Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183

 

 

Т.Адилбишид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Т.Адилбишийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Адилбиш, хохирогч Б.Мөнхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Адилбишид холбогдох эрүүгийн 1806083222206 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Балган овгийн Түмэндэмбэрэлийн Адилбиш, 1969 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20-313 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ТА69031911/;

 Булган аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Т.Адилбиш нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20-313 тоотод, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Б.Мөнхжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Адилбишийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Балган овгийн Түмэндэмбэрэлийн Адилбишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Адилбишийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Адилбишид сануулж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Т.Адилбишид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Адилбиш гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, эхнэр Б.Мөнхжаргалаас уучлалт гуйсан бөгөөд одоо бид хамтдаа амьдарч байна. Хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би тухайн өдөр уур хүрээд нэг л удаа эхнэрээ цохиход эхнэр уурандаа цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Урьд өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй. Ам бүл 5, 8-23 насны 3 хүүхэдтэй бөгөөд өөрийн буруугаас гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.

Би 50 настай, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх доорх нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан байна. Мөн дээрх ял шийтгэлийг миний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй шийтгэл гэж үзэж байна. Учир нь, миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20 дугаар гудамжны 313 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хөдөө Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өөрийн гэсэн хэдэн мал малладаг, надаас өөр мал маллах хүн байхгүй. Одоо хаврын төл авах ажил эхлэх тул Улаанбаатар хотод нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, торгох ялын доод хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Мөнхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрийн нөхөр болох Т.Адилбиштэй маш сайн ойлголцож чадсан бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй. Нөхрийн минь эцэг, эх 80 дөхөж яваа хоёр хөгшин байдаг. Саяхан хадам ээж минь элэгний хүнд хагалгаанд ороод сар гаруй болж байна. Би хүүг нь ялд унагаад, очуулж чадахгүйд хүрвэл миний нэр хүнд маш их унаж, эцэг, эхийнх нь гомдол барагдахгүй байх. Би ч гэсэн муухай ааш гаргаж ийм байдалд оруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мал төллөх ажил нь бидний амьдралд маш их нэмэр болдог. Охины оюутны төлбөр хагас улиралдаа хийгдээгүй, нэхэгдэж байгаа. Миний цалин хаанаа ч хүрэхгүй тул нөхрийн 300 цаг ажиллах ял нь надад маш хүндээр тусч байна. Ялыг нь мөнгөн дүнд шилжүүлж өгнө үү. Манай нөхөр мөнгөөр төлөх боломжтой. Миний аргагүй байдлыг харгалзан үзэж нааштайгаар шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Адилбишийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Адилбиш нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд биш бөгөөд, түүний үйлдсэн энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинж чанартай юм. Үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт нь тохируулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх бүрэн эрх байгаа учраас шүүгдэгч Т.Адилбишийн ар гэрт үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв. ...” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Адилбишийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзээд анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу прокурор яллагдагчтай 300 цагийн нийтэд тустай ажил хийгэх ял тохирон анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Т.Адилбиш нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Торгох ял оногдуулах боломжгүй. Торгох ял оногдуулах нь гэр бүлд нь хүндээр тусдаг учраас ялыг биечлэн эдлүүлэх нь ялын бодлогод тохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.Адилбиш нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 20-313 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Мөнхжаргалтай “хэрэггүй хүнсний ногоо авчирч, мөнгө үрлээ” гэх зэргээр ахуйн хүрээний маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. ...Тэгээд “хэрэггүй ногоо авч мөнгө үрлээ” гэхээр нь би “ямар чиний мөнгөөр авсан биш” гэж хэлсэн чинь над руу хүрч ирээд нөмөрөөд хэвтэж байсан халаад хуулж авахаар нь би босоод орон дээр суухад миний зүүн нүд болон хамар хавьцаа нэг удаа өшиглөж хамраас цус гаргасан“ тухай дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх 8-10/,

“... миний уур хүрээд “чи энэ ногоогоо янзлаад дарчихгүй яасан юм бэ, энийгээ янзлаад дарчихгүй байж мөнгө мөнгө гээд л нэхээд байдаг” гэхэд “наад ногоог чинь янзална, ямар чиний мөнгөөр авч байгаа биш” гэхээр нь уур хүрээд тухайн үед орон дээр хэвтэж байгаад миний хөлд хэвтэж байсан эхнэрийнхээ зүүн талын нүд рүү нь нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэх Т.Адилбишийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 30/,

 “Б.Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12414 дугаартай дүгнэлт /хх 15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Адилбишийн дээрх нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Т.Адилбишид “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь буруу болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, ...” байхаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн хувьд ч дээрх “байнга” байх шинж хамаарна.

Иймд шүүгдэгч Т.Адилбишийн өөрийн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, нэг удаагийн үйлдлээр зодож гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Адилбишийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь тохиромжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Адилбиш, хохирогч Б.Мөнхжаргал нараас “хөдөө орон нутагт мал малладаг тул нийтэд тустай ажил хийл ялыг биелүүлэх боломжгүй тул торгох ялаар өөрчилж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тусдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Адилбишид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Балган овогт Түмэндэмбэрэлийн Адилбишийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Адилбишийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Адилбишид торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ