Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 003

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогч О.Буянхишиг,

шүүгдэгч Г.Түвшин-Онон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Түвшин-Ононд холбогдох эрүүгийн 2016 2501 0545 дугаар хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ганбаатарын Түвшин-Онон, Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмээ, эгч нарын хамт Хэнтий аймгийн Дадал сум 4 дүгээр баг, Баян-Овоо гэх газарт оршин суух, регистрийн СЙ95020514 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Түвшин-Онон нь согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 24 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн О.Буянхишигтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Түвшин-Ононгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Буянхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тараад найзтайгаа Венус бааранд орж бид хоёр нэг, нэг пиво авч, түүнийхээ талыг уучихаад ОО-руу орсон. Тэгээд манай найз бүжиглэхээр талбай руу гарсан. Би ширээндээ сууж үлдсэн. Намайг сууж байхад Түвшин-Онон ирээд “тамхи байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хариулсан. Түвшин-Онон “тэгвэл чи аваад өгчих” гэхэд нь “би яагаад чиний тамхыг бэлдэх ёстой юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Түвшин-Онон намайг хойшоо татаж түлхэж унагаасан. Манай найз ирээд намайг босгож Түвшин-Ононг аваад явсан. Намайг араас нь очих гэхэд бас нэг танихгүй залуу хойноос хавсарч унагаасан. Тэгтэл дижи хийдэг залуу намайг тайз руу авч явсан. Гэтэл нэг охин “чи яахаараа намайг мангасддаг юм бэ” гээд намайг алгадсан. Би хариуд нь “уучлаарай, би эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй” гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа Түвшин-Онон ирээд “уучлаарай” гээд надтай гар барих гэж байснаа намайг мөргөсөн. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Мөн доод шүд бага зэрэг суларсан. Тэгээд би баарнаас гарч ахыгаа дуудсан. Манай ах, бэр эгч, түүний дүү нар ирээд баар руу орох гэхэд баарны хамгаалагч “та нарыг оруулахгүй. Бид нар өөрсдөө Түвшин-Ононг дуудаж гаргаж ирнэ” гэсэн. Тэгээд удалгүй манай найз гарч ирсэн. Араас нь нэг өндөр залуу шилтэй архитай гарч ирсэн. Тэр залуу манай ахад “танай хоёр дүүгийн чинь нэгэнтэй нь зодолдоё” гэхэд нь манай ах “чи юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд тэр өндөр залуу манай ахтай зодолдсон. Удалгүй цагдаа ирээд бид нарыг авч явсан. Би эмчилгээний зардалдаа 250.000 төгрөг Түвшин-Ононгоос авсан, одоо гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 1 дүгээр сарын 23-ны орой өөрийн найз болох Төрбаттай ажлаасаа тараад хоёулаа нэг, нэг шил пиво ууя гээд Сансарын Венус бааранд орсон. Тэнд ороод уух юмаа захиалчихаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэчихээд бид 2 ОО-ын өрөө ороод эргэж ирээд би ширээн дээрээ үлдээд Төрбат тайз руу бүжиглэхээр явсан юм. Тэгээд би ширээн дээрээ сууж байхад цаад талын ширээн дээрээс нэг залуу хүрч ирээд “нэг тамхи өгчихөөч” гэхээр нь би “тамхи байхгүй” гэсэн чинь “аваад өгөөч” гэхээр нь “мөнгө байхгүй” гэж хэлтэл “энэ 2 пивийг ямар мөнгөөрөө авсан юм” гэхээр нь “би ер нь чиний тамхийг бэлдэх юм уу” гэж хэлтэл тэр залуу намайг заамдаад сандалтай түлхээд унагаачихсан. Тэгээд байж байхад манай Төрбат найз ирээд салгаад “яагаад байгаа юм бэ” гээд нөгөө залууг үүд рүү аваад  явсан. Би босоод харсан чинь нэг найз нь манай найз руу гүйж байхаар нь би гүйж очоод “яах гэсэн юм бэ” гээд нөгөө найзыг бариад автал хойноос нэг нь хавсраад унагаачихсан. Би тэгээд дахиад газар сууж байхад манай найз татаж босгоод би ширээ рүүгээ эргээд алхаад явж байхад урдаас Дж гэх залуу нь ирээд уулзаад байж байхад нэг эмэгтэй ирээд “чи яахаараа намайг мангасддаг юм” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь намайг нэг алгадсан. Би тэгэхээр нь гайхаад зогсож байтал анх надаас тамхи гуйсан залуу ирээд “за за уучлаарай” гээд гар барихаар нь би гарыг нь барьсан чинь татаж ирээд миний уруул руу мөргөсөн. Тэгснийх нь дараа би найзынхаа куртикыг, өөрийнхөө куртиктай аваад гарч гүйгээд цагаан утас олоод өөрийн ах болох Энх-Амгалан, бэр эгчийн дүү болох Түмээ нарт “би хүнд зодуулчихлаа” гэж хэлтэл манай ах “хаана байгаа юм, тэгээд очихоор хүмүүс чинь байгаа юм уу” гэхээр нь “байгаа Венус бааранд байгаа” гээд хаягаа зааж өгсөн. Тэгээд ах такси бариад ирсэн. Бид нар цуг баар руу орохоор болоод орохоосоо өмнө цагдаа дуудчихаад дотогшоогоо ороод явж байхад хамгаалагчтай нь тааралдаад хамгаалагч нь дуудаад гаргаад ирнэ гэсэн юм. Ах тэгээд гадаа хүлээж байхад манай найз гарч ирээд байж байхад зөөгч гээд байгаа залуучууд нь гарч ирээд тэд нар нь “одоо яах гэсэн юм бэ? Дараа нь таарахгүй шүү дээ” гээд байж байхад нэг залуу архи барьчихсан гарч ирээд манай ахад хандаж “би танай хоёр дүүтэй ямар нэгэн асуудал байхгүй зодолдоё” гэхээр нь манай найз Төрбат тэр залуутай зодолдсон. Зодолдоод салаад байж байхад цагдаа ирээд намайг мөргөсөн залуу, Төрбаттай зодолдсон хоёр залууг аваад хэлтэс рүүгээ явсан. ...Намайг бол нэг залуу зодсон. Тэр тамхи гуйж ирсэн залуу нэг удаа мөргөж зодсон. Өөр хүн бол зодоогүй. Намайг харахад цагаан өнгийн ноолууран товчилдог цамцтай залуу байсан. Өндөр нь 170 см орчим өндөртэй. Царай төрхийг нь сайн санахгүй байна. Дахин харвал би тэр залууг танина. ...Би тэдгээр залуучуудыг хэл амаар доромжилсон, өдөөн хоргоосон ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би хариу цохиж зодолдсон үйлдэл хийгээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Гэрч О.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 1 дүгээр сарын 23-ны орой найз Буянхишигтэй хамт 23 цаг өнгөрөөгөөд Сансарын Венус бааранд орсон. Тэгээд Венус бааранд ороод тус бүр 1 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво захиалаад ууж сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэхээр гарсан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад сүүлд нь нэрийг нь Түвшин-Онон гэж мэдсэн залуу ойрхон бүжиглэхээр нь Буянхишиг бид хоёр жаахан холдоод зайтай бүжиглэсэн. Ингээд Буянхишиг суудал дээрээ суух гээд явсан ба би бүжгийн талбай дээр бүжиглээд байж байхад Буянхишиг нэг хүнтэй маргалдаад байгаа юм шиг харагдахаар нь би явж очоод болио гэж хэлээд нөгөө залууг нь салгасан. Тэр маргалдаад байсан залуу Түвшин-Онон байсан. Намайг салгахад араас хэн нь мэдэгдэхгүй нэг хүн хавираад унагаасан. Тэгтэл Буянхишиг бас миний хажууд унасан байсан. Ингээд би Буянхишигийг дээш нь татаад босгосон чинь баарны хамгаалагч залуу ирээд намайг татаад үүдний хаалга руу аваачсан. Тэгэхэд араас танихгүй залуу ирээд намайг заамдаад авахаар би тэр залууг бас заамдсан чинь хамгаалагч нь салгасан. Энэ үед Буянхишиг баарны заалнаас гадуур куртка, цамц зэргийг аваад гарч ирсэн ба шүднээс нь цус гарч байсан. Би “яасан бэ?” гэсэн чинь “саравчтай малгайтай залуу намайг мөргөчихлөө” гэж хэлсэн. Малгайтай залуугийн нэрийг нь сүүлд нь Түвшин-Онон гэж би мэдсэн. Харвал сайн танина. Тэгээд би хамгаалагчид манай найзыг хүн мөргөөд амнаас нь цус гаргасан байна гээд яриад зогсож байтал Буянхишиг хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ явсан юм байна даа гээд зам гараад замын хажуугийн түцний араар гараад явж байтал Буянхишиг өөдөөс гараад ирсэн. Би “хаашаа явсан юм бэ?” гэсэн чинь “ахтайгаа утсаар ярьчихлаа одоо ирнэ, хоёулаа эндээ байж байя” гэсэн. Ах Энх-Амгалан нь ойролцоогоор 30 орчим минутын дараа хүргэн дүүтэйгээ ирсэн. Тэгээд баарлуу дөрвүүлээ цугтаа ороод ах нь “аль нь мөргөсөн юм бэ” гэж Буянхишигээс асууж заалгахад Түвшин-Онон руу заасан ба ах нь Түвшин-Ононг дагуулаад гадагшаа гарч явахад араас нь Түвшин-Ононгийн найз Даваажаргал ахтай заамдалцаад “яагаад байгаа юм бэ” гэж байсан. Ах нь Даваажаргалыг “миний дүү холдоо” гэж хэлээд Түвшин-Ононг үүд рүү дагуулаад гарсан. Мөн “цагдаа дуудсан байгаа шүү” гэж хэлж байсан. Гадаа гарахад Даваажаргал араас гарч ирээд “танай дүүтэй чинь зодолдоё” гээд намайг заамдаад авахаар нь би харилцан заамдалцаад зодолдсон. Намайг Даваажаргалтай зодолдож байхад цагдаа нар ирээд салгаад бүгдийг нь цагдаагийн хэлтэсрүү авчирсан. ...Даваажаргал нь нилээд согтуу байсан, хэл ам нь ээдрээд байсан. Түвшин-Онон бага зэргийн согтолттой өөрөө юу хийж байгаагаа ойлгож байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-18 дугаар тал/

 

Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ орой 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед байж байхад манай дүү Буянхишиг залгаад “би Сансарт хүмүүст зодуулчихлаа” гээд залгахаар нь би эхлээд тоглоод байгаа юм байна гэж бодоод байж байхад дахиад залгаад “намайг зодсон хүмүүс нь энд байна аа, та хүрээд ирээч” гэхээр нь эхнэрийнхээ дүү болох дэлдэн гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй залуутай хоёулаа такси бариад Сансарын тунел дээр очоод дүүгээсээ таксины мөнгө аваад Венус баар орохдоо дүүгээ цагдаад дуудсан уу гэхээр үгүй гэхээр нь би баар руу орохдоо цагдаа дуудчихаад коридороор нь ороход өөдөөс 5-6 залуу 2 хамгаалагчтай гараад ирэхээр нь би уулзаад гадаа гараад учраа олъё гэхээр нь хамгаалагч нар нь гадаа гараад хэрэггүй зодоон болно гэхээр нь би дүүтэйгээ гадаа зогсож байхад нөгөө залуучууд гараад ирэхээр нь би дүүгээсээ “чамайг цохисон нь яг аль нь юм бэ” гэсэн чинь нэг саравчтай малгайтай залууг заасан. Тэгээд тэр залуу нэг охинтой хамт явах гээд байхаар нь зуураад явуулаагүй юм. Тэгээд байж байтал нэг өндөр залуу тал шилтэй архи барьчихсан гараад “та нар яах гээд байгаа юм” гэхээр нь би архийг нь булааж аваад байж байхад тэр өндөр залуу дайрахаар нь би тэр залууг унагаагаад тэнд байсан хүмүүст хандаад “би энэ залууг цохиогүй шүү, та нар харсан биз” гэж хэлсэн. Тэгтэл тэр өндөр залуу босч ирээд “та нар тэгвэл надтай халзагначих” гэхээр нь манай найзын дүү Төрбат тэр өндөр залуутай зодолдсон юм. Тэр хоёр зодолдоод байж байхад цагдаа нар ирээд аваад явсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Гэрч Э.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 01 дүгээр сард Сансарын Венус баарны доод талын караокед угтагч хийдэг байсан. Тухайн үед Түвшин-Онон Венус баарны доод талын пабд бармен хийдэг байсан. Ингээд бид 2 нэг өдөр зэрэг амарч таараад хоёулаа цугтаа Венус бааранд 2016 оны 1 дүгээр сарын 23-ны орой 22 цаг өнгөрөөгөөд орсон. Түвшин-Онон бид хоёр ширээн дээр сууж байгаад би бие засах гээд 00-ын өрөө рүү орчихоод эргээд хүрээд ирсэн чинь “зодоон боллоо” гэж Түвшин-Онон хэлээд намайг “хаашаа явчихсан юм бэ?” гэж асуусан.  Зодолдсон гээд байсан хоёр залуу гараад явсан. Түүний дараагаар сууж байхад нөгөө хоёр залуу ах нарыгаа дагуулж баарлуу орж ирээд Түвшин-Ононг гадагшаа гаръя гээд дагуулаад гарах гээд байхаар нь Венус баарны хамгаалагч нар ирж менежертэйгээ хамт салгасан. Нөгөө залуучуудын ах нар нь бааранд явж байсан Түвшин-Ононгийн найзыг чирээд үүд рүү явахаар нь би араас нь очсон чинь баруун гаргүй ах нь хавирч унагаасан ба жижиг биетэй ах нь намайг зодох гээд дайраад байсан. Ингээд хамгаалагч нар болиулсан чинь шүд рүүгээ мөргүүлдгийн нөгөө залуу нь намайг хажуунаас цохиод би бас харилцан зодолдож байгаад салсан чинь дотроос Түвшин-Онон гараад ирсэн. Тэгсэн чинь Түвшин-Ононг гаргүй ах нь тохойгоороо нүүрлүү нь цохиод 3,4 удаа толгой руу нь мөргөсөн. Тэгэхээр нь хамгаалагч нар дахиад салгаад байж байхад цагдаа нар ирээд бүгдийг нь цагдаагийн хэлтэс рүү авчирсан.  ...Тухайн үед мөрдөн байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлж байсан. Харилцан зодолдсон юм чинь гэж бодоод тоохгүй орхисон чинь ийм асуудал болжээ. Би тухайн үед нь надтай зодолдсон залуутай эвлэрээд хэн хэндээ гомдол санал байхгүй гээд салсан.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

Яллагдагч Г.Түвшин-Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 1 сард Венус баарны доод талын Россия ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил амраад тэгээд орой найз Даваажаргалын хамт Венус бааранд 23 цагийн орчим орсон. Бид 2 ороод 0,5 литрийн хэмжээтэй архи 1 ширхэгийг аваад хажуугийн ширээний 2 охинтой мөн манай найз Буян-Эрдэнэтэй хамт сууцгаасан. Ингээд сууж байгаад би хажуугийн ширээн дээр сууж байсан хоёр залуугийн нэг нь буюу сүүлд нь нэрийг нь Төрбат гэж мэдсэн залуугаас “тамхи байна уу” гэж асуусан чинь “би чиний тамхийг бэлдэх болоогүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч хэлээгүй эргэх гэтэл тэр залуу босоод ирэхээр нь түлхсэн чинь хажууд нь сууж байсан Буянхишиг ууж байсан пивоныхоо шилийг бариад над руу дайрахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод айсандаа мөргөсөн. Тэр үед хамгаалагч Дорждэрэм, Ариундалай нар ирээд шууд салгаад, Дорждэрэм нь Төрбат, Буянхишиг болон намайг гадагшаа дагуулж гараад хооронд минь эвлэрүүлээд тэр хоёр явлаа гээд явсан. Би эргээд баарлуу орж ирээд ширээн дээр сууж байгаад бие засах өрөө орох гээд алхаж байтал Буянхишиг ахыгаа дагуулаад ирсэн. Ах нь гээд залуу ирээд коридорт намайг бие засах өрөө явж байхад таараад Буянхишигээс “энэ мөн үү” гэж асуугаад намхан ах нь шууд гараараа нүүрлүү цохиход нь хамгаалагч нар ирээд дахиад салгасан. Даваажаргал намайг цохиулж байхад бие засах өрөөнөөс ирсэн. Ингээд хамгаалагч нар бөөнөөр нь гадагшаа гаргасан чинь Даваажаргалыг намхан ах нь Төрбаттай нийлээд зодоод байсан. Намайг болохоор нөгөө өндөр ах нь машин руу суулгах гээд татаж чирээд байсан. Машин дотор нь 2 залуу суучихсан “наадхаа оруулаад ир, яасан их хүн зоддог юм, булаад хаячихъя” гэсэн. Тэр үед нь хамгаалагч Дорждэрэм, Ариундалай нар “авч явах гээд байвал цагдаагаа авчираад аваад яв” гээд намайг буцаагаад дотогш нь оруулсан. Даваажаргал гадаа Төрбаттай зодолдоод байхаар нь би буцаж гараад салгах гэсэн чинь өндөр ах нь миний нүүр лүү тохойгоороо цохиод, толгойгоороо 4 удаа нүүр лүү мөргөсөн. Тэр үед нь цагдаа нар ирээд салгаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Уг нь тухайн үед Жавхланбаяр байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Би гэмтээгүй юм шиг санагдахаар нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41-42 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1716 дугаар:

  1. Буянхишигийн биед дээд үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний булгарал, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.” гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 50 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Түвшин-Онон нь согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 24 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн О.Буянхишигтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Буянхишигийн өгсөнБи ширээндээ сууж байсан. Гэтэл Түвшин-Онон ирээд “тамхи байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хариулсан. Түвшин-Онон “тэгвэл чи аваад өгчих” гэхэд нь “би яагаад чиний тамхыг бэлдэх ёстой юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Түвшин-Онон намайг түлхэж унагаасан. Тэгээд манай найз ирээд намайг босгоод Түвшин-Ононг цааш нь аваад явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Түвшин-Онон ирээд “уучлаарай” гээд гар барих гэж байснаа намайг мөргөж унагаасан. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Мөн доод шүд бага зэрэг суларсан.” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад яллагдагч Г.Түвшин-Ононгийн өгсөн “...Ингээд сууж байгаад би хажуугийн ширээн дээр сууж байсан хоёр залуугийн нэг нь буюу сүүлд нь нэрийг нь Төрбат гэж мэдсэн залуугаас “тамхи байна уу” гэж асуусан чинь “би чиний тамхийг бэлдэх болоогүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч хэлээгүй эргэх гэтэл тэр залуу босоод ирэхээр нь түлхсэн чинь хажууд нь сууж байсан Буянхишиг ууж байсан пивоныхоо шилийг бариад над руу дайрахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод айсандаа мөргөсөн.” гэх,

мөн гэрч О.Төрбатын өгсөн “Намайг салгахад араас хэн нь мэдэгдэхгүй нэг хүн хавираад унагаасан. Тэгтэл Буянхишиг бас миний хажууд унасан байсан. Ингээд би Буянхишигийг дээш нь татаад босгосон чинь баарны хамгаалагч залуу ирээд намайг татаад үүдний хаалга руу аваачсан. Тэгэхэд араас танихгүй залуу ирээд намайг заамдаад авахаар би тэр залууг бас заамдсан чинь хамгаалагч нь салгасан. Энэ үед Буянхишиг баарны заалнаас гадуур куртка, цамц зэргийг аваад гарч ирсэн ба шүднээс нь цус гарч байсан. Би “яасан бэ?” гэсэн чинь “саравчтай малгайтай залуу намайг мөргөчихлөө” гэж хэлсэн. Малгайтай залуугийн нэрийг нь сүүлд нь Түвшин-Онон гэж би мэдсэн....” гэх,

мөн гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн “2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ орой 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед байж байхад манай дүү Буянхишиг залгаад “би Сансарт хүмүүст зодуулчихлаа” гээд залгахаар нь би эхлээд тоглоод байгаа юм байна гэж бодоод байж байхад дахиад залгаад “намайг зодсон хүмүүс нь энд байна аа, та хүрээд ирээч” гэхээр нь эхнэрийнхээ дүү болох дэлдэн гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй залуутай хоёулаа такси бариад Сансарын тунел дээр очоод дүүгээсээ таксины мөнгө аваад Венус баар орохдоо дүүгээ цагдаад дуудсан уу гэхээр үгүй гэхээр нь би баар руу орохдоо цагдаа дуудчихаад коридороор нь ороход өөдөөс 5-6 залуу 2 хамгаалагчтай гараад ирэхээр нь би уулзаад гадаа гараад учраа олъё гэхээр нь хамгаалагч нар нь гадаа гараад хэрэггүй зодоон болно гэхээр нь би дүүтэйгээ гадаа зогсож байхад нөгөө залуучууд гараад ирэхээр нь би дүүгээсээ “чамайг цохисон нь яг аль нь юм бэ” гэсэн чинь нэг саравчтай малгайтай залууг заасан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1716 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Г.Түвшин-Ононг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Түвшин-Ононд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Түвшин-Ононг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Г.Түвшин-Ононд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Г.Түвшин-Ононгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч О.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт “Би эмчилгээний зардалдаа 250.000 төгрөг Г.Түвшин-Ононгоос авсан, одоо шүүгдэгч Г.Түвшин-Ононд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар хохирогч О.Буянхишигт шүүгдэгч 250.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Ганбаатарын Түвшин-Ононг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Түвшин-Ононд 4 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Түвшин-Ононд  оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Түвшин-Онон урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Түвшин-Ононд оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,

эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй

болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Түвшин-Ононд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ