсчихоод оруулахгүй гээд орилоод байсан. Тэгэхэд манай хөрш залуу манай хүүхдийн малгайтай цамцны малгайнаас хойш нь татаад хоёулаа зодолдоё гээд  орцноос чирээд гарахаар нь би гялс гэр лүүгээ орж түлхүүр аваад гараад ирэх хооронд манай хүү хөрш залуугийн толгой хэсэгт нь жижиг модон  сандлаар цохиж байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж авч явсан. ... Толгой хэсэг нь сандлаар нэг удаа цохисон, өөр намайг харж байхад цохисон зүйл харагдаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийн  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт: ... Б.Галбадрахын биед духны зүүн хэсэгт хуйханд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 3 дугаар байрны гадаа иргэн Б.Галбадрахын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

            Хохирогч Б.Галбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/, Гэрч А.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, Гэрч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийн  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос шүүгдэгч Г.Мөнхбатыг иргэн Б.Галбадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Г.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тогоруутан овогт Гантөмөрийн Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.Мөнхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Г.Мөнхбатад даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мөнхбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.А