Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1642

 

 

 

 

 

 

                                          

 

 

Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл болон уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжаар хариуцагч “Карголэнд” ХХК-иас 120 215 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явуулж буйтай холбогдуулан нэхэмжлэгч миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах... гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар шүүгчийн захирамжид хариуцагч “Карголэнд” ХХК нь 120 215 875 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн үед зээл авахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар заагаагүй байхад Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв 3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан нь Баянгол, Сонгинохайрхан, Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг зөрчсөн буюу дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэх үед тус захирамжид барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот, 65,7 м.кв 3 өрөө байрыг хурааж авсан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1212 дугаар захирамжаар “Карголэнд” ХХК-иас 120 218 875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 5 сарын 17-ны өдрийн 16/26 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 16/26 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтooлгоxoop Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж өмчлөгч Ц.Дагиймаад үнийн санал ирүүлэх тухай 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/23704 тоот албан бичгээр, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 88119608 дугаарын утсаар тус тус мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно. гэсэн заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээг тогтооно гэсний дагуу шинжээч томилж “Бэсгэ” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 106 646 500 төгрөгийн 70 хувиар буюу 74 652 550 төгрөгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1212 тоот захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна гэжээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, “Карголэнд” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 120 218 875 төгрөгийг хариуцагч “Кэрголэнд” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсөн байгаа. Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр давж заалдах шатны шүүхэд хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Энэ хэргийг шийдвэрлэсний дараа үүнээс өмнөх бүх ажиллагаанд шүүхэд шинээр нэхэмжлэл гомдол гаргаад байгаа нь огт үндэслэлгүй, цаг хугацаа хожих гэсэн арга төдий юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 34.4.-т заасныг баримтлан Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага оруулсан тогтоол, мэдэгдэл болон уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102\ШШ2016\01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хууль бус явуулж буйтай холбогдуулан миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан.

Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102\ШШ2016\01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102\ШШ2016\01212 дугаар шүүгчийн захирамжид хариуцагч “Карголэнд” ХХК нь 120 215 875 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн үед зээл авахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар заагаагүй байхад миний өмчлөлийн байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан нь 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 102\ШШ2016\01212 дугаар шүүгчийг захирамжийг зөрчсөн буюу дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэх үед тус захирамжид барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч  Ц.Дагиймаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

             Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар шүүгчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 120 218 875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Карголэнд” ХХК 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/13742 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, уг захирамжийн дагуу гарсан 01600 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16270755 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна. 

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 24 дүгээр байрны, 54 тоотод байрлах 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/32 тоот тогтоолоор хурааж, энэ талаар төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэж, барьцааны үнийг төлбөр авагчтай тохиролцон тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилж, барьцаа хөрөнгийг 106 646 500 төгрөгөөр тогтоосон байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож, энэ тухай төлбөр төлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, барьцааны хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

           

Тэрээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/028380 дугаар захирамжаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Карголэнд” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 120 218 875 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл бүрэн няцаагдаж байна.

 

Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар захирамжид төлбөр төлөгчийн өмчлөлийн орон байрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах талаар заагаагүй хэдий ч хариуцагчаас шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр заасан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах хуулийн зохицуулалттай болно.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, барьцааны хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн шаардлагад бүрэн нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               А.МӨНХЗУЛ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН