Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         04                                    2022/ШЦТ/359

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “.....” баарны хажуу талын харанхуй хэсэгт Б.Ш нүүрэн тус газар нь гараараа цохиж уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Ш “....өөрийн дүү болох Б-тай .... баарны үүдэнд тамхи татаж байтал Г гэх залуутай маргалдаж улмаар миний нүүрэн тус газар нэг удаа цохиход би унасан бөгөөд Г тухайн үедээ гартаа барьсан байсан пивоны шилээ хагалж дайрахад нь манай хуурай дүү Б бид хоёрыг салгасан.Үүний дараа би цагдаа дуудсан бөгөөд намайг цагдаа дуудахад Г хамт явж байсан залуугаа дагуулаад явчихсан..Биеийн байдал тогтвортой болсон, ямар нэгэн зовиур байхгүй. Надад учирсан хохирол байхгүй, одоо ямар нэгэн гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Л-н “...Тухайн өдөр Г-тэй ..... бааранд пиво ууж байгаад оюутан ангийн залуу болох Б-тэй таарч мэнд мэдээд зөрсөн. Удалгүй баар хааж Г түрүүлж гараад тамхи татаж байгаад Б-н  найз гэх залуу маргалдаж байсан бөгөөд би араас нь гарч очоод уг залуутай барьцалдаж аваад байж байтал Б зогсож байхаар нь би “найзыгаа аваад яв” гэтэл надтай барьцалдсан залууг Г нүүр рүү нь нэг удаа цохисон, дараа нь бид хоёр тэр хоёроос салаад гэр гэр рүү гээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Ё.Б-н  “...Баарны үүдэнд Ш ахтай тамхи татаад зогсож байтал хажууд бас хоёр залуу зогсоод тамхи татаж байснаа бид хоёрт хандан муухай хараад байна уу гэхэд Ш ах “яасан гэнэ ээ гээд урдаас томроод байгаа юм уу” гэхэд махлаг залуу “тэгвэл бүгдээрээ ийшлий” гээд харанхуй хэсэг рүү явсан. Би түрүүлээд явж байсан юм, миний ард Ш ах нөгөө 2 залуутай маргалдаад хэрэлдээд явж байсан. Нэг мэдэхэд Ш газар унасан байсан ба би тэд нар дээр очоод “та нар яагаад байгаа юм” гэж хэлээд тэр хоёрыг цааш нь болгож Ш ахаас холдуулсан. Тухайн үед Ш ахыг хэн цохиж газарт унагасныг хараагүй болохоор мэдэхгүй байна....ах Ш болон “......” баарнаас гарч  ирсэн 2 залуу бүгдээрээ согтуу байсан. Тэгээд хамт тамхилж зогсож байхад махлаг залуу “муухай хараад байгаа юм уу” гэж хэрүүл өдөж эхэлсэн юм. Тэгээд харанхуй хэсэг рүү дөрвүүлээ явж байхад Ш ахыг цохиж унагасан байсан..гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г-ийн яллагдагчаар өгсөн “....Миний бие 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “.......” бааранд найз Л-н хамт орж баар хаах үед баарнаас гарч ирж, тамхи татаад зогсож байтал хажууд зогсож байсан залуу буюу хохирогч “яасан” гэж хэлсэн бөгөөд би “яасан ч гүй” гэж хэлтэл хохирогч “та нар арчаагүй, хятадуудад охидуудаа алдлаа” гэж уурлаж хэлсэн. Энэ үед Л уг залуутай хэрэлдэж барьцалдаж авахаар нь би салгаад “боль” гэтэл хохирогч “та хоёр чинь бараг намайг нийлээд зодчихлоо” гэж уурлаж над руу дайрахаар нь би хохирогчийн нүүр рүү нэг удаа цохитол хохирогч газарт унасан. Үүний дараа нэг их зүйл болоогүй бөгөөд би Л-н хамт явах гэтэл хохирогч “ та нар байж бай, би хүн дуудаж та нартай зодолдоно” гэж уурлаад байсан болохоор нь би өөрийн утасны дугаараа өгчхөөд явсан...Зан харилцааны үл ойлголцлоос болж маргаан үүссэн....Миний бие өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг барагдуулах тул хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №3567 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Ш биед уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.  
  5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “....” баарны хажуу талын харанхуй хэсэгт зүй зохисгүй харьцаж үл ялих шалтгааны улмаас Б.Ш нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г-ийн мэдүүлэг, хохирогч Б.Ш мэдүүлэг, гэрч Г.Л, Ё.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3567 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г нь хохирогч Б.Ш биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс болон гэрчээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.

                                

Тодруулбал Г нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.Ш биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Хохирогч Б.Ш-с “..надад учирсан хохирол байхгүй, одоо ямар нэгэн санал гомдолгүй...” гэж хүсэлтээ /хх-ийн 9-10 дугаар хуудас/ илэрхийлсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН