Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00515

 

А.Ю-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 205/МА2020/00003 дугаар магадлалтай,

А.Ю-ын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Н Эт холбогдох

Тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ю-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2010 онд Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр, 2015 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын мэргэжлээр, 2017 онд зүү төөнө заслын төрөлжсөн нарийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Анагаах ухааны магистрын зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны Б/28 тоот тушаалаар хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр ажиллаж байгаад сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн. Мөн их эмч Т.Пүрэвдорж нь хувийн сэдлээр тухайн үед эрхэлж байсан ажлыг буруутгах, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж, биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын захиргаанд гаргасны дагуу тус Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэцэгдэлгэр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт нь миний эрх ашигт болон хуульд нийцэхгүй ташаа байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт нь талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсэн байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн байгаа. Иймд миний тушаалын үндэслэл нь байнгын орон тоон дээр урьд байгуулсан гэрээний үргэлжлэл болж гарах ёстой. Иймд Б/37 тоот тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт болгон өөрчилж дахин тушаал гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг Х.Цэцэгдэлгэрт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэцэгдэлгэрийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтаар сольж, тушаалд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...А.Ю- нь 2019 оны 5 дугаар сарын 14-нд миний ажлын байрыг сольж өг гэсэн өргөдөл өгсөн. Өргөдөлдөө байгууллагын ажилчдын уур амьсгалаас болоод ажилчид шаардлага тавихаар хүлээж авдаггүй, эсэргүүцдэг, бусад ажилчид хийж буй ажлыг буруутгадаг, үгүйсгэдэг гэж бичсэн байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлт гаргасан гэж худлаа бичсэн байна. 2019 оны 5 дугаар сарын 14-нд бичиж өгсөн хичээнгүйлэн хүссэн өргөдлийн дагуу хуульд заасан хугацаанд багтааж шийдвэрлэсэн билээ. Өргөдөл өгснөөс хойш удаа дарааллан өргөдлийг маань шийдэж өг гээд шаардлага тавиад байсан тул 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 тоот тушаал гаргаж хүний нөөцийн ажлаас нь чөлөөлж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргаж мэргэжлийнх нь ажилд томилсон. Энэхүү Б/37 тоот тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан байна. Энэ заалт нь А.Ю-ын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуулиар олгогдсон эрхийг нь зөрчөөгүй юм. 2019 оны 6 дугаар сарын 12-ны А.Ю-тай харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тушаалд заасны дагуу 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2019 оны бүтэц орон тооны 01 тоот тушаалд хүний нөөц 0,5-аар ажиллуулахаар баталсан юм. Учир нь манай эмнэлэгт уламжлалтын их эмч 1, бариа заслын сувилагч 1 орон тоогоороо ажиллаж байгаа бөгөөд зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй, нэн чухал шаардлагатай биш билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартад хүний нөөцийн мэргэжилтэн 150 ажилтанд 1 байхаар заасан байдаг. Гэтэл манай Н Э нь эрүүл мэндийн яамнаас 94 ажилтантай байхаар төсөв нь батлагдсан. Ийм учир хүний нөөцийн ажилтны орон тоог 0,5 байхаар баталсан юм. А.Ю- нь өргөдөлдөө жирэмсэн, ажлын байрны стресс их, тайван байх боломжгүйд хүрээд байна гэсэн тул ажлын байрыг нь хөнгөвчилж ачааллыг багасгасан гэж үзэж байна. Иймд А.Ю-ыг өөрийнх нь өргөдөл гаргасны дагуу хүний нөөцийн ажлаас чөлөөлж, өөрийнх нь эзэмшсэн зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй байхад 2019 оны Б/37 тоот тушаал гарган томилж, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байраар хангаж байгаа билээ. Энэ хүнийг өөр ажлын байраар хангах боломжгүй байна. Орон тоогүй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг удирдлага болгон тушаал гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг гаргахад үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт гэсэн хуулийн зүйл заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт гэж өөрчлөхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Н Эт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ю- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 205/МА2020/00003 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтуудыг бодит байдалтай нь харьцууулан үнэлэлт дүгнэлт хийлгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т “байнгын ажлын байр" гэдгийг хуульчлан заажээ. Гэвч Тосонцэнгэл сумын Н Эт зүү төөнө заслын эмчийн баталсан орон тоо норм байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацатай байгуулна гэж ойлгохоор байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 сарын 12-нд байгуулахдаа талуудын харилцан тохиролцоод гарын үсэг зурсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээнээс харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” хэмээн хуульчилсан. Энэхүү Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 сарын 12-нд байгуулахдаа талуудын харилцан тохиролцоод гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүх хуралд А.Ю би өөрөө гарын үсэг зурсан зүй бус шахалт дарамт байгаагүй гэж хэлсэн. Эдгээрээс үзэхэд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хангалттай нотлох баримт болон тайлбаруудаар нотлогдож байхад шүүх харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчин шийдвэр гаргасан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны А/01 тоот тушаалд А.Ю-ын хуучин ажлын байр буюу хүний нөөцийн ажилтаны орон тоо нь 0,5 буюу орон тоогүй, эсвэл хавсран гүйцэтгэх ажил юм. Харин зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй. Энэ талаар хэрэгт авагдсан 2019 оны А/01 дугаар бүхий тушаалын батлагдсан орон тооноос харагдах болно. Тосонцэнгэл сумын Н Эт зүй төөнө заслын эмчийн орон тоо байхгүй үндэслэл шаардлага үүссэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хугацаатай гэрээ байгуулсан. Цаашид орон тоо нэмэгдвэл тухайн орон тоог нь гарган хугацаагүй гэрээ байгуулан ажиллах нөхцөл байдал үүсэж байна. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан байсны хувьд өөрийнх нь мэргэжлийн дагуу батлагдсан орон тоо байхгүй байгааг мэдсээр байж ажил шилжүүлэх өргөдөл өгсөн. Энэ өргөдөл хүсэлтийн дагуу орон тоо байхгүй байхад орон тооны илүүдэлтэйгээр ажиллуулж цалин хөлсийг нь олгож эмнэлгийн захиргаа дотооддоо зохицуулалт хийсэн. А.Ю-ын хөдөлмөрийг нь хөнгөвчилж ажил ачааллыг багасган ажиллуулсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир ажил олгогч тал буруудах зүйлгүй. Батлагдсан орон тоогүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан юм. Нэгдсэн эмнэлгийн орон тооны баталсан нормд, зүү төөнө заслын их эмч гэсэн орон тоо байхгүй байхад шүүх байнгын ажлын байр байна гэж үзээд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг нэгдсэн эмнэлгийн захиргаанд даалгаад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчоор Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтыг зөрчсөн, 23 дугаар зүйлийн 23.2.1 заалттай нийцэхгүй тушаал үйлдүүлэх гэж даалгаад байна. Анхан шатны шүүх хурал дээр шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийг тайлбарлахдаа шүүх бол бодит байдал дээрх зүйлд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргадаг ирээдүйд гарах орон тоог үнэлэж шийдвэр гаргадаггүй гэж хариуцагчийн гаргасан тайлбарыг няцаасан. Гэтэл шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үнэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтаныг чөлөөлөх үндэслэлтэй байна гэж хэтэрхий нэг талыг барьж, илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Энэхүү иргэний хэрэгт авагдсан байгаа хөдөлмөрийн гэрээг талууд 2019 оны 06 сарын 12-нд байгуулж 1 жилийн хугацаатай байгуулсан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 06 сарын 12-нд дуусахаар байна. Энэ үед гэрээний хугацаа дуусахад талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй сунгагдсанд тооцогддог. Эсвэл тухайн үед хөдөлмөрийн гэрээг дахин 1 жил юмуу ямар нэгэн тодорхой хугацаагаар сунгах, хөдөлмөрийн гэрээг 37.1.3 дахь заалтаар цуцлах тохиолдлуудыг аль нь гарах байсныг урьдчилан харж тооцоолох боломжгүй зүйл байгаа билээ. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн захиргаа талаас А.Ю-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал шийдвэр, мэдэгдэх хуудас болон ямар нэгэн хүсэл зориг илэрхийлэгдэж гараагүй юм. Энэ тухай ямар нэгэн нотлох баримт хэрэгт тусгагдаагүй байхад шүүгч ирээдүйг зөгнөн харж хийсвэр шийдвэр гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчимд үндэслэн талууд тэгш эрхийн зарчмаар оролцох ёстой. Хариуцагч байгууллага нь А.Ю-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 6 сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг гаргасан, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан гэж татгалзлалын үндэслэлээ тайлбарласан хэдий ч А.Ю-ын 2019 оны 05 сарын 14-ний өдөр гаргасан ажлын байр солиулах талаарх өргөдөл, 2019 оны 06 сарын 14-ний өдөр гаргасан Б/37 дугаар тушаалын үндэслэл болсон хуулийн заалтыг зөвшөөрөхгүй байгаа учир өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл харилцан тохиролцсон зүйл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэжээ. Энэ нь илт хууль зөрчин дүгнэсэн байна. А.Ю- нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.Цэцэгдэлгэрийн 2019 оны 06 сарын 10-ний өдрийн Б/37 тоот тушаалын үнэдэслэл болсон гэж нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх А.Ю-ын өргөдөл, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй тушаал буюу Тосонцэнгэл сумын Н Э үйлдэгдээгүй бодит байдалтай нийцэхгүй 2019 оны 06 сарын 14-ний өдрийн Б/37 тоот тушаал нь уг хэрэгт байхгүй зүйлийг үнэлж дүгнэж шийдвэр гаргасан байна. Энэ нь шүүх өөрөө хууль зөрчин, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгааг илтгэж байна. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 06-р сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалаар А.Ю-ыг зөвхөн зүү төөнө заслын эмчээр томилсон. Гэвч энэхүү орон тоогүй байгаа байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх нь байнгын ажлын байр гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг хийсвэр дутуу үнэлж бодит байдалтай нийцүүлэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд шийдвэр, магадлал нь илт хууль зөрчин хэтэрхий нэг талыг барьж, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байх хүчингүй болгож, А.Ю-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Ю-, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Н Эт холбогдуулан тус эмнэлгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалд өөрчлөлт оруулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...хүсэлтийнх нь дагуу өөр ажилд шилжүүлсэн, батлагдаагүй орон тоо тул гэрээг хугацаатай байгуулсан...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдолд дурдснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэлийн агуулгаар шаардлагыг  зөв тодорхойлоогүйгээс гадна шаардлага гаргах эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасныг баримтлаагүй, процессын хэм хэмжэээг баримталсан нь буруу болжээ. Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

А.Ю- 2018.07.26-ны өдрийн Б/28 тоот тушаалаар тус эмнэлэгт хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчийн орон тоонд ажиллаж байгаад ажил олгогчид хандаж “...3 сартай жирэмсэн, ...ажлын байрны стресс ихтэй тул ажлын байрыг сольж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргажээ.  Уг хүсэлтийг үндэслэн ажил олгогч А.Ю-ыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалаар хүний нөөцийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, зүү төөнө заслын эмчээр томилон, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан гэж үзсэн байна.

А.Ю-ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан гомдлоор авч хэлэлцэх мөн боловч энэхүү зохицуулалт нь шүүх гомдлыг хэлэлцээд аль нэг шийдвэр гаргахыг журмаласнаас бус талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болохгүй. Түүнчлэн тухайн зохицуулалтад шүүх ажил олгогчийн шийдвэрт өөрчлөлт оруулах, өөрчлөхийг даалгах агуулга тусгагдаагүй байна.

А.Ю-ын  “тушаалд өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн агуулгаас үзвэл тэрээр   ажил олгогч түүнийг өөр ажилд шилжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсанд маргасан байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг даалгах агуулгатай гэж үзнэ. Үүнийг хоёр шатны шүүх анхаараагүй, тушаалд баримталсан хуулийн зохицуулалтыг өөрчлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөв агуулгаар тодорхойлох нь зүйтэй байна.

Хэргийн баримтад авагдсан хариуцагч байгууллагын бүтэц орон тооноос үзвэл хүний нөөцийн ажилтан 0.5-р буюу хавсарч гүйцэтгэхээр, зүү төөнө заслын эмч 1-р буюу бүтэн орон тоотой батлагджээ. А.Ю- тус байгууллагад үндсэн ажилтнаар хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар өөр ажилд шилжүүлэх хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авсан тул ажилтны өмнөх гэрээний буюу хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах нөхцөл хэвээр хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй болохыг хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

Ажил олгогч А.Ю-ыг өөр ажилд шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг урьдчилан танилцуулж, харилцан ярилцаж, ажлын нөхцлийг түр, хугацаатай  өөрчлөхөөр тохиролцон улмаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд нэгэнт ажил олгогч шийдвэр гаргаж, А.Ю-ыг зүү төөнө заслын эмчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байх тул батлагдаагүй орон тоо, зүү төөнө заслын эмчийн 1 орон тоонд өөр эмч ажиллаж байгаа гэх тайлбар, үндэслэл нь А.Ю-ын эрх ашгийг хөндөх учиргүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 205/МА2020/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар А.Ю-ын нэхэмжлэлийг хангаж, түүнтэй зүү төөнө заслын эмчийн ажилд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Н Эт үүрэг болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ