Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч П.Т,

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С,

           Хариуцагч /Хурлын дарга/, гуравдагч этгээд: Г.Б

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч: С.Т

Хариуцагч: Хуралдаан  даргалагч  П.Ц, Г.Ц,

           Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай" 01, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, албажуулж,  хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  хуралдаан илт хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т, өмгөөлөгч Ч.С, хариуцагч, гуравдагч этгээд Г.Б, өмгөөлөгч С.Т, хариуцагч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Т шүүхэд бичгээр  гаргасан  нэхэмжлэлдээ болон тайлбартаа:   Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Сумын иТХ даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх, сонгох” асуудлаар сумын иТХ ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт товлосон. Ийнхүү  сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурал 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт 92 хувийн ирцтэйгээр эхэлж “Сумын иТХ дарга П.Ц өөрийн хүсэлтээр өөр ажилд томилогдох болсон тул ажлаас чөлөөлөгдөх, сумын иТХ дараагийн даргыг сонгох” асуудлыг хэлэлцсэн.

Хурлын явцад сумын иТХ даргад Монгол Ардын намаас Г.Быг дэвшүүлсэн. Би төлөөлөгчийн хувьд өөрийн нэрийг хурлын даргад дэвшүүлсэн тул санал хураалт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т  зааснаар нууцаар явагдахаар болж “Тооллогын комисс”-ыг Ц.О, Н.З, Г.Б нарын бүрэлдэхүүнтэй  баталж, тогтоолын төслийг уншиж танилцуулсан.

Ингээд Тооллогын комисс хуралдаж, сумын иТХ    даргад нэр дэвшүүлэх санал хураалт явагдаж, тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулахад 11 төлөөлөгчийн 6 буюу олонхийн саналыг П.Т миний бие авсан тул “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ дарга П.Цыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, сумын иТХ даргаар төлөөлөгчдийн олонхи  буюу 55.5 хувийн санал авсан П.Тыг сонгогдсонд тооцох тухай" тогтоолын төслийг уншиж танилцуулснаар Хурлын  дарга П.Ц  надад тамгаа хүлээлгэн өгч ажлын амжилт хүсч даргын үүрэгт ажлаас  өөрөө  чөлөөлөгдсөн.

Гэтэл хурлын шийдвэрийг /01, 02 дугаар тогтоол/ ёсчилж, баталгаажуулах гэж байхад хурлын дарга асан П.Ц нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “... гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах”,  25 дугаар зүйлийн 25.2-т  “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх  тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж зааснаар хурлын шийдвэрийг ёсчилж, баталгаажуулан гарын үсэг зурж, албажуулалгүй өнөөдрийг хүргэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална" гэж зааснаас үзвэл Хурал нь сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх зохицуулалттай бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Хурлын дарга П.Цыг ажлаас чөлөөлсөн, П.Тыг Хурлын даргаар сонгосон тогтоолыг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж баталсан, тус асуудлыг Хурал хуулиар олгосон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн.

Гэтэл  2020 оны 03  сарын 06-ны өдрийн Хурлаас гарсан 01, 02 дугаар тогтоол хууль тогтоомж зөрчсөн талаар сумын иТХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоол гарч өмнө /2020.03.06-нд/ хэлэлцсэн асуудлаар сумын иТХ ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт дахин товлон зарлаж хуралдсан нь хурлыг хууль бус болгоход  хүргэсэн.

Тус өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд “... аймгийн иТХ танай хурал хууль зөрчсөн байна гэж үзсэн тухай иТХ дарга П.Ц шийдвэрлэн иТХ    Тэргүүлэгчдийг дахин хуралдуулж, ээлжит бус хурал хуралдах тогтоол гаргасан” гээд хурлыг  хийсэн байдаг.

Миний хувьд багийн Засаг даргаар ажилладаг. Хурал хуралдаж байна гэхээр нь орсон. Тэгээд би энэ хурал чинь хууль бус, өмнөх хурлыг хүчинтэй гэж хэлээд гарсан, хурал ч удахгүй завсарласан байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа хурал үргэлжилж хуралдсан ба Дэлгэрцогт сумын иТХ    даргаар Г.Быг сонгосон байсан.

Миний хувьд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу иТХ    даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн, санал хураалт мөн хуулийн 11.4-д зааснаар нууцаар болж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 55.5 хувийн санал авсан тул Хурлын даргаар сонгогдсонд тооцогдох ёстой гэж үзэж байна.

Мөн тус хуулийн 18 дугаар зүйлд сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд 18.1.1 б/-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, 23.3-д “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 23.4-д “... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж  заажээ.

Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн товыг сумын иргэдийн Төлөөлөгч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүй, өмнөх хуралдаанаас гарсан 01, 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй байхад хууль бус хуралдаанаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг гаргасан байна.

Иймд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гарсан  “Тооллогын комисс томилох тухай" 01, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албажуулж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн хууль бус хуралдаанаас гаргасан  “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Эдгээр хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас миний сонгох сонгогдох эрх /Үндсэн хуулиар олгогдсон/, Хурлын төлөөлөгчийн хувьд Хурлын даргад нэр дэвших, улмаар  даргаар  сонгогдож ажиллах  зэрэг эрхийг зөрчсөн  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчаас албажуулахыг даалгаж өгөхийг хүссэн 2 тогтоолыг дугаар нь буруу дугаарлагдсан байна гэж байна. Энийг энэ хүн өөрөө л мэдэх ёстой байх гэхдээ би хувьдаа харин ч зөв дугаарлагдсан  юм уу гэж харж байна. Дугаарлалтаас болж нэхэмжлэлийн шаардлагад  өөрчлөлт орохгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 сарын 3-ны өдөр хариуцагч П.Ц нь Дундговь аймгийн Дэлгэрцогт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг товлон хуралдуулах тухай тогтоол гаргаад улмаар энэхүү тогтоол нь хууль ёсны дагуу үндэслэл бүхий гарсан тогтоол байна гэж үзэх бүрэн үндэстэй байна.Үүний дагуу 2020 оны 3 сарын 6-ны өдөр тус сумын иТХ хуралдаад 2 зүйлийг хэлэлцсэн байдаг. Тооллогын комисс томилоод ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тогтоолын төсөл гаргасан байдаг. Хэлэлцсэн 2 асуудал бол хууль ёсны дагуу үндэслэл бүхий явагдсан. Тухайн үед хурлын даргаар П.Т гэж хүн сонгогдсон. Үүнийг гэрэл зургаар баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ 2020 оны 3 сарын 6-ны өдрийн тооллогын комисс томилох тухай, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 02 дугаартай тогтоолуудыг албажуулж, хэрэгжүүлэхийг даалгаж, Дэлгэрцогт сумын иТХ 2020 оны 3 сарын 10-ны өдрийн хурал утга агуулгын илт алдаатай хууль бус болохыг тогтоон, мөн 2020 оны 3 сарын 10-ны өдрийн 3 болон 4 дугаартай ажилд томилох тухай болон ажлаас чөлөөлөх тухай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэстэй. 2020 оны 3 сарын 11-ний өдөр П.Ц гэж хүн Засаг даргын ажлыг хүлээж авсан байна. Тэр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ даргын ажлыг гүйцэтгэж байсан. 2020 оны 3 сарын 6-ны өдөр товлоод 2020 оны 3 сарын 10-ны өдөр болсон тус хурал хууль ёсны байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагч П.Ц  бичгээр ирүүлсэн болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор сумын ИТХ    даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх, дараагийн даргыг сонгох  асуудлаар сумын ИТХ    ээлжит бус хуралдааныг 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 10.00 цагт товлосон. Товын дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 10.00 цагт 92 хувийн ирцтэйгээр эхэлж, сумын ИТХ дарга П.Ц би  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх /өөр ажилд томилогдох болсон тул/, сумын Хурлын  даргыг  дахин сонгох асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг явуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний ззгүйд хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэсэн заалтын хүрээнд өөрөө хуралдааныг явуулах боломжгүйг мэдэлгүйгээр явуулсан  буюу  сумын иТХ тэргүүлэгчдийн аль нэг төлөөлөгчөөр хуралдааныг даргалуулалгүй өөрөө даргалж  явуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн асуудал болсон. Энэ асуудлаас үүдэн 2020 оны 03 сарын 06-ны хуралдаанаас гарсан 01, 02 дугаар тогтоолуудыг албажуулан тогтоол гаргах боломжгүй болсон учир маргаан бүхий 2 тогтоолыг  албажуулж ёсчилж баталгаажуулаагүй. Иймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” тухай заалт хэрэгжих боломжгүй болсон.

Ингээд 2020 оны 03 сарын 10-ны өдөр сумын иТХ    төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зарлан явуулж сумын иТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч П.Т  хурлыг орхин гарсан, сумын иТХ    дарга П.Цыг үүрэгт ажлаас  чөлөөлж, нэг нэр дэвшигч тул төлөөлөгчид ил санал хураалтаар 100%-ийн саналаар Г.Быг сумын иТХ даргад сонгосон. Иймд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэсэн заалтын хүрээнд нэгэнт албажаагүй ёсчлон баталгаажаагүй 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 01, 02 тогтоолын төслийг хүчингүй болгох боломжгүй байсан учир 2020 оны 03 сарын 10-ны өдөр сумын иТХ ээлжит бус хуралдааныг явуулсан болно. Иймд нэхэмжлэгч П.Ты гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү. Намайг 2020 оны 02 сарын 28-ны өдрийн б/13 тоот захирамжаар аймгийн Засаг даргаас Дэлгэрцогт сумын Засаг даргаар томилсноо өөрчилж 2020 оны 03 сарын 11-нд дахин захирамж гаргаж  томилсон байдаг. Би  2020 оны 03 сарын 11-нд сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан, аймгийн Засаг даргын тамгын газраас бүрэлдэхүүн  очиж хүлээлцүүлсэн. Мөн 2020 оны 03 сарын 09-нд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаас чөлөөлж өгөх хүсэлтийг бичгээр  Хуралд гаргасан үүнээс өмнөх хуралдаанд  амаар гаргасныг л хэлэлцсэн. Аймгийн Засаг дарга 2020 оны 02 сарын 28-нд гаргасан захирамжаа ямар үндэслэлээр  өөрчилж хүчингүй болгоод 2020 оны 03 сарын 11-нд гаргасныг би бол сайн мэдэхгүй. Өмнөх захирамжаар ажил хүлээлцээгүй байсан. Дундговь  аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 11- ний өдрийн б/16 тоот  захирамжтай би маргаагүй” гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Т нь Дэлгэрцогт сумын иТХ  2020 оны 03 сарын 06-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаас гарсан 01, 02 тоот  тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргасан байна. Энэ үед сумын иТХ    дарга П.Ц, нарийн бичгийн дарга Н.З нар ажиллаж байсан. Уг хурал нь иТХ  даргыг чөлөөлөх мөн шинээр иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргыг томилох асуудал  хэлэлцсэн юм.

 Хуралдаанд Монгол Ардын намын бүлгээс Г.Быг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргад дэвшүүлж, П.Т өөрөө өөрийнхөө нэрийг  дэвшүүлж энэ хоёр хүн өрсөлдсөн. Саналыг нууцаар хурааж нийт оролцсон төлөөлөгчийн олонхийн саналыг П.Т авч,  Г Бөхчулуун ялагдаж тооллогын комиссын тогтоол гарсан нь үнэн.

Гэтэл уг хурлын хуралдааныг  хүчингүй болсон, дахин ээлжит бус хуралдаан болно гээд мөн оны 03 сарын 10-ны өдөр дахин хурал зарлаж,  Монгол Ардын намаас  Г.Бы нэрийг  дахин дэвшүүлж, П.Т хурлыг орхин гарсан учир нэг нэр дэвшигч гэж үзэн  илээр санал хурааж,  100 хувийн санал авч сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Г.Б сонгогдсон. Чухам ямар учраас  2020 оны 03 сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаан хүчингүй болсныг би мэдэхгүй. Тухайн үед иТХ дарга байсан Цолмонбаатар энэ тухайд  тайлбар хийх байх. Миний бие 03 сарын 10-ны өдрийн хуралдааныг даргалсан нь үнэн. Миний бие хөдөө орон нутагт нүүдэллэж яваа, мөн биеийн эрүүл мэндийн /нурууны өвчтэй/  шалтгааны улмаас олон дахин ирэх боломжгүйг  хүлээн авч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэрэг маргааныг  шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч /сумын Хурлын дарга/, гуравдагч этгээд Г.Б шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ  тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор сумын иТХ  даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, дараагийн даргыг сонгох  асуудлаар сумын иТХ  ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 10.00 цагт хуралдахаар  товлосон. Товын ёсоор  сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 10.00 цагт эхэлж, сумын иТХ  дарга П.Ц өөрийн хүсэлтээр өөр ажилд томилогдох болсон тул ажлаас чөлөөлөгдөх, сумын иТХ  дараагийн  даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг явуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон Төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэсэн заалтын хүрээнд өөрөө хуралдааныг явуулсан нь хууль зөрчсөн,  сумын иТХ Тэргүүлэгчидийн аль нэг төлөөлөгчөөр хуралдааныг даргалуулалгүйгээр өөрөө даргалж хуралдааныг явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн асуудал болсон гэж тайлбарласан. Ингээд 2020 оны 03 сарын 10-ны өдөр сумын иТХ  төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зарлан явуулж сумын иргэдийн Төлөөлөгчидийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгч П.Т хурлыг орхин гарсан, сумын иТХ дарга П.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төлөөлөгчид ил санал хураалтаар 100%-ийн саналаар Г.Б намайг сумын иТХ даргад сонгосон шийдвэр гаргасан. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалтын хүрээнд нэгэнт албажаагүй ёсчлон баталгаажаагүй 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 01, 02 тогтоолын төслийг хүчингүй болгох боломжгүй байсан учир 2020 оны 03 сарын 10-ны өдөр сумын иТХ  ээлжит бус хуралдааныг явуулсан гэж ойлгосон. Иймд нэхэмжпэгч П.Ты гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хүчингүй болгож өгнө үү”. Шүүх намайг гуравдагч этгээдээр оролцуулахаар  болсон учир нь би нэр дэвшигч. Гэхдээ надад  зөрчигдсөн эрх, учирсан хохиролгүй. Би олон түвний итгэлийг  хүлээж Хурлын даргын ажлыг хүлээж авсан л гэж бодож байна. Түүнээс өөрөөр  би энэ ажлыг хийх гэж улайраад эсхүл  өөрийн санаачлагаар  буруу зүйл хийгээд яваа ч гэж бас бодохгүй байна. Намайг намын  бүлгээс нэр дэвшүүлж сумын Хурлын даргад  сонгосон” гэв.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч: 2020 оны 3 сарын 6-ны өдрийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХдаанаас гарсан 01, 02 тоот тогтоолуудыг албажуулж, хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сая хуралдааны хэлэлцүүлгийн явцад 01 тоот тооллогын комиссын тогтоолыг албажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа гэж ойлгосон. 2020 оны 2 сарын 7-ны өдрийн иТХ хүчин төгөлдөр болсон 01 тоот тогтоолд хэн ч гомдол гаргаагүй. Тэр утгаараа энэ шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. 2020 оны 2 сарын 28-ны Дундговь аймгийн Засаг даргын П.Цыг Дэлгэрцогт сумын Засаг даргаар томилсон захирамж нь 2020 оны 3 сарын 10-ны өдөр хэрэгжээд эхэлсэн. Иймд П.Ц сумын Засаг дарга, хурлын даргын ажлыг хавсран гүйцэтгэж байна гэж үзэхээр байна. Үүнд өнөөдрийг хүртэл хэн ч гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2020 оны 3 сарын 6-ны хурлаар болон 2020 оны 3 сарын 10-ны хурлын алинд нь ч хуралдаан даргалагч болон хурлын даргаар оролцоогүй. 2020 оны 3 сарын 10-ны өдрийн хуралдааныг П.Цогтбаатар даргалж явуулсан. Энэ хуралдаанаар Г.Б даргыг томилсон тухай тогтоол гаргасан. Гуравдагч этгээдийн хувьд Г.Б гэдэг хүн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхтэй. Тэр сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд 2020 оны 3 сарын 10-ны өдрийн иТХ даргаар сонгогдсон. Энэ хуралдааныг даргалж байсан хүн нь Цогтбаатар. П.Ц даргалаагүй. Энэ хуралдаан процессийнхоо дагуу явагдсан. 2020 оны 3 сарын 6-ны өдрийн хуралдаан болон 2020 оны 3 сарын 10-ны өдрийн хуралдааны аль алинд нь нэг дутагдал байдаг. Хурлаас Анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай дэгийг нэг удаа 2016 оны 11 сарын 16-ны өдөр батлаж түүнээс хойш бусад ээлжит бус хуралдаанд хэрхэн яаж оролцох тухай хурлын дэг огт хийгээгүй байдаг. Хуралдааны дэгээ яаж явуулаад байгаа нь ойлгомжгүй. Дээр нь явуулж байгаа хуралдаанууд нь эмх замбараагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гарсан “Тооллогын комисс томилох тухай" 01, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, албажуулж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай 03”, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага[1] гаргаж,  2020 оны 07 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж[2] тус сумын Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн  хуралдаан  илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж нэмэгдүүлж тодорхойлсноо  шүүх хуралдаанд  тайлбарлав.  

            Нэхэмжлэлийг  шүүх 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч[3] , 2020 оны 04 сарын 06-ны өдөр Дэлгэрцогт сумын иТХд /даргад/ холбогдуулан захиргааны хэрэг[4]  үүсгэжээ.

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчээс хариуцагчаар[5] Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  дарга Г.Быг татсаныг 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 24 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийг сольж[6], жинхэнэ хариуцагчаар хурлын дарга  П.Ц, хуралдааныг даргалагч Г.Ц нарыг тогтоож,  Г.Быг  гуравдагч этгээдээр[7] тус тус  оролцуулсан ба нэхэмжлэгчээс 2020 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бичгээр гаргасан  тайлбарт[8] тус Дэлгэрцогт сумын иТХ /тус хуралдаануудыг даргалсан П.Ц, Г.Ц нар/-д гэж  тус тус  тодорхойлсон нь  Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5-д заасантай нийцнэ. Хэрэгт 2020 оны 04 сарын 20-ны 03 тоот  шүүгчдийн зөвлөгөөний тогтоол[9] болон шүүгчийг шилжүүлэн томилсон шийдвэр[10] зэргийг үндэслэн  2 удаа хэрэг шилжүүлэх  ажиллагааг хуулийн хугацаанд  зохих ёсоор  хэрэгжүүлсэн.

Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан журмаар авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 А/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Тооллогын комисс томилох тухай" 01 тоот болон “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 тоот  тогтоолуудыг  албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоолгох,  албажуулж,  хэрэгжүүлэхийг даалгах  шаардлагын тухайд:

1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ 15 төлөөлөгч, 7 тэргүүлэгчтэй, Хурлын дарга, тэргүүлэгчдийн даргаар  П.Ц тухайн хурлын бүрэн эрхийн  хугацаанд   ажиллахаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 07-ны 01, 05 тоот тогтоолуудаар[11] тус тус шийдвэрлэж, төлөөлөгч Т.Нарангэрэл Улаанбаатар хотод, Б.Үдэлмаа, А.Амартүвшин нар гадаадад ажиллаж амьдарч байгаа тул  хурлын ирцээс хасч тооцсон болохыг хурлын  ажлын албанаас албан тоотоор[12] ирүүлсэн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.2-т  заасанчлан төлөөлөгч тэргүүлэгчээс чөлөөлсөнг  шийдвэрлэж тогтоол  гаргаагүй болохыг Хурлын ажлын албаны дарга гэрч Загдхорол  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ[13] тайлбарласан.

Тус хурал нь 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 02 тоот  тогтоолоор[14] Анхдугаар хуралдааны дэгийг[15] баталснаас өөрөөр  бусад хуралдааны дэг батлаагүй болох нь  Хурлын дарга  болон нарийн бичгийн дарга нарын мэдүүлгээр[16] тогтоогдох ба Монголын нутгийн удирдлагын холбооноос гаргасан үлгэрчилсэн дэгийг баримталдаг, гэхдээ үүнийг Хурлаар хэлэлцэж батлаагүй  гэх ба  үүнийг хэрэгт   ирүүлээгүй, өөр дэг өгөөгүй учир  нэгэнт  тухайн  Хурлаас батлаагүй тохиолдолд  шүүх шаардах боломжгүй юм.

2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 09 тоот “хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор[17] сумын иТХ ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 10.00 цагаас  иргэний танхимд хуралдуулж, сумын иТХ  даргыг  үүрэгт ажлаас чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтож, тэргүүлэгч П.Ц, Г.С, П.М, Ц.О  нарын бүрэлдэхүүнтэйгээр  хуралдан тэмдэглэл[18]  тогтоол үйлдсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удрдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7-д  заасантай нийцсэн ба хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт  болон хурлын зарыг Хурлын  ажлын албанаас  төлөөлөгч нарт  утсаар мэдэгдэж  танилцуулснаар  2020 оны 03 сарын 06-ны өдрийн иТХ хуралдаан товлосон цагтаа хэлэлцэх асуудлаа зохих журмаар хэлэлцсэн болох нь холбогдох баримтаар[19] тогтоогдож байна.

3. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж  түүний удирдлагын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1 дэх  хэсэгт заасныг үндэслэн сумын Хурлын  даргад нэр дэвшүүлэх  санал хураалтын ажлыг  зохион байгуулах тооллогын комиссыг  3 гишүүнтэйгээр /Н.З даргаар, Г.Б, Ц.О/  томилж 01 тоот тогтоолын[20] төсөл гаргаж, үүрэг ногдуулж мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр[21] баталгаажуулж, хурлын төлөөлөгч нар  баталснаар тооллогын комисс ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлжээ.

Иймд Тус сумын иТХ 2020 оны 03 сарын 06-ны  өдрийн хуралдаанаар хийж хэрэгжүүлсэн ажлаа гүйцээж, албажуулж  хууль ёсны болгох үүрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.б, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.7,  25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т  заасанчлан сумын  иТХд /онцгой бүрэн эрхэд/ хадгалагдах хийгээд  тухайн тогтоолын төсөлд  хуралдаан хууль бус болсон гэх  үндэслэлээр хурлын даргаар ажиллаж байсан  П.Ц гарын үсгээ зураагүй, зурахгүй байгаа эс үйлдэхүй нь хуулийн дээрх заалтуудыг болон Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг тус тус  зөрчсөн буюу хуулиар тогтоосон  ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэл дэх сумын Хурлын “тооллогын комисс томилох тухай” 01, “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 02  тоот  тогтоолыг /төслийг/ албажуулахгүй, ёсчилж баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, албажуулж хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй.  

Тодруулбал, Хурал хэлэлцсэн асуудлаарх тогтоолыг бичгээр гаргаснаа ёсчилж баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйн эсрэг захиргааны актыг хэрэгжүүлэхийг  даалгах шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул сумын  иТХ хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэрийг буюу  бичгээр гаргасан төслөө   албажуулах, хэрэгжүүлэхийг  хариуцагчид даалгах нь зөв.

4. Харин мөн өдрийн   01 тоот ”тооллогын комисс томилох тухай”   тогтоолын хувьд  тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 03 сарын 06-ны өдрийн хуралдаанд  нэгэнт хэрэгжсэн, үр дүнгээ танилцуулсан, зорилгоо биелүүлээд дуусгавар болсон захиргааны акт  буюу  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д  заасан журмаар  сумын Хурлын даргад 2 хүн /Г.Б, П.Т/ нэр дэвшсэнээр  нууц санал хураалт явуулж нэр дэвшигч П.Тыг төлөөлөгчдийн олонхи буюу 55,5% саналаар иТХ даргаар сонгосонд тооцохыг  уламжилсан болох нь тогтоогдох  ба уг  тооллогын комиссын тогтоолд[22]  дарга, гишүүд гарын үсгээ зурсан, нэр дэвшигчид  болон төлөөлөгч нараас  ямар нэгэн гомдол санал гаргаагүй, хүчин төгөлдөр шийдвэр байх  тул  01 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг  даалгах /иТХд/ тухай нэхэмжлэлийн энэхүү  шаардлага  шүүхээс өмнөх  шатанд  хэрэгжиж дууссан тул энэхүү шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурна” гэж заасан.

            Гэтэл тус иТХ хуралдаан даргалагч нь тогтоолын төслийг уншиж танилцуулсан, олонхоороо баталж,  баталгаажуулсан хэдий ч даргалагч П.Цын гарын үсэг бүхий тогтоол /төсөл/  нь одоог хүртэл албажиж гаргаагүй байгааг хариуцагч өөрөө  хүлээн зөвшөөрдөг хэдий ч би  өөрөө хуралдаан даргалах эрхгүй байсан гэх үндэслэлээр  тогтоолд гарын үсэг зурахгүй ёсчлохгүй буюу хуулийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн  хэмээн   тайлбарлаж байгаа нь буруу юм.

 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сонгох” асуудлыг дараалал ёсоор хэлэлцүүлж шийдвэрлэхээс өмнө буюу 2020 оны 02 сарын 07-ны өдрийн сумын иТХ    хуралдаанд  П.Цаас Г.Бд хурал даргалах эрхээ шилжүүлж[23] байсан, тухайн хуралдаанд өөрөө байсан, оролцсон буюу эзгүй байгаагүй,  Нийтийн  албанд  нийтийн болон хувийн ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар  Хурал даргалах эрхээс татгалзаж бичгээр мэдэгдэх үүрэг нь гагцхүү Хурлын дарга П.Цт  өөрт нь байсан хийгээд  эрх шилжүүлдэг процессийг мэдсээр атлаа хэрэгжүүлээгүй нь хамтын зарчмаар ажилладаг ИТХ    шийдвэр үйл ажиллагааг  хууль бус  гэж үзэх үндэслэл  болохгүй. Иймд дээр эс үйлдэхүй нь эрх зүйт төрийн хууль дээдлэх үндсэн зарчим болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 8 дугаар  зүйлийн  8.1, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.7-д заасантай тус тус  нийцэхгүй, өөр журмаар  шийдвэрлэгдвэл зохих асуудал  болно. Түүнчлэн хариуцагч П.Цыг Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлснөөс өөрөөр Хурлын тэргүүлэгч эсхүл  тэргүүлэгчдийн даргаас чөлөөлөөгүй[24] байна.

Иймд тус сумын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн иТХ    хуралдаан зохих ёсоор  явагдсан,  хурлаас гаргасан “Тооллогын комисс томилох тухай” 01, “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 02 тоот тогтоолууд нь хүчин төгөлдөр тул  П.Цыг  сумын Хурлын даргын ажлаас  2020 оны 03 сарын 6-ны өдрөөс чөлөөлөгдсөн, П.Тыг мөн  өдрийн хуралдааны шийдвэрээр Хурлын даргаар сонгогдсонд тооцох нь үндэслэлтэй хийгээд  энэхүү шийдвэр тухайн  Хурлын  бүрэн эрхийн үлдсэн хугацаанд хамаарах юм.  

6. Хариуцагч, гуравдагч этгээд Г.Бы  өмгөөлөгчөөс  шүүх хуралдаанд ”П.Цыг  2020 оны 02 сарын 28-наас сумын  Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын б/13 тоот  захирамжаас үзвэл   энэ хүнийг сумын Засаг дарга, Хурлын даргын ажлыг давхар, хавсран гүйцэтгээд байна гэж үзэхээр  байх тул  Хурлын хуралдаанууд анхнаасаа хууль ёсных гэхэд эргэлзээтэй гэж тайлбарлах тухайд:

Хариуцагч П.Ц 2020 оны 03 сарын 06-ны өдрийн сумын иТХ хуралдаанд оролцсон  тэргүүлэгчийн[25] болон Хурлын даргын хувьд  тухайн хуралдааныг даргалж,  хурлыг эхлүүлсэн, дуусгасан болох нь хурлын тэмдэглэл  болон гэрч  нарын мэдүүлэг,   нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар[26], гэрэл зураг[27] зэргээр   нотлогдох хийгээд Аймгийн Засаг даргын  2020 оны 02 сарын 28-ны б/14 тоот захирамжийг 2020 оны 03 сарын 11-ний өдрийн б/16 тоот захирамжийн[28] 4-р заалтаар  хүчингүй болгож, Дэлгэрцогт сумын Засаг даргын ажлыг 2020 оны 03 сарын 11-ний өдөр хүлээлцүүлсэн тэмдэглэл[29] байх тул энэ өдрөөр түүнийг сумын Засаг  даргаар ажиллаж эхэлсэнд  тооцох юм. Иймээс өмгөөлөгчийн дээрх тайлбар болон хариуцагч П.Цын би 2020 оны 02 сарын 28-нд сумын Засаг даргаар ажилласан  гэх тайлбар үгүйсгэгдэхээс гадна аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 11-ний б/16 тоот  намайг сумын Засаг даргаар томилсон захирамжтай би маргаагүй, энэ өдөр ажлаа хүлээж авсан” гэх тайлбрыг шүүх хуралдаанд өгсөн болно.  Иймд  энэ үндэслэлээр тус Хурлын 2020 оны 03 сарын 06-ны хуралдааныг хууль бус, хуралдаанаас гаргасан актыг мөн хуулийн шаардлага хангаагүй  гэж үзэх үндэслэлгүй.

Б/ Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдаан илт хууль бус болохыг тогтоолгох, мөн  өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын  тухайд:

Хариуцагч П.Цаас  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 25 дугаар  зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэсэн заалтын хүрээнд нэгэнт албажаагүй ёсчлон баталгаажаагүй 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 01, 02 тогтоолын төслийг хүчингүй болгох боломжгүй байсан учир 2020 оны 03 сарын 10-ны өдөр сумын иТХ ээлжит бус хуралдааныг өмнөх асуудлыг буюу Хурлын даргыг сонгох, чөлөөлөх асуудлаар  дахин хэлэлцүүлэхээр товлож хуралдуулсан нь хууль ёсных гэж, нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 10-ны хуралдаанд  хэлэлцсэн асуудлаа дахин хэлэлцэж  хууль зөрчсөн тул хууль бус, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн хуралдаан болон шийдвэр нь хууль ёсных гэж  тайлбарлаж  маргадаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан  захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 3 дугаар  зүйлийн 3.4-т “энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан  тохиолдолд  захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгууллалтын  үндсэн хэлбэр нь   хуралдаан байна”  гэж заасанчлан хуралдааны үйл ажиллагааг Захиргааны актад хамааруулан  ойлгоно.

1. Дэлгэрцогт  сумын иТХ    2020 оны 03 сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хурлын даргаар П.Т төлөөлөгчдийн олонхийн санал авснаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар  сонгогдсонд тооцох”-оор   хуульчилснаар  сонгогдсонд тооцогдсон  энэ өдрөөс  хойшхи хуралдааныг товлох болон бусад тогтоол шийдвэрт гарын үсэг зурах эрх мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т зааснаар  зөвхөн нэхэмжлэгчид үүснэ.

 Гэтэл 2020 оны 03 сарын 09-ний өдрийн хурал товлох тухай тогтоолд П.Ц гарын үсэг  зурснаар, 2020 оны 03 сарын 10-ны  хуралдаанд Хурлын даргыг  сонгох, чөлөөлөх асуудлыг дахин хэлэлцэж  хуралдааныг  илт хууль бус болох  үндэслэлийг буюу  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т  зааснаар тухайн албан тушаалтан  өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан болох нь тухайн хуралдааны тэмдэглэл,  тогтоолын төсөл, гэрч нарын болон хэргийн оролцогчдын тайлбараар  тус тус нотлогдоно.  

2. Нэгэнт  ийнхүү товлосон хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлаа  хууль зөрчсөн гэж үзвэл өөрчилж хүчингүй болгох  эрх нь Хуралд  байсаар атал энэхүү эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй,  Хурлын даргад Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар  өрсөлдөж  олонхийн санал аваагүй этгээдийг дахин  нэр дэвшүүлэн Хурлын даргаар  сонгож,   томилох тухай тогтоол гаргасан  нь хуулийг буруу  хэрэглэсэн гэж үзэхээр  байна. Тодруулбал  Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 03 сарын 31-ний өдрийн 08 дугаартай Монгол Улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн зарим зүйл  заалтыг тайлбарлах тухай  тогтоолын 4-т “Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д  заасны дагуу явуулсан санал хураалтаар  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  олонхийн санал аваагүй  нэр дэвшигчийг Хурлын даргад  дахин нэр дэвшүүлэхгүй” гэж тайлбарласнаар нэр дэвшигч  Г.Бд  Хурлын 2020 оны 03 саын 10-нд дахин  нэр дэвших эрх  нь 2020 оны 03 сарын 06-ны өдрийн хуралдааны үр дүнгээр  дуусгавар болсон гэж үзэх нь зүйтэй бөгөөд  сумын Хурлын уг хуралдаанаар  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан журмаар  2 нэр дэвшигч Хурлын даргад  өрсөлдсөнөөр  санал хураалт явуулсан болох нь тус тус тогтоогддог.

3. Ийнхүү 2020 оны 03 сарын 10-ны өдрийн сумын Хурлын хуралдаан   хууль бусаар эхэлж, өмнө хэлэлцсэн асуудлаа дахин хэлэлцэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасанчлан утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлийг бий болгож  байна.

Түүнчлэн  нэхэмжлэгчээс Дэлгэрцогт сумын иТХ     2020 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай зэрэгцүүлэн  тус хуралдаанаас гаргасан 03, 04 тоот тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг гаргах эрхзүйн үндэслэлгүй хийгээд  эдгээр  шаардлагын  эрх зүйн үр дагаврууд нь харилцан адилгүй  өөр өөр үр дагаврыг үүсгэх тул нэхэмжлэгчийн  тус хуралдаанаас гаргасан 03, 04  тоот  тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.2-т зааснаар тус сумын Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдаан илт хууль бус болох нь тогтоогдсоноор уг хуралдаанаас гаргасан “ажлаас чөлөөлөх тухай” 03, “ажилд томилох тухай” 04 тоот тогтоолууд  гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох юм.

Зөрчигдсөн эрхийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3 ...хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах…,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” заасны дагуу нэхэмжлэгч П.Т  нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөр  дээрхи хуралдааны хууль бус шийдвэр  үйл ажиллагааны улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл ...сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Хурлын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, сонгогдсон эрхийг  хязгаарласан буюу Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан эрхийг тус тус зөрчжээ.

Гуравдагч этгээдийн хувьд тус сумын хурлын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн хуралдаанд Хурлын  даргад нэр дэвшигчээр оролцсон, 50-иас дээш хувийн буюу олонхийн санал аваагүй, олонхийн санал аваагүй этгээдийг дахин нэр дэвшүүлэх  үндэслэлгүй зэргийг үндэслэн түүнд зөрчигдсөн эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйгээс гадна гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй, миний хувьд зөрчигдсөн эрх, хохирсон зүйлгүй, харин олон түмний итгэлийг л бодолцож  энэ ажлыг  хүлээж авсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Мөн намайг намын бүлгээс Хурлын даргад  нэр дэвшүүлсэн гэх ба  сумын Хурлаас намын бүлэг тогтоосон шийдвэрийг гаргаагүй, байхгүй гэж гэрч Загдхорол, хариуцагч П.Ц нар  мэдүүлэх[30] тайлбар,  мөн төлөөлөгч Г.Бтай зэрэгцүүлэн  тус  Хурал дахь  Монгол ардын намын  бүлгийг  гуравдагч этгээдээр татаагүй болно.

2020 оны 07 сарын 21-ний өдрийн Хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээг[31] захиргааны хэрэгт Г.Бтай байгуулсан  байх ба  өмгөөлөгчөөс тодруулахад  гуравдагч этгээдийг болон хариуцагч Бөхчулуунд хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж ойлгох нь зүйтэй гэж  тайлбарласнаар  шүүх хуралдаанд оролцов.

Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуваарилан тооцох үүрэгтэй бөгөөд  энэхүү хэрэгт  Хурлын даргаар  ажиллаж байсан П.Цын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул  улсын тэмдэгтийн хураамжийг  хариуцуулахаар  шийдвэрлэсэн болно.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3,  106.3.13-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.б, 11 дүгээр зүйлийн 11.1,11.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.2-т  заасныг тус тус баримтлан П.Ты нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ /даргалагч П.Ц, Г.Ц/-д хариуцагдах ”Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ 2020 оны 03 сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай" 01, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, албажуулж, хэрэгжүүлэхийг даалгах, Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн  хуралдаан илт хууль бус болохыг тогтоолгох,  мөн өдрийн хуралдаанаас гаргасан  “Ажлаас чөлөөлөх тухай 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ  2020 оны 03 сарын 06-ны өдрийн  “Тооллогын комисс томилох тухай" 01, “ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай   тогтоолыг  албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоож, “Тооллогын комисс томилох тухай  01, ”Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар  тогтоолыг албажуулахыг /ёсчилж баталгаажуулахыг/,  болон 02 дугаартай “ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг  хэрэгжүүлэхийг  тус тус хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ /даргалагч П.Ц/-т даалгаж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иТХ    2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт  хууль бус болохыг тогтоолгох /ИТХ, Г.Ц/ шаардлагыг хангаж,  зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох буюу тус сумын иТХ 2020 оны 03 сарын 06-ны өдрийн ”тооллогын  комисс томилох тухай” 01 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах, Дэлгэрцогт сумын иТХ 2020 оны 03 сарын 10-ны өдрийн  хуралдаанаас гаргасан  “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “ажилд томилох тухай” 04 тоот  тогтоолыг  хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар  зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1. 47 дугаар  зүйлийн 47.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  П.Цаас 70200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгох, бусад хариуцагчийг /сумын иТХ, Г.Ц/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С                              

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2

[2] Хэргийн 136-138

[3] Хавтаст хэргийн 5 ар тал

[4] Хавтаст хэргийн 24-25 

[5] Хавтаст хэргийн 1

[6] Хэргийн 56-58

[7] Хэргийн 59-60 

[8] Хэргийн 71

[9] Хэргийн 29-30

[10] Хэргийн 76, 79

[11] Хэргийн 94, 95

[12] Хэргийн 133

[13] Хэргийн 153-157

[14] Хэргийн 130

[15] Хэргийн 131-135

[16] Хэргийн 156, 171

[17] Хэргийн 9, 134

[18] Хэргийн 135-136, 134

[19] Хэргийн 10-12, 13, 14-15,

[20] Хэргийн 14

[21] Хэргийн 12

[22] Хэргийн 13

[23] Хэргийн 117

[24] Хэргийн 84 тал. Мөн гэрч Загдхоролын мэдүүлгээс болон шүүх хуралдааны тэмдэглэлээс  үзэх.

[25] Хэргийн  84, 118

[26] Хэргийн 170

[27] Хэргийн 23

[28] Хэргийн 66

[29] Хэргийн  122-124

[30] Хэргийн 157, 171

[31] Хэргийн 173-174, 177