Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,                                              

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Нямсүрэнгийн Сд холбогдох эрүүгийн 201725020501 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ........... С нь:

 

- Сүхбаатар дүүрийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжинд байрлах Приус авто засварын газрын авто сэлбэгийн дэлгүүрт түлхүүр тааруулан нэвтэрч 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Тоёото Приус 20 маркийн автомашины рүлийн аппарат 2 ширхэг, Тоёото Приус 11 маркийн автомашины рүлийн аппарат 1 ширхэг, мөн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Тоёото Приус 20 маркийн автомашины тэнхлэг 1 ширхэг, Тоёото Приус 11 маркийн автомашины тэнхлэг 1 ширхэгийг тус тус хулгайлж, Ө.Мөнхсайханд 1.470.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Мөнхсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ ирээд нэг хүн Приус машины хойд тэнхлэг асуухаар нь би дэлгүүр дотроо хойд тэнхлэг хайхад Приус машины тэнхлэгүүд байхгүй байсан. Тэгээд камераа шүүж үзэхэд манай дэлгүүрт өмнө нь ажиллаж байсан С гэх залуу түлхүүр тааруулаад орж байгаа бичлэг бичигдсэн байсан.  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Япон улс руу яваад 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдөр ирэхэд 3 ширхэг Приус машины рүлийн аппарат алга болсон байсан гэжээ. / хх 14-15, 16 /

 

             Гэрч Н.Батсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Мөнхөө ах над руу залгаад "хулгайн учир олдлоо ажил дээр хүрээд ирээч" гэж ярихаар нь яваад очиход барилгын гадна талын камерийн бичлэг үзүүлэхэд хамт ажиллаж байсан С нь хаалгыг түлхүүрдэж ороод гал тогооны өрөөний тийшээ очоод заалны гэрэл унтраагаад гал тогооны өрөө рүү орж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд цаашаа бичлэг байхгүй байсан. А.Мөнхсайханыг гадагшаа явсны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-22-ны хооронд Приус 20 машины 2 ширхэг аппарат, Приус 11 машины 1 ширхэг рүлийн аппарат алдагдсан байсан. А.Мөнхсайханыг гадагшаа явсан хойгуур С нь 2-3 удаа согтуу орж ирээд архины мөнгө нэхээд байхаар нь хөөгөөд гаргасан гэжээ. / хх 19 /

 

             Гэрч Б.Батсуурь мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Лангууны ард байсан 3 ширхэг рүлийн аппарат алга болсон байсан. Тэгээд алга болсон 3 ширхэг рүлийн аппаратыг Батсайхан бид 2-г авсан гээд тэр өдрөө бид 2-г амраасан. Тэр үедээ камер шүүсэн боловч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө камерыг тасалсан байсан болохоор бичлэг бичигдээгүй байсан. Тэгээд 01 дүгээр сарын 21-ний өлгөө би ганцаараа засварын газрын хаалга онгойлгож үзэхэд хяналтын камерыг салгасан байхаар нь би буцаагаад залгачихсан юм. Сүүлд Батсайхан бид хоёрыг амарч байхад А.Мөнхсайхан ах над руу залгаад "хулгайлсан хүнээ олчихлоо" гэж ярьсан. Тэгээд би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ирэхэд А.Мөнхсайхан надад камерын бичлэг үзүүлэхэд хамт ажиллаж байсан С 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20:36 минутын үед орж ирээд гэрэл унтрааж байгаа бичлэг бичигдсэн байсан гэжээ. / хх 20 /

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 11 /

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12 /

 

Эд зүйлийн үнэлгээ / хх 21 /

 

Шүүгдэгч Н.Соёмбыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 31-32 /, 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 33-35 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тус засварын газарт ажиллаж байгаад ажлаас гарахдаа түлхүүрээ өгөхөө мартсан байсан. Тэгээд халаасаа ухтал түлхүүр гараад ирэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 21.30-22.00 цагийн үед хаалгыг нь онгойлгож ороод 3ш рулын аппарат хулгайлж аваад таксины жолоочид 270.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 02 сарын 05-нд дахин орж 2ш хойд тэнхлэг хулгайлж аваад 130.000 төгрөгөөр зараад байрны түрээсээ төлсөн. Аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч хохирлоо төлөх учир хугацаа өгнө үү. Өөртөө гомдож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

   Шүүгдэгч Н.С нь Сүхбаатар дүүрийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 18 дугаар гудамжинд байрлах Приус авто засварын газрын авто сэлбэгийн дэлгүүрт түлхүүр тааруулан нэвтэрч, 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Тоёото Приус 20 маркийн автомашины рүлийн аппарат 2 ширхэг, Тоёото Приус 11 маркийн автомашины рүлийн аппарат 1 ширхэг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Тоёото Приус 20 маркийн автомашины тэнхлэг 1 ширхэг, Тоёото Приус 11 маркийн автомашины тэнхлэг 1 ширхэгийг тус тус хулгайлан Ө.Мөнхсайханд 1.470.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 08-ны камераа шүүж үзэхэд манай дэлгүүрт өмнө нь ажиллаж байсан С гэх залуу түлхүүр тааруулаад орж байгаа бичлэг бичигдсэн байсан. 3 ширхэг Приус машины рүлийн аппарат алга болсон байсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Мөнхсайханы мэдүүлсэн мэдүүлэг / хх 14-15, 16 / … Гадна талын камерийн бичлэг үзүүлэхэд хамт ажиллаж байсан С нь хаалгыг түлхүүрдэж ороод гал тогооны өрөөний тийшээ очоод заалны гэрэл унтраагаад гал тогооны өрөө рүү орж байгаа бичлэг бичигдсэн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-22-ны хооронд Приус 20 машины 2 ширхэг аппарат, Приус 11 машины 1 ширхэг рүлийн аппарат алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Н.Батсайханы мэдүүлсэн мэдүүлэг / хх 19 / …А.Мөнхсайхан ах над руу залгаад "хулгайлсан хүнээ олчихлоо" гэж ярьсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээр очиход А.Мөнхсайхан надад камерын бичлэг үзүүлэхэд хамт ажиллаж байсан С 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20:36 минутын үед орж ирээд гэрэл унтрааж байгаа бичлэг бичигдсэн байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Б.Батсуурийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 20 /, ...Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 11 /,  ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 21 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Соёмбыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.С нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. ..........-г бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар   эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Н.С нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Сос 1.470.000 төгрөг гаргуулан хохирогч А.Мөнхсайханд олгосугай.

 

4. Н.Соёмбыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ