Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 435/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа/и/, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 -иргэдийн төлөөлөгч Г.Гантулга

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ

-улсын яллагч Т.Төмөртулга

-хохирогчийн өмгөөлөгч Л.Ган-Очир

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа

-хохирогч Ц.П

  -шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Анд холбогдох эрүүгийн 2034000000426 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдагдсанаар/

Яллагдагч Ө.А нь 2020 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” амралтын газар иргэн Ц.Пг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч  Ө.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

Хохирогч Ц.П мэдүүлэхдээ: “07 дугаар сарын 06-нд өглөө Ө.А ах гэртээ байхад нь би очиж авсан. Тэгээд замаараа явж байхдаа энэ хэд баг зэрэг пиво ууж байсан. Тэгээд очоод махаа идчихээд орой нь караоке орсон. Тэгээд караокен хойд талын саравчны үүдэнд энэ бүхэн болсон. Захирал н.Лхагвасүрэн гэдэг хүнтэй бид хоёр тэр саравчны үүдэнд байсан. Тэгээд аймар ууртай хутга барьчихсан хүрч ирсэн. Эхлээд айлгах гэж байгаа юм байх гэж бодсон. Эхнийх нь гэдэс рүү хутгалаад, н.Лхагвасүрэн захирал Ц.П зугтаагаарай гэсэн. Тэгээд цаашаа гүйж яваад унтсан... Хохирлоо барагдуулчихвал гомдол, саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт \хх-ийн 3-6 тал\, эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-13 тал/, хохирогч Ц.Пгийн мэдүүлэг \хх-ийн 17-21 тал\, гэрч Х.Лхагвасүрэнгийн мэдүүлэг \хх-ийн 30 тал\, шүүгдэгч Ө.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг \хх-ийн 51-55 тал\, сиди-д үзлэг хийссэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 67-70 тал/, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 69 тал/, Ц.Пгийн гэрээ /хх-ийн 72 тал/, гэрч н.Өлзийнарангийн мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч н.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч н.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, гэрч Ө.Агийн мэдүүлэг /хх-ийн 34 тал/, гэрч н.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, гэрч н.Золзаяа, н.Ганцэцэг нарын мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, шүүгдэгч Ө.Агийн хувийн байдлыг тогтоосон баримт, шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” амралтын газар иргэн Ц.Пг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтиин хамт /хх-ийн 3-7 тал/,
  • Эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-13 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 49 тал/
  • Хохирогч Ц.Пгийн нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 67-72, 103-117 тал/
  • Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны едрийн №48 дугаартай "...Ц.Пгийн биед зүүн суга, хэвлийн шарх, нарийн гэдэсний гогцооны нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /800мл/ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх эоломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,
  • Хохирогч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 07-р сарын 06-ны өдөр ажлынхаа хамт олонтой Төв аймгийн Эрдэнэ сум руу "Тэрэлж чанар" гэх нэртэй амралтын газар очиж амарцгаасан.Тэгээд амарч байхдаа ууж идээд шөнө хүмүүс согтсон байсан гэхдээ юмаа юмаа санаж байна. Захирал Лхагвасүрэн жолооч Амарбаясгал нар хоорондоо маргалдаад байх шиг байна тэгээд салгах гээд яваад очтол жолооч Амарбаясгалан миний хэвлийн тус газар нэг удаа хутгалсан захирал Лхагвасүрэн зугтаарай гэхэд би зугтсан. Тэгээд гэдсэндээ хутгалуулсан байсан учраас би гүйж чадахгүй байсан, тэгтэл жолооч Амарбаясгалан араас хөөж гүйцэж ирээд миний зүүн гарын дээд булчин руу дахин нэг удаа хутгалсан. Би гэмтэлд ирээд хэвлийн хагалгаанд орсон. Ө.А согтуу байсан, яагаад намайг хутгалсан болохыг бил мэдэхгүй, бид хоёр бол хоорондо маргаагүй, би гомдолтой эмчилгээний зардалаа нэхэмжилнэ...ажилчин бид нар Улаанбаатар хотоос хоол махаа янзлах гээд авч явсан улаан бариултай нэг ширхэг хутга байсан, тэр хутгаар гэдсэнд, зүүн гарны булчин хэсэгт хутгаар нэвтрээд суга руу орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 тал/,
  • Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай нөхөр Ө.А нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө ажлынхаа хамт олонтой Эрдэнэ сум руу 2 өдөр амралтанд явна гэж гэрээсээ гараад 2020 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн манай нөхөр над руу залгаад би согтуу нөгөө хэдээсээ төөрөөд явж байна, хаана яваагаа мэдэхгүй байна, би хүн бэртээсэн юм шиг байна, би өөрөө мэдэхгүй байна, намайг ирж авах боломж байна уу гэсэн, тэрнээс хойш холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
  • Гэрч Э.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим 8 амрагч албан байгууллага гээд ирж амарсан...шөнө 00 цаг 43 минутад 89802226 дугаараас нэг хүн хутгалуулаад бэртчихлээ гэхээр нь 13 номерын гэрийн ард очтол нэг залуу саарал өнгийн өмдтэй, дээшээ харчихсан хэвтэж байсан ба хажууд нь захирал гээд залуу бас хажууд нь нэг эмэгтэй  нэг залуу байж байсан. Тэгээд очоод үзтэл хэвлий хэсэгтээ хуттгалуулсан байдалтай, цус гарсан, зүүн гарны булчин хэсгээс бас цус гарч байсан. Тэгээд Найлайх дүүргийн хэлтсээс эмч дуудаад нөгөө хүнээ өргөөд амарч байсан гэрт нь оруулаад тэгээд эмнэлгийн машин ирчихээр нь эмнэлэгт хүргэлцэж өгсөн...намайг хажууд нь байж байхад хутгалуулсан хүн Амарбаясгалан намайг хутгалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
  • Гэрч Х.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлын хамт олноороо агаар салхинд гарах гээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж гэх газар байрлах Чанар нэртэй амралтын газар очсон...орой 22 цаг өнгөрөөгөөд Чанар амралтын газрын караокед ороод бүгд ороод дуулцгааж байгаад 01 цагийн үед эхнэртэйгэй утсаар ярьж байгаад гадаа байтал араас Пүрэвсүрэн, Үүрцайхын хамт гарч ирээд надтай юм ярьж байгаад караокены урд байрлах саравчинд ороод юм ярьж байхад Амарбаясгалан ирж байсаныг санаж байна. Тэгээд тухайн үед Пүрэвсүрэн Амарбаясгалан 2 муудалцаад хоорондоо цохилцох шиг болохоор нь би салгатал Амарбаясгалан гартаа хутга барьчихсан байсан. Тэгтэл Пүрэвсүрэн гэдэсээ дараад ёолоод байхаар нь би Пүрэвсүрэнг зугт гэж хэлээд хойш нь гэрийн ар луу оруулсан...бид нар зугаалганд явахдаа ажлаасаа улаан иштэй том хутга авч явсан, тэр хутгыг Амарбаясгалан авч явсан байж магадгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
  • Гэрч Б.Өлзийнарангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлын хамт олноороо агаар салхинд гарах гээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж гэх газар байрлах Чанар нэртэй амралтын газар очсон. Тэгээд хоол ундаа хийж идчихээд орой 22 цаг өнгөрөөгөөд Чанар амралтын газрын караокед бүгд ороод 2 цаг гаран дуулцгааж байгаад Амарбаясгалан Пүрэвсүрэн нар нь хоорондоо маргалдаад байхаар нь тэр 2-г манай хэд салгаад Амарбаясгаланг Энхбаяр Ичинхорлоо 2 аваад, Пүрэвсүрэнг Лхагвасүрэн Үүрцайх 2 аваад гараад явсан. Тэгээд үлдсэн хэд нь дуулаад Амарбаясгалан гарах гээд байхаар нь Энхбаяр гаргахгүй гэтэл Амарбаясгалан хэлэхдээ ах нь одоо зүгээрээ гарч тамхи татчаад ирий гээд гараад явсан. Энхбаяр, Бат-Өлзий Ичинхорлоо хүүхэдтэйгээ үлдчихсэн дуулж байтал Ичинхорлоо хүүхэдтэйгээ гараад явсан. Удалгүй Ичинхорлоо орж ирээд одоо наад дуугаа болио гадаа нэг юм болоод байна гэж хэлсэн. Тэгээд гараад би бие засчхаад гараад Энхбаяр Ичинхорлоо 2 зогсож байхаар нь очсоноо санаж байна. Тэгээд юу ярьснаа санахгүй согтсон байсан ухаан санаа орж гараад байсан. Тэгээд амарч байсан гэр лүүгээ очтол Пүрэвсүрэн орон дээр гэдсэндээ боолт хийлгэсэн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
  • Гэрч А.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлын хамт олноороо агаар салхинд гарах гээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж гэх газар байрлах Чанар нэртэй амралтын газар очсон. Тэгээд хоол ундаа хийж идчихээд орой 22 цаг өнгөрөөгөөд Чанар амралтын газрын караокед бүгд ороод 2 цаг гаран дуулаад сууж байтал Амарбаясгалан Пүрэвсүрэн нар нь хоорондоо маргалдаад гэнэт барилцаад авахаар нь салгаад Амарбаясгаланг Энхбаяр аваад үлдсэн, Пүрэвсүрэнг Лхагвасүрэн Үүрцайх 2 аваад гараад явсан. Тэгээд үлдсэн хэд нь дуулаад байж байтал Амарбаясгалан гарах гээд байхаар нь Энхбаяр гаргахгүй гэтэл Амарбаясгалан гаран гээд байсан нэг мэдсэн гараад явчихсан байсан. Тэгээд би хүүхдээ бие засуулах гээд гартал Лхагвасүрэн Үүрцайх, Пүрэвсүрэн урд байсан саравчинд сууж байсан ба наанаас нь Амарбаясгалан очиж байхаар нь би очоод ахиад зодолдож магадгүй гээд караокед ороод Энхбаярыг дуудаад хэлчхээд Бат-Өлзий, Өлзийнарантай хамт сууж байгаад гадаа гартал Үүрийнтуяа газраас босож байхаар нь би очоод асуутал юманд бүдрээд уначихлаа гэж хэлэхэд Амарбаясгалан амралтын газрын хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгээд би хүүхэд айчих байх гээд буцаад караокед орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
  • Гэрч Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлын хамт олноороо агаар салхинд гарах гээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж гэх газар байрлах Чанар нэртэй амралтын газар очсон. Тэгээд хоол ундаа хийж идээд орой 23 цагийн үед Чанар амралтын газрын караокед бүгд ороод 2 цаг гаран дуулцгааж байгаад Амарбаясгалан Пүрэвсүрэн нар нь хоорондоо маргалдаад байхаар нь тэр 2-г манай хэд салгаад Амарбаясгаланг Энхбаяр аваад үлдсэн, Пүрэвсүрэнг Лхагвасүрэн Үүрцайх 2 аваад гараад явсан. Тэгээд үлдсэн хэд нь дуулаад Энхбаяр, Бат-Өлзий Өлзийнаран Ичинхорлоо хүүхэдтэйгээ үлдчихсэн дуулж байтал удалгүй Ичинхорлоо орж ирээд одоо наад дуугаа болио гадаа нэг юм болоод байна гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр гараад Өлзийнаран, Ичинхорлоо бид з ширээгээ янзлаад араас нь гартал Лхагвасүрэн, Үүрцайх 2 урд талын саравчинд сууж байхаар нь очтол тэр 2 Пүрэвсүрэн сая хутгалуулчихлаа гэж хэлтэл амралтын газрын эгч цаанаас ирээд танай нэг хүн гэртээ дуудаад байна гээд 14 номерын гэрт очтол Пүрэвсүрэн гэрийн баруун хэсэгт байрлах орон дээр хэвтэж байсан ба амралтын газрын хүн нь та нар энд одоо олуулаа байгаад яахав гээд Ичинхорлоо Өлзийнаран бид 3 баруун талын 13 номерын гэрт орсон. Тэгээд эмнэлгийн машин ирээд Үүрцайх, Энхбаяр 2 Пүрэвсүрэнг авч яваад бид хэд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/
  • Шүүгдэгч Ө.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...Ц.Пгийн эрүүл мэндэд хутгаар хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна, миний буруу, хохирлыг барагдуулна." гэх мэдүүлэг /хх-ийн 51-55 тал/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй,

шүүгдэгч Ө.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хутга хэрэглэсэн нь энэ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ө.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч Ц.П нь нийт 3 844 945 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас

өмгөөлөгчийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй”, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно. гэж тус тус заасан тул хохирогч Ц.Пгийн өмгөөлөгчийн хөлс гэх 500 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож,

ажилгүй байсан хугацааны цалин болох 900 000 төгрөг, эмчилгээний зардал гэх 1.290.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

 Шүүхээс хангаж шийдвэрлэсэн 1 154 945 төгрөгөөс шүүгдэгч Ө.А нь 700 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед төлсөн байх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн  454 945 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу завсарлага авч төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Ц.П нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч “шүүгдэгч Ө.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэх ялын дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа “шүүгдэгч Ө.Агийн хувийн байдлын хувьд 3-11 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэггүй, өөрөө ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Гэм буруу дээрээ маргадаггүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, ухамсарлаж явдаг. Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.  

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал, төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн хэдий ч,

шүүгдэгч Ө.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Ц.Пгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэгт "биед зүүн суга, хэвлийн шарх, нарийн гэдэсний гогцооны нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /800мл/ бүхий хүнд хохирол учирсанд" дүгнэлт хийн шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

            Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэргийн хамт хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө.Анг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ө.Анг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.Ад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах  хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.   

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.А нь хохирогч Ц.Пд хохирлын 1.154.945 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.П нь 2.190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Ад авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                    Ж.МӨНХТУЯА

 

                                                                                 Ю.ЭНХМАА