| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02929/И |
| Дугаар | 3249 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 3249
| 2017 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/03249 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц-ийн гаргасан,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н,
Хариуцагч: Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,770,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Д.Ц нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Цгоос 10,000 еврог авсан бөгөөд буцаан төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу “*******” ХХК дахь түүний дансанд мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн 2,677.57 төгрөгөөр еврогийн ханшийг монгол төгрөгт шилжүүлж, нийт 26,770,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн хувьд тус 10,000 еврог ХБНГУ-ын “*******” банкнаас зээлсэн бөгөөд тэрээр хэн нэгэн этгээдэд ийм хэмжээний мөнгийг бэлэг, хандиваар өгчих хэмжээний тийм хөрөнгөтэй хүн биш юм. Хэрэв хариуцагчийн тайлбарлаж буй шиг түүний ээжийн эмчилгээ болон бөхийн цолын найр хийхэд зориулж өгсөн гэвэл хариуцагчид шаардлага байсан мөнгийг зээлдүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар тодорхой бус хугацаатай байгуулсан зээлийн гэрээний үүргийг буцаан шаардахад үүрэг гүйцэтгэгч этгээд 1 сарын дараа төлнө гэж заасан бөгөөд бид хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргахад иргэд хоорондын маргаан гээд хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш зээлийг төлөхгүй үүргээ зөрчсөөр байна.
Иймд, хариуцагч Д.Цоос 26,770,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч С.С нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зохигчид 10 жилийн найзууд бөгөөд дунд сургуулиасаа хойш нөхөрлөж ирсэн ба хожим их дээд сургуульд ороод хэсэг холбоогүй байж байгаад сургуулиа төгсөөд 2010 оноос хойш хамтран амьдарсан. Хариуцагчийн зүгээс 10,000 евро зээлэх хүсэл зориг байгаагүй, уг үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй.
Талууд арван жилийн найзууд, 2010 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Цгоос хариуцагч Д.Цд илгээсэн 10,000 евро нь хариуцагчийн ээжийнхэн бие муудсан учир “ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглээрэй” гээд өгсөн. Мөн хариуцагчийг 2013, 2014 онуудад Өвөрхангай аймгийн наадамд 2 жил дараалан түрүүлсэн учир аймгийн хурц арслан цолтой болсон тул “ээжийн эмчилгээний зардал болон цолныхоо найранд хэрэглээрэй” гэсэн байдлаар 10,000 евро шилжүүлсэн.
Хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтад ямар үндэслэл, шаардлагаар мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, тухайн үед эргэн төлөх нөхцөлгүй шилжүүлсэн атлаа өнөөдөр ийнхүү буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад залилан мэхэлсэн гэж гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай маргаан байхгүй. Хариуцагч тал цагдаад мэдүүлэг өгөхдөө дээр дурьдснаар “ээжийн эмчилгээний зардал болон цолныхоо найранд хэрэглээрэй” гэснийг тайлбарладаг.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн еврогийн ханш 2,187.69 төгрөг байсан ажээ.
Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цгоос хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,770,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн мэтгэлцсэн бол хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа байгаагүй, бэлэг буюу хандив байсан гэж маргадаг.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Цгоос хариуцагч Д.Цд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ХБНГУ-ын “дойче” банкаар дамжуулан гадаад шилжүүлгээр “*******” ХХК дахь түүний дансанд 10,000.00 еврог шилжүүлсэн ба талууд үүнийг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай маргаагүй /х.х-ийн 7-р хуудас/.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гадаад шилжүүлгийн баримтыг зохих ёсоор орчуулуулсан боловч нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх зохицуулалттай. Гэвч хэдийгээр хэрэгт авагдсан гадаад шилжүүлгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч тал 10,000.00 еврог хүлээн авсан тухай маргаагүй /х.х-ийн 6, 7-р хуудас/.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ” гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг анхнаасаа тодорхой илэрхийлэгдэж, нэг талаас гэрээнд заасан зээлийг олгох, нөгөө талаас түүнийг хүлээн авч, буцаан төлөх үүрэг үүссэн тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээний зүйлийг шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлснээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүсэхэд тэдгээрт тухайн гэрээг байгуулах нэгдмэл хүсэл зориг байсан болон үүнд тулгуурласан байх нь чухал бөгөөд хэрэв ийм хүсэл зориг байхгүй байхад аль нэг талын мөнгө шилжүүлсэн үйлдэл бүрийг зээл гэж үзэхгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал маргааны зүйл болсон 10,000.00 еврог зээл байсан гэж, хариуцагчийн зүгээс зээл биш, харин бэлэглэсэн хэмээн маргаж буй боловч зохигчид тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж түүнчлэн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч зохигчид маргаж буй 10,000.00 еврог зээл эсхүл бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ нотлоогүй.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, түүнчлэн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасныг үндэслэн зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг тодруулахад тэдгээрийн хооронд тус хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй ажээ.
Гэвч нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000.00 еврог хариуцагч хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгч тал тухайн төлбөрийг буцаан түүнээс нэхэмжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан.
Тодруулбал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй юм.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгийг шилжүүлсэн эрх бүхий этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.
Иймд, нэгэнт талуудын хооронд тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч тал маргааны зүйл болсон 10,000.00 еврог буцаан өгөх аливаа үүрэг хүлээгээгүй гэдгээ баримтаар нотлоогүй, тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч тал шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч Н.Цгоос хариуцагч Д.Цд холбогдуулан 10,000.00 еврог буцаан нэхэмжлэхдээ гадаад валютыг Монгол төгрөгт хөрвүүлж, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар 26,770,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна /х.х-ийн 5-р хуудас/.
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж, мөн 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд хуулиар хориглоогүй тохиолдолд гадаадын мөнгөн тэмдэгтээр мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэж болно. Гэвч хариуцагчийн 10,000.00 еврог буцаан төлөх үүрэг нь гэрээний бус харин хуульд зааснаар үүссэн үүрэг бөгөөд ийнхүү Монгол төгрөгөөр төлөх тохиолдолд хууль зөрчихгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд 10,000.00 еврог шилжүүлсэн өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гадаад валютын ханшийн лавлагааг өгсөн бөгөөд тус өдөр 1 евро - 2,187.69 төгрөгтэй тэнцүү байжээ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч тал 1 еврог 2,187.69 төгрөгтэй тэнцүү буюу 10,000.00 еврог 21,876,900.00 төгрөгөөр арилжин авах боломжтой үед хариуцагчид шилжүүлсэн боловч тэрээр одоо дээрх мөнгөөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 8,170.43 еврог авах боломжтой ажээ /1 евро - 2,677.57 төгрөгтэй тэнцүү/. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 10,000.00 еврог хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчийн эд хөрөнгөөс ийм хэмжээний хөрөнгө хасагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдэд нэмэгдэж байдаг тул буцаан өгөх үүргийн хувьд тухайн хэмжээгээр хангагдах ёстой.
Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 26,770,000.00 төгрөгөөр 10,000.00 еврог арилжин авах боломжтой ба нөгөө талаар хэрэв тус өдөр 1 еврогийн ханш 2,187.69 төгрөгөөс бага байх тохиолдолд тухайн ханшаар л 10,000.00 еврог арилжин авах тул үүрэг үүсэх үеийн ханшийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тооцох нь шударга юм.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Д.Цоос 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар 26,770,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР